АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын арлыг Вашингтоны мэдэлд авах оролдлогоо зогсоохгүй байгаагаар барахгүй түүн дээр Америкийн талбааг хатгасан зургийг мягмар гарагт нийгмийн сүлжээндээ байрлуулжээ. Тэр зураг дээр Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын хамт өөрөө зогсож байх бөгөөд хажууд нь “АНУ-ын газар нутаг Гренланд. 2026 онд нэгдсэн” гэсэн бичиг харагдана. Тэрбээр одоо Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, тэр далимдаа Гренландын асуудлаар Европтой хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Ийш явах замдаа мэдэгдсэнээс нь үзвэл НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй утсаар “маш таатай ярилцсан”-ы дараа Гренландын талаар тус чуулганд “янз бүрийн тал”-тай уулзахаар тохиролцжээ. “Гренланд нь манай үндэсний болон дэлхий дахины аюулгүй байдалд асар чухал болохыг би бүгдэд ойлгогдохоор хэлсэн дээ. Буцах зам байхгүй” гэж бичсэн байна.
“Гренландыг авахын тулд хүч хэрэглэх үү” гэж NBC News-ийн сэтгүүлч асуухад хариулт өгөхөөс Трамп татгалзжээ. Тохиролцоонд хүрэхгүй бол Европын орнуудыг татвараар дарамтална гэдгээ давтан хэлжээ. Энэ заналхийлэлд Европ ямар хариу өгөх бол?
Умард Америкийн Агаар-Сансрын хүчний командлал Гренландын “Питуффи” баазад онгоцнуудаа удахгүй аваачихаа зарлав. “Энэ үйлдлийг Данийн хаант улстай тохиролцсон, холбогдох бүх хүчин шаардагдах дипломат зөвшөөрөлтэй байгаа. Авахаар төлөвлөж буй арга хэмжээний талаар Гренландын Засгийн газарт мэдээлсэн” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.
Саяхны амралтын өдрүүдэд Европын орнууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Данитай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Трампын заналхийлэл Европын болон АНУ-ын харилцааг аюултай байдал руу түлхэнэ гэж мэдэгдлээ. Дани, Норвег, Швед, Франц, Герман, Британи, Нидерланд, Финляндын бараанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж, цаашдаа 25 хувь болж нэмэгдэж болзошгүй гэж Трамп зарлаад нэлээд хэд хонолоо. “Бид дарамт шахалтад автахгүй, газар нутгийнхаа хувь заяаг өөрсдөө шийдэх ёстой. Яриа хэлэлцээр хийх, биенээ болон олон улсын эрхийг хүндэтгэх байр сууриа бид хатуу баримтална” гэж Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен цахим хуудсандаа бичсэн байна. Дани улс тэнд байсан 200 цэргийн алба хаагч дээрээ нэмж үлэмж хэмжээний цэргийг армийн командлагчийн хамт даваа гарагт Гренланд руу илгээжээ. Тэгвэл Трамп энэ хүмүүсийг “Тэд бол цэрэг биш, Оросоос хамгаалахын тулд явуулсан хүмүүс. Оросын төдийгүй Хятадын аюулын тухай Данид НАТО 20-25 жилийн өмнөөс анхааруулсныг та бүхэн мэдэж буй” хэмээн даваа гарагт сэтгүүлчдэд хэлсэн аж. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессет худалдааны түншүүддээ “Гүнзгий амьсгаа авч нөхцөл байдлыг өрнүүлэх хэрэгтэй” гэж уриалаад “АНУ-тай сөргөлдөхөө өргөжүүлэх нь улс орнуудын хувьд хийж болох хамгийн муу үйлдэл шүү” хэмээн хэлсэн байна.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мягмар гарагт Давост “Арктикийн аюулгүй байдлыг хангахыг Европ бүхэлдээ чармайж байна” гэж мэдэгдэв. Түүний хэлснээр бол Арктикийн аюулгүй байдлыг хамтын хүчин чармайлтаар л хангах боломжтой тул Трампын санал болгож буй нэмэлт тариф алдаа аж. Германы канцлер Фридрих Мерц “Бид хэрэв үндэслэлгүй хэмээн үзэж буй татвартай нүүр тулгарвал түүнд хариу барьж бас чадна” гэж хэлэв. Францын Ерөнхийлөгчийн бичсэнээр бол Сири, Иран зэрэг улсын талаарх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогыг зөвшөөрнө, харин Гренландыг яах гээд байгааг нь ойлгоогүй аж. Давосын чуулганы дараа “Их долоо”-гийн уулзалт хийхийг, түүнд Украин, Дани, Сири, Оросын төлөөлөгчдийг урихыг Макрон санал болгожээ. Тэрбээр Давост хэлсэн үгэндээ тарифын асуудлыг хөндөхдөө “Бидний экспортын эрх ашгийг сүйтгэхийг АНУ эрмэлзэж, Европыг сулруулж, өөртөө захируулахад илтэд чиглэсэн дээд зэргийн буулт хийхийг л шаардаад байна. Үүнийг зарчмын хувьд хүлээн авч болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
...Түүх сөхвөл Гренландыг өөрийн болгох санаархал Трампад л төрсөн юм биш. Бүр 1860- аад онд АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жонсон ийм боломжтой үзэж байжээ. Дэлхийн II дайны дараа Гарри Трумений засаг захиргаа 100 сая ам.долларыг алтаар төлж, арлыг авахыг санал болгож байв. Тэгвэл Трамп АНУ л авчихгүй бол түүнийг Орос, Хятадын аль нэг нь өөрийн болгох гээд байна гэнэ. Дональд Трамп Гренландыг Дани хууль бусаар өөрийн болгосон, гаднын аюулаас зохих ёсоор хамгаалж чадахгүй гэж үзэж байгаа. Тэрбээр арлыг худалдаж авахаар 2024 оны эцсээр 12.5- 77 тэрбум ам.доллар санал болгож байв.
Гренланд нь хоёр сая гаруй ам.км талбайтай, дэлхийн хамгийн том арал юм. Умард Америкт ойр байдаг ч 1978 онд автономит эрхтэйгээр Данийн бүрэлдэхүүнд орж. Газар нутгийн 80 гаруй хувь нь мөсөөр хучигдсан, 2024 оны нэгдүгээр сарын байдлаар 57 мянга орчим хүнтэй байв. Орлогын гол эх үүсвэр нь загас болон хавч, дун зэрэг усанд амьдардаг бусад амьтан. 110 тэрбум баррель нефть, олон сая тонн газрын ховор метальтай гэж үздэг.
Гренландад хорхой нь хүрсэн Трамп түүнээс болж Европын НАТО-гийн холбоотнуудтайгаа худалдааны дайн үүсгэхэд ч бэлэн байна. Үүнийг нь гадарласан Европын орнууд Гренланд руу цөөн тооны цэргээ илгээгээд эхэлчихлээ. Европ бүхэлдээ Америкт орж ирж буй гадаадын хөрөнгийн гол эх үүсвэр нь. Зөвхөн 2024 онд л гэхэд Европын орнууд АНУын эдийн засагт 3.6 их наяд ам.доллар оруулсан байна.
Сүүлийн үеийн байдлаас анзаарвал европчууд АНУ-ын Ерөнхийлөгчтэй тэгтлээ ёсорхоод байхгүй бололтой. Түүнийг Цагаан ордонд хоёр дахь удаагаа ирсний дараа тэдний гаргаж байсан зөөлөн аядуу хандлага одоо хэвээр хадгалагдахгүй болж байх шиг. Арктикийн аюулгүй байдлын төлөө тавьж буй Трампын анхаарлыг тэд дэмжиж байгаа ч Гренландын төлөө ганцаараа хөдлөхийг нь буруу гэж үзэж байна. Тэгвэл АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Дэлхийн бөмбөрцгийн манай хагасын аюулгүй байдлыг өөр хэн нэгний гарт бид өгөхгүй” гэж Давост үг хэлэхдээ мэдэгдэв. Трамптай зөрчил тэмцлийг нэмэгдүүлэх нь АНУ-аас улам холдуулах эрсдэлтэй гэж Европын зарим удирдагч болгоомжилж байна. Британийн Ерөнхий сайд Кир Стармер “Батлан хамгаалах, аюулгүй байдал, тагнуулын салбарт америкчуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь манай эрх ашигт нийцнэ” гэж хэлсэн байна. Болж буй үйл явдлыг Орос, Хятад улс анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Холбоотнуудтайгаа Трамп тууштай, нэг мөр биш хандаж байгаа нь Бээжинг илүү тогтвортой, найдвартай түнш болгон харагдуулж, олон улсын худалдааны анхаарлыг илүүтэй татна гэж Хятад найдаж байна. Өөрийн 51 дэх муж болгохоор Трамп заналхийлсэн Канад л гэхэд Бээжинтэй хязгаарлагдмал худалдааны гэрээ байгуулахаар боллоо. Вашингтоноос хамаарах байдлаа багасгахыг Канад хичээж байна. Газын зурвасын сэргээн босголтод хяналт тавих зорилготой Энхтайваны зөвлөл гээчийг Трамп байгуулахыг зорьж буй. Макронд ойр эх сурвалжийн мэдээлснээс үзвэл Франц улс энэ Зөвлөлд орох урилгыг хүлээж авахгүй аж.
Гренландын тухай эргэн өгүүлэхэд, америкчуудын 55 хувь нь тус арлыг худалдаж авахыг хүсэхгүй, 86 хувь нь цэргийн хүчээр авахыг эсэргүүцэж байгааг санал асуулга харуулжээ. Гренландын эргэн тойронд бий болж буй нөхцөл байдлыг Европын улсуудын тэргүүн нар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн. АНУ-ын татварын хариуд Европ бас татвар тогтоохыг ч үгүйсгэхгүй гэж Европын эдийн засгийн комиссар Валдис Домбровскис мэдэгдээд байгаа. Европын энэ тариф ирэх сарын 7-нд үйлчилж эхэлж болзошгүй байна. Энэ нь 93 тэрбум еврогийн татвар байх юм байна.
Дани, Гренландын Батлан хамгаалахын сайд нар Брюссельд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа бий болсон нөхцөл байдлаас гарахын тулд Умард Атлантын эвслийн төлөөлөгчдийг Арктик руу илгээхийг санал болгов. Харин үүнд Рютте хэрхэн хандсан нь тодорхойгүй байна.
Арлыг авах гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Трампын төлөвлөгөөг эсэргүүцсэн Гренландын болон Данийн олон мянган хүн тэмцэлд нэгджээ. Засгийн газрын бус байгууллагуудын зохион байгуулж буй энэ тэмцэлд олон хот нэгдсэний дотор Данийн нийслэл Копенгаген, Гренландын төв хот Нууке орсон байна. “Гренланд худалдагдахгүй, АНУ-ын нэг хэсэг байхыг хүсэхгүй гэдгээ бид харуулж чадаж буй нь юу юунаас чухал” гэж Гренландын улс төрч Эрик Йенсен “Reuters” агентлагт мэдээлжээ. Гренландын Ерөнхий сайд Йенс Фредерик Нильсен энэ тэмцэлд мөн нэгджээ.
Цэрэг, стратегийн үүднээс Гренландыг өөртөө нэгтгэх наад зах нь хоёр шалтгаан Трампад байгаа нь тус арал АНУ-ын нутаг дэвсгэрийг уснаас болон агаараас хамгаалж буй, Арктик дэх байдлыг нь таатай болгоно гэж үздэг юм байна. Америкийн баруун эргийг Номхон далай илбэж байдаг. Түүнд нуугдаж буй гол аюул нь Хятад улс тийшээ орох хаалгатай. Тэгээд бас тэр эрэг урт. Номхон далай руу орох боломж Орост ч бас бий. Энэ эргийг Америк эртнээс аюулын эх сурвалж гэж үзэж ирснээс тэнд цэргийн олон баазаа байрлуулжээ. Америкийн гадаад дахь цэргийн баазуудын ихэнх нь Япон, Филиппин, Өмнөд Солонгост байдаг. Атлантын далай бол огт өөр. Түүн рүү шууд орох хаалга Орост ч, Хятад ч байхгүй.
Р.Жаргалант