Дэлхийн уур амьсгал одоогийнх шиг ийм халуун байсангүй. Дулаарал өнгөрсөн 30 жилд маш эрчимтэй явагдсанаар амьтны аймгийн 10-50 хувь нь устах аюулд хүрсэн тухай түгшүүртэй мэдээ бий. Түүнчлэн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж амьтны аймгийн 80 гаруй төрөл зүйл өөрийн амьдардаг нутаг дэвсгэрээс нүүж эхэлснийг судалгаагаар тогтоосон.
Уур амьсгалын өөрчлөлт манай оронд илүү мэдрэгдэж, ан амьтны тоо толгой, суурьшил, бүтцэд өөрчлөлт орж эхэлсэн нь олон баримтаар нотлогдсоор байна. Тухайлбал, манай орны говьд тэмээн аалз нэлээд олширч буй аж. Тодруулбал, 2006 оноос хойш хүйтэн цуст энэ шавьжны тоо толгой мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийд 120 гаруй төрлийн аалз байгааг тогтоожээ. Харин манай оронд 30 гаруй төрөл байдгаас хүнд хор хүргэх чадалтай нь тэмээн аалз юм.
Тэмээн аалз БНХАУ-д хамгийн их байдаг бөгөөд сүүлийн үед мөн л олширсоор байгаа аж. Энэ аалзны хор цусаар дамжин хүний биеэр тархаж халдварт өвчин үүсгэх, цаашлаад үхэлд хүргэх аюултай гэнэ. Тэмээн аалз голдуу хүний хөлийн улны тус газар хаздаг. Иймд өвчин улнаас эхэлж бүх биеэр тархдаг аж. Юутай ч танд халдвар тархахаас сэргийлэх анхан шатны аргыг хэлж өгье. Хазсан үед та сүүлнийх нь хэсгийг даруй шахах хэрэгтэй.
Ингээд сүүлнээс нь гарсан өтгөн хар шингэнийг шархан дээрээ түрхээрэй. Энэ нь аалзны хорыг цааш нэвтрүүлэхгүй байх эхний арга хэмжээний нэг юм байна. Гэхдээ дараа нь заавал эмнэлэгт хандахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Манай улсад тэмээн аалзанд хазуулж нас барсан хүн одоогоор бүртгэгдээгүй байна. Харин дэлхийд жил бүр 5-6 хүн тэмээн аалзанд хазуулж хорвоог орхидог судалгаа гарчээ.
Түүнчлэн сүүлийн үед хортон шавьжийн тархалт улам бүр хүрээгээ тэлсээр байгаа аж. Монгол орны цаг агаар 2020 он гэхэд бараг таван градусаар дулаарах төлөв гарсан. Ийнхүү уур амьсгал эрс өөрчлөгдөж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдахын хэрээр хортон шавьж олширч, төрөл зүйл нь нэмэгдэх магадлал өндөр болж байна.
Ц.ХЭРЛЭН