Монголчууд сонгуулийн цоо шинэ харилцаанд орж, цахим сонгууль өгөхөөр бэлтгэж байна. Санал тоолох ажиллагаа анх удаа хүний мэдлээс гарч, хэсгийн хороон дээрээ сууж байгаад хэн гэдэг нэр дэвшигч, аль нам ялагч болж байгааг төвөггүй харах цаг айсуй.
СЕХ 20 гаруйхан ажилтантай ч хуулиар хүлээсэн нүсэр үүргээ биелүүлэхийн төлөө шамдаж байна. Сонгууль дуустал 80 гаруй арга хэмжээг хэрэгжүүлж, 50 шахам дүрэм, үнэмлэх, маягт батлах ёстой. Түүнээс 22 маягт, 15 үнэмлэхний загвар батлагдсан. Энэ сарын 15-наас өмнө Хэсгийн хороодоо байгуулна. Тус бүр нь 3200 ам. долларын үнэтэй 2500 ширхэг автомат санал хураах, тоолох машиныг Америкийн “Dominion Voting Systems” компаниас гэрээний дагуу авна. Эхний тавыг нь хүлээж авсан гэж сонгуульд бэлтгэх ажлынхаа явцын талаар СЕХ-ны удирдлага өчигдөр мэдээлэхдээ танилцуулав. Тавдугаар сарын 15 хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу 2445 машиныг авч дуусах юм байна. Улсын хэмжээнд 1800 орчим Хэсгийн хороо байгуулна. Тэгэхээр машины хүрэлцээ хангалттай гэж үзэж буйгаа СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн хэлэв. Автомат машиныг ажиллуулах ажилтнуудыг мэдээллийн технологийн мэдлэг, мэргэжил бүхий хүмүүсээс сонгож дадлагжуулах юм байна. Тэднийг Хэсгийн хорооны тоогоор бэлтгэх аж.
Сонгуулийн хуулийн зарим зүйл, заалт хоёрдмол утгыг илэрхийлсэн нь цөөнгүй. Хуулийг зөвхөн Улсын Дээд шүүх тайлбарлах эрхийн дагуу Хуулийг нэг мөр ойлгон, зөв хэрэглэх талаар тайлбар гаргуулахаар СЕХ-ноос тэдэнд ханджээ. Нийтдээ 39 зүйл, заалтыг тайлбарлуулахыг хүссэн байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “албадан нөлөөлж, саад учруулахыг...” юу гэж үзэх, 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн “...зөрчил нь ноцтой бол...” гэснийг хэрхэн ойлгох, “аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх.., сонгогчдын саналыг татах..”, “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгуулага..” гэснийг яаж ойлгох зэргийг тайлбарлуулахаар хандаад байгаа юм. Төрийн бус байгууллагын нэрээр сонгуулийн үйл ажилагаанд саад учруулах, дотоод хэрэгт нь оролцох явдал хаа газар түгээмэл байдаг юм байна. Тэгвэл дүрмийн ямар чиг үүрэгтэй төрийн бус байгууллагыг хуулийн 9.5 дахь хэсэгт хамааруулахыг дээд шүүхээр тайлбарлуулахыг хүсчээ. Монгол Улсад цагийн зөрүүтэй аймгууд бий. Өмнөх сонгуулиудаар орон нутгийн цагийг баримталдаг байсан бол энэ удаа автоматжсан машинд цагийн программ суулгах учир нэг мөр тайлбар хэрэгтэй болжээ. СЕХ-ны удирдлагын хэлж буйгаар хуулийн эдгээр тайлбарыг нэг мөр болгочихвол бэрхшээгээд байх асуудал бага бололтой юм.
Сонгуулийн хууль, тогтоомж зөрчигчдөд Захиргааны болон Эрүүгийн хуулийн хатуухан хариуцлага ногдуулахаар байгаа. Тэгвэл хууль зөрчсөн гэдгийг яаж нотлох, хяналтаа хэрхэн тавих юм бэ гэсэн асуулт гарна. СЕХ-ныхон ажиглагч, хэвлэлийнхэн, сонгогчид болон шударга иргэдээс “тусламж” хүсэж байна. Хууль зөрчигчдийн тодорхой үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Сонгуулийн төв байгууллага бүртгэж авах юм байна. Хууль бус үйлдэл, үйл ажиллагаа нь нотлогдвол нам, хувь хүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авна.
Сонгогчид учрыг нь олохгүй байгаа нэг зүйл бол саналын хуудсанд ямар тэмдэглэгээ хийх тухай. Зураг дээр хоёр мандаттай тойргийн загварын хуудас байна. Эхний хуудсанд Та өөрийн сонгохыг хүссэн хоёр нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлна. Өмнө нь өгч байсан таван удаагийн сонгуулийн саналын хуудастай яг адилхан. Хоёр дахь хуудсанд зөвхөн намуудын нэр бичигдэнэ. Сонгохыг хүссэн нэг намын өмнөх дугаарыг дугуйлна.
Нийтдээ 26 тойрогт нам, эвсэл тус бүр 48 хүн нэр дэвшүүлэх юм. Үлдэж буй 28 хүний нэр СЕХ-нд үлдэнэ. Тэд намд өгсөн саналын хувиар дээрээсээ “таслагдаж” УИХ-ын гишүүнээр сонгогдох учиртай. Хэрвээ АН 25 хувийн санал авлаа гэж санахад эхний долоон нөхөр УИХ-д сонгогдоно. МАН мөн хэмжээний санал авбал жагсаалтын эхэнд эрэмблэгдсэн долоон хүн гишүүн болно. Хэрвээ мажоритар тойрогт нэр дэвшээд 28-аас дээш хувийн санал авч ялагдсан энэ хоёр намын нэр дэвшигч байвал өнөөх 28 хүний жагсаалтын урдуур орж сонгогдох юм. Гулсдаг, шилждэг энэ явдалд олон нийт жаахан дургүй байгаа. СЕХ-ны гишүүд, улстөрч, намуудын хүмүүсийн хэлж буйгаар нэг их олон хүн гулсаад ороод ирэхгүй гэнэ. 28-аас дээш хувийн санал авч ялагдсан тохиолдол өнгөрсөн хугацаанд тун цөөн байжээ.
Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх боломжийн талаар СЕХ-ны удирдлагаас сонирхлоо. Техникийн хийгээд цаг хугацааны хувьд боломжгүй талдаа юм байна. УИХ-ын сонгуулиар гэхэд л 27 төрлийн саналын хуудас хэвлэнэ. Тэр бүгдэд зориулж автомат машиныг программчилна. 330 гаруй сум, 21 аймаг, нийслэл, дүүрэг тус бүрээр саналын хуудас хэвлэж, тэр болгоныг таних программыг машинд суулгах ёстой болох аж. Тэгэхээр хоёр сонгуулийг зэрэг явуулах бодит боломж байхгүй юм байна. Гэхдээ хууль бол хууль. Сонгуулийг зэрэг явуул гээд хууль гаргаад өгвөл биелүүлэхгүй гэх эрх бидэнд байхгүй гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар хэлж байна.
Энэ сонгуулийн нэг онцлог нь анх удаа гадаадад суугаа иргэд сонгогчийн эрхээ эдлэхэд байгаа юм. Гэхдээ зөвхөн намын төлөө санал өгнө. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох боломжтой. Эрхээ эдлэхийг хүсвэл ЭСЯ дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн СЕХ-нд хүргүүлэхээр хуульчилсан юм.
Дашрамд дурдахад Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 10 гаруй гомдол Цэцэд ирүүлжээ. Түүнээс хоёрыг нь маргаан үүсгэх боломжгүй гэж үзэж буцаасан байна. Бусад гомдолд маргаан үүсгэх эсэхийг Цэц хянаж байгаа аж.