Улс орны эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад эрчим хүч чухал нөлөөтэй. Эрчим хүчний чадал эрэлтээ давахуйц, салбарын үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй байж гэмээнэ бид хөгжил цэцэглэлт, хотжилт, үйлдвэржилтийн талаар ярина. Ялангуяа манай орон шиг огцом хүйтэрдэг, нүүрснээс өөр цахилгаан, дулаан үйлдвэрлэх үндэс суурь, түүхий эд муутай, иргэд нь тархай бутархай суурьшдаг, өргөн уудам газар нутагтай улсад цахилгаан, дулааны хангамж гэдэг иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой амин чухал асуудал. Түүнчлэн хөгжиж буй улс гэдэг утгаараа эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувиар буюу 50-80 МВт-аар өсөж, сүүлийн 20 жилд нэг хүнд ногдох зарцуулалт 95 орчим хувиар нэмэгдсэн байгаа юм. Гэтэл өнгөрч буй өвөл бараг хагас сарын хугацаанд улс даяар цахилгааныг өдөрт 2-3 удаа хязгаарлав. Эрчим хүч тасрахад дагаад дулаан болон цэвэр усны шахуургууд ажиллахаа больж, нийтээрээ хүйтэн, харанхуйтай нүүр тулсан.
Энэ бол олон жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт тааруу хийсэн, улмаар үйлдвэрлэл, түгээлтийн бүх тоног төхөөрөмж хуучирч муудсан, бас нэгж цахилгаан, дулаан үйлдвэрлэх зардлыг үргэлж борлуулалтаас нь доогуур барьж, салбар бүхэлдээ дампуурсны илрэл хэмээн Эрчим хүчний сайд мэдэгдсэн. Тиймээс ч дээрх салбарыг яаралтай хувьчлах, хувьчлалаар хөрөнгө босгох, босгосон хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх зэрэг томоохон реформ хэрэгтэй гэсэн билээ. Улмаар хувийн хэвшилд эрчим хүч, дулааны салбарыг “даатгаснаар” хяналт, удирдлагын тогтолцоо сайжирч, хөрөнгө оруулалт өсөн, тарифыг ч бодит өртөгт тааруулан нэмж салбарын үйл ажиллагаа жигдэрнэ хэмээн ойлгуулж эхэлсэн. Тиймээс дээрх салбарын хувьчлалыг хэзээнээс, ямар зарчмаар хийх талаар төрийн албад, мэргэжлийнхнээс нь сонирхлоо.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан “Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнд суурилсан, зах зээлийн зарчимд нийцсэн, зардал болон борлуулалтын орлогоо уялдуулдаг, эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ажиллах боломжоор хангаж, шинэчлэх шаардлага бий. Үүний тулд үнэ чөлөөлөхийн зэрэгцээ хувьчилна. Тодруулбал, түгээх салбарыг нь үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж тооцож буй. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ)-үүдийг ч хувьчлах боломжтой. Эхний ээлжид “ДЦС-IV”, “ДЦС-III”, “Эрдэнэтийн ДЦС”, “Дарханы ДЦС” зэргийн 51 хувийг төрд үлдээж, 49 хувийг нь биржээр дамжуулан олон нийтийн компани болгохоор төлөвлөсөн. Олон нийтийн компани болсноор засаглал нь сайжирч, хөрөнгийн биржийн шалгуур шаардлагыг хангасан нээлттэй компани болно. Мөн 49 хувийг нь хувьчлахдаа татан төвлөрүүлсэн хөрөнгөөс тухайн станцуудыг засварлах, шинэчлэх ажил хийгдэнэ гэсэн үг. Харин цахилгаан дамжуулах үндэсний сүлжээг 100 хувь төрийн мэдэлд авч үлдэнэ. Ингэснээр эрчим хүчний үнийг хэт өсгөх болон бусад эрсдэлээс сэргийлэх юм. Угаасаа эрчим хүч, дулааны үнийг төрөөс хянаж, ард түмний үндсэн суурь хэрэгцээг ямар үнээр, хэрхэн тасралтгүй хангаж буйг анхаарч ажиллах учиртай. Гэхдээ хувьчлалын бэлтгэл ажилд юу юу хангах, хэзээнээс эхлэх талаар хараахан тодорхойгүй байгаа. Судалгаа хийж эхэлсэн бөгөөд олон улсын жишиг, нутгийн онцлог зэргээ харгалзан үзэж буй” гэлээ.
Харин Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Б.Цэвээн “Эрчим хүчний салбарыг хувьчилж их мөнгө олно, наймаа хийнэ гэж ойлгох нь буруу. Энэ бол маш эмзэг бөгөөд ярвигтай асуудал. Салбарын тариф хямд, алдагдалтай ажилладаг ийм үед хувийн хэвшлийнхэн их хөрөнгө оруулахаас зайлсхийх байх. Бас шинэ станцууд бариад ч алдагдлаа нөхөөд, ашигтай ажиллана гэсэн баталгаа алга. Түүнчлэн эрчим хүчний салбараа бүрэн хувьчилсан улс байхгүй. Дийлэнх оронд холимог загвараар хувьчилж, стратегийн хяналт нь төрдөө байх зарчим баримталж буй. Бас гадаад эзэд орж ирвэл шаардлагатай болон онцгой үед салбарын асуудлаа төрөөс зохицуулах боломж хумигдана. Гэх мэт олон талаас нь харж байж хувьчлалыг хэрэгжүүлэх ёстой. Ер нь дамжуулах, түгээх сүлжээ болон стратегийн үйлдвэрүүд болох “ДЦС-IV”, “ДЦСIII” зэргийн дийлэнх хувь төрийн мэдэлд байвал зохино. Харин шинэ эх үүсвэрүүд барьж, нийлүүлэлтийг хувийн хэвшлээс хангах боломжийг бүрдүүлэх, бас шинэ эх үүсвэр барихад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зарчмаар төр, хувийн хэвшил хосолмол байдлаар дулаан, цахилгааны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, миний хувьд яаран сандран хувьчлахын эсрэг байр суурьтай. Уг нь тарифаа үйлдвэрлэлтэйгээ уялдуулж тогтоох, сэргээгдэх эх үүсвэрийг бүрэн ашиглах, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг улс даяар нэвтрүүлэх зэргийг хэрэгжүүлж явбал бид эрчим хүчний салбарын тусгаар тогтнолоо бүрэн хангах боломжтой ” гэлээ.
Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэн, “Алтан харш өргөө” компанийн захирал С.Алтанцэцэг “Би эрчим хүчний экологич, эдийн засагч мэргэжилтэй учраас ялангуяа салбарынхаа хувьчлалын талаар их сонирхож байгаа. 1990ээд онд явагдсан хувьчлалыг ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй, мэдээлэлд ойр байсан хүмүүс нь завшсан үйл явдал гэж хардаг. Харин сүүлийн үед Засгийн газраас өмч хувьчлалын хоёр дахь давлагаа эхлэхийг мэдээлж байна. Тиймээс боломж бүрдвэл “ДЦС-IV”, “ДЦС-III”-ын хувьцаа эзэмшигч болмоор байна. Эрчим хүч, дулааны салбарыг хувьчлахгүй бол алдагдал, авилгын асуудлыг нь цэгцэлж хэзээ ч чадахгүй.
Хувьчлал нь яаж, хэрхэн явагдах, иргэд болон компаниуд ямар оролцоотой байх талаар Эрчим хүчний яам (ЭХЯ), Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагаас тодруулахад аль нь ч хариу өгөхгүй юм. ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газраас нь “Одоогоор хувьчлалтай холбоотой албан ёсны ямар нэгэн шийд гараагүй. Шийдвэр гарвал иргэдэд нээлттэй мэдээлнэ” гэхээс өөр зүйл хэлээгүй. Ингэж байгаад гэнэт хувьчлал явууллаа, гадаадын тийм компани шалгарлаа гээд өнгөрөх магадлалтай. Уг нь эрчим хүч бол яг талх, гурил, мах шиг борлуулагддаг стратегийн бүтээгдэхүүн. Нийлүүлэлтийн сүлжээний оролцогч бүр ашиг хүртэх боломжтой, тогтвортой зах зээл хэмээн тооцогддог. Гол нь мэдээлэл маш хомс, хаалттай байна” гэлээ.
Бидний зүгээс ч ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар нэгэн тайлбар, хариулт авч чадсангүй. ЭХЯ-наас “Цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор боломжит бүх хувилбараар эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх, шинэ эх үүсвэр ашиглалтад оруулж, импортын хамаарлыг бууруулахаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Тосонцэнгэлийн 35 МВт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцын (НЦС) ТЭЗҮ-г боловсруулан, тусгай зөвшөөрлийг нь олгон, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн. Сэлэнгэд 70, Ховд аймгийн Хөшөөтийн 100 МВт хүчин чадалтай НЦС-ыг гадаадын хөрөнгө оруулалтаар барьж буй. Төв аймагт 600 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих бэлтгэлээ хангасан. Түүнчлэн нар, салхины том, жижиг эх үүсвэр бас нэмэгдэж байгаа. Ийнхүү эхлээд чадлын хэмжээгээ өсгөх, эрэлтээ гүйцэхэд анхаарч шинэ эх үүсвэрүүд барина. Дараа нь хувьчлалын талаар авч хэлэлцэнэ” гэлээ.
Олон улсад эрчим хүчний салбарын хувьчлал нь хамгийн эмзэг бөгөөд анхаарууштай асуудал байдаг аж. Түүнчлэн тус салбарыг 100 хувь хувийн хэвшилд даатгасан улс байдаггүй. Хэрэв 100 хувь хувийн хэвшилд даатгавал “гал алдах”, стратегийн аж үйлдвэрлэлийн салбарыг хяналтаасаа алдах магадлал үүсдэг аж. Бас дотоодын компаниудын оролцоог л хангана, гадаад эздэд очихоос сэргийлнэ гэвэл цөөн хүн, олигарх бүлэглэлийн гарт очих, алслагдмал бүсийн иргэдийг цахилгаанаар хангахаас хувийн хэвшлийнхэн нь татгалзах, үнэ хэт өндөр болох зэрэг эрсдэл үүсдэг юм байна. Тиймээс эрчим хүчний салбарын хувьчлалыг эхлүүлэхдээ долоо хэмжиж, нэг огтлох зарчмыг баримтлах, хамгийн гол нь ил тод, нээлттэй мэдээллээр иргэд олон нийтийг хангах шаардлагатай байна. Ташрамд дурдахад, манай улсад эрчим хүч дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг MSC компанийн харьяа “Эрчим сүлжээ” болон “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” зэрэг компани нь 20 гаруй жилийн өмнө байгуулагдаж, амжилттай ажиллаж байна
С.Дулам