Дэлхийн банкныхан “Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хөөс хагарах нь 2013 онд эдийн засагт гарч болзошгүй хамгийн том эрсдэл” гэж мэдэгдэж байлаа. Өмнөд хөршийн орон сууцны зах зээлийн илүүдэл хэзээ нэгэн цагт гай тарьж мэднэ гэж эртнээс болгоомжилж байсан нь энэ.
Хятадын эдийн засаг 2014 онд тогтвортой байж, 7.4 хувиар өссөн нь дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх үзүүлэлт. Өмнөд хөршийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөс энэ онд хагарч, эдийн засагт хүчтэй нөлөөлж эхлээд байна.
Энэ нь Хятадын төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл авчрав. Хөөс хагарахдаа хүнд үйлдвэрлэлийн салбараа татаж унагалаа. Ялангуяа гангийн үйлдвэрлэлийн салбар нь хүчтэй нэрвэгдэв. Хятадад гангийн олон үйлдвэр хаалгаа барьсан.
Зэс, төмрийн хүдэр, коксжих нүүрс нь барилгын материалын үйлдвэрийн гол түүхий эд. Төмрийн хүдрээр арматур үйлдвэрлэнэ. Харин коксоор төмрийн хүдрээ хайлуулдаг. Хэрэгцээ буурсан учраас өмнөд хөршийнхөн түүхий эд импортлохоо багасгав.
Ингээд Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдэр, зэс нийлүүлдэг орнуудын орлого хумигдлаа. Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдэр, зэс нийлүүлж чамгүй орлого олдог улс бол манайх. Урд хөршдөө уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлж олсон ам.доллар нь манай эдийн засгийн гол амин зуулга болж, өсөлтийг нь тэтгэдэг.
Тиймээс Хятадын эдийн засгийн “сулрал” манай улсад том сорилт авчрах нь тодорхой. Хятад бол 1.3 тэрбум хүн амтай аварга зах зээл. Бид Хятадад шаардагдах зэсийн гурав, коксжих нүүрсний 10- 20 хувийг л нийлүүлдэг. Манайхны нийлүүлдэг төмрийн хүдрийн хэмжээ тэрхүү аварга зах зээлийн халбагыг ч дүүргэж чадахгүй.
Хятад улс жилд 100 тэрбум ам.доллараар төмрийн хүдэр худалдаж авч байсан гээд бод доо. Хятадын хэрэгцээний өчүүхэн хэсгийг хангадаг ч тэр нь гурван сая хүнтэй манайд том “олз” юм. Өмнөд хөрш жилд 60 сая тонн коксжих нүүрс худалдаж авч байсан. Энэ жил 40 гаруй сая тонныг худалдаж авах төлөвтэй байгаа. Манай нүүрсний экспорт дагаад буурах нь тодорхой.
Экспортлогчид 10 орчим сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн тооцоо гаргажээ. Нүүрсний үнэ дөрвөн жилийн өмнөхөөсөө бараг гурав дахин хямдраад байна. Нийлүүлэлт, мөн үнэ буурахаар манай улсын орлого өмнөх жилүүдийнхээс өм цөм багасах нь дамжиггүй. “Болдтөмөр Ерөө гол” компани л урд хөршид бага хэмжээний төмрийн хүдэр нийлүүлж байгаа аж. Бас л үнэ нь буурсан.
Төмрийн хүдрийн үнэ энэ жил 60 ам.доллараас хэтрэхгүй гэсэн таамаглал бий. Түүнчлэн Хятад улсын хэрэгцээ багасгахаар зэсийн үнэ дагаад уруудаж байна. Олон улсын шинжээчид тонн зэсийн үнэ 3200 ам.долларт хүрч хямдарна гэж төсөөлөв. Одоо Лондоны металлын биржид тонн зэс 4950 ам.долларын үнэтэй байна.
Энэ жилийн хувьд манай улсын зэсийн нийлүүлэлт багасахгүй байх. Харин үнэ буурч буй учраас орлого багасах нь ойлгомжтой. 2011 оныг эргэн дурсъя. Тухайн үед тонн нүүрсний үнэ уурхайн аман дээрээ 70 ам.долларт хүрч байлаа. Төмрийн хүдрийг 160-170 ам.доллараар борлуулж байв. Зэсийн дундаж ханш 9000 ам.доллар шүргэж, түүхэнд амжилт тогтоож байсан.
Уул уурхайн сайд “Нүүрснээс нэг тэрбум ам.долларын орлого олсон” гэж бахархалтайгаар ярьж байсансан. Одоо үйл ажиллагаагаа зогсоочихоод буй “Энержи ресурс” компани 116 сая ам.долларын ашигтай ажиллан, гайхуулж байлаа. Татварын орлого нэмэгдэж, төсөв сагаж байв. Тухайн жил Монгол Улсын эдийн засаг 17.3 хувиар өсөж, түүхэн дээд амжилтаа тогтоосон юм.
Харин Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөс хагарсан энэ үед Монголын эдийн засаг хагас жилийн байдлаар дөрөвхөн хувиар өсөөд байна. Уг нь эдийн засаг уруудах үед тэлэх бодлого явуулах ёстой. Ингэж байж уналтыг зогсоодог. Гэтэл манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эдийн үнэ унасан нь эдийн засгийг тэлэх боломжийг хааж байна.
Уул уурхайн түүхий эдийн орлого нь манай эдийн засагт хоёр чиглэлээр ач тусаа өгдөг. Түүхий эдийн орлого өндөр байх нь татвараар дамжуулж, төсөвт их хэмжээний орлого бүрдүүлнэ. Мөн ам.долларын дотогшлох урсгалыг нэмэгдүүлж, валютын нөөцийг зузаалдаг. Төсөв орлого сайтай бол хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийг тэлдэг.
Харин валютын нөөц их байвал мөнгөний нийлүүлэлтээр эдийн засгийг тэлж болно. Өнөөдөр уул уурхайн түүхий эдийн үнэ буурснаас шалтгаалж төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасрах нь тодорхой боллоо. Тухайлбал, 2015 оны төсөвт зэсийн ханшийг 6300 ам.доллар байна гэж тооцсон.
Гэтэл 5000 “ногоон”-оос доошилчихлоо. Орлого нь дагаад буурна. Сангийн яамныхан төсвийн тодотгол хийхээр бэлтгэж суугаа. Тодотголоор зэсийн экспортоос олох татвараа 4000 гаруй ам.доллараар тогтоох болов уу. Түүхий эд худалдаад олж буй орлого багассан учраас ам.долларын дотогшлох урсгал нэмэгдэхгүй байна. Тиймээс ам.долларын ханш өсөж, 2000 төгрөгт туллаа.
Төсөвт ч, мөнгөний бодлогод ч эдийн засгийг тэлэх боломж байхгүй нь харагдаж байгаа биз. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд ам.долларын урсгалыг сайжруулж, түүгээрээ “хамгаалж” мөнгөний бодлогоор эдийн засгаа тэлэх нэг зам бий. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт өсөхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай 360 компани ажиллажээ.
Эдгээрийн оруулсан хөрөнгийн 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа юм. Хөрөнгө оруулагчид уул уурхайн түүхий эд Хятадын зах зээлд нийлүүлж, ашиг олох зорилгоор манайхыг зорьдог байж. Хятадын хамаарал Монголын эдийн засагт ямар том байр суурьтайг дээрх бүгдээс харж болно.
Манай эдийн засаг Хятадаас хамааран суларч байна. Бидэнд зээл авч ам.долларын нөөцөө нэмэх зам бас бий. Энэ бол хамгийн муу зам. Гэсэн ч эдийн засаг нь муудаж буй Монголд зээл олдох уу. Бас л Хятадаас хамаарч байна. Ганц зах зээлээс хамаарч байгаа нь бидний муугийнх байх. Гэхдээ төмрийн хүдэр, зэс, коксжих нүүрсний хамгийн том зах зээл Хятад гэдэгтэй маргах аргагүй.
Хятад улс дэлхийн төмрийн хүдрийн хэрэгцээний 60, зэсийн 40 гаруй хувийг худалдаж авдаг том зах зээл байв. Одоо л больж байх шиг. Төмрийн хүдэр, зэсийн зах зээлд Хятад ба бусад гэсэн дүрэм үйлчилж байлаа. Одоо ч утгаа алдаагүй байна. Хятадыг 2011 онд “Ёроолгүй сав” гэж хочилж байв. Сав нь дүүрчихжээ. Дүүрэх дүрэхдээ хийтэй дүүрчихэж. Хий нь гараад биднийг баллаж байна.
Үл хөдлөх хөрөнгийн салбар нь аж үйлдвэрлэлээ доош нь татаад Хятадын эдийн засгийн өсөлт саарч байна. Энэ онд долоон хувиар өснө гэж таамаглаж байсан бол хагас жилийн байдлаар 6.3 хувь болж буураад байна. Оны эцэст магадгүй үүнээс буурах магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа.
Хятадууд эдийн засгаа дэмжихийн тулд юанийн ханшийг энэ жил гурван удаа бодлогоор сулруулав. Экспортоо дэмжихийн тулд ийм арга хэмжээ авсан гэнэ. Төвбанк бодлогын хүүгээ сулрууллаа. Мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжих нь. Эдийн засгийн өсөлтөө хангах ийм арга хэмжээ авч байна. Өнгөрсөн даваа гаригт Хятадын компаниудын хувьцааны ханш огцом уналаа.
Зээлээр хувьцаа худалдсанаас болж зах зээл хөөсрөөд тэр нь гэнэт хагарлаа гэж тайлбарлаж байгаа. Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтыг хараад “пайнагт орсон” барууныхан дагаж бужигнан, хувьцаагаа хямдруулж худалдаад олон тэрбум “ногоон” салхинд хийсгэв.
“Эдийн засгийн их хямралын үед АНУ-ын компаниудын хувьцааны ханш ингэж гэнэт унаж байсан. Их хямрал ирлээ” гэж зарим нь сандарч байна. Олон янзын байр суурь сонсогдох л юм. Үнэндээ Хятадад яг юу болоод байгааг, цаашид эдийн засаг нь хэрхэхийг хэлж чадах ухаантан алга. Хэрхэх нь бидэнд хамгаас чухал.
Т.ЭНХБАТ