Волейболын үндэсний дээд лигийн 30 дахь удаагийн улирлын тоглолт өндөрлөж, хасагдах шатанд эмэгтэйчүүдийн багаас дөрөв нь шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлж буй. Плейофф-ын таван тоглолтод гурав хожсон нь аваргын төлөө шалгарна. Багууд нэгийнхээ тоглох арга барилыг сайтар судалсан нь өмнөх тэмцээнээс харагдсан тул аль нь уран тактик гаргаж, хожно тэр медалийн төлөө өрсөлдөх юм. Дасгалжуулагчид гал гартал өрсөлдөж буй энэ шатанд багийнхаа тамирчдыг наадамд шандас сорих хүлгүүд шиг сойж, ухаандаа үүцэлсэн уран нөөцөө гарган, ялалт байгуулах торгон мөчийг догдлон хүлээж байна. Улирлын гурван тоглолтод хожиж, лигийг хошуучилж эхэлсэн “Хилчин” клубт олон жил тоос өргөсөн туршлагатай тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг бол хамгаалагчийн байрлалд тоглодог, ОУХМ Д.Сосорбурам. Тэрбээр тус багт нэгдсэнээс хойш есөн дэх жилтэйгээ золгож буй. Дээд лигт оролцдог болсноос хойш хоёр удаа “Шилдэг хамгаалагч”-аар шалгарч, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан олон улс, тивийн тэмцээн, Азийн наадамд оролцсон түүнийг зочноор урилаа.
-Үндэсний дээд лигийн хасагдах шатны тоглолт ширүүхэн эхэлсэн. Эн тэнцүүхэн тоглож буй дөрвөн багаас аль нь түрүүлэх, эсэх одоогоор тодорхойгүй байна. Хожлын салхи хаашаа эргэх нь сүүлийн хоёр тоглолтоос харагдах болов уу.
-Лигийн хасагдах шатанд манайхаас гадна “Хөвсгөл”, “Хобби эйс”, “Минтонетт говь” багийнхан өрсөлдөж байгаа. Энэ удаа “Хилчин” багийнхан мэргэжлийн түвшинд тоглодог, ур чадвартай легионеруудаар хүч сэлбэсэн нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон. Миний хувьд найман жил завсарласан лигийн тэмцээнийг 2019 онд дахин сэргээж, зохион байгуулахад нь “Энагура” багт анх удаа тоглож, түрүүлэхдээ “Шилдэг хамгаалагч”-аар тодорсон юм. Би өмнө нь “Эрчим” клубт 2012 онд тоглож, тамирчин болох замналаа эхлүүлсэн бол 2017 онд “Хилчин”-д хөл тавьснаар карьераа үргэлжлүүлсэн. Тухайн үед дасгалжуулагч С.Дэлгэрмаа багш тус багийнхантай нэгдэн тоглох санал тавьсан. Манайхан дээд лигт оролцдог хүчирхэг багуудын нэг. Багийнхаа залгамж халаа болгож, клубтээ шинэ залуу тамирчдыг дээд лигт тоглох түвшинд бэлтгэдгээрээ давуу талтай. Би хамгаалагчийн байрлалд олон жил тоглож байна. Бид 2021 оны дээд лигт түрүүлж, алтан цом гардсан бол 2022 онд “Хөвсгөл эрчим” клубийнхэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдөж мөнгөн медаль зүүсэн.
-Волейболын спортын гол тоглогчдын нэг бол холбогч. Танайхан багтаа Японоос гурван, Канадаас нэг легионер урьсны учир нь ч үүнтэй холбоотой байх.
-Бид өндрийн довтлогч, нам хагасын байрлалд тоглодог мэргэжлийн түвшний легионеруудыг багтаа урьсан. Тэднээс Шизүкү Кикүчи өмнө нь дээд лигт тоглож байв. Тэд өнгөрсөн жилийн тавдугаар сараас манай багийнхантай нэгдэн, хамт байрлаж бэлтгэл хийсэн тул ойлголцож, ойр дотно нөхөрлөх болсон. Легионеруудаас суралцах давуу тал их. Хийж байгаа зүйлдээ үүрэг хариуцлагатай хандахаас гадна дасгалжуулагчийн зөвлөснийг сайн сонсож, хэлсэн хувилбаруудыг нь тоглолтдоо хэрэгжүүлдэг. Мөн багийнхаа гишүүдийг мэдэрч тоглох, эсрэг багийнхныг хараад унших чадвар өндөр. Тэднээс хамгийн туршлагатай нь Асака Тамару. Тэрбээр Филиппин улсын лигт тоглож байгаад ирсэн юм.
Манайхан лигийн гурван тойргийн тоглолтод тэргүүлсэн ч хасагдах шатанд IV байраар гарсан “Минтонетт говь” багийнхантай өрсөлдсөн. Плей-офф-ын тоглолтууд өрсөлдөөн ихтэй болдог. Тойргийн тоглолтуудад хэр амжилттай байсан нь хамаарахгүйгээр багууд судалгаа маш сайн хийж, ана мана үзэлцэж байна. 2024 онд болсон дээд лигт “Хөвсгөл эрчим” багийнхан хоёр дахь удаагаа түрүүлсэн тул энэ удаад ч медалийн төлөө өрсөлдөхөөр хичээх нь лавтай. Бид хасагдах шатны эхний тоглолтод хожигдож, сэтгэлээр жаахан унасан. Тамирчдыг амжилт гаргахад сэтгэл зүйн байдал их нөлөөлдөг. Тиймээс бид хойшид хэрхэн тоглох тактик, төлөвлөгөөгөө зөвлөлдөн ярилцаж, сэргэлт, сэтгэл зүйн байдалдаа түлхүү анхаарал хандуулсан. Багийн ахлагч Г.Энхнаран тамирчдаа тоглолтын үед хурцлан зоригжуулж, өөрийн биеэр үлгэрлэдэг дайчин зантай.
-Дээд лигт 2019 онд анх оролцохдоо “Энагура” багийнхантай тоглон түрүүлж байлаа. Тэр үед лиг дотоодын тэмцээнүүдээс хамгийн өрсөлдөөнтэй болдгийг мэдэрсэн байх.
-Тийм ээ. Тухайн жил дээд лигт өрсөлдсөн “Энагура” багийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ивээн тэтгэснээр бид аялан тоглолтод оролцсон юм. Тэр үед өөрсдийгөө түрүүлнэ гэж үнэхээр төсөөлөөгүй л дээ. Би ч бас өөрийгөө шилдэг хамгаалагчаар шалгарна гэж бодоогүй. Анх удаа лигт оролцохдоо аваргын төлөөх тоглолт ямар халуун, өрсөлдөөнтэй, ширүүн болдгийг тэр үед мэдэрсэн. Дэмжихээр ирсэн үзэгчид догдлон, суудлаасаа бостол огшиж үздэгийг тэмцээний талбараас хараад эрч хүч, урам зориг авсан. Түүнээс хойш тийм гоё, гал гарсан тоглолтуудыг хүмүүст дахин харуулах сан гэж хичээдэг болсон.
-МУИС-ийн оюутан байхдаа шигшээ багт нь төгстөлөө тоглосон гэл үү. Тэр үеийн дурсамжуудаар чинь аялбал сонирхолтой зүйл өгүүлэх байх даа.
-Нөхөр бид хоёр МУИС-д суралцсан оюутнуудын нэг. Би аялал жуулчлалын менежмэнтийн ангийг 2016 онд төгссөн. Одоо “Монгол шуудан” хувьцаат компанид ажилладаг. Нөхрийг минь Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Волейболын тамирчин. Сүхбаатар аймгийнх. Бид сургуулийн шигшээ багт тоглодог байхдаа танилцаж, гэр бүл болсон. Бид нэг охинтой, одоо есөн настай. Оюутан байх үеэсээ тамирчны амьдралд хөл тавьсан болохоор одоо хэдийн дассан. Надад гэртээ тухалдаг өдөр ховор. Нөхөр найдвартай ар тал болж, гэрийнхээ бүх зүйлийг амжуулна. Мөн хадам аав, ээж минь биднийг сайн ойлгодог. Тэднийхээ тусалж дэмждэгийн ачаар лигийн тоглолтод алгасалгүй оролцож, амжилт гаргаж байгаадаа талархдаг. Миний хувьд дуртай зүйлээ хийж байгаа болохоор ядардаггүй. Лигийн тоглолт эхлэхээс сарын өмнө төлөвлөсөн зүйлүүдээ амжуулж, ажил, амралт, нойр, хоолоо зохицуулж сурсан. Тамирчин хүний анхаарах нэг чухал зүйл бол эрүүл мэнд. Эрүүл байж багийнхандаа тус нэмэр болохын төлөө хичээж байна.
-“Хилчин” клубийг ажиглаад байхад лигт дотоод нөөц боломждоо тулгуурлаж, багаа бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулж харагддаг.
-Манайхан дээд лигт жил бүр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог. “Хилчин” клубийн эзэн, бригадын генерал Х.Лхагвасүрэн клубтээ олон жил тууштай тоглосон, мөн шинээр бэлтгэгдэж буй ирээдүйтэй залуу тамирчдаа оролцуулах зарчим баримталдаг. Тиймээс дотоод нөөц боломждоо тулгуурлаж, амжилт гаргуулахыг зорьдгоороо бусад клубийнхнээс ялгардаг болов уу. Тоглогчдын маань олонх нь тус клубийн дасгалжуулагчдын шавь. Тэд тамирчдаа хүүхэд байхаас нь дасгалжуулсан болохоор зан чанар, сэтгэл зүйн байдлыг нь сайн мэддэг. Г.Энхнаран бид хоёр тус клубт 2017 онд ирснээс хойш есөн жил болж байна. Бид өсвөр үеийн тамирчин байхаасаа л нэгнээ танина. Нэг багийн гишүүн болсон цагаасаа өнөөг хүртэл сайхан нөхөрлөж явна. Тамирчдын хувьд спортын нөхөрлөл үнэ цэнтэй. Өрсөлдөөний талбарт нэгнээ ойлгож, баяр гуниг, жаргал зовлонгоо хуваалцдаг болохоор ойр байдаг юм. Спортод нөхөрлөсөн хүмүүс амьдрал дээр ч жинхэнэ найзууд болдог гэдэг үнэн юм билээ.
-Эгчийг тань волейбол тоглодог гэх юм. Таныг энэ спортод хөтөлсөн болж таарах нь.
-Эгчийгээ волейбол хэрхэн тоглохыг нь сонирхож харахаар зааланд очиж, бөмбөгийг нь зөөж гүйсээр байгаад энэ спортод татагдсан. Сүүлдээ өөрөө тоглодог болсноор гайхамшгийг нь мэдэрч билээ. Надад энэ спорттой нөхөрлөхөд бүхнийг эхнээс нь заасан ачтан бол Говь-Алтай аймгийн дасгалжуулагч Ж.Уранчимэг багш. Тэрбээр өнгөрсөн жил Гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулж шавь нараа баярлуулсан. Тус аймгийн Есөнбулаг сум миний төрж өссөн нутаг. Сумынхаа волейболын тэмцээнд түрүүлэн аймгийн болон улсын чанартай тоглолтод оролцож, спортын гараагаа эхлүүлж байв. Волейболын тэмцээнд манай ангийнхан баг болж аймаг, сумаа төлөөлж оролцдог тул хичээлтэй өдрүүдэд анги эзгүйрдэг байсныг багш минь ярьдаг сан. Би аймгийнхаа нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Одоо ч волейбол тоглодог ангийнхаа нөхөдтэй холбоотой байдаг.
-Таныг “Ханжоу-2022” Азийн наадам, тивийн клубүүдийн АШТ-д оролцож байсныг саналаа. Томоохон тэмцээнд тоглохдоо олж хардаг, бас мэдэрдэг зүйл юу вэ?
-“Эрчим” клубийнхэн үндэсний дээд лигт 11 удаа түрүүлсэн баг шүү дээ. Тухайн багт 17 настайдаа тоглож, эгч нартайгаа олон улсын тэмцээнд анх оролцсоноо мартдаггүй. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 2012 оноос багтаж, хилийн дээс цөөнгүй алхлаа. Томоохон тэмцээнд улсаа төлөөлж оролцоно гэхээс омогшил төрж, алдаа гаргахгүй тоглох үүрэг хариуцлагыг илүү мэдэрдэг. Тивийн орнуудын тамирчидтай тоглохдоо хурд, техникээр дутуу байгаагаа ойлгосон. Сүүлийн үед шигшээ багт өндөр, биерхүү тамирчид тоглодог болсноор ахиц гарч, хойшид амжилт гаргах боломж бий гэдэгт итгэдэг болсон. Миний оролцсон хамгийн том тэмцээн бол “Ханжоу-2022” Азийн наадам. Тус наадамд манайхан Тайландын багтай нэг хэсэгт багтсан юм. Манайхан ур чадвараар нэг их дутахааргүй тоглосон тул дараагийн наадамд амжилттай оролцох найдвар төрсөн. Өмнө нь зурагтаар хардаг байсан шилдгүүдтэй нүүр тулж тоглосон нь хамгийн сайхан байсан. Бид ажлынхаа хажуугаар зав гарган бэлтгэл хийдэг. Байнгын сургуулилалттай, мэргэжлийн түвшинд тоглодог тэднээс олон зүйлээр хоцорч яваагаа ч харсан. Дараа нь Вьетнамд болсон Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо багийн спортыг хөгжүүлж байгааг анзаарсан юм. Хэдэн жилийн өмнө ур чадвараар сайнгүй санагдсан ч тэдэнтэй дахин тоглоход өмнөхөөсөө сайжирсан байв. Спорт хөгжихөд тухайн улсын хүн ам, хөгжил, дэмжлэгтэй холбоотой. Тамирчдаа сонгож, тоглуулах нөөц боломж ихтэй. Манай улсын хувьд ивээн тэтгэх байгууллага олно гэдэг амаргүй. Өөрсдөө хайж, уулзахгүй бол санаагаараа дэмжиж, гар сунгах нь ховор. Монголчуудын хувьд одоогоор сагсан бөмбөгийн спортод гол анхаарлаа хандуулж байгаа болохоор волейбол хөгжлийн хувьд нэг алхам хоцорч яваа. Гэхдээ волейболыг ч гэсэн сайн дэмжээд өгвөл монгол тамирчдад аливааг хурдан сурдаг, хаана ч явсан орчин нөхцөлд нь дасан зохицдог чадвар, хатуужил тэсвэр, амархан бууж өгдөггүй дайчин зантай гээд амжилт гаргах давуу тал их бий.
-Тамирчин хүн амжилт гаргахад гэр бүл, дараа нь хамт олон, найз нөхдийн дэмжлэг их нөлөөлдөг дөө.
-Би дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Эрх дураараа өссөн. Эгч, ах нар минь биерхүү өндөр. Манайхан намайг волейболоор хичээллэхэд сайн дэмжсэн. Тухайн үед гэрийн ажлаас бүрэн чөлөөлөгддөг хүн би л байлаа шүү дээ. Хичээлээс тарж ирээд цүнхээ шидчихээд бэлтгэл хийхээр явна. Орой ээжийн хийсэн хоолыг идээд унтана. Гэрийнхнээсээ спортоор тууштай хичээллэж, шантрах зүйлтэй тулгарсан ч бууж өгөлгүй тамирчин болсноороо бахархдаг. Спортод амжилт гаргахад зан чанар нөлөөлдөг. Эгч түс тас зантай, бие дааж шийдвэр гаргадаг. Миний хувьд арай өөр. Хүлээцтэй хандаж, нөгөө хүнийхээ үг, үйлдлийг нь харж шийдвэр гаргана. Эгч “Өөртөө итгэлтэй, шийдэмгий, манлайлагч байх хэрэгтэй. Тамирчин хүн дайчин, эрч хүчтэй, зоригтой байж амжилт гаргадаг. Тэгж байж олонд итгэл төрүүлнэ шүү дээ” гэж зөвлөдөг юм.
-Нөхрөөсөө ойрын өдрүүдэд ямар магтаал, шүүмжлэл сонсов?
-Нөхөр бүх талаар дэмжиж, лигийн тоглолтод оролцуулдаг. Хааяа урам хайрлаж, алдаа дутгадлыг минь үнэнээр нь хэлж, хатуухан үгээр ч шүүмжилнэ. Хожигдоод сэтгэлээр унавал “Чи волейбол хэдэн жил тоглож байгаа билээ. Лигт анх тоглож байгаа залуу тамирчдын хажууд тийм үг, үйлдэл битгий гаргаарай” гэж зөвлөдөг. Би бэлтгэл хийхдээ хааяа охиноо дагуулж очдог юм. Аав, ээжийгээ волейбол тоглохыг харсаар байгаад анхны мэдэгдэхүүнтэй болсон. Бөмбөг зөөгөөд гүйхээс нь ажиглахад волейбол тоглох сонирхолтой. Ирэх жил мини волейболын секцэнд оруулж, С.Дэлгэрмаа багшийн шавь болгохоор зорьж байгаа. Манай багийнхан 2026 онд томоохон зорилт тавьсан. Бид хүрэл медалийн төлөө “Хөвсгөл эрчим” багийнхантай энэ сарын 27-нд тоглоно. Энэ удаа ч гэсэн өөрсдөөрөө бахархах урам зоригтой тоглолтыг үзэгчдэд харуулахыг хүсэж байна. Энэ жил зорьсон, төлөвлөсөн зүйлдээ цаг хугацаа дэмий үрээгүйг мэдэрсэн он байгаасай. Бид бэлтгэлээ сайтар базааснаа тоглолтоороо батлан харуулна.