-Таны ажил амьдралын арга барил, сургамжаас авч үлдэх зүйлийн талаар энэ ярилцлагыг хийх гэсэн юм. Таны олон удаагийн ярилцлага, бичсэн өгүүлэл, нийтлэл, хэвлүүлсэн ном зохиолыг бид ерөнхийд нь мэднэ. Гэхдээ 80 хол гарсан энэ өндөр насанд юу бодож сэтгэж, хэлж ярих тань хойч үеийнхэн буюу XXI зууны Монголыг авч явагчдад үнэтэй цэнэтэй сургамж болох нь лавтай.
-Монгол Улсын хэвлэл мэдээллийн нэг том байгууллагын сэтгүүлч танд ярилцлага өгч байгаа минь өвгөн буурал надад туйлын бэлгэшээлтэй бөгөөд тун хариуцлагатай үүрэг болох нь. Яг үнэнийг тоймлон хэлбэл, бичгийн болон аман хэлбэрээр монгол түмнийхээ сонорт хүргэх үг, үзэл бодол, санал дүгнэлт, сэтгэгдэл дурсамжаа ний нуугүй хэлж амжсан юм шиг санагддаг. Миний бие өнгөрсөн оны сүүлийн хагаст өөрийн бичиж туурвисан жаал зугаа юмс, тэмдэглэлийн 20-30 дэвтрээ нэлээд сайн сөхөж харлаа. Улиг болтол хэлсэн юм ч байж л байна. Надаас гарсан юм болов уу гэхээр овоо бодож, онож дуугарсан юм ч л байна. Хүмүүс нэлээд нааштай үнэлж, дэмжих царай гаргасан мөртөө бодит амьдралд нэвтрээгүй, ажил болоогүй юм ч л байна. Ямар ч байсан бүгд л надтай хамт дуусах юм чинь. Энэ бол нийтлэг жам шүү дээ.
-Бүх зүйлээ эргэн харахаар архиваа уудалсны учрыг гадарлаж байна. Харин хамаг санаа бодлоо урьд өмнө хэлээд дуусчихсан мэт өгүүлж байгаатай санал нийлэхгүй. Тийм ч учраас Таны бор авдрыг уудлах гэж зориглосон хэрэг.
-Хүн өтөлж хөгшрөх тусмаа эх орондоо, ард түмэндээ, гэр бүл, аж амьдралдаа хоргоддог юм байна. Тиймээс өөртэй чинь хамт бор авдраа уудлах гээд үзье. Юу олдохыг бүү мэд, яаж эвлүүлэн үнэлэхийг өөрөө мэд.
-За тэгвэл нарийн ширийн юм руугаа оръё. Ер нь нийгэм, улс орон, хөгжил дэвшил гэж юу болох тухай Та өөрийн ойлголт, бодлыг хэлэхгүй юү?
-Товчхон хариулахыг хичээе. Та бүхэн задлан үзнэ биз. Энэ асуултыг надад тавихдаа намайг улс төр, нийгэм судлаач гэсэн үүднээс бодсон байх. Үнэндээ ийм асуудалтай ноцолдоод нэг мэдэхэд 60 гаруй жил болсон байна шүү. Миний ойлгоц, итгэл үнэмшлээр бол нийгэм гэдэг том тогтолцоо. Чухамдаа хүний аж төрөн оршиж тогтнох бүх орчныг өөртөө нэгтгэсэн өргөн цар хүрээтэй тогтолцоо. Улс орон гэхээр уг тогтолцооны тодорхой ганцхан эс нь гэсэн үг. Тэглээ ч нийгэм гэсэн том тогтолцооны бүх шинж бүрдэл нь улс орон бүрт байгаа. Хөгжил дэвшлийн тухайд гэвэл гол ойлголт нь урагшлан өөдлөх тасралтгүй хөдөлгөөний утга санаагаар тодорхойлогдоно. Хөгжил бол бодлогын, урсгалын гэж хуваагдана. Харин нийгэм, улс орон гэсэн хоёр ойлголтын тухайд капитализм, социализм, ардчилсан гэх мэт нь улс түмний оршин тогтнох шинж, арга барилын илэрхийлэл. Тус бүрдээ өөрийн гэсэн өвөрмөц шинж, агуулгатай. Тэдгээр нь хөгжлийн тухайд хурдцын болон цар хүрээний хамааралтай. Гэхдээ эрс тэс, харш зүйл ч биш л дээ.
-Эдүгээ хэн бүхний амнаас юм л бол улс төр, улстөржилт, ардчилал, иргэншил, эрх, эрх чөлөө гэсэн нэр томъёо, санаа бодол унадаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Улс төр гэдэг чинь бодлого. Онол, үзэл баримтлал, үйл ажил, үр дүнгийн нэгдэл дээр бодлого боловсорч, хэрэгжинэ. Манайд харин бодлого, хөтөлбөр, төсөл хутгалдаад, тэр дотор иргэд будилж учраа сайн олохгүй тал байна. Бодлого маань ч тогтворгүй. Сонгууль, амлалт, санал шүүмжлэлийн аясаар бодлого ноён нуруугаа алддаг, өөрчлөгддөг. Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд удирдахуйн ухааны бодлого буюу улс төр боловсорч, ажил хэргээр дамжин хөгжил болох ёстой. Төр гэсэн нэрийн дор ямар бодлого хаана боловсрон, хуульжиж, хэрэгжиж байгааг ойлгоход бэрх. Хөгийн гэмээр зарим жишээ хэлье. Хэзээ билээ дээ, нийлэг уут хэрэглэх, хэрэглэхгүйн тухай хууль гарсан. “Нарантуул” захын баруун урд гүүрэн зам тавих, тавихгүйн тухай яриа хэлэлцүүлэг явж л байсан. Аж ахуйн өчүүхэн энэ мэт зүйл бодлого мөн үү? Биш ээ. Парламентаар ярих зүйл ч биш мэт санагддаг л байсан. Улс төрд ийм янзаар хандвал утга нь суларч, хэлэлцэж шийдэх, хийж бүтээх улс төрийн бодлогыг ямархуу хэмжээнд ойлгохын нүүр царай харагдана.
Сонгууль бол том улс төр, том бодлого. Засаглалыг толгойлох эрх мэдэл олох, үүний тулд хөгжилд тус нэмэр оруулах амлалт өгөх, амласнаа бодлого болгож нэгд нэггүй хэрэгжүүлэх цогцолбор асуудлыг сонгуулиар тодорхойлно. Гэтэл сонгууль нь манайд ардчиллын эрхэм ололт, шударга улс төр болж чадахгүй байна. Монгол эх орноо хөгжүүлэх цогц бодлогын оронд том жижиг мөнгөн амлалт, өглөг авлага болон хувирч, талцлын ялах, ялагдах томъёололд орж сөрөг, эсрэг хүч бүрдүүлснээр манай, танайн тэмцэл, нэг нь нөгөөгөө устгах, унагахын арга мэт болон хувирах юм. Ардчиллын тухай ойлголт манайд л лав зохих, зөв байр сууриа эзлээгүй байна гэж боддог. Ардчиллыг гагцхүү эрх, эрх чөлөө талаас нь хэт өрөөсгөл хараад, түүнтэй ямагт хамт байдаг үүрэг хариуцлагыг орхих нь эдүгээ илт байгаа. Уг нь эрх, үүрэг хоёр ямагт нэгдмэл байх бүхэл ойлголт шүү дээ.
Ардчилал гэдгийг хэмжээ хязгааргүй задгай ойлголт болговол хууль, бодлого, журам дэглэмийн аль нь ч хэрэггүй. Дураар дургихын онол, арга зүй, хууль тогтоомж, ач тус гэдэг зүйл Монголд байтугай дэлхийд байхгүй. Чөлөөт байдал гэдэг үг буй. Энэ бол миний ойлголтоор учрыг ухаарсан зөв зохистой сэтгэлгээний ухамсар, үйлдэл болохоос биш, иргэншлийн тогтолцоонд үл захирагдах дур зоригийн авир, араншин байх учиргүй. Хууль бол улс төрийн тогтолцооны төвлөрүүлэн захиргаадсан дэг журмын зохицуулалт. Үүний гадна хэн ч зогсох аргагүй. Хууль ёсны дэг журам, зохион байгуулалтын хүрээнд л ардчилал, иргэншлийн зүй ёсны үйл амьдрал болж байх учиртай.
-Манай орны хөгжлийн бодлогын талаар таны бодол санааг сонирхвол?
-Миний хайрт эх орон, Монгол Улс ХХ зуунд хөгжлийнхөө гарааг эрчимтэй авсан. Цаашаа хурдаа эрс нэмж, ХХI зууны 30-40 он гэхэд тэргүүний хөгжилтэй орны түвшинд баттай гарах учиртай. Үүнийг том бодлого, зорилго, их ажлаар хэрэгжүүлнэ. Тийм боломж Монголд бүрэн бий. Нэгд, хүн амын оюун санаа, боловсрол мэргэжил, идэвх эрмэлзэл, өөдрөг сэтгэлгээ талаасаа, хоёрт, нийгмийн хөгжлийн үндсэн салбаруудын суурь үндэс, эх сурвалж байгаа талаасаа, гуравт, эдийн засгийн харилцааны зах зээлийн нээлттэй нөхцөл талаасаа болон байгалийн асар их нөөц, баялаг талаасаа, дөрөвт, олон улсын дэмжлэг, даяаршлын нөхцөл байдал талаасаа гэхчлэн өндөр хөгжлийн дотоод, гадаад бодит бололцоо байна. Онгон байгалийнхаа дүр төрхийг одоогийнх шиг муйхар аргаар эвдэлгүй зүй зохистой ашиглаж, аж үйлдвэржилт, мал аж ахуй, газар тариалан гурвын харилцан нөлөө, нэгдмэл чанарыг жигд хадгалж эцсийн цэвэр, натурал, чанартай бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангахын хамт экспортын хэмжээг хэд дахин ихэсгэх нь чухал. Үүнд дэд бүтцийн хөгжил онцгой үүрэг гүйцэтгэхийг дутуу үнэлж болохгүй.
Улс дээд түвшиндээ ерөнхий чиг шугамын бодлогыг барьж, харин бүтээх санаачилга, эрх мэдлийг нь орон нутаг, үйлдвэрлэлийн нэгжүүдэд аль болох чөлөөтэй олгох нь юу юунаас чухал байх. Мөнгийг эсэн бусын юманд цацаж зарцуулах, хүнийхээ хүч бололцоог дутуу ашиглах, шийдэл удааширч цаг алдах зэрэг нь манайд муу уршиг тарьдаг. Жишээ нь, Тавантолгой, Оюутолгойн баялгийг эртхэн шуурхай шийдсэн бол унах ашиг нь өдийд мэдрэгдээд эхэлсэн байх учиртай. Малынхаа өсөлт, түүхий эдийн ашиглалт, эрүүл ахуйн нөхцөлийг эртхэн бодож, бодлого боловсруулсан бол өнөөдөр олз омог нь наад зах нь малчдаа өрөнд бариулахгүй л байх байсан болов уу. Алив хожимдол дандаа хохирол учруулдаг. Хөгжилд Хөрөнгийн биржийн оролцоог идэвхжүүлэх, эдийн засгийн харилцаанд сүлжээг хүчтэй болгох нь мөн л хожимдоод байх шиг санагддаг.
-Та улсад олон жил ажилласан, янз бүрийн ажил хийсэн. Таны хөдөлмөр зүтгэлийг үнэлж улсаас удаа дараа шагнасан. 2008 оны эцсээр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол олгосон. Ажлын арга барил, туршлагаас тань яриулмаар байна?
-Нийлбэр дүнгээр багшийн ажлыг 20 гаруй жил, эрдэм шинжилгээний ажлыг 20 шахам жил, нам улсын ажлыг мөн 20 шахуу жил хийсэн байдаг. Гурван төрлийн энэ ажил тус тусын онцлогтой. Тиймээс арга барил нь хоорондоо нэлээд ялгаатай ч, ойртох цэг олонтой. Багш, нам улсын ажил хоёр нь хүнтэй нүүр тулна. Харин эрдэм шинжилгээний ажил нь өөртэйг өө, номтой, бодит амьдралын ил далд үзэгдэлтэй илүү ажиллах ажил байсан даа. Багшийн ажил бол өнөөдөр цэнэглэсэн толгой маргааш дундарч ядуурах тул дахиад шинээр цэнэглэх арга барил шаардана. Гол нь энэ сэдвийг шавьд яаж мэдлэг болгон шингээх, мэдлэг өгөхдөө амьдралыг ухаарах дадлага яаж суулгах, шавь маань ямар хүн байхын санааг өдөх шаардлагатай тул тухайн байдалд маш уян хатан бөгөөд шинээр хандах арга барил багшид дандаа тулгарна. Энэ нь багшид алхам тутамдаа өөртэйгөө ажиллаж, биеэ бэлдэхийн түлхүүр болдог. Өгөөж ч сайтай. Багшийн арга барил шавьд таалагдахгүй бол боловсролын үр дүн хохирно. Тиймээс шавийг оюуны амьдралд сургах нь нэн чухал. Намын удирдах түвшний ажил багшаас арай өөр.
Хэдийгээр хамтран ажиллагсадтайгаа сайн ажиллаж, тэдэндээ ажлын шинэ арга барил суулгахыг хичээх шаардлага байдаг ч бүх ажлыг сайн зохион байгуулах арга чадвартаа онцгой анхаарах хэрэгцээ ямагт тулгарч байдаг. Ер нь ажлаа сайн мэддэг, ажилтнуудаа сайн таньдаг, хэнээр юу хийлгэхийн арга эвийг олдог байх явдал их чухал юм билээ. Миний хамаарч байсан салбарууд үзэл суртал, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, урлаг, соёл, биеийн тамир гээд тус бүрдээ юуны өмнө мэдлэг арга, богино цаг хугацааны үр дүн шаарддаг ажлын төрлүүд байсан учир том нэр, эрх мэдлээс илүү хариуцлага, үүрэг нь надад дандаа ахаддаг байлаа. Гэсэн ч зөвхөн намын бус, улсын даалгавар хойно зүтгэхээс өөр яахав. Энд миний баримталж явсан гол арга барил бол ажлын эхэнд салбарын онцлог, уг ажлыг удирдан зохион байгуулах бусад нөхдийг сайн таньж чадсан байх явдал байсан. Тэгж чадсан цагт ямар ч ажлын учир олдоно шүү.
Удирдан зохион байгуулах талаар үүрэг өгөх бол хамгийн амархан эхлэл. Нөхөдтэйгээ хамтран уг ажлын арга эвийг олно гэдэг л яггүй дээ. Алив ажилд арга эвийн эрэл, зүтгэл, зөв бөгөөд сайтар бодож боловсруулсан шуурхай шийдэл чухал. Юм унжирч удаашрах, хойшлох, цалгардах, дутуу үнэлэгдэх тусмаа хор уршиг нь ихэсдэг. Эрдэм шинжилгээний ажил бол өөрөөс шалтгаалах, гарын дор юм шиг мөртөө асар их цаг хүч шаарддаг ажил. Бүх судалгааг үнэний шалгуурт оруулахыг л мэрийх нь чухал. Судалж судалж эцэст нь үнэнээс хол юм хэлбэл түүн шиг харамсалтай юм байхгүй. Ийм ажил яваандаа дур сонирхол татаад салахын аргагүй болчихдог. Миний хувьд “хүн”, “мал аж ахуй” гэсэн хоёр сэдэв намайг одоо болтол ноолсоор л байгаа.
-Та одоогийн манай нийт ажлын байдлыг хараад юу боддог вэ?
-Нийгэм, хөгжилд үнэхээр өөрчлөлт шинэчлэлт авчирч байгаа шинэ соргог, орчин үедээ зохицсон эхлэл их байна аа. Улс орноо, хөгжлийг шинээр харах, ойлгох, шинийг сэдэх, бүтээх талаар манай залуу үе цоролзон урагш тэмүүлж байгаа нь илт байна. Хөл дээрээ бүрэн болон хагас боловч найдвартай босоод ирж байгаа газрууд зөндөө боллоо. Энэ сайхан хэрэг. Гэвч хойч үе, хойчийн хойчдоо санаа сэдэв болгон хатуухан хэлмээр юм чамгүй их байна. Хатуухан үг л хүнд хүрэх нь, ажилд ашигтай нөлөөлөх нь зөөлөн гуйвраас арай илүү байдаг юм. Ажил амьдралын сайн муу гэдэг хувь хүний ч бай, улс орных ч бай, хүнээс л хамаарна. Хүний бие, оюун нь нэгэн зэрэг идэвхтэй, ухаалаг ажиллаж байгаа газарт хувь айл, улсын аль нь ч бэрхшээл дундаас босоод л ирдэг. Ам нь түрүүлж, ажил арга хоёр нь хоцорсон газарт зогсонги байдал төдийгүй уруудах доройтох тал нь нүүрлэдэг. Энэ бүхэнд тухайн эд хөрөнгө, мөнгө, зан араншин, богино бодлын цухалзал, дарвилт бас нөлөөлнө.
Хамгийн гол нь ажил маань бодлогоор явж байна уу, бор хоног өнгөрөөх төдийхөн байна уу гэдэгт л байгаа юм. Би улсын хэмжээний ямар ч ажил, асуудлыг энэ өнцг өөс харахыг хичээдэг. Тэгээд л шүүмжлэлтэй тал маань хэтрэх гээд байдаг юм. Иймэрхүү үзэл бодлоор бол ардчилсан шинэчлэлээ улс төрийн чамбай сайн боловсруулсан дорвитойхон бодлогоор эхнээс нь аваад явсан бол элдэв ухралт, уналт, доройтол бага шиг үзэх байсан даа гэж санадаг. Бодлого, ажил хэрэг, үр дүнгийн талаар дүн шинжилгээ олигтойхон хийхгүй, ялангуяа дутагдал, алдаагаа илэн далангүй гаргаж тавихгүй, хийсвэр хөнгөн хандлагыг урьдал болгох тал их ажиглагддаг.
Одоо хүртэл “ардчилсан хувьсгал” гэх том нэртэй үйл ажлын явцад шинжлэх ухааны үнэлгээ өгөхгүй, өдөр тутмын урсгал хөдөлгөөнөөр бүхнийг далдалж ирсэнд харамсдаг. Жишээ нь ажилгүйдэл, ядуурал гэж 10-20 жил ярилаа. Үнэндээ хувьчлал нэрийн дор, цаасан тасалбарын хувьцаа нэрээр хэдэн арван мянган хүнийг ажил, амьдралын ноцтой хэлмэгдэлд түлхсэн. Түүний уршгийг л бид өнөөдөр амсаж байна.
-Тэгвэл та өөрийнхөө бодож санаж явдгийг илэн далангуй хэлж болохгүй юу. Юу нь бүтэлтэй, юу нь бүтэлгүй болсон бэ. Олны алга ташин хүлээн авсан зүйл ч яахав, таны шинжлэх ухааны үнэлгээг сонсъё
-Хаанаас нь эхлэх вэ, ололт дэвшил талаас уу, дутагдал доголдол талаас нь уу. За яахав, ганц нэг зүйл дурдъя. Сул талаас эхэлбэл ямар бэ? Монголын цөөн буурай хэвээр буюу гурван саяд ч хүрээгүй байгаа хүн амын талцал туйлшрал шиг, монгол эв нэгдлийн алдагдал шиг аюул манайд алга. Нийслэлийн утаа, зуд ган гачиг, байгалийн доройтол, уул уурхайн муу нөлөө зэрэг нь үүний дэргэд юу ч биш. Төр засгийн төлөөлөл нь ч, нам, эвсэл, холбоод нь ч, амтай хэлтэй болгон нь ард түмнээ хувааж манай танайхаар нь өмчлөх, төлөөлөхийг өдөр шөнөгүй хөөцөлдөнө. Бие биеэ би ардчилагч, тэр коммунист, алуурчин, энэ шударга үнэнч, тэр авлигач, худалч, луйварчин дээрэмчин гээд л муудалцана, буруу зөрүү харна, ил далд хараана. Тэгээд л ардчиллаа амны зоргоор өмчилнө. Үнэндээ ардчиллыг бүгдээрээ зөвш өөрч, цөм л түүнийг улам бүр өргөжүүлэхийн төлөө бус уу? Гэтэл тухайлбал, Монгол Ардын Нам, түүний гишүүд, дэмжигчдийн хувьд зарим нам, хүчин, удирдлага, иргэд хачин өширхсөн, үзэн ядсан, чадвал устгах санаа, оролдлого өвөрлөсөн бодлогыг хориод жилийн турш явуулсаар өнөөдрийг хүрлээ.
Адилхан нөхцөлд хүн болж төрж өсчихөөд тухайн үеийн эцэг эх, ахмад үеийнхний бүтээж босгосныг эдэлж хэрэглэсээр, тэдний нуруун дээр сууж байж боловсрол мэргэжил олчихоод эргээд зарим хэсэгтээ ингэж хандах сэтгэл зүрх, ухаан бодол төрнө гэдэг хүний санаанд тийм амархан багтмааргүй юм. Амьдралыг яг бодитой харж, эргэцүүлэн бодлоо гэхэд МАН-д итгэх итгэл, түүнд найдах найдварын нотолгоо нь удаа дараагийн сонгуульд сонгогчдын дийлэнх нь дэмжлэг үзүүлж, хийж бүтээх, хөгжиж дэвшихийн хүсэл мөрөөдлөөр өөрсдийг холбож яваагаар харагдаж байгаа биз дээ. Энэ намыг, түүний 200 гаруй мянган гишүүд, ард олны дэмжин туслагч олонхийг үзэн ядахын ашиг тус гэж ер нь юу байна аа. Шуудхан хэлэхэд үзэл бодол, ажил үйлдлийн доголдол бус уу.
Миний бодоход энэхүү эв нэгдлээ бусниулж талцалд орсны гайгаар, ардчилал гэдэг аугаа их нэр хүндийг гутааж буйн уршгаар бид юуны өмнө монгол төрх, хүн чанараа гээж бие биедээ итгэх итгэлээ алдаж, нэгийгээ хардах, сэжиглэх, муу санах, атаархах, хар амиа бодох, чадвал нэгийгээ хожих, нэгнийхээ дээр гарах мэтийн араншинд улам бүр автаж байна. Хүн хүний өөрийг бодсон дур зоригийн эрх, эрх чөлөөний манан дунд монгол толгойг хүмүүжил, ёс суртахууны чамгүй олон муу зүйлд түлхэж, архи тамхинд донтох наад захын үйлдлээс аваад хүнээ доромжлох, худалдах, устгаж хөнөөх, мөлжих, ноцтой гэмт хэрэгт хийх, авлигалан тамд чихэх, наад зах нь олон нийтийг үнэ өртөг, хүнс тэжээл, өвчин эмгэгийн аймшигт болгоомжлолоор боомилон зовоож бухимдуулах зэрэг сэтгэл зүйн байнгын бэрхшээлд оруулж байгаа явдал бол нийгмийн тогтолцооны хэвийн бус үзэгдэл мөн.
-Та ер нь эцсийн эцэст ардчилагчидтай үзэлцэх гээд байгаа юм уу? Өнөөх хуучин коммунист арга барилаа өмөөрөх гээд байгаа юм биш биз. Алив юман дээр хариуцлага гэж байдаг. Таны хариуцах хариуцлага чухам юу вэ?
-Та ёстой нэг загатнасан газрыг минь маажиж орхилоо. Би ардчиллын нэр баригчдад зарим зүйлийг ойлгуулах юмсан. Тэгвэл тэдэнд ч, ард түмэнд ч хэрэгтэй гэж боддог юм. Яг өнөөдөр, энэ 2012 он гарсаар “Ардчилсан Үндсэн хууль” гэдэг нэр томъёог дээр доргүй, чи би-гүй түг түмэн удаа хэрэглэв дээ. Энэ тодотгол үгийг дэлхий яаж хүлээн авч байгаа бол гэхээс би хувьдаа сэтгэл их зовж байгаа. Манай гаригийн өчнөөн төчнөөн Үндсэн хуульт улс орон манайх тийм ийм Үндсэн хуультай гэж, жишээ нь “ардчилсан бус”, “консерватив”, “либерал”, “коммунист” гэсэн тэмдэг үг хэрэглэн гайхуулдаг гэж үү. Би л лав дуулаагүй. Ардчилал гэдэг чинь уг нь бол хэн ч өмчлөн авах улс төрийн эрх мэдэл биш шүү дээ. Надад хэрэв коммунист арга барилын хариуцлага хүлээлгэнэ гэвэл хэн ч хэлсэн би хүлээнэ. Зугтах арга байхгүй.
Харин сүүлийн 20 жилийн турш МАН руу хэн ямагт дайрч байна, хэн түүний нийгмийн өмнө хүлээж ирсэн үүрэг ролийг унагахыг хичээж ирэв, хэн ХХ зууны Монголын ололтыг үгүйсгэж доромжилдог вэ, хэн МАН, тухайн үеийн засаг төрийн тэргүүний хүмүүсийг түүхийн гол тайзнаас зайлуулахыг оролддог вэ, хэн ХХ зууны монгол ахмадууд руугаа нүд үзүүрлэдэг вэ, хэн Монголын ард түмний нэрийг барьж дотроос нь үймүүлдэг вэ, хэн Монгол Улсын ХХ зууны түүхэн ололтыг зогсоож, ухрааж, унагасан бэ, хэн барууны дэглэм рүү нэр нүүрээ баран зүтгэж, мөлжлөгийн ёсыг дээдэлнэ вэ, хэн Монголд ажилгүйдэл, ядуурал, монгол мөнгөн ханшийн доройтол, үнэ өртгийн хөөрөгдлийн үүд хаалгыг нээсэн бэ гэх зэргийг шударгаар хариуцах тодорхой эзэн байна уу.
Шашин, шүтлэг бишрэлийн хүндтэй асуудлыг засаг төрийн бодлоготой хутгаж зөнд нь задгайруулсан асуудал ч бас зохих эзэдтэй л холбоотой. Энэ бүх асуудал дээр манай олноос олон ойн баярууд үнэлэлт дүгнэлтээ хийх л байсан. Харамсалтай нь магтаал л зонхилсон. Өнгөрсөн 20 жилд магтах юм байгааг үй гэвэл нүгэл гээч болно. Магтах, олзуурхан сайшаах, цаашид дэмжих юмс байсаан.
-Юу юу байж болохыг Та зах зухаас нь нэрлэвэл яасан юм бэ?
-Нэрлэх юм байлгүй яахав. Хорь гаруй жил оршин тогтнож, улам л сайн сайхныг эрэлхийлж, мөрөөдөн тэмүүлж яваа бүхэл бүтэн улс орон, ард түмэн юм чинь. Эргэлзэх юм юу ч алга.
1.Өнөөх л ардчиллаасаа эхэлье. Өнгөрсөн зуунд манай оронд аль хэдийнэ сууриа тавьсан ардчилал сүүлийн жилүүдэд үнэхээр нээлттэй нийгмийн тогтолцоонд шилжин өргөжсөн. Энэ нь дэлхий дахины даяаршлын үйл явцтай хөл нийлүүлэн алхлах боломжийг ард түмэнд өгч байгаа. Зохистой зөв алхах нь бид бүхний хариуцлага.
2.Байнгын парламентат ёсны төлөөлөн удирдах зарчим бүхий тогтолцоог нийгмийн амьдралыг зохицуулан хөтлөх олон төрөл (хэдэн зуугаар тоологдох) хуулийн дэг журам дээр суурилуулж авах замд нэгэнт оржээ.
3.Эдийн засгийн харилцааг үнэмлэхүй шинжээр нь зах зээлийн тогтолцоонд оруулан, улсын хэмжээнд баримтлах арга замд эргэлт буцалтгүй орж байна. Явц, төлөвшил, дотоод, гадаад холбоо сүлжээгээ хараахан бүрэн дүүрэн жигдрүүлж чадаагүй явна.
4.Хүнээ, боловсрол мэргэжлээ, эрүүл мэндээ, эдийн засаг, хөрөнгийн эх үүсвэрээ хөгжүүлэх бодлого, зорилго, хөтөлбөрөө боловсруулан, хэрэгж үүлэх арга замаа тодорхойлж дэлхийн түвшинд гаргах сонголтоо хийж эхлээд байна.
5.Хүний нөөцийн бэлтгэл, техник, технологи, шинжлэл судлалын хангамж, нөхцөл боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чадвар, чанар, стандартыг дэлхийн түвшинд гаргах хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хөдөлгөөн өрнөж байгаа нь чухал дэвшил юм.
6.Тогтвортой амьжиргааны түвшинг бий болгох, юуны өмнө хүнс тэжээлийн өөрийн бие даасан хангамжийг бататгах боломжийг сэргээн босгосон явдал том амжилт мөн. 7.Дэд бүтцийн хөгжил, барилга байгууламжийн ажилд нэлээд анхаарал төвлөрүүлж, мэдээллийн орчин үеийн цахим төхөөрөмж, тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийг байгууллага, иргэдийн аль аль нь сайжруулж, бусдын царай бага харах хэмжээнд хүрч буйг олзуурхан сайшаах учиртай. Энэ мэт олон зүйлийг дурдаж нэрлэж болно.
-Монголчууд ер нь ямар байвал хөгжинө, дэвжинэ гэж Та үзээд байгаа юм бэ?
-Монголчууд бид эх нутгаа мянга, мянган жилээр эзэгнэж, эзний ёсоор нэр төрөө мандуулж явлаа ч, бусдын эрхшээлд зүдэрч явсан ч тусгаар тогтнолоо нэг хүн шиг ойлгож, эрх чөлөөгөө нэг хүн шиг эдэлж, өөрийгөө болон бусдыг нэг л монгол үзэл, сэтгэл, харцаар харж, өөдлөн хөгжих цорын ганц язгуур эрх ашгаар өөрийн одоо, ирээдүй хоёрыг цэнэглэж, эв нэгдэл, хамтын чармайлтаа дээдэлж явъя л даа гэмээр. Энэ хүрээнд бидний улс төр, нийгмийн байр суурь, иргэншил, ааш араншин дэндүү задгай, дэндүү өнгөц, зохиомол хийц загвартай байна. Шулуухан хэлбэл бид өнөөдөр капитализм, социализм, ардчилсан хүмүүнлэг нийгмийн алиныг нь ч тууштай сонгон байгуулаагүй явна. Хүн төрөлхтний даяаршлын манан будан дотор өөх ч биш, булчирхай ч биш хөвж, өдөр тутмын зовлон бэрхшээл дунд өөр хоорондоо цэц булаалдан сууна.
Ажил муутай, ядуу айлын зовлон гэж дуусахын аргагүй нэг юм байдгийг ч мартах ёсгүй. Алт, зэсийн өгсөж уруудах үнэ ханш, гадна дотроос олдох олдохгүй ашиг, хөрөнгө мөнгөнд залбиран суугаа ерөнхий дүр зураг л санаанд байнга орж ирэх юм. Нэг үеийг бодвол манай залуу үеийнхний эгнээнд мэдлэг боловсрол овоо, авхаалж самбаа ч муугүй нэлээд тооны залуучууд орж ирж, улс төрд суралцаж, бодлого руу хөл тавих боллоо. Бас ч гэж мөнгө санхүүгийн эх сурвалж сайжраад ирлээ. Хүн амын идэвх, иргэний байр суурь наанатай цаанатай болж байна. Ийм нөхцөлд Монголд хөгжлийн түвшингээ дэлхийн тавцанд гаргах хүсэл зорилго байгаа бол Монголыг энэ эрх ашиг захирах ёстой бол бид бүхэнд хийж бүтээхээс өөр ямар үнэтэй зүйл байхав.
-Ярилцлагынхаа төгсг өлд юу хэлмээр байна. Танд үг үлдээе.
-Нэгд, 1.2 сая ам дөрвөлжин км нутаг дээрээ 2.8 сая хүн минь нэг л монгол хүн байцгааж, ээж аавын бор авдрыг дахин ахин уудалъя гэж уриалах байна. Хоёрт, Монголоо юуны өмнө өөрсдийн гараар, хүч оюунаар хөгжүүлэх санал хүслээ өргөх байна. Гуравт, монгол хүн бүрийн эрх, үүргийн зохицол, хариуцлагын нэгдмэл чанарыг жигд эрхэмлэх үзэл, хүмүүжлийг дээдлэх санааг дэвшүүлье. Дөрөвт, бүх шатны сургалтыг Монголын хөгжлийн үзэл, чадвар, үр дүнгийн өндөр стандартаар явуулъя. Тавд, манайд байгаа бүх боломж, хүчийг чиглэл чиглэлийн дагуу хаана боловч нэгтгэн зангидаж, ирээдүйтэй бүхэн рүү хөдөлгөе. Зургаад, мэдээллийн байгууллагууд ижил давтамжаа багасгаж, тус тусын “би”-г тодруулмаар байна гэе. Долоод, хэрэв бидний олонх нь буддын шашиндаа илүү шүтлэгтэй бол бурхангүйн сургаал буюу хүний бүтээл номлолд итгэл үнэмшил, бишрэл сүсэглэлээ илүү хүчтэй өргөе. Наймд, бүтээлч, хөдөлмөр их, олз орлого арвин, байгалийн гамшиг ховор, ааш араншин аядуу байхын ерөөлөөр сүүн цацал өргөе.
Б.ТЭГШ