Энэ оны гуравдугаар сард Энэтхэгийн 240 гаруй компанийн боловсон хүчний албадад хүндхэн ажил тулгарсан нь удирдлагынхаа бүрэлдэхүүнд дор хаяж эмэгтэй захирал нэгийг заавал оруулах явдал байв. Энэтхэгийн Үнэт цаас, биржийн зөвлөл ийм шийдвэр гаргасан бөгөөд үүнийг дээрх компаниуд хэрэгжүүлж амжаагүй байж. Дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд энэ шаардлагыг биелүүлээгүй компанийг хагас сая хүртэл рупигээр торгох ёстой байв. Тэгээд Энэтхэгийн Үндэсний хөрөнгийн биржид бүртгэлтэй фирмүүд удирдах бүрэлдэхүүндээ дарга захирлуудынхаа эхнэр, эсвэл эгч, дүү юм уу холын хамаатан эмэгтэйг тэр даруй оруулав хэмээн телевизүүд бараг онигоо шиг юм ярих болсон аж.
Үнэн хэрэг дээрээ ч Өмнөд Азийн хамгийн том улс-Энэтхэгт эмэгтэй удирдагчийн эрэлт хэрэгцээ их болсон байна. Засгийн газар ч энэ хэв загварт эрхгүй автжээ. Дорно зүгийнхний уламжлал ёсоор Энэтхэгт Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн албыг эрчүүд хашсаар буй ч Гадаад хэргийн яамыг нь эмэгтэй хүн тэргүүлж байна. Тэгэхдээ одоогийн Ерөнхийлөгч Мукержи нь Пратибха Патил хэмээх эмэгтэйгээс албыг нь хүлээж авсан юм. Өнгөц харахад Өмнөд болон Зүүн өмнөд Азийн олон оронд эмэгтэй улстөрч ховор зүйл биш мэт байвч Европ хийгээд Оросынхоос байдал их өөр. Охин нь эрэгтэй дүү, ахтайгаа ижил хэмжээгээр идэж, адил загвараар хувцаслах, гэрээсээ ганцаараа гараад явахыг Европ зүгийнхэн хэвийн явдал гэж үздэг бол Өмнөд Азид огт өөр журамтай. Охид, бүсгүйчүүд энд хоёрдугаар зэрэглэлийн гэж үзэгдэх нь элбэг.
Энэтхэгт сүүлийн жилүүдэд хүчингийн хэрэг газар аваад байгааг эмэгтэйчүүд биеэ барьсан жийнс өмсөж, гадаадын хоол хүнс хэрэглэх болсонтой нь холбон тайлбарлаж буй аж. Ялангуяа анхны хүүхэд нь охин байхыг Азийн зарим улсын алс бөглүү нутагт сайны ёр биш гэж үздэг нь хэвээр байна. Зөвхөн Энэтхэгт л гэхэд үр зулбуулах болон хүүхдээ балчирт нь амийг хороодгоос жил тутам 600 мянган охин амиа алдаж буй аж. Хэвлийд нь байгаа хүүхдийн хүйсийг тодорхойлохыг өнгөрсөн зууны 70-аад оноос энд хуулиар хориглож байжээ. Охин төрөхөөр барахгүй хүн болж чадвал ах юм уу дүү эрэгтэйгээсээ бага хоол идэж, бага халамжлуулж, тэр ч бүү хэл эмнэлгийн тусламж ч бага авна. Энд эмэгтэй хүн болж төрөөд биеийн хүнд хөдөлмөр, тухайлбал туйпуу, цемент хийсэн гадар толгой дээрээ тавин зөөж, аллага, хүчирхийллийн золиос болж, эрэгтэйчүүдээ бодвол боловсрол олж авах нь ховор, өрх гэрийн дотор ч эдлэх эрх нь хязгаарлагдмал байсаар ирсэн. Гэхдээ Өмнөд Азийн дээд зиндааныхнаас гаралтай эмэгтэй бол онцгой байр суурь эзэлдэг уламжлалтай.
Ийм эмэгтэйчүүд өрх гэрээ тэргүүлж, түүгээр ч барахгүй цэргийн анги удирдаж, 1857-1859 оны Энэтхэгийн их бослогын үед цэрэг командалж явсан эмэгтэй цөөнгүй байсан гэдэг. Ийм гэр бүлийн эмэгтэйчүүд сайн боловсрол олж авч, Английн эрхшээлд орсноос хойш Өрнөдөд суралцахаар явцгаах болжээ. ХХ зууны эхээр Өмнөд болон Зүүн өмнөд Азийн анхны эмэгтэй улстөрчид эндхийн дээд зиндааныхан дундаас гарч ирсэн нь санамсаргүй явдал биш юм. Тэгэхдээ эмэгтэй хүн төр, засгийн эрхэнд гарч ирэх шалтгаан нь түүний боловсрол, гарал үүсэл нь биш, үхэл байв. Азид эрх мэдэлд хүрсэн эмэгтэйчүүдээс анхны алтан хараацайнуудын нэг нь ШриЛанкийн Ерөнхий сайд болсон, хатагтай Сиримаво Бандаранаике юм. Тэрбээр 1959 онд алуулсан нөхөр Соломан Бандаранаикийн нам дахь эрх мэдлийг нь өвлөж авсан аж. Шри-Ланкийн эрх баригч Эрх чөлөөний намыг удирдах нөлөө, чадвартай хүн гэж түүнийг үзсэн байна. 1960 онд тэрбээр шинэхэн түүхэнд анхны Ерөнхий сайд боллоо. Тэгвэл алдарт Маргарет Тэтчер 1959 онд дөнгөж Парламентын гишүүн болсон байв.
20 жилийн дараа тэр Засгийн газраа тэргүүлэх болсон юм. Соломан, Сирамово хоёрын охин Чандрика Кумаратунгед ч ээжийнх нь хувь тавилан оногджээ. Түүний нөхөр, нөлөө бүхий намын тэргүүн Виджай Кумаратунге 1988 онд бас алан хядагчийн гарт амиа алдсан байна. Чандрика мөн л намаа удирдаж, хэдэн жилийн дараа Ерөнхий сайд болов. Дараа нь түүний амь насанд халдсан ч азаар эсэн мэнд үлдэж, 1994 онд Ерөнхийлөгч болсон төдийгүй ээжийгээ Ерөнхий сайдаар томилсон гэдэг. Пакистанд нэрд гарсан улстөрч эмэгтэй Беназир Бхутто 1988 онд эцэг Зульфикар Али Бхуттог залгамжилж эрх мэдэлд хүрсэн хүн. Эцгийг нь цэргийн дарангуйлагч, генерал Зия Уль Хак баривчилж, дүүжилж хороосон юм. Беназир гадаадад толгой хоргодохоос аргагүй болж, шоронд хоригдсон эр нөхөр Асиф Али Зардаридаа ч тусламж дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байв.
Цаашдаа Бхутто улсынхаа шинэхэн түүхэнд анхны Ерөнхий сайд болсон төдийгүй энэ албанд хоёр удаа тохоон томилогдож байлаа. Лалын шашинт өөр нэг улс Бангладешт эрх мэдлийн төлөөх тэмцэл бие биедээ ээлж халаагаа өгсөн хоёр бүсгүйн хооронд олон жил өрнөсөн нь Үндэсний намын тэргүүн Халеда Зия, Авамийн Лигийн удирдагч Шеих Хасина Вазед нар юм. Эхнийх нь цэргийн эргэлтийн үед алагдсан генерал Заиур Рахманы гэргий юм. Хоёр дахь нь тусгаар тогтносон Бангладеш улсын анхны Ерөнхийлөгч байгаад цэргийнхний гарт амь үрэгдсэн Мужибур Рахманы охин. Азийн эмэгтэй улстөрчдөөс нэрд хамгийн их гарсан нь Энэтхэгийн Индира Ганди яалт ч үгүй мөн. Дээрх эмэгтэйчүүдэд тохиолдсон шиг эмгэнэлтэй явдал түүнд учраагүй, өөрөөр хэлбэл эцэг Жавахарлал Неру нь тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд байсан ч ажлаа хийсээр яваад 1964 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Харин Индира Гандийн өөрийнх нь амьдралыг ёс бусын юм тойроогүй. Түүний нөхөр Энэтхэгийн нэрт эдийн засагч, нийтлэлч Фероз Ганди нас барж, бага хүү, хамгаас хайртай Санжай нь онгоцны ослоор амь үрэгдсэн. Ганди өөрөө ч 1984 онд бие хамгаалагчдынхаа суманд амиа алдсан билээ. 1991 онд алан хядагчид том хүү Раживынх нь амийг хороосон. Өмнөд Азид эмэгтэй улстөрчдийг дэлгэцнээс шууд улс төр рүү бууж ирсэн эмгэнэлт драмын баатрууд гэж яагаад хэлдгийн учрыг энэ бүхэнтэй танилцсан хойно олох болно. Өмнөд Азитай хөрш нутагт ч бас үүнэрхүү явдал тохиолдсон байдаг. Өмнөд Солонгосын одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хэ чинь хуйвалдагчдад буудуулсан генерал Пак Жөн Хигийн охин юм. Энэ генерал улсынхаа Төрийн тэргүүн байсан. Хожим нь Филиппиний Ерөнхийлөгч болсон Корасон Акиногийн нөхөр, Сенатын гишүүн Бенигно Акино долоон жил шоронд байгаад гадаад руу хөөгдөж, эх орондоо ирэх гэж оролдож байхдаа буудуулсан юм. Хатагтай Акино тэгэхэд сөрөг хүчнийг тэргүүлж байсан бөгөөд сүүлд нь 1986 онд Ерөнхийлөгч болж, тэр үедээ цэргийн хэд хэдэн эргэлттэй нүүр тулгарч явсан.
Азийн хаант улсуудын хувьд ч эрх мэдлээ ихээхэн хэрцгий аргаар хэрэгжүүлж байсан бэлэвсэн хатан хаан И Си-г эс тооцвол уламжлал ёсоор бол Хятадад эмэгтэй хүнийг улс төр рүү ч, эдийн засаг руу ч хөл тавиулдаггүй байжээ. Одоо бол цаг өөрчлөгдөж, Хятадын Үндсэн хуулиар эрэгтэйчүүдийн адил эрхийг эмэгтэйчүүд эдлэх болж, хятад хүүхнүүд сонгох, сонгогдох, аливаа албан тушаал эзлэх эрхтэй болсон байна. Гэлээ ч уламжлалт ойлголт төсөөлөл байсаар. БНХАУ-д эмэгтэй улстөрч тийм ч олон биш байдаг. Хятадын коммунистуудын удирдагч Мао Зэдуны гэргий асан, жүжигчин Цян Цинийг орчин цагийн Хятадын улс төрд орж ирсэн анхны эмэгтэй гэж үзэж болно. Тэрбээр 1950 онд Соёлын сайд болж, эмгэнэлтэй үр дагавар үлдээсэн “Соёлын хувьсгал”-ын жилүүдэд томоохон үүрэг гүйцэтгэж байжээ.
Маог нас барсны дараа 1976 оноос Цян Цин эрх мэдлийн төлөөх тэмцэлд ялагдаж, “дөрвөн дээрэмчин”-ий нэгийн хувиар шоронд орсон байна. Түүнд эхлээд цаазын ял өгснөө насаар нь хорих шийтгэлээр солив. Цян Цин эрүүл мэндийн байдлаас болж 1991 онд шоронгоос суллагдсан ч удалгүй амиа хорлосон юм. Хятадын ахмад үеийн эмэгтэй улстөрчдөөс У И-г дурсахгүй байж болохгүй. Энэ эмэгтэй Бээжин хотын захирагчийн орлогч байснаа Эрүүлийг хамгаалахын сайд болж, улмаар 2003 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байгаад 2008 онд тэтгэвэрт гарчээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд одоо хоёр эмэгтэй байна. Тэдний нэг болох Лю Яньдун Хятадын түүхэнд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч болсон дөрөв дэх эмэгтэй юм. Нөгөө Сунь Чуньлань нь мөн Хятадын түүхэнд мужийн намын хорооны хоёр дахь дарга аж. Хятадын Төрийн зөвлөлд сайдаар ажиллаж буй эмэгтэй хэд хэд бий. Харин өнөөг хүртэл бие дааж, хэнээс ч хамааралгүйгээр шийдвэр гаргах түвшний төрийн албыг хашсан ганц ч хятад эмэгтэй байхгүй юм.
Энэтхэгт одоо уламжлалт чиг баримжаатай Бхарати Жаната (Энэтхэгийн ардын нам) нам эрх барьж, энэ намыг мөн уламжлалыг дээдлэгч Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүлж байна. Уламжлалт үнэт зүйл дээр түшиглэн улсаа өөрчлөн шинэчлэхээр амласан энэ хүн Гадаад хэргийн яамыг өнгөрсөн онд эмэгтэй хүнээр тэргүүлүүлэв. Энэхүү сайд Сушма Свараж бол Нарендра Модигийн тэргүүлж буй намын нэртэй зүтгэлтэн, олонд танил болсон улстөрч юм. Тэрбээр Парламент дахь сөрөг хүчний удирдагч, Мэдээлэл, Эрүүлийг хамгаалахын сайдаар ажиллаж байв. Энэтхэгт одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Санжай Гандигийн бэлэвсэн гэргий Манека Санжай Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн сайдаар ажиллаж байна. Өөр ч хэд хэдэн эмэгтэй сайд байгаа. Үүнээс өмнө 2007 онд тус улсын иргэд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөрөө Пратибха Патилыг сонгож, 2012 он хүртэл ажиллуулсан юм.
2009-2014 онд Энэтхэгийн Парламентын Доод танхимыг Меира Кумар гэдэг эмэгтэй удирдаж байв. Эдний хөрш Пакистанд Хина Раббани Кхар гэдэг царайлаг бүсгүй улс төрийн шатаар гялалзтал өгслөө. Тэрбээр 2008-2011 онд Эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байв. 2011 онд Кхар Гадаад хэргийн анхны эмэгтэй сайд боллоо. Эдгээр бүсгүйчүүд эх орон нэгтнүүдийнхээ ертөнцийг үзэх уламжлалт үзэл, орчин цаг хоёрын дундах фронтын шугам дээр байсан гэж хэлж болно. Одоо Европын орнуудын болон АНУ, Канад, Австралийн их сургуулиудад, Азийн орнуудын дээд сургуулиудад сурч буй ази эмэгтэйчүүд улс төрийн шинжлэх ухааныг мэргэжлээ болгож сонгох нь улам нэмэгдэж байна. Азийн олон орон Парламент болон Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд байх эмэгтэй хүний тоог тогтоож өгдөг болоод буй. Тухайлбал, Пакистаны Парламентын 342 суудлын 60-ыг нь эмэгтэй хүнд өгсөн байгаа. Гэхдээ энэ нь хүйсийн тэгш байдлыг хангасан гэсэн үг биш.
Р.ЖАРГАЛАНТ