Монголын “Sound of Mongolia” ХХК, Америкийн “Crave distribution” ХХК-тай хамтран дуучин ВХ, Эгшиглэн, Агиймаа нарын тоглолтыг энэ сарын 10-наас эхлэн Вашингтон ДС, Чикаго, Лос-Анжелес, Сан-Франциско, Денвер, Сиэтлл хотуудад хийхээр болжээ. “Sound of Mongolia” ХХК Америкийн Элчин сайдын яамнаас Пи-1 ангиллын виз авч, ном журмынх нь дагуу татвар хураамжийг төлж хийж байгаа Монголын анхны шоу-компани болсон байна.
Манай хамтлаг дуучид Америк болон Европт “хараар” шахуу тоглолт хийгээд ирдэг. Ном журмаараа бол Америкт тоглолт хийх урлаг соёлынхон Пи-1 тусгай виз авах ёстой юм байна. “Sound of Mongolia” ХХК нь дуучин Алсу, Андрей Губин, “Иванушки интернэшнл” хамтлагийг Монголд урьж тоглолтыг нь зохион байгуулж байжээ. Хамгийн сүүлд Дэлхийн тансаг брэнд Лью Вуйттоны улаан хивсний ёслол, Холливудын одод Софи Марсу, Кристофер Ламберт нарын айлчлалыг гардан гүйцэтгэсэн байна. Мөн Монголын хамгийн анхны “I loft function house”-ийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.