Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР/MPA
-“Тогтвортой амьжиргаа-3” төслийг есдүгээр сараас хэрэгжүүлнэ-
Сүүлийн жилүүдэд манай улсад “Даргаа та л шийд” гэдэг байдал өөрчлөгдөх болжээ. Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийнхаа хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэд өөрсдөө санал, санаачилга гаргадаг болсон учраас тэр. Манай улсын хүн амын гуравны нэг орчим нь хөдөө амьдарч буй гэхэд хилсдэхгүй.
Тиймээс ч тэдний тав тухтай амьдрах орчныг бий болгох нь шилжих хөдөлгөөнийг сааруулахад нөлөөлөх нь мэдээж. Үүнд ОНХС-тай болсон нь эергээр нөлөөлж буй аж. Монгол Улсын Төсвийн тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлснээр тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байхаар тусгасан билээ.
Сум, орон нутгийн хөгжлийн өнөөгийн байдал, ОНХС-гийн бодлогын үр дүн, хэрэгжилт хэр байгааг судлан, ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх “Тогтвортой амьжиргаа-3” төслийн талаар танилцуулахаар Дэлхийн банкны мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гаригт Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ажиллалаа.
Энэ үеэр тус сумын Тамгын газрын дарга Ю.Дашдаваа “ОНХСгийн хөрөнгөөр жилд 8-9 төсөл хэрэгжүүлсэн” хэмээв. Өнгөрсөн оны байдлаар Дэлгэрцогт сум 1552 хүн амтай байсан бөгөөд хөдөлмөрийн насны хүн ам 990 байжээ. Сумын өрхийн тоо 202 байсан бол малчин өрх 312-д хүрсэн байна. Тус суманд 2014 онд ОНХС-гаар дамжуулан 267 сая төгрөг хуваарилжээ.
Харин энэ онд 210 орчим сая төгрөг хуваарилахаар яригдаж байсан ч дээрх тоо 134 сая болж багасчээ. Хэдийгээр он дуусахад хэдхэн сар үлдээд буй ч танагдсан хөрөнгийн тал нь олгогдоогүй байгаа юм билээ.
ЯМАР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН БЭ

ОНХС-д хуваарилагдсан хөрөнгийг зарцуулахын тулд Дэлгэрцогт сумын гурван багийн иргэдээс асуулгын хуудсаар санал авч, эрэмбэлэн нэгтгэдэг бөгөөд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулдаг юм байна. Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт гэсэн засаг захиргааны гурван багтай тус сумынхан 2013 онд ОНХС-гийн хөрөнгөөрөө есөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд амжжээ.
Ахуйн үйлчилгээний байраа халаалтад холбон, багуудын цөөн малтай өрхүүдийг малжуулан, иргэний танхим тохижуулах зэрэг ажлыг бүрэн дуусгасан бол цэнгэлдэх хүрээлэнг тохижуулах, ногоон байгууламж барих ажлыг он дамжин гүйцэтгэсэн тухай Ю.Дашдаваа хэлэв.
Бас Сум дундын өвс тэжээлийн агуулахаа 50 орчим сая төгрөгөөр засварлажээ. 15 сая төгрөгөөр хайлаас, шар хуайс, чацарганы гээд нийт 560 гаруй суулгац суулгасан нь чамлахааргүй өндөр ургасан байлаа. Тэгвэл өнгөрсөн онд тэд найман төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Сургуулийн гаднах хашаа барьж, хүүхдийн цэцэрлэгийн барилгын засварыг дуусгасныг энд дурдаж болох гэнэ.
Түүнчлэн Эрүүл мэндийн төвдөө тоног төхөөрөмж худалдан авснаас гадна худгаа засварлажээ. Үүнээс гадна секундэд 2.5 литр ус татах худаг барих, цэвэр усны шугам хоолой татах зэрэг ажил багтаж буй дэд бүтцийн төсөлд ОНХС-аас 20 сая төгрөг зарцуулсан аж. Цэвэр, бохир усны системтэй болгох уг төсөл он дамжин үргэлжилж буй гэсэн.
Одоогоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ОНХС-гийн зэрэг эх үүсвэрээр 800 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Хэрэв бохир усны системд зарцуулах 300 сая төгрөг олдвол төсвийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, дотуур байрныхан хананаасаа халуун ус авах боломж бүрдэн, боловсон бие засах газартай болох юм билээ.
Ер нь шугам хоолой, худаг, цэвэрлэх байгууламж, усан сан барих зэрэгт нийт 1.2 тэрбум төгрөг шаардлагатайгаас дийлэнх хөрөнгөө олж чадсан нь эндээс харагдана. Суурь дэд бүтцийг дагаад барилга баригдаж эхэлснээр иргэдийн хот руу шилжих хөдөлгөөн, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн өвчлөл багасах гээд олон ач холбогдолтой аж.
Тус сум нийслэлийг Дундговь, Өмнөговь аймагтай холбосон төв зам дагуу оршдог учраас малын хулгай их гардгийг харгалзан энэ онд ОНХС-гийнхаа хөрөнгөнөөс хөдөлгөөнт эргүүлийн машин авчээ. Мөн шилэн кабелийн өргөтгөлд хөрөнгө зарцуулсан байна. Одоогоор сумын төвийн гэрэлтүүлгийн ажил хийгдээгүй тендерийн шатандаа байгаа аж. Дэлгэрцогт сумынхан 2010-2021 онд хэрэгжүүлэх Нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө таван жилийн өмнө гаргасан юм билээ.
Оршин суугчдын зүгээс хэрэгжүүлэхийг санаачилсан төслүүд нь дээрх төлөвлөгөөнд тусгасан хөтөлбөрүүд байж таарч буйг ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Загдхорол өгүүлэв. Мөн Засаг даргын орлогч Б.Иш-Ёндон “ОНХС-гийн хөрөнгийг олон нийтийн оролцоотойгоор, санал авсны үндсэн дээр зарцуулдаг” гэлээ.
Монгол Улсад “Тогтвортой амьжиргаа” төслийн нэг, хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхдээ сумдад санхүүжилт олгодог байсан. Тэгвэл “Тогтвортой амьжиргаа-3”-ын хувьд арай өөр гэдгийг төслийн зохицуулагч М.Сумъяадорж Дэлгэрцогт сумын төлөөлөлд дуулгасан. Төслөөс санхүүжилт өгөхдөө төсвийн тогтолцоогоор дамжуулан нэмэлт урамшуулал өгөх талаар тэрбээр тайлбарласан юм.
Үүний тулд сумд ОНХС-гийн хөрөнгийг хэрхэн зарцуулж буйгаа “шалгуулах” учиртай. Хэрэв тухайн сум одоо мөрдөж буй хууль, дүрэм журмыг мөрдөн ОНХС-гийн хөрөнгийг зөв удирдан, иргэдээ бүрэн оролцуулж чадаж байвал “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс нэмэлт урамшуулал олгох гэнэ. Товчхондоо, ОНХС-гийн хөрөнгийн төлөвлөлт, хяналт, иргэдийн оролцоо, тайлангийн систем зэргийг нь дүгнэхэд “А” үнэлгээ (оноогоор дүгнэнэ) авч чадсан сум урамшуулал авна гэсэн үг.
Тэгэхдээ өмнөх жилд нь ОНХСаас авсан хөрөнгийн тодорхой хувийг улсын төсвөөр дамжуулж нэмэлт урамшуулал болгон өгөх гэнэ. Үүний тулд жилд нэг удаа 330 сумдад үнэлгээ хийх аж. Оршин суугчид сумынхаа хөрөнгийг захиран зарцуулахад оролцдог болоод гуравхан жил болж буй энэ үед дээрх өөрчлөлт нь олон нийтийн оролцоог хангахад хөшүүрэг болох учиртай.
Өмнө нь Дэлгэрцогт сумын багийн Иргэдийн нийтийн хурал жилд 1-2 удаа л болдог байсан нь ОНХС, сум орон нутгийн хөгжлийн талаарх иргэдийн мэдлэг бага байсантай холбоотой гэнэ. Харин одоо дээрх хурлыг жилд дөрвөн удаа зохион байгуулдаг болж, ОНХС бусад (сум хөгжүүлэх сан) сангийн ажлын гүйцэтгэлийн тайланг танилцуулдаг болсон тухай Б.Иш- Ёндон хэлэв.

Тус байгууламжид усыг цэвэршүүлэн саарал ус гаргах гэнэ. Барилгын ажлыг Чехийн хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж буй. “Оюутолгой”-н цэвэрлэх байгууламжийг барьсан тус компани 60 жилийн баталгаа өгчээ.
БЭРХШЭЭЛ МУНДАХГҮЙ
Төсвийн тухай хууль хэрэгжсэнээс хойш Дэлгэрцогтын сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 2013, 2014 онд өсчээ. Өмнө нь дандаа хасагддаг байсан иргэдийн тоо ч бага зэрэг нэмэгдсэн гээд иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчныг бүрдүүлэхэд нөлөөлөх ОНХС-тай болсны үр дүн гарч эхэлж буй аж.
Ер нь энэ мэт эерэг үр дүн цөөнгүй гарч буйг Н.Загдхорол хэлэв. Тухайлбал, багийн хуралд суух иргэдийн оролцоо сайжирчээ. Худгаа засаад авах гэсэн хүсэлтэй малчид гэхэд лобби бүлэг байгуулах нь энүүхэнд гэнэ. Гэхдээ учир дутагдалтай зүйлс анзаарагддагийг тэрбээр ярив. Тэд аль нэг төсөлд “автоматаар” мөнгө хуваарилдаг гэнэ.
Н.Загдхорол “15 сая төгрөгөөр гүйцэтгэх ажилд 50 сая төгрөг баталж байгаа юм уу, 100 сая төгрөгөөр хийх төсөлд 50 саяыг баталж байгаа юм уу, бүү мэд. Мэдээж тийм их зөрүү гарахгүй ч өмнөх онд ийм зүйл болсон. Нэг төсөлд найман сая төгрөг баталчихсан. Харин зураг төслийг нь хийлгэтэл мөнгө нь дутчихдаг. Тэгээд л нэг жилээр хойшилчихдог.
Төсөвгүй ажилд мөнгө хуваарилдаг нь бэрхшээлтэй” хэмээн өгүүлэв. Хөрөнгө хуваарилсны дараа “ахиу мөнгөний” бүтээн байгуулалтын ажлын тендер яам тамгын газарт “гацчихдаг” аж. Одоо бариад дуусаж байх ёстой барилгын тендер нь зарлагдаж, гүйцэтгэгч тодруулах гэсээр байтал он дамжих болчихдог гэсэн.
Харин дараа жил нь бараа материалын үнэ өсөж, мөнгө нь хүрэлцээгүй болдог гэж байлаа. Түүнчлэн ИТХ-ын 15 гишүүнд тэтгэврийн насны тав, мөн тооны малчин, гурван багийн дарга, иргэдийн хурлын нэг дарга багтдаг гэнэ. Залуусын оролцоо дутагдаж, зарим шийдвэрийг аль нэг лобби бүлгийн талд гаргачих гээд байдаг бэрхшээл тулгардаг юм байна.
Нам бус хүн ИТХ-д сонгогдох боломжгүй байгаа нь оролцооны эрхийг зөрчиж байгаа аж. Хэдийгээр иргэд ОНХС-гийн хөрөнгийг юунд зарцуулахаа шийдэх ч журмын дагуу зарцуулж болохгүй зүйлс бас бийг мэддэггүй нь анзаарагдаж байв. Дэлхийн банкны мэргэжилтнүүдэд хандан Дэлгэрцогт сумын дунд сургуулийн математикийн багш Ц.Янжинхорол “Сүүлийн 2-3 жилд сурагчдын тоо өсөж байгаа ч орон нутагт амьдрах нөхцөл, үйлчилгээ, ногоон байгууламж дутагдалтай байдаг болоод тэр үү, ерөнхийдөө буурах хандлагатай байгаа.
Тиймээс иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахын тулд үйлдвэрлэл, үйлчилгээ шаардлагатай. Дүрэмт хувцсаа авах боломжгүй, сайн сурдаг хүүхэд олон бий. Тэдгээрийг дэмжихэд анхаармаар байна” гэв. Мөн өөр нэгэн багш “Мэргэжилтэй залуу гэр бүлүүдийг дэмжих хэрэгтэй байгаа. Үйлдвэрлэл явуулъя гээд банкнаас зээл авах гэхэд барьцаа хөрөнгө шаарддаг” хэмээн ярилаа.
Өнгөрсөн жилүүдэд тулгамдаж буй асуудлуудаа иргэд өөрсдөө шийддэг болсон нь шинэчлэл гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Гуравхан жилийн нүүр үзэж буй энэ явцыг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөр дамжуулан дэмжих нь. Гагцхүү сумдууд хууль журмын дагуу хөрөнгөө зүй зохистой зарцуулан, ОНХС-гийн хөрөнгө дээр дахин урамшуулал авах боломжоо ашиглах л үлдлээ.
Шийдвэр гаргах эрх нь ИТХ биш иргэдэд бий. Өөрсдөө идэвхтэй байхгүй бол өмнөөс нь шийдчихнэ гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал гэдгийг “Тогтвортой амьжиргаа-3”-ын мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс ч тус төслийн гол амин сүнс нь иргэдийн оролцоо, дуу хоолой, хяналт аж. Тэгэхээр хөгжил иргэн хүний оролцооноос шалтгаалах нь.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Шалгуур давсан бүх сумдад урамшуулал олгох уу. Өмнөх жилд нь ОНХС-аар дамжуулан авсан мөнгөний хэдэн хувийг олгох вэ?
-25 хүртэлх гэж ярилцаж байгаа. Одоогоор тодорхой болоогүй байна. Есдүгээр сарын 17-нд “Тогтвортой амьжиргаа-3” төслийг албан ёсоор нээсний дараа хэрэгжүүлэх заавар, сонгон шалгаруулах баг, зөвлөх багийн удирдамж гээд бэлтгэл ажлуудыг хангана.
Үндсэндээ арваннэгдүгээр сараас дийлэнх зүйл тодорхой болно. Шалгуур хангасан сум бүр урамшуулал авах боломжтой. Шалгуурт байшин барьсан уу гэдэг нь тийм ч чухал биш. Харин иргэдийнхээ саналыг авч, тэднийг хэр өргөнөөр оролцуулсан, алслагдсан багийн иргэдийн саналыг хэр тусгасан зэргийг харгалзана.
Мөн ОНХС-аар дамжуулан авч буй хөрөнгийг зүй зохистой зарцуулсан уу, худалдан авалтын ажиллагаа хэр нээлттэй байсан, үүнд иргэд хэр хяналт тавьж, оролцоо нь хэр байв зэргийг чухалчилна. Иргэд өөрсдийн амьдарч буй орон нутагтаа хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт дуу хоолойгоо хүргэдэг болсон нь соёл юм.
Үнэлгээний баг сумдыг шалгуурын дагуу үнэлэн, дүгнэлтээ Сангийн яаманд хүргүүлнэ. Улмаар аль сумдад сайн засаглалын төлөөх урамшуулал олгохыг шийдэн, Монгол Улсын төсөвт суулгах юм.
-Төслийн санхүүжилтийг ямар нөхцөлөөр олгож байгаа вэ?
-Дэлхийн банкны санхүүжилт харьцангуй хөнгөлөлттэй, хугацаа нь 40 жил. Эхний 10 жилд төлөх шаардлагагүй тул энэ хугацаанд Монгол Улсын төсөвт ачаалал өгөхгүй. Засгийн газар төсвийн орлого, шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлээд явбал 11 дэх жилээсээ маш бага хүүтэй, 20 сая ам.доллар төлнө.
40 жилд 20 сая ам.доллар төлнө гэдэг нь өнөөдөр байхгүй хамгийн таатай нөхцөл юм л даа. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Чадавхийг бэхжүүлэх буюу сумдад болон үнэлгээ хийх аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулах зэрэгт 11 сая ам.доллар зарцуулна.
Үүнийг Швейцарийн хөгжлийн агентлаг буцалтгүй тусламж болгон өгөх юм. Хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг нь сайн засаглалын төлөөх урамшуулалд зарцуулагдана. Шалгуур хангасан сумдад урамшуулал олгоход 20 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөг олгоно.
-“Тогтвортой амьжиргаа” төслийн нэг, хоёрдугаар үе шатыг 62.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Үр дүн нь хэр байсан гэж үзэж байна вэ?
-“Тогтвортой амьжиргаа-2” төслийн гол зорилго биелсэн гэж үзэж байгаа. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл үргэлжлэн хэрэгжиж байгаа нь үүний илрэл. Өнгөрсөн хугацаанд төслийн сонгон шалгаруулалт, түүний хяналт, сум, орон нутгийн хөгжлийн асуудал гэж юу юм бэ гэдгийг мэддэг боловсон хүчнийг 330 суманд бэлтгэсэн.
Төслийн гурав дахь шат 2018 онд хэрэгжиж дуусахад сум, орон нутаг өөрийн гэсэн хөгжлийн модельтэй болох болов уу. Үүнд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болж түүнийг зарцуулахад иргэд нь өөрсдөө оролцож, хяналт тавьдаг хөгжлийн бүтэцтэй болох юм.
-Төслийн хүрээнд сургалтууд зохион байгуулна гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-ОНХС-гийн хөрөнгийн зарцуулалтыг хэрхэн бүртгэх, яаж аудит хийх, хэрэгжүүлсэн төслүүдэд иргэдийн оролцоотой хяналт тавих зэрэг асуудалд чиглэсэн сургалтуудыг аймгууд дахь Сумдыг дэмжих багт зохион байгуулна. Сумдыг дэмжих баг нь хариуцсан сумдууддаа хүрч ажиллах юм.
Ц.БОЛОРМАА