Монголын спортын корпорацаас жил бүр зохион байгуулдаг холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах “Монголын спортын наадам 2026” тэмцээн өчигдөр кэндогийн төрлөөр эхэллээ. Тус төрөлд дөрвөн багийн 40 шахам тамирчин оролцож, хүүхэд, өсвөр, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр медальтнуудаа тодруулсаар байна.
Хүүхдийн төрөлд өмнө нь хөвгүүдтэй өрсөлдөж хошой мөнгөн медаль хүртсэн “Чикара кэндо” клубийн тамирчин Б.Сэцэн өнөө жил ч мөн тэдэнтэй тулалдаж улсын аварга болжээ. Удаах байруудад тус клубийн тамирчин М.Сүлд-Од, М.Болд нар шалгарав. Өсвөр үеийнхний төрөлд алт, мөнгөн медалийг “Шинки кэндо” клубийн Л.Хантөгөлдөр, Э.ӨсөхИрээдүй нар хүртсэн бол хүрэл медалийг “Чикара кэндо” клубийн Б.Уранбат гардлаа.
Эмэгтэйчүүдийн багийн төрөлд “Шинки кэндо” клубийн тамирчин М.Анударь, У.Номун, А.Өнөрбуян нар алтан медаль хүртсэн аж. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн эхний гурван байрт мөн тус клубийн М.Анударь, У.Номун, А.Өнөрбуян нар жагсжээ.
Түүнчлэн Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр өрнөсөн хүндийг өргөлтийн тэмцээнд Улаанбаатар хотын спорт хороо, клуб, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Архангай аймгийн 120 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр найман жинд өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Хөнгөн жин болох эмэгтэйчүүдийн 48 кг-д есөн тамирчин хүч сорьсноос ОУХМ Б.Тунгалаг огцом өргөлтөөр 52, түлхэлттэйд 61, нийлбэр дүнгээр 113 кг-ыг өргөж, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д найм дахь удаагаа түрүүлэв. Улсын дээд амжилтыг 52 удаа шинэчлэн тогтоосон түүнтэй аваргын төлөө өрсөлдсөн Хэнтий аймгийн тамирчин Х.Буянням мөнгө, Дархан-Уул аймгийн Х.Хулан хүрэл медаль хүртэв.