Авьяаслаг, уран сийлбэрчид цас, мөсийг гар, мэлмий, ухааны ураар урлагийн өвөрмөц содон бүтээл болгодог нь олны сонирхлыг их татдаг. АНУ-д зохион байгуулсан “Дэлхийн цасан баримлын аварга шалгаруулах тэмцээн 2026” өндөрлөж, шилдгүүдээ тодруулжээ. Тус тэмцээнд Монголоос оролцсон хоёр баг олон улсын цас, мөсөн сийлбэрчидтэй авьяас, ур чадвараараа өрсөлдөв. Манайхан өнгөрсөн жил тэргүүлсэн бол энэ удаа “Falcon of Mongolia” багийн Б.Говьсайхан, Ц.Батмөнх, Д.Мөнхтуул нар “Legend“ буюу “Домог” бүтээлээрээ мөнгөн цом гардлаа. Тэгвэл өмнөд хөршийн Харбин хотод эл тэмцээний өмнөхөн болсон олон улсын мөсөн сийлбэрийн 37 дахь тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг дэд байр эзэлсэн юм.