Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн багш, урлаг судлаач М.Аминаатай ярилцлаа. Түүнийг Төрийн шагналт, Монголын анхны Ардын зураач, соён гэгээрүүлэгч Ү.Ядамсүрэнгийн зээнцэр гэдгээр нь мэдэх хүн олон билээ.
-Та буурай өвөөгийнхөө нэрэмжит дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуульд багшилдаг шүү дээ. Багшлахаас гадна сүүлийн үед ямар ажил амжуулж явна вэ?
-Репиний академийг төгсөж ирчхээд мэргэжлийнхээ дагуу олон газарт ажиллаж үзээд л явж байна. Гэхдээ урлагийн боловсрол олгох чиглэлд голчлон анхаарч байгаа. СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн Урлаг судлалын тэнхимийн эрхлэгчээр, бас шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од мөндөр” сувагт ч ажиллалаа. Мөн “Гэрү”-гийн урлаг болон технологийг холбосон платформд хиймэл оюун ухааны судалгаа хийх зэрэг урлаг, технологи хоорондын холбоосыг судалж байсан ажлын туршлага ч бий. Ер нь урлагийн боловсролыг мэргэжлийн гэхээсээ аль болох энгийн хүмүүст хүргэх зорилго тавин ажилласан гэсэн үг.
Харин сүүлийн үед галерейн менежмент, арт диллер буюу урлагийн зах зээл, бүтээлүүдийг олон нийт, цуглуулагчдад борлуулах чиглэлд ажиллаж байгаа. Үүний хүрээнд аавынхаа урланг түшиглээд урлагийн боловсрол олгож, төрөл бүрийн үзэсгэлэн гарган, арга хэмжээ зохион байгуулах бяцхан орон зайг дөнгөж нээгээд байна.
-Таныг сүүлийн үед Хятадын утга зохиолд шимтэх болсон гэж сонссон.
-Хятадын утга зохиол сонирхдог гэхээр хүмүүс үзэн ядах гээд байдаг талтай. Гэтэл бид яах аргагүй Орос, Хятад хэмээх хоёр том гүрний дунд оршдог. Тиймээс хөрш орныхоо соёл иргэншил, түүх, утга зохиолыг сонирхоход буруу зүйл үгүй. Миний хувьд өвөөгөөрөө дамжуулан эсгий туургатан, нүүдэлчдийн ахуй соёл болон Энэтхэг, Төвөдийн буддын шашны гүн ухаан, сургаал зэрэг ном судар, утга зохиолын бүтээлүүдээр хүмүүжиж төлөвшсөн. Мөн манай гэр бүлийнхний олонх нь ЗХУ-д мэргэжил эзэмшсэн хүмүүс байдаг учраас Оросын соёл, сонгодог бүтээлүүдийн нөлөө ч мөн өндөр байв.
Нэг удаа би өөрөөсөө монгол, орос, хятад гэсэн ямар нэгэн үндэсний онцлогоос ангид байдлаар ямар улс миний сонирхлыг татах вэ гэж асуусан. Тэгтэл надад Манж болон Хятадын соёл тун сонирхолтой санагдсан юм. Мэдээж эх оронч үзлээр соёлын дархлааг бэхжүүлэх нь чухал. Гэхдээ бид хөрш зэргэлдээ их гүрнүүдийнхээ философи, нийгмийн онцлог, ертөнцийг харах үзлийг мэдэж, ойлгодог байх ёстой. Тэр дундаа бидэн шиг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст энэ бол заавал эзэмших ёстой суурь мэдлэгүүдийн нэг гэж хэлнэ. Тиймээс Хятадын гүн ухаан болон утга зохиолыг сүүлийн үед идэвхтэй сонирхон судалж байна.
Хятадын утга зохиолын онцлогийг XVIII зууны “Нэгэн чулууны түүх” хэмээх туужаар төлөөлүүлэн авч үзье. Энэхүү бүтээлийг XXI зуунд буюу өдгөө олон ангит кино болон өргөн дэлгэцээр гаргахдаа агуулгыг нь алдагдуулалгүй, шинэ үеийнхэнд ойлгомжтой байдлаар хүргэж чадсан. Ер нь Хятадын тууж, уран зохиолын онцлог нь орчин үеийн тэр дундаа бидний фэйсбүүкээр үзэж буй богино хэмжээний кинонуудад ч ажиглагддаг. Орчин үеийн залууст зориулан хэлбэр хийцийн хувьд компьютер график дизайны шийдлийг түлхүү ашиглажээ. Өөрөөр хэлбэл, нэн орчин үеийн зохиолуудад нь хүртэл эртний Хятадын философи, ертөнцийг үзэх үзэл нь хадгалагдан үлдсэн байдаг. Бид ч гэсэн үүнээс суралцмаар санагддаг юм. Монголын утга зохиолыг нэн эртний, эсвэл хуучирсан гэхийн оронд орчин үеийн хэл рүү хэрхэн хөрвүүлэх боломжтой талаар судалж болно шүү дээ.
ЗУРААЧИЙН ГЭР БҮЛД ӨСНӨ ГЭДЭГ СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД АМАРГҮЙ ДАВАА
-Таны аав, ээж, эмээ, өвөө бүгд зураач. Урлагийн ертөнцөд өсөж, өндийсөн учраас хүүхэд байхаасаа л урлагийн хүн болно гэж бодсон уу?
-Урлагийн ертөнц үнэхээр харгис. Их л авьяастай төрж байж энэ ертөнцөд хөл тавихгүй бол амархан арчигдах магадлалтай. Гэсэн ч урлаг бол хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч, гэрэл гэгээ авчирдаг чухал салбар юм. Харин дотроос нь харвал зураачийн гэр бүлд өснө гэдэг сэтгэл зүйн хувьд амаргүй даваа. Тиймээс урлагийн хүн болохыг хүсдэггүй байлаа. Мөн манай улсын нийгэм, соёлын нөхцөл байдал ч нөлөөлсөн. Ер нь урлагийн замналаар явахад маш их золиос шаарддаг. Ахуй амьдрал, цаг хугацаагаа нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй болно. Гэтэл эргээд үнэлэмж нь маш доогуур. Ээж, аавынхаа 1990-ээд оны ороо бусгаа цаг үеийн бэрхшээлийг харж, мэдэрч өссөн учраас аль болох урлагаас холуур тойрно гэж боддог байв. Миний бага насны мөрөөдөл бол хуульч, эсвэл банкны теллер болох байсан юм. Жаахан хүүхэд байсан учраас өглөө ажилдаа яваад, орой тогтсон цагтаа гэртээ ирдэг тогтсон амьдралын хэв маягтай болохыг хүссэн. Гэвч цаанаасаа бурхнаас надад заяасан хувь тавилан ч гэх юм уу, санамсаргүй зүйл тохиолдсон юм. Тухайн үед миний сонирхдог байсан ах урлаг судлаачийн ангид орчихсон. Тэгэхээр нь би дагаад урлаг судлаач болчихсон. Хэдийгээр өсвөр насны хөгжилтэй түүх мэт боловч эргээд бодоход цаанаасаа хувь тохиолоор намайг энэ зам руу дуудсан мэт санагддаг.
-Та саяхан “Синдром арт” шоугаа олны хүртээл болгосон шүү дээ. Нэрнээсээ эхлээд л сонирхолтой санагдсан.
-“Синдром арт” шоуны нэршил бол дээр дурдсан зүйлстэй агаар нэг. Урлагийнхан бол жирийн хүнээс өөрөөр сэтгэж, бусдад жаахан тухгүй мэдрэмж төрүүлдэг хүмүүс байдаг л даа. Бид биологийн хэрэгцээгээрээ идэж ууж, амарч, тархиа нэг их ажиллуулахгүйгээр амьдрахыг эрмэлздэг. Гэтэл шашны зүтгэлтнүүд, шинжлэх ухааны салбарынхан гарч ирэнгүүтээ бидний өдөр тутмын ахуйн амьдралыг үгүйсгэж, өөрчилж, амьдралын утга учрыг ойлгох ёстой гэх мэтээр хэзээ ч бодохыг хүсдэггүй асуудлыг сөхөх гээд байдаг. Өөрөөр хэлбэл, нийгэм хэмээх том систем нь өөрийн стандартад нийцэхгүй, гажиж буй хүмүүст дургүй гэсэн үг. Тиймээс тэднийг ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн шахалтад оруулдаг. Урлагийнхан гэхээр л хэдэн архичин, солиотой, эсвэл “юмтай” хүмүүс байдаг гэх үгийг бараг л гурван хүн тутмын нэг нь хэлдэг. Ялангуяа бага байхад эцэг, эхийг минь “галзуу, синдромтой, өвчтэй амьтан” гэж хэлэхийг олон удаа сонссон. Тухайн үед би үнэхээр л манай гэрийнхэн бусдаас өөр юм байх даа гэж боддог байлаа. Гэтэл тэд зүгээр л ажлаа хийж, үүргээ гүйцэтгэж буй хүмүүс байв. Энгийн хүмүүсийн нүдээр урлагийнхныг харахад синдромтой гэж хэлүүлэхүйц байдаг юм бол яг энэ нэршлээр нь тэд үнэхээр синдромтой юу, хэрэв тийм бол яагаад гэдэг талаас нь харуулахыг хүссэн юм.
Морис Равель хэмээх сонгодог хөгжмийн зохиолчийг бид мэднэ шүү дээ. Түүний “Болеро” хэмээх маш гоё ритмтэй бүтээлд 16 минутын турш нэг хэсэг, нэг хэмнэл давтагддаг. Морис Равелийг тархи, мэдрэлийн өвчтэй байснаас болж тийм хөгжим бүтээсэн гэх яриа байдаг. Мөн Ван Гог ч гэсэн сэтгэц, мэдрэлийн асуудлаас үүдэн мансууруулах бодисын нөлөөнд автсаны улмаас шар өнгийг хэтрүүлэн хэрэглэдэг байсан гэх судалгаа ч бий. Тиймээс Морис Равель, Ван Гог зэрэг аугаа суут ухаантнууд үнэхээр сэтгэц, мэдрэлийн асуудалтай байсан, эсэх, энэ нь хэр үнэний ортой юм бэ гэдгийг олон талаас нь судлахыг хүссэн юм. “Синдром арт” бол үүнийг олон талаас хүмүүст хүргэх нь сонирхолтой олон асуултын хариулт болсон арт шоу юм.
-Манай нийгэм тэр аяараа л бухимдалтай байх шиг. Урлагийн боловсрол нийгэмд яагаад чухал, бас хувь хүний сэтгэл зүйд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар та мэдээлэл өгөхгүй юү. Ер нь “Синдром арт” шиг урлагийн талаар ярилцдаг энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах нь хэр ач холбогдолтой вэ?
-Миний хувьд энэ асуултад өөрийн үгээр бус, нэрт найруулагч Андрей Тарковскийн эшлэлээр хариулах дуртай. Тэрбээр “Урлаг гэдэг хүний зүрх сэтгэлийг хүрздээд, хатсан сэтгэлд нь бурхны гэрэл гэгээг ойлгох боломжийг бий болгох үүрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүний зүрх, сэтгэл тэр бүр нинжин байж, дайснаа хайрлаж чаддаггүй шүү дээ. Бидний сэтгэл уур уцаар, бухимдал, хувийн эгогоор дүүрчихсэн. Тэгвэл эргэн тойрныхоо хүмүүсийг, цаашлаад дайснаа хайрлаж, сайн үйлс хийж чадаж байна уу гэвэл бас л үгүй. Өөрсдийн нүгэлдээ идэгдээд, нэг ёсондоо сэтгэлийнх нь идээ бээр бугшчихсан. Үүнийг хөрсөөр зүйрлэвэл усгүй болоод хатсан сэтгэлийн хөрсийг гэрэл гэгээтэй зөв зүйл хүлээн авахад нь бэлтгэх үе шат бол урлаг юм. Гэхдээ тэр гэрэл гэгээг урлаг 100 хувь өгч чадахгүй ч ядаж л сайн сайхан зүйлсийг хүлээж авах чадвартай болгох үүрэгтэй юм.
-Ер нь урлаг хүнд хүмүүжил, ухамсар, ёс суртахууны хэм хэмжээг зааж сургах үүрэгтэй юм уу?
-Онолын түвшинд урлагийн олон үүрэг бий. Урлаг бол бодит амьдралыг илэрхийлж, түүгээрээ дамжуулан энэ ертөнцийг танин мэдэх арга хэрэгсэл болдог. Мөн хүнд зайлшгүй шаардлагатай гоо зүйн хэрэгцээ гэж бий. Харин урлаг нь тэрхүү гоо зүйг мэдрэх чадварыг бий болгодог юм. Энэ бол маш энгийн. Бид өнөөдөр яагаад шавааралдсан олон барилга, байгууламж дунд амьдарч байна вэ. Энэ бол бид гоо зүйн мэдрэмжээ алдсантай холбоотой. Өвөө минь 1950-иад онд “Монголоос урлагт хайргүй хүнийг олоход маш хэцүү. Баталгаа нь гэвэл эдэлж, хэрэглэж байгаа зүйлсийг нь хар” хэмээн хэлсэн байдаг. Тэр үед бид ширэн гутал, сампин зангидсан тоорцог өмсдөг байлаа. Ерөөсөө л энэ бүхэн бидний эстэтик буюу гоо зүйн мэдрэмж юм. Гэтэл үүнийгээ алдсанаас үүдэн өдгөө бид ямар ч гоо зүйн мэдрэмжгүй хотод амьдарч байна.
Мөн урлаг нь нийгмийг хүмүүжүүлэх үүрэгтэй. Энэ нь бидний үнэт зүйлс, ертөнцийг үзэх үзлийг тодорхойлдог. Түүнчлэн мэдээлэл дамжуулах үүрэгтэй. “Монголын нууц товчоо” л гэхэд урлаг, утга зохиолын маш том жишээ болдог. Энэ мэтчилэн урлаг бол нийгэмд маш олон гүйцэтгэдэг. Товчхондоо, хүнийг амьтнаас ялгах гол шинж чанарын нэг болохоос гадна хүнийг хүнээр нь байлгадаг.
Өнөө үед хүнийг зөвхөн ухаанаар хэмжих боломжгүй боллоо. Учир нь хиймэл оюун ухаан, “Chatgpt” гэх мэт технологийн дэвшлүүд шил шилээ даран мэндэлж байна. Бараг л биднээс хэд дахин бүр, хязгааргүй ухаантай болоод байна. Харин хиймэл оюунд юу байхгүй вэ гэвэл хүн болгож буй зүрх сэтгэл, амин сүнс алга. Тэгэхээр хүнийг сүнстэй, сэтгэлтэй, дотоод ертөнцтэй, хүнээр нь байлгаж буй гол зүйл бол урлаг гэж хэлж болно.
-Урлагаас хүн зүгээр л таашаал авах ёстой гэх нь ч бий.
-Урлагаас хүн таашаал авах ёстой. Тэр ч байтугай, залуу хүний заавал унших 100 ном гэдэг балай юм хаана ч байхгүй. Заавал мэдэх ёстой, эсвэл таашаах ёстой уран зургийн бүтээл ч гэж үгүй. Хувь хүний туршлага, мэдлэг, мэдрэмж зэргээс шалтгаалаад таалагдах уран бүтээл ч гэж бий. Зарим дуурь, балетыг үзээд таашаал авч чадахгүй, бүр дургүй хүрэх тохиолдол ч гарна. Энэ бол зүв зүгээр, маш энгийн зүйл. Миний хувьд зөвхөн таашаал өгөхөөс гадна үндсэн үүргээ гүйцэтгэж буй бүтээлийг л урлагийн бүтээл гэж тодорхойлно. XXI зууны, ялангуяа нэн орчин үеийн урлагийн урсгал, чиглэлүүд арай өөр зорилгоор бүтээл туурвидаг болсон. Жишээлбэл, гадил жимсийг скочоор хананд наасан бүтээлийг урлаг гэж үзэж байна. Гэхдээ тухайн уран бүтээлч үүнийг урлаг гэж хэлээд, бас худалдаж авах хүн байгаа бол урлагийн бү¬ тээл гэж тооцож болно. Өөрөөр хэлбэл, уран бү¬ тээлч болон худалдан авагч хооронд харилцаа үүссэн тохиолдолд л үүнийг урлагийн бүтээлд тооцох юм.
Мораль буюу ёс суртахууны үүргийг орчин үед урлагаас авч хаячхаад байна. Учир нь урлагийнхан хэдэн мянган жилийн туршид ёс суртахуун заасан ч дэлхий, ертөнцөд сайжирсан зүйл алга. Тэгэхээр ёс суртахуун заагаад ч сайжрахгүй юм бол ядаж хүмүүсийн сэтгэлд буй идээ, бээрийг гаргаж тавиад үзүүлье гэсэн хандлагаар энэ үүргээсээ санаатайгаар татгалзсан гэж үзэж болно.
-Аливаа урлагийн бүтээлийг бүрэн дүүрэн мэдэрч, ойлгохын тулд үзэгч өөрийгөө бэлдэх шаардлага бий юү. Эсвэл зөвхөн мэдрэмждээ найдах ёстой юм болов уу?
-Урлагийн бүтээлийг хэрхэн хүлээж авах нь тухайн хүний дотоод ертөнц, туршлагатай хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, юу үзэж, туулснаас ихээхэн шалтгаалдаг гэсэн үг. Тэгэхээр мэдрэмж маш чухал. Миний хувьд дуурь, балетыг эхний удаад ямар нэгэн тайл¬баргүйгээр үзэх нь сонирхолтой санагддаг. Бас уран зургийн үзэсгэлэнг эхлээд тайлбаргүй үздэг. Дараа нь урлаг судлаачийн тайлбар бичвэрийг нэг уншчихаад, дахиад үзэх нь илүү сонирхолтой санагддаг.
Харин мэдрэмж бол өөрөө хөгжчихдөг зүйл биш. Бас мэдрэмжийг хөгжүүлэхээс илүүтэй сэрээхэд мэдлэг шаардлагатай. Тиймээс урлагийн боловсролын лекцэд суух, эсвэл өөрөө уншиж судлах хэрэгтэй. Тухайн зураач, эсвэл хөгжимчин ямар түүхэн цаг үед, юуны төлөө энэ уран бүтээлийг туурвисныг мэдэх юм бол өөрийнхөө туршлагатай харьцуулж, түүнтэй ижил, төстэй, зүйл юу байгааг нь хөөж үзэхэд илүү амар. Тэгэхээр мэдлэг, мэдрэмж аль аль нь чухал гэж ойлгож болно.
УРЛАГ АЮУЛТАЙ ЗЭВСЭГ БОЛЖ ХУВИРЧЭЭ
-Аливаа нийгмийг түүчээлэх уран бүтээлч гэдэг маш сайн боловсролтой, бэлтгэгдсэн хүн байх ёстой гэх хүн олон юм билээ.
-Ямар урлагийг сонгож, аль чиглэлээр явж буй уран бүтээлч вэ гэдгээс ихээхэн шалтгаална. XIX зууны II хагас гэхэд өрнийн урлагт уран бүтээлчид түүчээлнэ гэдгийг арай өөрөөр ойлгох болсон. Харин XX зууны эхэн үед урлагийн бүтээлийг ахуйн хэрэглээ рүү оруулбал хүмүүс гоо зүйн мэдрэмжтэй амьдарна гэж үзсэн байдаг. Энэ нь мөн л нийгмийг түүчээлэх гэсэн нэгэн хувилбар. Гэхдээ XX зууны дунд үеэс урлагийнхан “бид нийгмийг түүчээлэхээ больё, оронд нь та нарын дотор буй идээ бээртэй, эсвэл өөрсдөөсөө нуудаг далд ухамсрыг тань гаргаад өгье” гээд түүчээлэх үүргээсээ татгалзчихсан юм. Тиймээс тухайн уран бүтээлч нийгэмд нөлөөлж, түүчээлэхийг хүсэхгүй байхыг үгүйсгэх аргагүй. Эцсийн дүндээ энэ бол урлагийн төрөл, уран бүтээлчийн үзэл бодлоос ихээхэн хамаарна. Нэг ёсондоо урлаг өдгөө аюултай зэвсэг болж хувирчээ.
-Урлаг бол харгис ертөнц гэж та хэлсэн шүү дээ. Харин нөгөө талаас илүү эрх чөлөөтэй, дур зоргоороо мэргэжил гэх нь бий. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол? -Ф.М.Достоевский “Ах, дүү Карамазов” зохиолд “Бурхныг хайрлаж л байвал юу ч хийсэн эрх чөлөөтэй” гэдэг өгүүлбэр гардаг юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ танд хүнлэг сэтгэл, хайр, жинхэнэ урлагийн хүний мөн чанар байвал юуг ч хийх эрхтэй гэсэн үг. Эр, эм хүмүүсийн хайр дурлалаар жишээлэхэд, бид хайртай хүнийхээ төлөө зарим зүйлийг сайн дураараа харилцан золиосолж байдаг. Урлагийн эрх чөлөө ч үүнтэй ижилхэн.
-Таны хувьд урлаг судлалын чиг¬лэлээр гадаадын болон дотоодын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Монголчуудын урлагийн боловсролын түвшнийг та юу гэж тодорхойлох вэ?
-Бүхэл бүтэн улс, гүрний урлагийн мэдрэмжийг тодорхойлох судалгаа хийнэ гэдэг амаргүй байх. Харин хувийн туршлага, эргэн тойронд буй хүмүүс, бас яаж ч нуух гэж хичээгээд олон статистик гаргаж ирээд нууж чадахгүй зүйл бол урлагийн боловсролын түвшнийг тодорхойлох шалгуур юм. Энэ бол архитектурын шийдэл. Ингээд бодохоор бид өөрсдийн үнэт зүйл, түүх юу вэ гэдгийг мэдэхээ больжээ. Үнэт зүйлсээ тодорхойлоогүйн улмаас гоо зүйн мэдрэмжийг ч тогтоож чадахгүй байгаа ард түмэн гэдэг нь өнөөгийн Улаанбаатар хотын барилга байгууламжийн шийдлээс тод харагддаг.
УРЛАГ СУДЛААЧ ХЭНХЭГЛЭХГҮЙ, ЭГОГҮЙГЭЭР, МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХАНДАХАД ТУРШЛАГА ШААРДДАГ
-Урлаг судлаач бол нэг талаас шүүмжлэх үүрэгтэй хүн шүү дээ. Тэгвэл монгол уран бүтээлчид шүүмжийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Би докторын зэргээ хамгаалахаасаа өмнө амьд байгаа уран бүтээлчийн бүтээлд харгис шүүмж хийхгүй гэсэн зарчимтай. Мэдээж тухайн уран бүтээлч өөрөө хүсээд, надад хандаж, удаан хугацаанд хамтран ажиллаж, олон судалгаа хийсний дараа шүүмж хэлж болно. Миний хувьд ихэвчлэн үзэсгэлэнгийн зохион байгуулалттай холбоотой шүүмж л хэлсэн байдаг. Куратор хүний хувьд наанадаж дэглэлтийн асуудал тулгардаг. Тухайн үзэсгэлэнгийн орон зайд ямар бүтээл хаана байрлах вэ гэдгийг шийддэг чухал үе шат юм. Үүнээс болж цөөнгүй уран бүтээлчийг гомдоосон. Мөн үзэсгэлэнгийн шүүгчээр ажиллахдаа хэчнээн мундаг, цол гуншинтай байсан ч “Таны бүтээл чанарын шаардлага хангахгүй байна” гэж хэлсэн тохиолдол ч бий. Уг нь тэд бол миний багаасаа мэддэг, хараад өсчихсөн, хүндэлдэг уран бүтээлчид шүү дээ. Тиймээс тэр бүр хурц үгээр зориг зүрхийг нь мохоох зүйл хэлэхийг хүсдэггүй. Ер нь урлаг судлаачийн үзэг уран бү¬ тээлчийг алж ч, бас амилуулж ч болно. Тиймээс урлаг судлаач хэнхэглэхгүйгээр, эгогүйгээр, мэргэжлийн түвшинд хандахад туршлага шаарддаг. Өөрийгөө бүрэн туршлагатай болсон гэж үзэх хүртлээ аль болох даруухан явахыг илүүд үзэж байна.
-Өвөөгийнхөө зургуудыг урлаг судлаач хүний нүдээр харж, шүүмж хийж үзсэн үү?
-ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид магистрын зэрэг хамгаалахдаа би өвөөгийнхөө уран бүтээл, тэр дундаа Монголын урлагийн түүхэнд өрнийн урлагийн дэг сургалт хэрхэн орж ирсэн тухай судалгаа хийсэн. Ингэхдээ өвөөгийн уран зургуудыг гол жишээ болгон авч ашигласан юм. Өвөөгийнхөө эхэн үеийн бүтээлүүдэд үндэслэн, В.И.Суриковын нэрэмжит академи буюу ЗХУ-д суралцах үед өрнийн дэг сургалт болон Оросын реалист школыг монгол зургийн суурьтай хүн анх хэрхэн хүлээн авч байсан тухай 90 хуудас шүүмж бичсэн. Гэхдээ хүн чинь өмнө бичсэн зүйлээ дараа нь голдог юм билээ. Өвөөгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Бид саяхан үзэсгэлэн дэлгэсэн. 20252026 онд маш олон ажил төлөвлөсөнтэйгөө холбогдуулан өвөөгийн уран бүтээлийн талаарх мэргэжлийн шүүмжүүдийг бэлтгэж бичих судалгааны ажил дундаа орчихсон явж байна.
У.Цэцэг