Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимтэй хамтран “Асрахуйн эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг гэдэг нь асаргаа, халамжаас хамааралтай бүлгүүд (хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс) болон хөдөлмөрийн насны иргэдийн бие махбод, нийгэм, оюуны болон сэтгэл санааны сайн сайханд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг өргөн ойлголт болохыг хэлэлцүүлгийн эхэнд дурдсан юм. Цалин хөлсгүй асрах ажлын цагийг нэгээр өсгөхөд тухайн эмэгтэйчүүдийн албан ёсны цалин хөлстэй ажилд орж ажиллах магадлал 6.2 хувиар буурдаг аж. Мөн гэр бүлийн гишүүн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнаа цалин хөлсгүй асрахад зарцуулсан нэмэлт нэг цаг нь тухайн эмэгтэй цалин хөлстэй ажилд орж ажиллах магадлалыг долоон хувиар бууруулдаг гэнэ. Азийн хөгжлийн банкны 2022 оны судалгаанд Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амд эзлэх эрэгтэйчүүдийн 68.3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол эмэгтэйчүү дийн 49-51 хувь нь цалинтай ажилтай байна. Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс “Манай улсын хүн ам 2023 оны байдлаар 3.5 сая. 1975 онд нэг эмэгтэй дунджаар 7-8 хүүхэд төрүүлдэг байсан бол 1990 онд дөрөв, 2025 онд 2-3 болж буурсан.
Цаг ашиглалтын судалгаагаар 15-аас дээш насны хүн ам 2019 оны ДНБ-ий 8.2-15.3 хувьтай тэнцэх хэмжээний хөлсгүй асрах ажил хийж байна. Энэ нь уул уурхайн салбарын (ДНБ-ий 25.3 хувь, 2021 он) дараа орж байгаа юм. 0-2 насны хүүхэд асрахад өдөрт дунджаар 147 минут буюу нэг сард ойролцоогоор 73.5 цаг зарцуулж байна. Хүүхэд асрах цагийн ажлын үнэлгээ 8979 төгрөг. Мөн төрийн өмчийн байгууллагынхан нэг ахмадыг бүтэн жилийн турш асрахад дунджаар 14.7 сая төгрөг зарцуулсан байна” гэв. Түүнчлэн 2035 онд дэлхийд асрахуйн салбарт 300 сая ажлын байр нэмэгдэх судалгааг НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг дэмжих байгууллагаас тогтоожээ.
Ч.Болор