ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, доктор (PhD), хурандаа Д.Базаррагчаатай хот, суурин газрын гамшгийн эрсдэл, өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлаа. Тэрбээр онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд саяхан “Хот, суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.
-Хот, суурин газар гамшигт нэрвэгдвэл мэдээж хор хохирол нь асар их гарах байх. Ийм газруудад тохиолдож буй эрсдэл нь байгалийн хүчин зүйлээс үү, эсвэл хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байна уу?
-Хот, суурин газрын нутаг дэвсгэрт хүн амын бөөгнөрөл, нягтрал их тул аюулт үзэгдэл, осол тохиолдоход олноороо өртөж байна.
Ямар нэгэн аюул, ялангуяа үер, газар хөдлөлт, гал түймэр, химийн болон цацрагийн бодисын осол, хүний гоц халдварт өвчин дэгдвэл хот, суурин газрын хүн ам олноороо өртөж, амиа алдах, гэмтэж бэртэх нь орон нутгийнхтай харьцуулахад илүү бөгөөд ихээхэн хохирол амсана. Монгол Улсад 1957 оны арванхоёрдугаар сарын 4-нд Алтайн нурууны Их Богдод 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомт газрын дор 30 км-т байсан бөгөөд гадарга дээрх сүйрлийн хэмжээ 11-12 балл хүрсэн гэж эрдэмтэд үздэг юм. Энэ газар хөдлөлтийн нөлөөгөөр 80 км орчим үргэлжилсэн уул нуруу 8.5 метр хүртэл өргөгдөж, хойш хөдөлсөн гэдэг. Хүн ам сийрэг нутагт дэвсгэрт тохиолдсон хэдий ч 10 гаруй иргэн амиа алдсан гэсэн мэдээ бий. Хэрэв энэ аюул өнөөгийн хот, суурин газарт тохиолдвол олон хүний амь эрсдэх, барилга, дэд бүтэц сүйрч, гамшгийн түвшинд хүрэх магадлал өндөр.
2017-2024 оны статистикийн мэдээгээр Монгол Улсад тохиолдож буй нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 51.1 хувь нь хот, суурин газар буюу 21 аймгийн төв болон нийслэл Улаанбаатарт бүртгэгджээ. Үүний 66.4 хувь нь зөвхөн нийслэл хотод, үлдсэн 33.6 хувь нь аймгийн төвүүдэд тохиолдсон байна. Манай орны хот, суурин газарт хүний үйл ажиллагаатай холбоотой аюул, осол ихээхэн тохиолддог. Тухайлбал, гамшгийн төрлөөр нь авч үзвэл улсын хэмжээнд хот, суурин газарт тохиолдож буй нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын хамгийн их буюу 83 хувийг гал түймэр эзэлж байна. Үүний 99.6 хувийг объектын гал түймэр эзэлж байгаа нь ихээхэн анхаарал татах асуудал юм. Үүний дараа усны осол орно. Мөн хот, суурин газарт байгалийн аюулт үзэгдэл болох газар хөдлөлт, үер, хүчтэй салхи, шуурганы эрсдэл өндөр. Гэнэтийн болон гол мөрний үерийн тохиолдол, түүнээс учрах шууд болон шууд бус хохирол хот, суурин газарт буурахгүй байна. Улаанбаатар хотод 2023 оны зун үргэлжилсэн борооны улмаас Туул, Тэрэлж, Сэлбэ голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 40-50 см-ээр давж, онц хүчтэй үерлэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирч, олон айл өрх, барилга, орон сууц, зам, гарц, тээврийн хэрэгсэл усанд автсаныг бүгд санаж байгаа. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай оронд ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэх хандлагатай.
ДЭЛХИЙН ХОТУУД УСНЫ УРСЦЫГ ДАГУУЛЖ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХИЙДЭГ
-Улаанбаатар гамшигт хэр тэсвэртэй хот вэ. Үүнийг юугаар хэмждэг юм бол?
-Гамшгийг тэсвэрлэх, даван туулах чадавхтай хот гэж ямар хотыг хэлэх вэ гэсэн ойлголтын талаар эхлээд ярих нь зүйтэй. Хот нь харилцан нягт холбоотой нийгэм, улс төр, эдийн засаг, хүрээлэн буй орчны дэд системээс бүрдэх нэг бүхэл систем гэж үзэж болно. Гамшгийг даван туулах чадавхтай хот гэж нэгдүгээрт, гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бодлоготой, хоёрдугаарт, гамшигтай тэмцэх үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулах бэлэн байдлыг цогцоор нь хангасан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдоход шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чадвартай, гуравдугаарт гамшгийн дараа богино хугацаанд сэргэх чадавхтай хотыг ойлгоно.
Монгол Улсын 21 аймгийн төв, нийслэл хотын гамшгийг даван туулах чадавхыг НҮБ-аас дэлхийн хотуудад санал болгосон “Хотын гамшгийг даван туулах чадавхыг бий болгох нь” онооны аргачлалаар үнэлсэн. ОБЕГ-аас гадна хотын захиргаа, барилга, санхүү, хот төлөвлөлт, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, усан болон дулаан хангамж, зам, тээвэр гэх зэрэг дэд бү тэц, мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг эл үнэлгээг хийсэн юм. Үүгээр Улаанбаатар хотын гамшгийг даван туулах чадавх 2025 онд 52.7 хувь (дунд зэрэг)тай гарсан. Тодруулбал, хотын дэд бүтцийн гамшгийг тэсвэрлэх чадавх, байгаль, хүрээлэн буй орчин, экосистемийг хамгаалах, байгаль, экосистемд суурилсан төлөвлөлт хийх болон иргэд, олон нийтийн чадавх сул байна гэж үнэлэгдсэн. Иймд ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, Засаг дарга, мэргэжлийн бусад байгууллагаас хотын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг эр чимжүүлэхэд анхааран ажиллаж байна. Усны урсац нь хаанаас орж ирж байна түүнийг нь дагуулаад төлөвлөлтөө хийх чиг хандлагын дагуу дэлхийн хотууд ажиллаж байна. Үерийн татам газар заавал барилга байшин барих шаардлагагүй, цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэх мэтээр төлөвлөдөг.
-Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай байна вэ?
-Гамшгийг даван туулах чадавхтай хот байхын тулд 10 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөн чиглүүлэх шаардлагатай. Үнэлгээний дараа одоогийн чадавхыг бэхжүүлэхийн тулд юу, юу хийх вэ гэсэн зөвлөмж, арга хэмжээний саналуудыг гаргасан. Гэвч тухайн хотын эдийн засаг, санхүү, хүний нөөц, техник хүч хэрэгсэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг тул зөвлөмж, арга хэмжээг бүгдийг нэн даруй хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Харин алийг нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх вэ гэдгээ эрэмбэлэн төлөвлөх нь чухал. Монгол Улсын хот, суурин газруудад объектын гал түймрийн эрсдэл хамгийн өндөр байгааг өмнө дурдсан. Иймд энэ чиглэлээр авах нэг арга хэмжээг жишээ болговол айл өрхийн цахилгааны утасны стандарт, стандартад нийцсэн цахилгааны утас хэрэглэхэд хяналт тавих тухай арга хэмжээг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”ийн төлөвлөгөөнд тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ стратегийн III үе шат буюу 2026-2030 оны арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан юм.
ОБЕГ-аас Азийн хөгжлийн банктай хамтарч Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг улсын хэмжээнд хийсэн. Эл үнэлгээний дүнгээс үзвэл хот, суурин газар эрсдэлийн хувьд газар хөдлөлтийн аюул нэн тэргүүнд тодорхойлогдсон.
55.5 ХУВЬ НЬ ГАЗАР ХӨДЛӨЛИЙН МАШ АЮУЛТАЙ БҮСЭД СУУРЬШСАН
-Газар хөдлөлтийн аюул нэн тэргүүнд тодорхойлогдсон гэлээ. Хэдэн хувьд нь энэ аюул нүүрлэхээр байгааг тооцсон болов уу?
-Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 2020 онд гаргасан Монгол орны газар хөдлөлийн 500 жилд эргэн тохиох бичил мужлалын зураглалд суурилан аюулыг тодорхойлсон. Энэ аюулд Монгол Улсын хот, суурин газрын айл өрхийн (нийслэл, 21 аймгийн төв) 55.5 хувь нь газар хөдлөлийн аюулын маш өндөр зэрэглэлд суурьшсан байна. Мөн 25.9 хувь нь өндөр,18.6 хувь нь дунд зэрэглэл бүхий бүсэд амьдарч байна. Бага буюу маш бага гэж үнэлэгдсэн айл өрх тухайн үнэлгээгээр тогтоогдоогүй гэсэн үг. Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас хүн бүр бэлэн байдлаа хангах, өөрийн болон бусдын амийг хамгаалах талаар мэдлэгтэй байх шаардлагатай нь үүнээс харагдаж байна.
Монголд 1905 оноос хойш найман магнитудаас дээш газар хөдлөлт дөрвөн удаа тохиолдсон. Эргэн тохиох хугацаа хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 онд зургаан магнитудаас дээш газар хөдлөлт ойрхон хоёр бүртгэгдсэн.
-Улаанбаатар хотыг тойроод газар хөдлөлийн томоохон хагарал бий шүү дээ.
-Тийм ээ. Хотод газар хөдлөлийн долоон хагарал бий. Тодруулбал, Улаанбаатар хотын ойр орчимд буюу Эмээлт, Гүнжийн хоолой, Хустай, Авдрант, Шархай, Мөнгөнморьтод газар хөдөлсөн хагарал бий. Үүний улмаас газар 7.5 магнитудаас дээш хүчтэй хөдлөх магадлал байгааг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдэгдсэн. Нэг ёсондоо нийслэлчүүд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаагаа ойлгох нь хамгийн чухал. Улаанбаатар хотод хүн амын 49.9 хувь нь оршин сууж байна.
-Ийм байхад өндөр барилгуудыг норм, стандарт хангасан, эсэх нь тодорхойгүйгээр, төлөвлөлтгүйгээр барьж байна. Энэ нь ямар эрсдэл дагуулж болох вэ?
-Маш олон хүн үүнд санаа зовж байгаа нь үнэн. Нийслэл, аймгийн төвд ч ялгаагүй өндөр барилгууд барьж байна. Улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр хот, суурин хөгждөг. Хот хүний амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ газар хөдлөх эрсдэлтэй, ийм бүсэд байгаа гээд дандаа намхан байшин барих нь өрөөсгөл. Монгол Улс барилга байгууламж барих стандарттай. Стандартын дагуу хуульд заасан зай талбайгаар барилга барих нь хамгийн чухал асуудал.
Газар хөдлөлийн маш идэвхтэй бүсэд байрладаг Япон Улсыг жишээ болгож үзье. Тэнд дандаа намхан барилга байдаггүй. Монголоос илүү идэвхтэй бүсэд өндөр барилгууд бариад байгаа нь газар хөдлөлтөд тэсвэртэй байх ёстой. Стандарт хангасан хэв загвараар барилгаа барьдаг, хүчитгэдэг гэсэн үг. Манай улсад доод тал нь газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй барилга барих стандартаа баримтлах нь чухал. Түүнчлэн эрсдэлийн мэдээлэлд суурилсан хот төлөвлөлтийг зөв хийх нь хүний, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал юм. Хот төлөвлөлтийн тухай хуульд барилга барих газрын хэдэн хувь нь ногоон байгууламж, бусад талбай байх вэ гэдгийг тодорхой заасан. Тухайлбал, 60-аас доошгүй хувийг барилгын талбай, үлдсэнд нь ногоон байгууламж байгуулах жишээтэй.
ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ИХЭНХ НЬ ЦАХИЛГААНААС ҮҮДЭЛТЭЙ
-Хэрэв хотод газар хүчтэй хөдөлбөл аврах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлт зэрэг бэлэн байдлаа хэр хангасан байдаг бол?
-Бэлэн байдал хамгийн чухал асуудал. Бэлэн байдлыг хэрхэн хангах, хэн, хэн оролцох вэ гэдгийг 2017 онд шинэчилэн найруулсан Гамшгаас хамгаалах тухай хуульд тодорхой зааж өгсөн. Онцгой байдлын байгууллагын үндсэн чухал чиг үүргийн нэг нь гамшгийн үед хор уршгийг арилгах, иргэд, олон нийт, бусад оролцогч талуудын бэлэн байдлыг хангах юм. Гамшгаас хамгаалах улсын 15 алба ажиллаж байна. Эдгээр нь гамшгийн үед илүү идэвхжиж ажилладаг бөгөөд тус тусын бэлэн байдлаа хангасан байх ёстой. Бэлэн байдал гэдэгт хамгийн эхэнд тухайн гамшгийг ойлгох, хэрхэн ажиллах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байхыг хэлнэ. Газар хөдөлсөн үед хэрхэн ажиллах вэ, салбар хоорондын зохицуулалтыг хэрхэн хийх, хамтрах вэ гэдгийг зохицуулан төлөвлөсөн байдаг. Үүнийхээ дагуу дадлага, сургуулилалт хийж, төлөвлөгөөгөө тодотгон, засаж сайжруулж явдаг. Энэ он гараад Засгийн газар Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.
Газар хөдлөлт болсноос хойших 72 цагийг амь аврах алтан цаг гэж нэрлэдэг. Энэ хугацаанд аврагчид аль болох олон хүн амьд гаргахыг л хичээж ажилладаг. Дулаан мэдрэгчээс эхлээд орчин үед инновацыг эрэн хайх аврах ажиллагаанд нэлээд түлхүү ашиглаж байна. Хүний хүчин чадал хүрэхгүй үед нарийн технологи, инновацыг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг асуудал үүсэж байгаа.
-Та судалгааны ажлаараа гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэд хэдэн шинэ санал дэвшүүлсэн гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Би эрдэм шинжилгээний ажлаараа нийслэл болон 21 аймгийн төвд хийсэн хотын гамшгийг даван туулах чадавхын үнэлгээнд шинжилгээ хийж, тэдгээрт тохиолдож буй гамшгийн аюул, төрөл, өртөх байдал, ямар осол, гамшиг түлхүү тохиолдож байна, тоо хэмжээ нь өсөж, буурч буйг харьцуулан судалсан. Үүнтэй холбоотойгоор хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гамшгийн өмнө, үед, дараа нь хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааг санал болгосон юм. Мөн НҮБ-аас дэлхийн хотуудад санал болгож буй хотын гамшгийг даван туулах чадавхын үнэлгээний аргачлалыг Монгол Улсын газар зүй, нийгэм, эдийн засаг, гамшгаас хамгаалах салбар системийн онцлогтой холбоотойгоор хөрсөндөө буулгаж, шинэчлэн санал болгон дэвшүүлсэн. Дараагийн үнэлгээг Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан боловсруулсан энэхүү аргачлалаар хийх болов уу гэж найдаж байна.
-Гал түймрийн болон газар хөдлөлтийн үед иргэд ямар арга хэмжээ авах талаар анхан шатны зөвлөгөө өгнө үү?
-Гэртээ унтаж байтал газар хөдөллөө гэж бодъё. Хүн хамгийн түрүүнд толгойгоо хамгаалах хэрэгтэй. Дэрээрээ ч хамгаалж болно. Хамгийн ойр байгаа хатуу зүйлийг толгой дээрээ барьж сууна. Мөн ширээн доор орж өөрийгөө хамгаалах, даацын ханын дэргэд чичирхийлэл дуустал сууна. Босож, гүйж болохгүй. Объектын гал түймрийн үед угаартахгүйгээр аюулгүй газарт хүрэхийг хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд энгийн арга бол ямар нэгэн даавуу, алчуураар хамраа дарна. Боломжтой бол нойтон даавуу байвал сайн. Угаартаж унахгүйн тулд мөлхөж гарна. Галын хортой утаа дээгүүр суунаглаж байдаг учир босож гүйвэл угаартаад уначихна.
Цахилгаанаас болж гал алдсан тохиолдол хамгийн их байдаг. Иймд гэр орон, албан байгууллагадаа цахилгааны баталгаатай, чанартай утас хэрэглэхийг зөвлөе. Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах нь зөвхөн онцгой байдлын байгууллагын ажил биш тул иргэд, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ аюулгүй байдлаа хангаж, хариуцлагатай байх хэрэгтэй. Тухайлбал, манай цахим хуудсанд байрлуулсан өөрийгөө шалгах асуултаар бэлэн байдлаа нягтлахыг уриалж байна.