Хамтарсан Засгийн газар задарсан үйл явцын өрнөлд Монголын улс төр үймж ахуйд дэлхийн санхүүгийн бүхий л томчууд Давост мөн л бужигнав. Монгол Улсын Засгийн газрыг бүрдүүлэхээр хуралдсан Парламентын уур амьсгал хийгээд хаа холын Швейцарийн нэгэн тосгонд чуулагсдын хэлэлцүүлгийн сэдэв эцсийн дүндээ нэгэн үзүүртэй байлаа. Эдийн засаг хэрхэх вэ гэцгээв. Евро бүсийн хямралыг бүгдэд хамаатай хэмээн сэрэмжилж, анхаарал хандуулан чуулсан нэгэн долоо хоног өнгөрлөө. Манай улсын Засгийн газар задарсан хэдий ч дэлхийн эдийн засгийн айсуй хямралыг даван туулахын төлөө хамтдаа урагшлахыг Ерөнхий сайд УИХ-аас, Ерөнхийлөгчөөс, ард иргэдээсээ адилхан хүсэв. Яг одоо дэлхийд дахин нүүрлэхээр оволзож байгаа эдийн засгийн хямралын эсрэг дархлаа Монголд байна уу гэсэн асуулт Ерөнхий сайд С.Батболдыг ээрч байгаа болов уу. Тэрбээр Засгийн газарт үүссэн улс төрийн огцом хямралаас шалтгаалан Давосын уулзалтад биечлэн оролцоогүй боловч Хонконгийн дарга Доналд Цангийн хэлсэн “Би дэлхийн улс орнуудын төлөө яг одоогийнх шигээ ин гэж ихээр санаа зовж явснаа ер санахгүй байна. Айсуй хямралын эсрэг дархлаа бидний хэнд нь ч алга байна шүү дээ” хэмээх ишлэл Монголын Ерөнхий сайдын чихэнд хүрсэн нь дамжиггүй.
Ганц Ерөнхий сайдын сэтгэл чиллээ гээд улс орны эдийн засаг дархлаатай болохгүй гэдгийг манай улстөрчид даяаршсан дэлхий ертөнцийн хил хязгаараа гээ чихдэг аж төрлөөр эрхбиш ойлгох биз ээ. Хэдхэн хоногийн өмнө Монголд дархлаа байсан. Улс төрийн тогтвортой байдлаар эдийн засгийн муруйг арифметик прогрессоор өсгөх томъёо уг нь бидний таамагласнаас энгийн байв. Тэр нь “даанч” стандарт бус байлаа. Гэхдээ монголчууд С.Баярын улс төрийн шийдлийг “стандарт бус” гэж гоочилж шүүмжилсэн удаагүй билээ. Шулуухан хэлэхэд түүний шийдэл биднийг “өвчлөхөөс” сэргийлж чадсан юм байна. Энэ үнэнийг хамтарсан Засгийн газрын Сангийн сайд асан С.Баярцогт өдгөө сөрөг хүчний суудалдаа буцаж очсон хэдий ч өчиж л байгаа. Дэлхийд хямрал нүүрлэсэн сүүлийн гурван жилд манай улсад “хамар загатнах” шинж тэмдэг ч илэрсэнгүй.
Харин дэлхий “уушгины хатгаатай” байв. АНУ-д орон сууцны зориулалттай зээлүүд 2006 онд дампуурч эхэлснээс улбаатай эдийн засгийн хямрал 2008 оны туршид дэлхийн санхүүг тэр аяар нь доргиож, чинээлэг улс орнуудын эдийн засаг хүртэл санаанд оромгүйгээр сульдсан үзүүлэлтүүд 2009-2011 онд тэмдэглэгдсэн. Засгийн газраас зарласнаар бус, Дэлхийн бан кны шинжээчдийн гаргасан тооцоогоор гэхэд л Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2009 онд 9.4, 2010 онд 6.4, 2011 онд 18 хувьтай байжээ. Дэлхийн банк, ОУВС, АХБ зэрэг олон улсын байгууллагын үнэлгээгээр Монгол Улс 2011 онд бага орлоготой орноос дунд орлоготой орны статус руу албан ёсоор шилжсэн. Монголын эдийн засгийн өсөлт 2012 онд 26 хувь болно гэсэн тооцоог мэргэжилтнүүд хамтарсан Засгийн газар задрахаас өмнө гаргаад байлаа. Өнгөрсөн 20 жилд анх удаа л...
“ДЭЭШЭЭ, ДЭЭШЭЭ, БҮР ДЭЭШЭЭ”
Амжилтыг үргэлж өнгөрсөн цаг дээр ярихаа азнаж одоо бидэнд ямар боломж байгааг харъя. АНУ-ын Холбооны нөөцийн газар зээлийн хүүг бууруулах бодлогоо 2014 оны сүүлч хүртэл баримтлахаа өнгөрсөн лхагва гаригт зарласнаар металын захууд дахь зэс, алтны үнэ өсөх хандлагатай болж байна. Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гаригийн хаалтын ханшаар зэс тонн нь 8610ам.долларт хүрч өссөн бол үүний өмнөх өдөр л гэхэд 8271 доллар байсан бөгөөд 4.1 хувиар өссөн байна. Ёстой л “Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулмаар явдал биш гэж үү. Манай улс 2011 оны төсвөө зэсийн үнийг 5983 ам.доллараар төсөөлөн баталсныг дурдахад таатай байна. Алтны хувьд Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гаригийн хаалтын ханшаар унц нь 1726 хүрч өмнөх өдрөөсөө даруй 3.6 хувиар өсчээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхний гурав хоногийн байдлаар унц алт дунджаар 1670 орчим ам.доллар байлаа. Манай экспортын бүтээгдэхүүнээс олсон ашиг өнгөрсөн онд түүхэнд байгаагүй дээд амжилтаар нэмэгдсэн. Тухайлбал, 2011 оны эхний найман сарын байдлаар 2010 оны мөн үеэс 61.1 хувь буюу 1095.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн оны сүүлийн сарын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ес дахин өсөөд байв. Ашиг орлогын гол бүтээгдэхүүн нь нүүрс болох хандлага сүүлийн хоёр жилд тодорхой болсон билээ. Нийт экспортын 39.9 хувийг чулуун нүүрс, 22.9 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. ЭБЭХЯ-ны мэдээллээр бол, 2011 онд Монгол Улс нүүрсний экспортоос хоёр тэрбум ам.доллар олжээ. Энэ нь 2010 оны үзүүлэлтээс даруй 50 хувиар өссөн байна. 2017 гэхэд манай улсын нүүрсний экспорт 100 сая тоннд хүрэх боломжтой гэсэн дүгнэлтийг салбарын яам гаргасан байна.
“ДООШОО, ДООШОО...”
Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг, ашигт малтмалын ханшийн өсөлтийг, тэр бүү хэл Монголоо ч юу ч биш болгож мэдэх зүйл бол зөвхөн улс төр. Улстөржөөд л, хэрэлдэж талцаад л байвал хөгжил дэвшлийн тухай дуулах ч утгагүй болно. Бүх зүйл эсрэгээрээ “Доошоо, доошоо...” болж таарна. Монголд улс төрийн тогтворгүй байдал нүүрлэх сонгуулийн жил хэдий ч манай улстөрчдийн сөргөлдөөнийг дэлхийн хямрал онцгойлон харж үзээд зүгээр өнгөрүүлэх нь юу л бол. Сонгуулийн увайгүй өрсөлдөөн бол эдийн засгийн хямралд барих “мод” биш. Хямралаас урьтан монголчуудыг сөхрүүлж мэдэх зүйл бол өнөөх инфляц. Энэ удаа Засгийн газар хазаарлаж дөнгөх эсэхээ амлахад тун ярвигтай байх шиг.
Энэ онд цалин, тэтгэврийг хоёр удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэх зорилгоосоо ухрахгүй гэж Ерөнхий сайд С.Батболд мэдэгдэж байгаа. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн олгох сая төгрөгүүдийг гайхал инфляц аанай л анах нь гарцаагүй. Харин инфляцын төв шин нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд хамтарсан засгийн үед ч анхааруулж байсан билээ. Одоо энэ аюул бүр ч бодитой нүүрлээд байна. Ийм үед Засгийн газар сөрөг хүчний дэмжлэгийг хүсэмжлээстэй. Цаадуул нь наадна даа, наадна.