
Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын индекс”(ДӨЧИ) энэ оныхоо тайланг өнгөрөгч лхагва гаригт дэлхий нийтэд танилцуулсан. Монголын “Нээлттэй Нийгэм” форум тус бай гууллагын түншээр найм дахь жилдээ ажиллаж буй бөгөөд 2012-2013 оны судалгаанд хамрагдсан 144 улсаас Монгол Улсын өрсөлдөх чадвараар ямар байгааг өчигдөр танилцуулсан юм. Судалгаагаар Монгол Улс 3.9 оноогоор 144 орноос 93 дугаар байрт орсон нь өнгөрөгч оноос гурван байраар ахисан үзүүлэлт юм. Гэсэн ч өмнөх онд авч байсан ерөнхий оноогоо ахиулаагүй аж. ДӨЧИ-ийн тэргүүлэх орноор Швейцарь шалгарсан бөгөөд тав дахь удаагаа энэ байраа хадгалжээ. Харин АНУ сүүлийн хоёр жил ухарсан үзүүлэлттэй гарч, өмнөх жилээс хоёр байраар ухарч, наймдугаарт бичигджээ.
ДӨЧИ нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг. Эдгээрээс манай улс дийлэнх буюу макро эдийн засгийн тогтвортой байдлаас бусад үзүүлэлтээр ахисан дүнтэй гарчээ. Макро эдийн засгийн тогтвортой байдал 5.4-4.9 хувь хүртэл буурч, 34-өөс 52 буюу өнгөрөгч оноос 18 байраар ухарчээ. Үүнд төсвийн алдагдал ДНБ-ий -3.6 хувь(өмнөх онд 1.2 хувь байсан), Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 20.3- 47.1 хувь болж өссөн нь голлон нөлөөлжээ. Ингэснээр тус үзүүлэлтүүд 64, 65 байраар ухарсан байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг төлөөлж Б.Ариунбаяр “Төсвийн үргүй зардлыг хянах, бууруулах талд анхаарч ажиллана. Төсвийн алдагдлыг 40 хувиас хэтрүүлэхгүй барина гэж тооцоолж байгаа. Огт өргүй байна гэж байхгүй. Гэхдээ манай улсын өр анхаарал татахуйц хэмжээнд байгаа нь үнэн. 2010 онд 20.3 хувьтай байсан бол өнгөрөгч онд 47.1 хувь болж нэмэгдсэн. Үүний дийлэнхийг Хөгжлийн банкны Олон улсын зах зээлээс босгосон 600 сая ам.долларын хөрөнгө эзэлж байгаа. Энэ талд шинэ Засгийн газар анхаарал хандуулж ажиллах байх” гэв. Манай улсын технологийн бэлэн байдлын оноо 3.1-3.8 болж, 32 байраар зэрэглэлээ ахиулсан байна.
Сүүлийн үеийн технологийн бэлэн байдал, шилжүүлэг, шингээлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, компанийн түвшний интернэт хэрэглэгчийн өсөлт зэрэг голлон нөлөөлжээ. Бусад урагш ахисан үзүүлэлтэд(байраар) шүүхийн хараат бус байдал (10), төр засгийн зохицуулалтын дарамт (12), маргаан шийдвэрлэхтэй холбоотой хуулийн ашигтай байдал (12), компанийн Удирдах зөвлөлийн үр ашигтай ажиллагаа(10), гар утасны бүртгэл (13), бага боловсролын хамрагдалт (71), болон бараа бүтээгдэхүүний үр ашигтай байдал, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, инноваци зэрэг орж байна. Монгол Улсын өрсөлдөх чадварын хувьд хамгийн чухал анхаарах хүчин зүйл нь “үндсэн хэрэгцээ, суурь хүчин зүйлс” бөгөөд эдгээрээс институцын тогтолцоо болон дэд бүтцийн хувьд өрсөлдөх чадвар нэлээн сул 113, 112 дугаар байрыг тус тус эзэлж байгаа аж. Гэхдээ энэ үзүүлэлтээр тодорхой ахиц гарч, зургаан байраар урагшилсан нь төр засгийн бодлогын шинэтгэл хийх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг дэд бүтцэд түлхүү оруулах замаар анхаарал хандуулж буйн илрэл юм хэмээн “Нээлттэй нийгэм” форумын Эдийн засгийн асуудал хариуцсан менежер Б.Мөнхсоёл ярьж байна.
Тэрбээр “Өөр нэг чухал асуудал нь хөдөлмөрийн зах зээл. Манай улс ажил эрхлэгч, олгогчдын хамтын ажиллагаа(-16), ажилд авах, халах практик(-10),цалин хөлс, бүтээмж(-5) зэрэг буурсан. Сүүлийн үед авъяастай чадварлаг боловсон хүчин бүгд уул уурхайн салбарт ажиллах болсон. Ингэснээр эдийн засгийн бусад салбар эзэнгүйдэж байна. Эдгээр хүнийг тэгш хуваарилах, цаашлаад чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь зүйтэй. Мөн эрүүл мэнд, боловсролын системийн чанарт шинэчлэл хийх хэрэгтэйг судалгаа харуулж байгаа” гэсэн юм. Мөн өмнөх онуудад дурдагдаж байсан санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдалд өндөр ач холбогдол өгөх хэрэгтэйг тэрбээр хэлж байсан юм. Санхүүгийн хоёрдогч зах зээлийг бодлого явуулж, хууль эрхзүйн орчныг бий болгох шаардлага тавигдсаар байгааг 127 дугаарт бичигдсэнээс харж болно. Нөгөө талаар санхүүгийн үйлчилгээний бэлэн байдал, санхүүгийн үйлчилгээг авах, хүртэх боломж, банкны эрүүл ажиллагаа зэрэг үзүүлэлтээр оноогоо ахиулж 13, долоо, 13 байраар урагшилсан зэргээрээ урамших нь зүйтэй. Мөн энэ судалгаанд улс орон бүрийн бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлсийг тодорхойлдог.

Манайд бизнес эрхлэхэд сөрөг нөлөө учруулж буй хүчин зүйл нь мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хоцрогдол, инфляц зэрэг үзүүлэлтүүд ихэнх хувийг эзэлж байна. Мөн өмнөх жилээс эхлэн Дэлхийн эдийн засгийн форумаас “Өрсөлдөх чадварын тогтвортой байдлын нөлөөллийн үзүүлэлт”- ийг боловсруулан гаргаж байгаа бөгөөд манайхны чиг хандлага тогтвортой бус гэсэн бүлэгт багтсан нь энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болсныг сануулах биз. Харин энэ оны тогтвортой байдлын үзүүлэлтийн судалгаанд манайх хамрагдаагүй аж. Өрсөлдөх чадварын судалгаагаар ДНБ-ий хэмжээнээс хамааран дэлхийн улс орнуудыг Хүчин зүйлсэд суурилсан, Үр нөлөөнд суурилсан, Инновацид суурилсан гэсэн гурван хөгжлийн шатанд хуваан авч үздэг бөгөөд манай улсын ДНБ-ий хэмжээ 2011 онд 1560- 2227 ам.доллар болж нэмэгдсэн буюу Суурь хүчин зүйлсэд суурилсан улс орноос Үр нөлөөнд суурилсан үе шат руу шилжиж буй орнуудын ангилалд дэвшин оржээ. Ингэснээр манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3042 ам.доллар болсон байна. Манай улс 144 улсаас 93-т байгаа нь өрсөлдөх чадварыг тодорхойлж буй олон хүчин зүйлсийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Ялангуяа 120-оос хойш байр эзэлж буй асуудлыг шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх хэрэгтэйг “Нээлттэй нийгэм” форумынхан хэлж байна.