Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ургац хураалтын явц, үр тарианы агуулах савны хүрэлцээ хангамжийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонсов. Бороо хур элбэгтэй, зуншлага сайхан болсон ч хүссэн борооныхоо горыг намар нь амсаж мэдэхээр байдал үүссэн байна. Ургац хураах ажил энэ сарын 3-наас эхэлжээ. Урьдчилсан балансаар 481 мянган тонн үр тариа, үүнээс 486,8 мянган тонн буудай, 208,9 мянган тонн төмс, 99,4 мянган тонн хүнсний ногоо, 28,6 мянган тонн тосны ургамал, 30,8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцсон байна. Энэ долоо хоногийн эхний байдлаар 10,4 мянган га талбайн ургацыг ангилан хадаж, 2,3 мянган га талбайгаас шууд хураан, нэгжээс 11,1 цн буюу 2,5 мянган тонн үр тариа авчээ.
Улсын хэмжээнд ашиглаж байгаа үр тарианы 16 агуулах элеваторт нийт 350 мянган тонн үр тариа хадгалах багтаамжтай юм байна. Төмс, хүнсний ногоо хураах ажлыг эрчимжүүлж, 3,6 мянган га-гаас 51,3 мянган тонн төмс (22,7 хувь), 2,2 мянган га-гаас 30,9 мянган тонн хүнсний ногоог (31,6 хувь) хураасан байна. Ургац хураалт, хадгалалт, борлуулалттай холбоотойгоор салбарын яамны зүгээс дотооддоо үйлдвэрлэсэн улаан буудай, гурилыг импортын бараанаас хамгаалахын тулд гаалийн албан татварын хувь хэмжээг өөрчлөх, агуулах элеваторын багтаамжийн асуудлыг шийдэж, гурилын үйлдвэр үүдэд 200 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 110 мянган тонн буудай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, ургац хураах ажлыг ирэх аравдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байсныг сайд мэдээлэв. Хөрс чийгтэй байгаагаас болоод нийт талбайн 70 хувийг ангилан хадах хэрэгтэй болжээ.
Сэлэнгэ аймагт ургац хураах ажил хэвийн байгаа бол Төв аймгийн зарим суманд үлдсэн хугацаанд ургацаа бүрэн хурааж чадахааргүй нөхцөл үүссэн гэнэ. Ийм талбайн ургацыг яаралтай хадаж, малын тэжээл болгох юм байна. Үүний дараа гишүүд тодруулга авлаа. Төмс болон улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж байгаа эсэхийг Л.Эрдэнэчимэг асуув. “Ойрын гурван жил төмсний дотоодын хэрэгцээг хангах зорилттой ажиллаж, 100 хувь хангадаг болсон. Экспортын тухайд энэ жилийн ургацаас гурил үйлдвэрлэлд 386,4 мянган тонн буудай нийлүүлнэ. Үүн дээр Тариалалтыг дэмжих санд хадгалж буй 115,1 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 501,5 мянган тонн буудайн нөөц бүрдэх юм. Хэрэгцээт гурилыг дотооддоо 100 хувь үйлдвэрлэхээр тооцоход 328,7 мянган тонн буудай хэрэглэж 172, 8 мянган тонн буудайг экспортлох боломжтой. Тиймээс эхний ээлжинд 100 хүртлэх мянган тонн буудайг ургац хураалтын ажилтай зэрэгцүү- лэн БНХАУ-д экспортлохоор ажиллаж байна. Төмсийг экспортлох талаар одоохондоо яриагүй байна” гэсэн хариулт авлаа.
ИМПОРТЫН ТАТВАРЫГ НЭМЭХ САНАЛЫГ ДЭМЖСЭНГҮЙ
Эдийн засгийн байнгын хороогоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Анхны хэлэлцүүлгээр гишүүд зарчмын зөрүүтэй саналаа гаргадаг. Импортын бараанд ногдуулах татварыг Дэлхийн худалдааны байгууллагаас тавьдаг шаардлагад нийцүүлж, 20 хувьд хүргэх саналыг Х.Болорчулуун гишүүн гаргасан. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Барилгын материалыг бид дотооддоо 100 хувь үйлдвэрлэж чаддаггүй. Тиймээс импортын бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх нь эрсдэлтэй. Өмнө нь Монгол Улс хүнсний ногоогоо гадаадаас импортоор авдаг байхад улирлын чанартайгаар 15 хүртэл хувийн татвар ногдуулж үндэсний тариаланчдаа хамгаалдаг байсан. Татвар ногдуулахдаа дотоод нөхцөлөө харгалзах хэрэгтэй” гэлээ.
Ийм байр суурьтай гишүүн олон байсан тул дээрх санал дэмжлэг авсангүй. Монголбанк, Хөгжлийн банк нь улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэсэн санал ч “уналаа”. Гишүүн Н.Батцэрэг “Баруун, зүүн бүсийн төвийн тулгуур төвийг холбох мянганы төмөр зам төсөл боловсруулъя” гэсэн санал гаргасан ч өмнөх УИХ-ын үед баталсан Төмөр замны талаар төрөөс баримтлах бодлоготой мөрийн хөтөлбөрийг давхцуулах хэрэггүй хэмээн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга няцаав.
С.ТУУЛ