Гурван найз бүсгүй болох Ариунаа, Солонго, Номин нарын хөгжилтэй бөгөөд адал явдлаар дүүрэн амьдрал нь санамсаргүй байдлаар Маргад хэмээх залуутай танилцсанаар “KHAGAN FILMS” продакшны бүтээл “UB DIVAS” телевизийн олон ангит уран сайхны кино эхэлнэ.
“UB DIVAS” телевизийн олон ангит уран сайхны кино нь зураг авалт, жүжиглэлт, өнгө аясын хувьд барууны олон ангит киноны хэв маягтай байх бололтой. Тус кино нь 15 ангитай байх бөгөөд анги тус бүр дээр өнөөгийн залуусын хайр дурлал, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийг харуулсан үйл явдлууд 30-35 минутын турш өрнөх юм байна.
Энэхүү олон ангит уран сайхны кино нь залуусын нөхөрлөл, хайр дурлал, зөрчилдөөн, адал явдлыг орчин үеийн залуусын бодит амьдралаас сэдэвлэсэн шинэлэг бүтээл болгохоор зорин ажиллаж байгаа гэнэ. Тус кино нь бүх насныханд зориулсан бөгөөд 16-аас 35-н насны хүмүүс түлхүү үзэх юм байна.
Тус киноны найруулагчаар АНУ-д бүтээгдсэн “МАРГААШГҮЙ” уран сайхны киноны найруулагч Э. Оргил продьюсерээр Г.Урамбаяр болон залуу уран бүтээлчид ажиллаж байгаа юм байна. Мөн киноны гол дүрүүдэд дуучин С.Марта, Дурлалын золиос, Их төрийн голомт, Надтай гэрлээч кинонууд дээр гол болон туслах дүрд тоглосон жүжигчин Ц.Наранханд мөн залуу жүжигчид оролцон тоглох юм байна.
Одоогоор “UB DIVAS” телевизийн олон ангит уран сайхны киноны зураг авалт эхлэж байгаа бөгөөд 6-н сард үзэгчдийн хүртээл болох гэнэ.
Тус киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон уран бүтээлчилдтэй khaganfilms@yahoo.com хаягаар холбогдож болох нь.