Цагаан идээ нь бидний уламжлалт хүнс. Гэтэл сүүлийн үед цагаан идээний үнийн өсөлтөөс гэх үү, суурьшмал амьдралын хэв маягаас шалтгаалав уу хэрэглээ нь улам л багассаар. Гэтэл олон улсын судлаачид цагаан идээний ашиг шимийн талаарх мэдээллүүдээ улам баяжуулж, үр дүнгээрээ баталсаар байна. Хэдийгээр бид идэх хэрэгтэй гэдгээ ойлгодог ч ямар ач тустай гэдгийг нь тэр бүр мэддэггүй шүү дээ. Тиймээс энэ талаарх сүүлийн үеийн судалгаанаас хуваалцъя.
Цагаан идээний ашиг шимийг тодорхойлсон томоохон төсөл гэвэл АНУ-ын Харвардын, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургууль, МУИС, ШУТИС, АШУҮИС гээд гадаад, дотоодын 12 сургуулийн судлаач нар хамтран хийсэн “Цагаан идээний соёл” төслийг дурдаж болно. Уг төслийн хү¬рээнд цагаан идээний түүхэн хөгжил, шим тэжээл, орчин үеийн хэрэглээ гээд тал бүрээс нь судалсан юм билээ. Түүнчлэн Булган, Дундговь, Хөвсгөл, Улаанбаатарт оршин суудаг иргэдээс цагаан идээний хэрэглээнийх нь талаар судалгаа авсан аж.
5000 ЖИЛИЙН ӨМНӨ Ч ЦАГААН ИДЭЭГ ОЛОН ТӨРЛӨӨР БОЛОВСРУУЛДАГ БАЙЖЭЭ
МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор, доктор М.Эрдэнэ “Цагаан идээний соёл” төсөл нь таван жил үргэлжилсэн. Манай судалгааны баг цагаан идээний хэрэглээний түүхэн цаг үеийг тодорхойлсон. Ингээд археологийн малтлагаар гаргаж ирсэн эртний хүний шүдэнд наалдсан хоолны өнгөрийг лабораторийн орчинд задалж үзээд сүү, тараг, аарц, ааруулны уураг илрүүлсэн. Энэ нь Монгол нутагт амьдарч байсан хүмүүс одоогоос 5000 жилийн өмнө ч тэдгээрийг хэрэглэж байсныг харуулж буй юм” гэлээ. Өөрөөр хэлбэл, Монголд 5000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс цагаан идээг олон төрлөөр боловсруулж ашиглах аргаа мэддэг байж.
Эл судалгааны ажил одоо ч үргэлжилж буй бөгөөд өмнө нь илрүүлж байгаагүй ашигтай бактериуд цагаан идээнд агуулагддаг болохыг төслийн хүрээнд тогтоож, тэдгээрийг нарийвчлан судалж байгаа аж. Энэ талаар судлаач М.Эрдэнэ “Судалгааны хүрээнд Булган, Дундговь, Хөвсгөл, Улаанбаатарт амьдардаг хүмүүсийн биед агуулагдах ашигтай бактерийн хэмжээг тодорхойлж үзсэн. Ингэхэд цагаан идээг шингээхэд тусалдаг ашигтай бактерийн хэмжээ тухай хүний амьдарч буй газар нутгийн онцлогоос хамаараад өөр өөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь малынх нь идэж буй өвс, уснаас гээд л газар нутгийн онцлогоос нь хамаарч байгаа юм л даа. Судалгаанд оролцсон, Улаанбаатар хотод амьдардаг иргэд цагаан идээ бага хэрэглэдгээс ашигтай бактерийнх нь хэмжээ цөөхөн байсан” гэв. Ашигтай бактери нь цагаан идээг биед шингээхэд оролцож, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг юм байна. Цагаан идээний төрөл бүрд агуулагдах ашигтай бактерийн хэмжээ, нэр нь өөр өөр. Үүгээрээ биед үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй гэж үзэж байгаа бөгөөд нарийвчлан судлахаар ажиллаж буй юм билээ.
Дээрх судалгааны үр дүнгээс сонирхол татахуйц мэдээлэл нь цагаан идээгээр биед дамжин орж буй тэдгээр ашигтай бактери нь цагаан идээг боловсруулах орчин буюу айлуудын гэрт ч “оршиж” болно. Жишээлбэл, айраг исгэхэд хэрэглэсэн хөхүүр, бүлүүрэнд, сав суулганд гээд л янз бүрийн орчинд “амьдарч” байна. Бүр айлуудын ашигтай бактери нь ч хоорондоо ялгаатай. “Тэдний айрагны амт сул”, “хэт гашуун” гэж ярьдаг нь ч эдгээр ашигтай бактериас шалтгаадаг хэмээн М.Эрдэнэ хэлсэн юм. Орон нутагт ч гэлтгүй орон сууцад идээгээ өөрсдөө боловсруулж хэрэглэвэл тэдгээр ашигтай бактери амьдрах нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Ингэснээр бактериар исэлддэг хоол хүнсний чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Юутай ч илүү дэлгэрүүлж судлахаар “Цагаан идээний соёл”-ынхон ажиллаж байгаа юм. Цагаан идээнд гадуур борлуулдаг ашигтай бактериудаас хавьгүй олон тооны, илүү олон зүйлийн бактери агуулагддагийг онцолсон. Бид ашигтай бактерийг эмийн сангаас, дэлгүүрээс худалдаж авах биш харин ч монголчуудын биеийн онцлогт тохирсон, ашигт чанар өндөртэйг нь малынхаа зэлнээс л авчих өргөн боломж байна. “БНХАУ-Д СҮҮ ИХЭЭР ХЭРЭГЛЭХ БОЛСНООР ЗАЛУУСЫНХ НЬ БИЕИЙН ДУНДАЖ ӨНДӨР НЭМЭГДСЭН” Шим тэжээл судлалын үүднээс заавал хэрэглэх хоол, хүнс гэж бий. Энэ нь улс орон бүрд харилцан адилгүй. Манай улсад л гэхэд нүүрс усны эх үүсвэр болсон үр тариа, жимс, хүнсний ногоо, мах зэргийг тэнцвэртэй, тогтмол хэрэглэхийг Монголын судлаачид зөвлөдөг байна. Эдгээрийн аль нэгийг нь хэрэглэхгүй байхад тухайн бүтээгдэхүүнээс авах байсан шимт тэжээлийн дутагдалд ордог гэдгийг Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор М.Пүрэвжав онцолсон юм. Тэрбээр “Сүү нь кальцийн үндсэн эх сурвалж. Бага насны хүүхдийн биед лактоз маш ач тустай. Лактоз задрахаараа глактоз, глюкоз болдог. БНСУ кальцийн эх үүсвэрээ далайн гаралтай бүтээгдэхүүнээс авдаг. Гэсэн ч кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой гэж үзээд 1950-иад оноос сүү хэрэглэж эхэлсэн. Үүний ачаар биеийн хөгжил нь эрс өөрчлөгдсөн. Бас БНХАУ 2000-аад оны үеэс сүүг их хэмжээгээр хэрэглэх болсноор залуусынх нь биеийн дундаж өндөр нь нэмэгдсэн. Бас газар тариалан эрхэлдэг япончууд яаж шийдсэн бэ гэхээр бага хэмжээгээр бяслаг хэрэглэж эхэлсэн. Хоёр хуруу бяслаг хэрэглээд хоногийнхоо хэрэгцээг хангадаг гэхчлэн эерэг үр дүн олон бий. Гэтэл Монголд ийм өргөн боломж байгаа ч хоол тэжээлийн талаар зөв мэдлэг, мэдээлэл авч чаддаггүйгээс хэрэглээ нь багассан” гэсэн юм. Эрт дээр үеэс монголчууд зуны улиралд махыг аль болох бага, цагаан идээг түлхүү хэрэглэдэг байлаа. Энэ нь зун цагт идээ ундаа элбэг байдагтай холбоотой хэдий ч нөгөөтээгүүр хөнгөн хооллохыг зорьдогтой холбоотой. Гэхдээ хүнд хэлбэрийн хоолны хордлого, мэс заслын дараа хоол боловсруулах эрхтнүүдийн цагаан идээг хүлээж авах чадвар буурдгийг анхаарууштай. Уг нь хүүхдүүдийн цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд сурагчдын үдийн хоолонд сүү өгч эхлээд байгаа. Гэсэн ч хүүхдүүд хэрэглэж дадаагүйгээс бие нь тавгүйрхэх тохиолдол элбэг байгааг сургуулийн хоол зүйч нар хэлж байсан юм. Доктор М.Пүрэвжав “Бид хүүхдүүддээ аль болох бага наснаас нь цагаан идээг хэрэглүүлж хэвших ёстой. Хүүхдүүдээ маш чанартай сүүгээр хангахын тулд үйлдвэрийн нөхцөлд ариутгаж, тослогийн хэмжээг тохируулсан сүү сонгох ёстой. Хүүхдэд хүнсний нэмэлт бодис агуулсныг илтгэх E кодтой бүтээгдэхүүн үдийн хоолонд нь өгч болохгүй” гэлээ. Тэгэхээр цагаан идээ хэрэглэхдээ анхаарах зүйлс бийг эндээс харж болно.
ШАР ТОС ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ ОРНУУДАД СЭТГЭЦИЙН ЭМГЭГ 40-91 ХУВИАР БАГА БАЙДАГ
Монголчууд л зөвхөн цагаан идээ хэрэглэдэггүй гэдгийг дээрх жишээнүүд харууллаа. Энэтхэгчүүд л гэхэд шар тосны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй аж. Үүнийг “Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудын нийтлэг соёлын өв, цагаан идээний зүйл, шар тосны хэрэглээ” төслийн хүрээнд АШУҮИСийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, анагаах ухааны доктор У.Номин-Эрдэнэ “Стрессийн шалтгаант эмгэгийн үед шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн” судалгаандаа дурдсан байлаа. Үр дүнд нь шар тос тогтмол хэрэглэдэг Монгол, Киргиз, Энэтхэг, Пакистан зэрэг оронд сэтгэцийн эмгэгийн үзүүлэлт бусад улсынхаас 40-91 хувиар бага байсныг тогтоожээ. Бас хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалахаар чанар нь мууддаг бол шар тос нь харин ч ач холбогдол нь илүү нэмэгддэг болохыг тэрбээр онцолж байсан юм. Тухайлбал, дөрвөн жил хадгалсан шар тосноос гүүний болон ингэний сүүний тосонд агуулагддаг урт гинжит тосны хүчил илэрсэн байна. Энэ нь дархлаа, бодисын солилцоог дэмжин, урт наслуулах, элэгний эрүүл мэндийг хамгаалахаас гадна алцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй аж. Бас Монголын уламжлалт анагаах ухаанд шар тос нь биеийг хүчжүүлэх, ширүүн чадлаараа өнгө, хүч, илчийг үүсгэх, суулгахыг зогсоох, хий, шар, хошногоны гүвдрүү, уушгины архаг, ам мурийх, цэрийг арилгах үйлчилгээтэй гэж үздэг юм байна. Нэг жилээс дээш хугацаагаар хадгалсан тос нь амт шингээлт нь гошуун, хүнд тослог чадалтай учир солиорох, умартах, мэдээ алдах, манарах, хуучин шархыг анагаах болон нас уртасгадаг гэдгийг анагаах ухааны доктор У.Номин-Эрдэн онцоллоо.
А.Тэмүүлэн