Ойрын өдрүүдэд ялангуяа улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж буй юм нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулах гэж буй өөрчлөлт болж байх шив. Урьд нь энэ хүрээнд УИХынхаас бусад бүх шатны сонгуулийг хамааруулдаг байсан шүү дээ, бид. Нийслэлийн сонгуулийг энэ удаад УИХ-ынхтай хамт явуулчихсан. Тэгэхлээр одоо аймаг, сум, дүүргийн сонгуулийг хэрхэн явуулах талаар л ярилцах болж буй хэрэг. Энэ сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар АН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл байр сууриа бидэнд өчигдөр илэрхийлэв.
-Аливаа сонгуулиар төрийн тогтолцоогоо бий болгодог. Тийм болохоор орон нутгийн ч гэлээ сонгуулийн хуульд их бодож тунгааж байж гар хүрдэг баймаар санагддаг. Тиймээс ч УИХ-ын сонгууль болохоос хагас жилээс доош хугацааны өмнө хуульд нь өөрчлөлт оруулахгүй гэсэн зарчим бид баримталж байгаа шүү дээ. Гэтэл УИХ-д олонхийг бүрдүүлэгчид ирэх арваннэгдүгээр сард орон нутгийн сонгуулийг явуулна гэх мөртөө одоо хоёр сарын өмнө хуульд нь өөрчлөлт оруулах гээд хүч түрээд байх юм...
-Бид бараг дөрвөн жил ярьж байж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо орон нутгийн сонгуулийн хуульд оруулах гэж буй төслийг үзэхэд түргэн түүхий юм нэлээдгүй байна. Энэ хуулийн үзэл баримтлал нь их зөв хандлагатай байвал зүгээр юмсан. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан юм чинь орон нутгийн сонгуульд түүнийг хуулбарлаж хэрэглэх ёстой юм шигээр хандах нь их түвэгтэй. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэдэг УИХаас өөр ,онцлогтой. Намын оролцоо энд ямар байхыг их бодох ёстой юм. Орон нутгийн сонгууль дахь намуудын оролцоог Үндсэн хуульд заасны дагуу нэр дэвшүүлэхэд л үүрэгтэй байхаар хязгаарлавал яасан юм бэ гэж бодогдож байна. Намын оролцоог лавшруулах нь орон нутгийн сонгуулийн хувьд сайн юм биш. Хэсэг, тойргийн хороог байгуулахад намуудын тэгш оролцоог хангах гэж улстөржүүлснээс иргэдийн тэгш оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах нь зөв болов уу. Орон нутгийн сонгуулийн тогтолцоонд пропорционалийн элементийг оруулахаар төсөлд тусгажээ. УИХ-ын сонгуульд холимог тогтолцоог сонгож авахдаа сонгогдогчдын гуравны нэгээс илүүгүй нь пропорциональ тогтолцоогоор суудал авсан байх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл орон нутгийн сонгуульд үүнээс давах нь. Миний хувьд орон нутагт сонгуулийн тогтолцоо дан мажоритари байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
-Төсөл санаачлан боловсруулагчид хуульд ийм хувилбар оруулах болсон үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгаа юм бол?
-Германы сонгуулийн тогтолцоог үндэслэл болгож тайлбарлаж буй юм билээ. Герман чинь холбооны улс, манайх чинь нэгдмэл улс. Германы Бавари мужийг манай аль нэг аймагтай адилтгаж яаж болох вэ дээ. Бид нэгдмэл улсынхаа нөхцөл байдалд хуулиа нийцүүлэх учиртай.
-Ялангуяа сумдад мандат хуваарилахдаа хүн амын тоог нь харгалзаагүй байна гэх яриа бидний яриад байгаа төсөлтэй холбогдож хүмүүсийн амнаас сонсогдож байна. Энэ яриа ортой юу?
-Мандатыг хуваарилахдаа үнэхээр зөвхөн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байдлыг л харгалзахаар тусгасан байна. Тэгэхээр Иргэдийн хурлын гишүүд нь иргэдийн биш багийн төлөөлөл болж харагдахаар. Тодруулбал, сум нь гурав юм уу, түүнээс доош багтай бол баг бүрээс дөрвөн төлөөлөгч, тэгсэн хэрнээ долоогоос дээш багтай бол баг тус бүрээс хоёр төлөөлөгч сонгоно гэж байгаа. Багийн тоо олшрох тусам тэндээс сонгогдох төлөөлөгчийн тоо цөөрөөд байх нь ямар ч авцалдаагүй болгож байна. Долоон багтай сум гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн том нэгж. Хүн ам нь ч олон байж таарна шүү дээ. Харин мандатын тоо аймагт 41, сум, дүүрэгт 31 гэж буй нь боломжтой гэж үзэж байна.
-Орон нутгийн сонгууль явуулах хугацааны хувьд танай нам төсөлд зааснаас өөр байр суурьтай байх шиг байна аа даа?
-Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн лхагва гаригт сонгууль хийхээр төсөлд тусгасан байна. Аймгийн төвд бол болох юм биз. Суманд болохоор энэ үед чинь хүйтрээд эхэлчихсэн, цас мөстэй болчихсон байна. Малтай айлууд отор хийгээд төвөөсөө холдчихсон байна шүү дээ. Өвөл ойртохоор малчид чинь нутаг бэлчээр дэх малаа цөөлөх гээд тарж бутарна. Төвөөсөө төдийгүй бие биенийхээсээ ч хол хөндий нутагладаг үе нь. Манай хөдөө, орон нутгийн нөхцөлд ялангуяа сонгууль шиг чухал ажлыг зохион байгуулахдаа цаг уур, орон зайн хүчин зүйлийг бодолцохоос аргагүй. Иргэдээ сонгуульдаа аль болох оролцох боломжоор хангах нь төрийн үүрэг. Хөдөөгийн хүн амын хувьд бэрхшээл түвэгтэй байдаг цаг улиралд нь сонгууль явуулна гэж хуулиар тулгаад, хүчирхийлээд байж болохгүй. Ер нь хүч түрэх шинжтэй өөрчлөлт энэ хуульд оруулахаар төсөлд тусгасан нь цөөнгүй. Сонгуульд санал өгч оролцохыг сонгуулийн насныханд үүрэг болгохоор оруулсан байна. Хүнд чинь үүргээс гадна эрх байдаг атал энэ хоёроос ганц үүргийг нь таслан авч тулгаж яаж болох вэ. Сонгуульд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй хүн сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхгүй төдийгүй түүнийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд төрийн албанд ажиллахыг нь хориглох нь. Ардчилсан хөгжлийн замыг бид сонгохдоо иргэн дан үүрэг хүлээдэг байх зарчмаас татгалзсан. Гэтэл ухамсрын, чөлөөт эрхийн үндсэн дээр сонгуулийг зохион байгуулдаг, сонгуульд оролцдог зарчмаа орхиж, захиргаадлын үеийн хуучин аргыг сэргээх нь. Хүмүүс итгэл, үнэмшлийнхээ дагуу сонгуульд оролцдог байх учиртай. Тэднийг албадаж болохгүй. Сонгуульд иргэдийн оролцоог ийм маягаар нэмэгдүүлэхгүй.
-Та бүхэн хэчнээн зөв, сонгуулийн тогтолцоог сайжруулахад чиглэсэн үндэслэлтэй санал гаргалаа ч УИХ дахь олонхийг бүрдүүлэгчид дэмжих болов уу. УИХ-д бүлэггүй болохоор тэндээс гарах шийдвэрт та бүхний нөлөөлөх чадамж тааруухан байгаа шүү дээ?
-Парламент чинь аливааг нарийн шүүн тунгааж, маргаж мэтгэлцэж гишүүдийнхээ үгийг сонсож байж олон түмнийхээ эрх ашигт нийцсэн, хамгийн зохимжтой хувилбарыг нь сонгож, шийдвэрээ болгох ёстой газар. Танд миний ярьсан энэ бүхэн ердөө ганц хүний санал байсан ч түүнийг хэлэлцэж, санал хурааж шийдүүлнэ. Бидний саналыг эхлээд Ажлын хэсэг дээр, дараа нь Байнгын хороодын хурлаар, эцэст нь УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
-Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн тухай асуудлаар УИХ-д суудалгүй намууд саяхан хэлэлцүүлэг хийсэн байна лээ. Уг хэлэлцүүлгийг УИХ-д суудалтай ч МАН зохион байгуулж, тэндээс гарсан саналыг УИХ-ын танхимд оруулж танилцуулах үүрэг хүлээсэн гэж би ойлгосон. Тэдгээр намуудын төлөөллийн санаа бодол та бүхнийхтэй хэр ойр байгаа бол?
-Би өөрөө тэр хэлэлцүүлэгт оролцоог үй. Олж сонссоноор бол орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг төвхнүүлэхэд намууд оролцоод байхыг тэд эсэргүүцэж буй бололтой юм билээ. Үндсэндээ тэдний байр суурь миний энэ хэлсэнтэй ойролцоо байгаа юм байна гэж би ойлгосон. Тэд биднийг дэмжинэ гэж бодож байна. Энэ асуултыг УИХ-ын гишүүн Су.Батболдод бас тавив. Учир нь тэрбээр дээр өгүүлсэн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцсон юм. -Орон нутгийн сонгуулийг холимог бус дан мажоритари тогтолцоогоор явуулах, санал тоолох автомат машин ашиглахгүй байх нь зүйтэй гэж намууд үзэж байна лээ. Тэр хэлэлцүүлгээс мэдэгдэл гаргаж байгаа гэ..