Бүгд Найрамдах Польш Улсаас манайд суугаа Элчин сайд Тадэуш Хомицкиг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хотын мээр нийслэлчүүдийнхээ өмнөөс онгоцны ослоор амиа алдсан төрийн зүтгэлтнүүд болон Польшийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн.
Манай улс Польштой ойр дотно харилцаатай бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр орны хамтарсан 20 гаруй аж ахуйн нэгж Улаанбаатарт амжилттай үйл ажиллагаа явуулж буйд сэтгэл хангалуун байдгаа хотын дарга илэрхийлээд нийслэлийнхээ тухай товч мэдээлэл хийсэн. Харилцаа, хамтын ажиллагааны ойн хүрээнд ирэх долдугаар сард тус улсын орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид Улаанбаатарт ирж хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байгаа тухайгаа ноён элчин сайд хэлсэн.
Энэ үеэр тус улсын төв мужийн захирагч манайд айлчлах юм байна. Хамтын ажиллагаа орон нутгийн төвшинд илүү хөгжих боломжтой гэдгийг элчин сайд онцолж байсан. Ардчиллыг өөрийн орныхоо хөрсөн дээр анхлан амжилттай буулгаж чадсан тус улс орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ажлыг маш сайн хэрэгжүүлж буй гэлээ. Наадмын дараа Польшийн ардын урлагийн “Мазовшик” хэмээх 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийн тоглолтыг нийслэлчүүдэд сонирхуулах хүсэлтээ элчин сайд илэрхийлсэн. Хотын мээр уг саналын талархан хүлээж авч, дэмжлэг үзүүлэхээ амласан юм.