Манайханд амралт үнэхээр зохихгүй юм байна.
Жилдээ ганц тохиох ардын төрийнхөө их баяр цэнгэл наадмаар “тавхан” хоног нуруугаа амраачихаж чадахгүй бөөн бөөнөөрөө нөгөө ертөнцөд очоод байдаг. Дэлхийд ганц хэмээн омогшдог дэлгэр наадмынхаа өдрүүдээр Монгол орон даяар албан ёсны амралтаа эдлэн тарвалзаж байх зуур 56 хүн харамсалтайгаар бидний дундаас явчихсан байх юм. Зөвхөн долдугаар сарын 11 гэхэд л улсын хэмжээнд 18 хүн зуурдаар алтан амиа алджээ. Үүнээс 12 нь зам тээврийн ослоор нас барсан бол үлдсэн нь гол усанд осолдох зэргээр орчлонгоос буцсан байна.
Биднийг энд нийтээрээ цэнгэл баярын хөлд цээж тэнэгэр дуулж байхад тэнд нэг хэсэг маань үхэл хагацлын гашуун зовлон дунд цусаар уйлж байж. Зам тээврийн ослоор нас барагсдын дунд гэр бүлээрээ явж байгаад осолдсон тохиолдол цөөнгүй бий гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Агаар салхинд гарч, амарч зугаалах гэсэн биш гал голомтоороо хиарна гэдэг яасан хайран. Ямар эмгэнэлтэй. Өнгөрсөн жилээс эхлэн наадмаар тав хоног амардаг байхаар хуульчилж өгсний гор тэр дороо гарч, ноднингийн улсын баяраар 23 хүн зуурдаар амиа алдсан билээ. Харин энэ жил дээрх тоо хоёроор үржигдэв. Монголчууд амарч зугаалахад “нугасгүй” дуртай юм болохоороо өнөө жилийн наадмаар ес хоног амарчих санаатай их үзсэн.
Хэрэв тэгсэн бол “сайн дураараа” нөгөө ертөнцийг зоригсод үүнээс лав хоёр дахин нэмэгдэх байсан юм шиг ээ. Эвэр хошуу гарган муу амлаж байгаадаа биш, угаас бодит байдал л ийм байна. Хэдхэн сарын өмнө “Монголчууд гурван саяулаа боллоо” хэмээн хөөрөн догдолж байсан улс шүү дээ, бид. Гэтэл одоо тэр гуравхан сая хүний дундаас 56 нь “үүрд баяртай” гэчихлээ. Гэнэтийн осол, гамшгийн улмаас цаг бусаар хэдэн арав, зуугаараа нас барлаа ч хүн амынх нь тооноос нулимаад хаяхын чинээнд хүрэхгүй язганасан олуулаа биш шүү дээ, монголчууд.
Эрхт төрийнхөө ивээл хайрыг даалгүй, хуулиар олгогдсон эрх ямбаа зөв эдэлж чадалгүй өөрөө өөрсдийнхөө амийг бүрэлгэлээ хэмээн тэднийг шууд “хохь нь” гэх хайран байна. Гэхдээ л дараагийн удаад төр засаг нь ч, түмэн олон нь ч, хууль сахиулдаг хүчний байгууллага нь ч хаана хаанаа анхаарахгүй бол арай л хэтэрлээ. Ямар нэг баяр ёслолын үеэр албаны байгууллагаас гаргадаг анхааруулга, сэрэмжлүүлгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн, мэдсэн ч мэдээгүй мэт царайлсан нөхдөд авдаг арга хэмжээ гэж баймаар байна.
Үгүй бол ерөөс наадмаар амраахгүй байх нь зүйтэй. Тэртээ тэргүй монголчуудын амралт багадаагүй. Аливаа зүйлийг үргэлж хэтрүүлдэг, ямар нэг хэм хэмжээнд баригдах тун дургүй, хээгүй монголчуудад хэтийдсэн урт амралт зохихгүй гэдгийг энэ хоёр жилийн гашуун туршлага харуулна бус уу. Урьд нь гурав хоног амардаг байхад дөрөв, тав болгох гэж ухаанаа уралдуулдаг байсан. Одоо харин тав хоногийн амралтыг арав болгох гэж хамаг аргаа хэрэглэж сууна. Хамгийн гол нь араа даачих хоншоор дутаад байгаа учраас илжиг модон хударгандаа зүтгэж байхдаа таарсан улс юм байна, бид.
Л.ГАНЧИМЭГ