1953 оны долоодугаар сарын 27. Солонгосын дайн зогсов
Яг 75 жилийн өмнө 1951 оны нэгдүгээр сарын 4-нд Солонгосын ардын арми Сөүлд оржээ. Солонгосын дайны хугацаанд Өмнөд Солонгосын нийслэлийг хоёр дахь удаагаа эзэлж буй нь энэ бөгөөд Умард Солонгосын дайчид Хятадын анги, салбаруудтай хүч хавсарсан байна. Гэхдээ хотыг тэд удаан эрхэндээ байлгалгүй ухарч, фронтын шугам дайны өмнөх үеийнхээрээ дахин тогтвортой болов. Тэгсэн хэрнээ Сөүлийг хоёр дахиа эзэлсэн тухай аль ч тал нь олон жилийн турш дурсахгүй байхыг хи чээж иржээ. Умард Солонгос, Хятадын цэргүүд өмнөдийн нийслэлийг хэрхэн эзэлж авсан, хотыг яагаад орхив, энэ хоёр улсын түүхэнд энэ уг явдал ямар байр эзэлдэг талаар цухас өгүүлье.
Солонгосын дайныг ЗХУ, АНУ-ын хоорондын сөргөлдөөний хэсэг гэж үздэг ч өөрийн мөн чанараараа энэ зөрчилдөөн сонгодог хэлбэрийн иргэний дайн байжээ. Дэлхийн II дайны эцэст Солонгосын хойг Зөвлөлтийн, Америкийн эзэмшлийн гэж хуваагдан хоорондын хил нь 38 дугаар өргөргөөр зааглагдах болсон байна. Ер нь бол Солонгост бүх нийтийн сонгууль болж нэгдсэн улс болно гэж үзэж байв. Гэвч сонгуулийн сурталчилгаа нь тусдаа болжээ. Ийн улс төрийн хоёр тогтолцоо бий болж, биенээ тус хойг дээрх тусгаар улс гэж үзэх болсон аж.
Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен ЗСБНХУ-аас дэмжлэг хүсэж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Сын Ман АНУ-д хандаж, энэ хоёр хэт их гүрэн ч Солонгосыг хүчээр нэгтгэхэд эхнээсээ л эсрэг хандлагатай байв. Америкийн Батлан хамгааллын хүрээнд Япон, Филиппин улс орсон, Өмнөд Солонгост энэ хүртээлгүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дин Ачесон мэдэгдсэнээр 1951 оны нэгдүгээр сард байдал өөрчлөгдлөө. Үүний дараа Солонгосын асуудлаарх Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины байр суурь ч өөрчлөгдөж, хойгийг цэргийн хүчээр нэгтгэх Умард Солонгосын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг тэрбээр зөвшөөрөв. 1950 оны зургаадугаар сарын 25-нд Умард Солонгосын цэрэг Өмнөд рүүгээ довтолж эхэлжээ. Умард Солонгосын сонгосон цаг үе гол улсуудын хувьд тун санамсаргүй явдал байлаа.
Дайны эхний өдрүүдэд, ердөө гурав хоногийн дотор л Өмнөд Солонгосын нийслэлийг Умардын цэргүүд эзлээд авчээ. Энэ бол эхнийх нь. Нийслэл эзлэгдсэн нь дайны эхэн үед Өмнөд Солонгосын цэрэг, улс төрийн удирдлага унаж буйг нотолжээ. Сөүлийг анх ийн эзэлж авсан нь тун эмгэнэлтэй үйл явдал байв. Коммунистууд цохигдож, Пёньян руугаа буцна гэж Ли Сын Маны сурталчилгаа нотлоод байхад л Умард Солонгосын танкууд нийслэлийн нь хаяанд орж ирсэн юм. Гэлээ ч эрх баригчид нь “манай эртний нийслэл дайсны гарт орохгүй” гэсээр байжээ. Ли Сын Ман хойгийн өмнөд рүү нүүхдээ ч Өмнөд Солонгос удахгүй ялна гэсээр л байж.
АНУ болон Европын холбоотнууд нь Өмнөд Солонгосыг идэвхтэй дэмжиж байсан ч Умардын ардын арми долоо, наймдугаар сард өмнө зүгт ихээхэн ахисан аж. Эцэст нь Өмнөдийн Засгийн газар Пусанд багахан түшиц газар дээр л тогтож байлаа. Гэтэл есдүгээр сарын дундуур байдал эрс өөрчлөгдөж, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин, АНУ-ын цэрэг голлосон НҮБ-ын хязгаарлагдмал тооны дайчид сөрөг довтолгоонд оров. Ердөө нэг сарын дотор холбоотнууд 38 дугаар өргөргөөс урагших бүх газар нутгийн чөлөөллөө.
1950 оны есдүгээр сарын 25-нд Сөүл чөлөөлөгдөж, НҮБ-ын хүчний ерөнхий командлагч, АНУ-ын армийн генерал Дуглас Макартур тус хотыг Ерөнхийлөгч Ли Сын Манд албан ёсоор хүлээлгэж өгөв. НҮБ болон Өмнөд Солонгосын цэрэг давшилтаа үргэлжлүүлж, удалгүй Пёньянныг эзэлж, холбоотнуудын хүчин Умард Солонгос болон Хятадын хил дээр гараад иржээ. Умард Солонгосын ардын арми ялагдлын босгон дээр очсон байна. Ийм нөхцөлд уг зөрчилд хэрхэн хандахаа Хятад эргэн харахаас аргагүй болжээ. Дайнд шууд оролцохоос зайлсхийхийг Мао Зэдун эхлээд эрмэлзэж, тус улсад иргэний дайн дөнгөж дуусаад Гоминданы хүчин Тайваньд байсаар байжээ. Түүнээс гадна зөр чилд оролцох нь АНУ-тай шууд сөргөлдөх аюулыг Хятадад бий болгож, үүнд тус улс бэлэн биш байв. Гэвч сөргөлдөөнд оролцох шийдвэр гаргах хоёр шалтгаан Мао Зэдунд байсан аж. Нэгдүгээрт, дайснаа мөрдсөн Америкийн нисэх хүчин БНХАУ-ын агаарын орон зайд нэг бус удаа нэвтэрч, дэд бүтцийн байгууламжуудад нь цохилт өгөөд байв. Хоёрдугаарт, Хятад, ЗСБНХУ-ыг оролцуулан бүс нутагтаа коммунизмтай тэмцэх Ли Сын Маны том төлөвлөгөө бүхий баримтууд дайны явцад дайсны гарт орсон байлаа. Манжуур, Приморийг авах талаар тус төлөвлөгөөнд тусгасан байжээ. Умард Солонгосыг хувь заяанд нь даатгаад орхичихвол ийм тавилан дараа нь Хятадад ногдохыг Мао Зэдун ойлгосон байна. Гэхдээ дайнд Хятадын байнгын арми биш, “ардын сайн дурынхан”-ыг оролцуулахаар төлөвлөв.
Солонгосын дайнд Хятад оролцох боломжийг АНУ урьд нь бодолцсон байжээ. Олон талаар энэ ч үүднээс генерал Чан Кайши хү чилж байсан ч НҮБ-ын хүчний бүрэлдэхүүнд Гоминданы цэргийг оруулаагүй аж. “Өмнөд Солонгосын холбоотнуудын дунд Гоминданы цэрэг үзэгдвэл улаан Хятад дайнд оролцох нь гарцаагүй байв” гэж Оросын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнгийн Солонгосын судалгааны төвийн ажилтан Константин Асмолов тэмдэглэжээ. Хятадын цэрэг айхавтар аюулгүй, дайны явцад хөндлөнгөөс оролцож чадахгүй хэмээн генерал Дуглас Макартур Ерөнхийлөгч Гарри Труменд итгүүлсэн байв.
1950 оны аравдугаар сарын 25-нд 250 мянган цэрэгтэй Хятадын арми генерал Пэн Дэхуагийн удирдлагаар Умард Солонгосын хил рүү нэвтэрч давшилт хийлээ. Стратегийн санаачилгыг шууд авч чадаагүй ч гэнэт довтолсны хүчинд НҮБ-ын цэргийн хамгаалалтыг сэтэлж орхисон байна. Хятадын “ардын сайн дурынхан” арваннэгдүгээр сарын эцсээр шинэ, илүү өргөн цар хүрээтэй ажиллагаа эхлүүлэв. АНУ-ын явган цэргийн VII дивизэд хүнд цохилт өгөн ялж, улмаар НҮБ-ын хүчнийг Умард Солонгосын нутгаас гарахад хүргэлээ. Бүх зүйл Дуглас Макартурын амлалтаас зөрж, өмнөд солонгосчууд тарж бутран, америкчууд өөрсдийнх нь үгээр “өөр чиглэлд давших” болсон байна. Коммунист хүчин 38 дугаар өргөрөг дээр зогссонгүй. НҮБ-ын цэргийг хойгоос бүхэлд нь хөөн гаргаж, Ким Ир Сений мэдэлд Солонгосыг нэгтгэх нь тэдний зорилго хэвээр байлаа.
1950 оны эцэс болоход Умард Солонгос болон Хятадын цэрэг Сөүл рүү давшиж эхэлжээ. Америк, Өмнөд Солонгосын командлал ч нийслэлийг хамгаалахад бэлэн байв. 1951 оны нэгдүгээр сарын 3-нд хотын хаяанд анхны тулаан эхэлжээ. Тоогоор давамгайлсан Хятад-Умард Солонгосын цэргийн давшилтыг зогсоож хүч рэхгүй нь энэ өдөр л тодорхой болсон байна. Маргааш нь Сөүл хотын захиргааны байшин дээр Умард Солонгосын далбаа мандав. Энгийн оршин суугчдын ихэнх нь гарч зугтсанаас хот хоосон шахам болсон байлаа.
Сөүлийг алдсандаа НҮБ-ын цэргүүдийн сэтгэл санаа тун дор орсон байна. Генерал Макартур галзуурах шахаж, Хятадад хоёрдугаар фронт нээх, түүгээр ч барахгүй цөмийн зэвсэг даруй хэрэглэхийг шаардав. Гарри Трумений засаг захиргаа энэ шаардлагыг нь дэмжсэнгүй. Өмнөд Солонгосын холбоотнууд яриа хэлэлцээрийн замаар Хятадыг дайнаас гаргах, гал зогсоох боломжийг хайж эхлэв. Шинээр сөрөг довтолгоон хийх бэлтгэлээ ч зэрэг базаах болжээ.
1951 оны нэгдүгээр сарын сүүлчээр НҮБын цэрэг сөрөг давшилтад шилжив. Хятад, Умард Солонгосын цэрэг түүнийг тогтоож эс чадаад ухарч эхэлжээ. Гуравдугаар сарын 18-нд Сөүлийг дахин чөлөөлөв. Нэг гараас нөгөө гарт дөрөв дэх удаагаа шилжсэн эртний нийслэл үнс, нурам болсон байлаа.
Хоёр жил өнгөрөхөд фронтын байдал бараг өөрчлөгдсөнгүй. Аль ч тал нь илт давуу байдалтай болсонгүй, хоёр арми зүдэрч, дайныг үргэлжлүүлье гэвэл ихээхэн нөөц шаардлагатай байв. ЗСНБХУ, АНУ-ын удирдлага ч солигдож, Сталин нас барж, Цагаан ордонд орж ирсэн Дуайт Эйзенхауэр зөрчилдөөнийг дуусгах арга хайж, ЗХУ-тай энх тайвнаар зэрэгцэн орших тухай яриад байх болжээ. 1953 оны долоодугаар сарын 27-нд талууд гал зогсоохоор тохиролцов. Гэлээ ч хоёр Солонгос одоо хэр нь энхийн гэрээ байгуулсангүй, биенээ хүлээн зөвшөөрсөнгүй. Дайны байдалд байна гэсэн үг.
Р.Жаргалант