Британийн Батын Их Сургуулийн судлаачид фашизмын эцэг Адольф Гитлерийн ДНХ-г судалж байгаад хачирхалтай үр дүнд хүрчээ.
The Times сонинд бичсэнээр гуравдугаар Рейхийн эзэн Гитлер нь маш ховор удамшлын эмгэг болох Каллманы хам шинж өвчтэй өөрөөр хэлвэл бэлгүй бойжилтын зогсолт болон үнэрлэх мэдрэмжгүй байсан байж болзошгүй хэмээн эрдэмтэд дүгнэжээ.
Энэхүү нээлтийн талаар Британийн "Гитлерийн ДНХ: Дарангуйлагчийн зураг төсөл" баримтат кинонд дэлгэрэнгүй гаргасан байна. Эрдэмтэд Гитлерийн буйдангаас авсан даавууны хэлтэрхийг судалгааны суурь болгон ашиглажээ. Учир нь даавуун дээр Гитлерын амиа хорлосны дараа үлдсэн цусны толбо байдаг аж. Тэр даавууны хэсгийг АНУ-ын цэргийн хурандаа Росвелл Розенгрен хайчилж аваад хадгалжээ.
"Энэ төрлийн өвчтэй хүмүүсийн арван хувь нь жижигхэн бэлэг эрхтэнтэй байдаг. Ихэнх тохиолдолд төмсөг нь хуухнаг руугаа буудаггүй” гэж Финладын Анагаах ухааны профессор Йорма Топпари тайлбарлав.
Дэлхийн топ генетикчдийн нэг Тури Кинг (Английн хаан III Ричардын шарилыг тодорхойлсон ажлаараа алдарт гарсан) дээрх судалгаана гол генетикчээр ажилласан байна. Тэрээр Гитлерийн тухай ярихдаа “гений энэхүү эмгэг нь түүний хүн төрөлхтний өмнө хийсэн гэмт хэрэгт ямар ч байдлаар нөлөөлөөүгй" гэж онцолжээ.
"Гитлер амьдралынхаа туршид эмэгтэйчүүдийн дэргэд яагаад их тавгүй байдаг байсан, эсвэл яагаад тэдэнтэй хэзээ ч дотно харилцаанд ордоггүй байсныг хэн ч тайлбарлаж чадаагүй" гэж Потсдамын Их Сургуулийн түүхч доктор Алекс Кэй ярьсан байна.
Түүнчлэн эрдэмтэд Daily Mail сонинд өгсөн ярилцлагадаа Гитлерийн ДНХ-ийн шинжилгээгээр түүний еврей гарал үүслийн тухай домгийг няцаасан байна. Адольфийн эмээ нь еврей айлд ажиллаж байхдаа жирэмсэн болсон гэсэн цуурхал фюрерыг амьд сэрүүн байхад гарсан байдаг.
Эрдэмтэд ДНХ-ийн шинжилгээгээр сэтгэцийн болон мэдрэлийн эмгэгийн генетикийн урьдал байдлыг үнэлжээ. Шинжилгээгээр Гитлер нь анхаарал сулрах эмгэг, хэт идэвхжилийн эмгэг үүсэх өндөр эрсдэлтэй нэгэн байжээ. Мөн "аутизм, сэтгэлийн хоёр туйлт эмгэг, шизофрени үүсэх эрсдэл өндөртэй хүмүүсийн 1%-д багтсан байна.
Гитлерийг нас барсны дараа цогцсыг нь устгасан юм. Үлдсэн хэсгүүд болох хиймэл шүд, эрүүний хэлтэрхий нь ОХУ-ын архивд хадгалагддаг ажээ.
Уг судалгааны үр дүн нь ижил төстэй эмгэгтэй хүмүүсийг гутаан доромжлоход ашиглах ёсгүй гэж эрдэмтэд үзэж байна. Хэдий удамшил нь Гитлерийн зан төлөв бүрэлдэхэд үүрэг гүйцэтгэсэн ч бага насандаа амссан хүчирхийлэл, Дэлхийн нэгдүгээр дайнд үед авсан сэтгэлзүйн цочрол зэрэг бусад олон хүчин зүйлүүдийн дэвсгэр төдий гэдгийг эрэмтэд онцолжээ.