Зуны зугаатай улирал дуусаж, зуслангаас буух цаг болжээ. Зуслангийн байрныхаа эргэн тойрныг цэвэрлэж, хог шороог нь янзлаад, байшингаа түгжээд, бас болоогүй хаалгандаа мод хөндлөн барьж, хадаад, хот руу жийнэ дээ.
Хичээл эхэлж, гурван сар бараагаа харалцаагүй ангийнхантайгаа уулзана гэхээр сэтгэлд сайхан ч, зуслангаас буцна гэхээр нэг л гунигтай. Самар, жимс түүж, өдөржин голд сэлж зугаацдаг байсан хэрнээ амарч ханаагүй бололтой зусландаа хоргодон, намар ямар хурдан болчихов гэж боддог байлаа.
Энэ бол багын явдал юм даа. Зургадугаар сар гарч, айлууд зусландаа гарцгаана. Яргайт, Жигжид, Гоодойн ам, Хандгайт гээд л өдөрт хэд хэдээрээ нүүсээр нэг мэдэхэд л хотын байшингийн гадаа тоглох хүүхэдгүй болдог байлаа. Манайх зуслангийн байшингүй болохоор гадаа ганцаараа бөмбөг тэврэн суухад “Яагаад манайх л зуслангүй юм бол” гэж гайхдагсан.
Амралт дуусаад зуслангаас буусан хүүхдүүд борлож, өнгө зүс ороод ирэхэд “лагерийн заяагүй” мань мэт нь цонхийгоод угтдаг байж билээ. Сэтгэл дагаад ч юм уу, зусланд гарсан хүүхдүүд өндөр болж, булчин шөрмөс нь чангарчихсан мэт.
Тэд надаас “Яаж амрав” гэхээр нь хөдөө явсан гээд бурчихна. Энэ бүхнээс үүдэн би өөрийн хэмжээнд “заргалдан” байж, манайх зусланд гардаг болсон юм. Шарга морьтод, уулын бэлд “Эмийн завод”-ын гэх тодотголтой 20-иод айл зусна. Хажуугаар нь гол урсаж, ойрхон рашаантай. Хотын хүүхдүүдийн хувьд зуслан бол хөдөө л гэсэн үг.
Тэр үеийн зуслангийн байрууд сайдынх, даргынх, ажилчных гэх ялгаагүй бүгд л ижил загвартай. Одоо бодоход арай л жижигхэн байжээ. Гэхдээ л хотын хүүхдүүд тэнд л даарч хөрөхийг үзэж, ирэх өвөл ханиадыг давах цэнэгээ авдаг байлаа. Бороотой өдөр зуухны хажууд суугаад, дээвэр дээр дуслах борооны чимээ сонсох ч бас сайхан шүү.
Тэгээд ээжийн чанасан борцтой цай жинхэнэ диваажингийн ундаа мэт. Аав маань дээл нөмөрчихөөд, галд үе үе түлээ нэмээд “Миний хүү дэлгүүрээс талх аваад ир” гэхээр нь борооноор хөл нүцгэн шалбааг дундуур таваргачихна. Тэгээд талхаа бариад, шалба норчихсон амьтан ирчихээд баатарлаг гавьяа байгуулсан мэт бардам байдагсан.
Зуслангийн жаалууд өглөө эртлэн босож, рашаанаас ус зөөнө. Ингэж өдрийг угтана даа. Тэндхийн 50 гаруй хүүхдийн дундаас өөрөөсөө арай ахыг нь бараадаастай, би. Муусайн “бацаануудыг” бол тоохгүй. Усаа оруулж тавчихаад, ёстой л шавиагаа ханатал тоглоно. Голд сэлж, загас барьж, ууланд зугаална. Тэр сайхан байгаль дэлхий бидний л мэдлийнх шүү дээ.
Айж эмээх зүйлгүй болохоор харуй бүрий болтол гадаа өнжинө. Манай зуслангийн хоёр айл л зурагттай. Орой болохоор зуслангийнхан том, жижиггүй тэр хоёр айлын гадаа цуглана. Антенныг нь ийш тийш хөдөлгөж байж нэг юм дүрс нь гарахаар цугласан олон кино театрт байгаа мэт зүлгэн дээр суугаад киногоо үзнэ. Сайхан байжээ.
Намар дөхөхөөр самар, жимсэнд явах нь зусланд гарсны бас нэгэн гол ажил. Айлын ах, эгч нарыг дагаад модонд авирч, хад асга дундуур гүйж явсаар шаггүй самарчин болно. Хийх ажил ингээд дуусахгүй. Зуны даалгавар гэж том даваа бий. Хөдөөний хүүхдүүд тарвага, зурамны арьс авчрах даалгавартай бол хотын бид цэцэг, навч цуглуулж, эрвээхэй хатаах учиртай.
Ингээд зуслангийн хүүхдүүд нийлээд даалгавраа хийхээр “мордоно”. Саяхан Шарга морьтын зуслангаар дайраад гарлаа. Нэг айлаас юм асуухад “Мэдэхгүй” гээд л хаалгаа тас хийтэл хаагаад, цоожилчихов. Биднийг бага байхад зуслангийн айлууд хаалгаа түгждэг байл уу? Зуслангийн модон “хөөрхөн” байшингуудын оронд тансаг хауснууд сүндэрлэжээ.
Цэвэрхэн, сайхан хувцасласан эзэд нь харин ууртай, баргар царайтай юм. Шарга морьтын аманд хөл нүцгэн гүйж явсан найз нараа, сүүдэр бараадан байшингаа тойрон суух томчуудыг эрхгүй саналаа. Тэдний царай үргэлж аз жаргалтай байдагсан. Ингээд бодоход тэр үеийн сайхан чанарууд хүүхэд настай минь хамт одож, бага насны минь хөгжилтэй зуслан бидний дурсамжид л үлджээ.