Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНТ хамтран ес дэх удаагаа зохион байгуулж байгаа Робокон тэмцээн маргааш болно. Энэ жилийн хувьд техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 сургуулийн 20 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон аймгийн ШУТИС-ийн баг оролцохоос гадна Сүхбаатар аймгийн баг анх удаа уг тэмцээнд оролцох аж. Тэмцээний онцлог нь автомат болон гар удирдлагатай роботоор пирамид барих даалгавартай. Үндэсний тэмцээний нэг ялагч Египетийн Каир хотод болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно. Энэ жилийн тэмцээн “Пирамид барьж Робо хаан болцгооё” уриатай болж уг тэмцээнийг “М-Си-Эс” электроник ХХК ивээн тэтгэж байгаа юм байна.