Манай улсын Малын удмын сангийн үндэсний төвийн суурь 1958 онд тавигдсан бөгөөд одоогоор тус төвийн генийн санд 39 үүлдэр, омгийн 38 000 малын гүн хөлдөөсөн үрийг хадгалж буй гэнэ. Түүнчлэн 2022-2025 онд 30 741 үхэр, 2343 хонийг дурангийн аргаар хээлтүүлсэн байна. Цаашид тус төв нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн лаборатори ашиглалтад оруулахаар зорьж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Улмаар бод, бог малыг зохиомлоор хээлтүүлэх зэрэг ажилд биотехнологийн дэвшлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн сургалт зохион байгуулж 2025 онд зохиомол хээлтүүлэгч мэргэжлээр 50 хүнийг бэлтгэснээс гадна мал үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буюу үр, хөврөл болон шингэн азот, малын ээмэг үйлдвэрлэж байгаа аж. Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд танилцан, албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, тус төвийг үр ашигтай, оновчтой ажиллахад анхаарахаа илэрхийлжээ.
С.Цэрэн