Яг л “Оддын дайн” кинонд гардаг ирээдүйн төрхийг тодорхойлон харуулдаг Сан Жөүзийн Техник технологийн музей XIII зуун руу “буцах” гэж байна. Учир нь Америкийн Калифорни мужид байрлах тус музейд энэ сарын 22-нд “Чингис хаан” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх юм.
Үзэсгэлэнд Монголын үндэсний түүхийн музей, ШУАын Археологийн хүрээлэн, Монголын цэргийн музей, Дорнод аймгийн музей болон Н.Ганхуяг, Артур Липер нарын хувийн цуглуулгаас бүрдүүлсэн 200 гаруй үзвэрийг дэлгэнэ. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр пүрэв гариг бүр монгол дуучин, хөгжимчин, уран нугараачдын тог лолтыг сонирхох боломжтой. Үзэсгэлэнг зохион байгуулагчид Их Монгол улсын үеийн эд өлгийн зүйлсийг дэлгэх замаар их хааны ямар энэрэнгүй, ухаалаг хүн болохыг америкчуудад таниулахыг зорьж байгаа гэнэ. Харин Техник технологийн музейн захирал Петер Фрэйсс үзэсгэлэнгийн тухайд “Чингис хаан бол хамгийн нууцлаг байлдан эзлэгч. Манай музейд эл үзэсгэлэнг зохион байгуулахаар шийдсэн нь санамсаргүй тохиолдол биш. Чингис хааны ачаар л хүн төрөлхтөн цаасан мөнгө, паспорт, гамбургер зэрэг технологийн дэвшилтэй танилцсан учир энэ салбарт тэр хүндтэй байр эзлэх нь зүйн хэрэг” гэжээ.
О.УНДАРМАА