ЗУД БА ЗАСГИЙН ГАЗАР
2016 оны зургадугаар сард сонгууль болно, энэ бол нэг л шалгалт. Мичин жил өвөлдөө зудтай, зундаа үертэй байж тун мэдэх тул АН-аар удирдуулсан Засгийн газар ямар ч “арын хаалгагүй” байгалийн шалгалттай тулна. Байгалийн үзэгдэл улс төрийн сонгуулиас хамаагүй бодитой дүн тавина.
Ган, зуд, үер мэт нь хүний оролцоогүйгээр нүүрлэх атлаа хүний хүч, хөдөлмөрийн жинхэнэ сорил болдог билээ. Байгаль гэдэг үүгээрээ өршөөлгүй, харгис. Улстөрчид яаж ийгээд сонгуульдаа бэлтгэж л таарна. Дүнг нь өөрчлөн засаж чадна. Харин байгалийн гамшгаас болж хохирвол тэд яаж ч чадахгүй.
Эрх баригч АН-ын Засгийн газар ирэх өвөлд бэлэн үү? Ургацын 70-80 хувийг алдлаа гэх өнөөгийн түгшүүр хийсээд ирчихсэн хэрэг биш. Төвийн нутгаар ган болох талаар зургадугаар сар гармагц Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ХХАА-н сайд Р.Бурмаад анхааруулжээ.
Өдийд ажлын голыг нугалсан байх учиртай Шадар сайд нь хаана явна? Гантай зуны дараах хахир өвлийг угтах гэж байгаа Засгийн газар сайд нарын танхимынхаа тэн хагасыг томилж чадахгүй улс төрийн гацаанд орчихоод байгаа нь ирэх өвөл байгалийн биш гэхэд хариуцлагагүйн зуданд нэрвүүлэхийн цондон мэт санагдана.
Чиглүүлэх, зохион байгуулах түм буман ажил хот, хөдөөгүй назгай. Иймээс л өвөлд бэлэн эсэхийг нь Засгийн газраас шаардаад байгаа хэрэг. Сүүлийн зуун жилийн турш манай дэлхий дунджаар нэг арай хүрэхгүй хэмээр дулаарсан бол энэ үзүүлэлт Төв Азийн өндөрлөгт орших Монголд хоёр дахин их тэмдэглэгдэх болсныг цаг уурчид мэдээлж байна.
Энэ шалтгаанаар байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж олширч, эрч нь ч нэлээд ширүүсэх хандлага ажиглагдаж буй аж. Зуны эхэн сард үүл задарч, баруун эсвэл зүүн зүгт сарнин нүүдэллэж байсны улмаас хэдэн жилийн турш сайхан зуссан төвийн нутгаар энэ жил анх удаа ганд нэрвэгдэж орхив.
Үүнээс үүдэн Монголын талх, гурил, хадлан тэжээлийн гол үүц-Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хэнтий, Төв аймаг хатлаа. Тэр дундаа улсын нийт мал сүргийн 40 орчим хувь буюу 18.7 сая толгой нь байх Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Орхон аймагт хүнд өвөл болох төлөвтэй байгааг ХХААЯ-наас мэдээлэв.
Хөдөөгүүр ажил ундарч байна. Малчид ойн цоорхой, гуу жалгын өвсийг үлдээлгүй хадав. Өвөлжөө, бууцанд ургасан халгай, царван, шарилжийг ч хамж байна. Аль болох малаа заазлахыг ХХААЯ сануулж буй боловч талаар нэг тарсан малчид яах учраа олохгүй байна. Хэдэн малаа зуданд барахаас урьтан мөнгө болгочих хүсэл айл болгонд адилхан боловч үнэ ханш өмнөх жилүүдийнхээс бараг 50 хувь буурчээ.
Ченжүүд малыг нэг, хоёроор сорчлохоос биш, бөөнөөр нь авахгүй. Саяд дөхүүлж өгдөг байсан том үхрээ 500 мянган төгрөгөөр арилжих зориг малчдад одоогоор алга. Намар эрт, хараахан зудын аюул амсаагүй байгаа болохоор малчид харзнах нь ч аргагүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 66.4 сая толгой мал тоолоод байгаа бөгөөд 10 шахам саяыг идшинд хэрэглэж, тодорхой хэсгийг нь экспортод гаргаж, 54 сая толгой малтай өвөлжих төлөвлөгөөг Засгийн газар гаргажээ.
Мал төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн үзэл санаагаар зуднаас урьтан малчдын зарах, нядлах гэж байгаа мал бүрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ялангуяа экспортлох боломжийг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар яаравчлах хэрэгтэй болж байна. Тухайлбал, БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр авч буй, нэг бүр нь 55-60 сая төгрөгийн үнэтэй 3200 трактор болон хадлангийн зориулалттай багажийг махаар солих боломжийг энэ намар заавал ашиглах шаардлагатай.
ХХААЯ 30 хувьтай үлдсэн өвс, тэжээлийн нөөцийг 100 хувь болгохоо амалсан боловч үүнийг хадлангаар бүрдүүлэх нь мэдээж бүтэшгүй үлгэр. Тиймээс үйлдвэрийн болон бусад тэжээлээ ахиу базаахаас өөр аргагүй. Үүнд цэргийн албан хаагчид, оюутнуудын хүчийг дайчлах ажил зохион байгуулж болмоор.
Энэ мэт Засгийн газрыг харсан, хүлээсэн ажлууд зудны өмнө назгайрсаар. АН сонгуулиар бус зуднаар сөхөрч мэдэх нь байна шүү.
ГАН БА “РИВЕР ГАРДЕН”
Өнгөрсөн зун хоёрхон өдөр дараалан бороо орсон бол үер бууж, Улаанбаатар тэр чигээрээ урсах байсан. Үер биш ган болсонд Туул голын далан дотор төвхнөсөн “Ривер гарден” хотхоны оршин суугчид төдийгүй нийслэл даяараа баярлалаа. Улаанбаатар хот сүүлийн 100 жилийнхээ түүхэнд хоёр удаа аймшигт үерт нэрвэгджээ.
Энэ нь 1915, 1966 оны зун тохиосон гамшиг байлаа. Эхнийхээсээ 51 жилийн зайтай буусан их үерээс хойш 49 жил өнгөрч байна. Үер ойролцоогоор 50 орчим жилд нэг удаа давтагддаг байгалийн үзэгдэл гэлцдэг. Тэгэхээр үер эргэх он тоолол 2015 оны зунаас эхэлжээ хэмээн таамаглахад хүргээд байгаа юм.
Юутай ч энэ зун 1966 оны наадмаар Улаанбаатарыг нэрвэсэн шиг аймшигт үер буусангүй нь аз гэхээс өөр юу гэх билээ. Гэхдээ долдугаар сарын 20-нд өдөрт 15-хан минут цутгасан аадрын дараа нийслэлийн төв гудамжуудад ус хэрхэн юүлснийг бид харсан. Автомашины хамар давах шахан оргилох их усны өмнө өмдөө шуусан зорчигчид аргагүй л хүчгүйдэж байлаа.
Энэ бол ердөө л байгалийн дохио санамж юм. Сая гаруй хүнтэй бүхэл бүтэн нийслэлд маань зам, талбайн ус зайлуулах хоолой байхгүйтэй адил. Үер буувал далангаа “Ривер гарден”-д сэтлүүлсэн Туулын хойд эргээс Төрийн ордон хүртэлх газар нутаг тэр чигээрээ усан далайд живнэ. Дахиад олон зун ирнэ. Ирэх зун, эсвэл түүний дараах зун Туул үерлэвэл яах вэ.
Туулын эргийн далан доторх орон сууцны хорооллууд сүйднэ шүү гэж Улаанбаатар хотын даргаас авахуулаад цаг уурчид, ус судлаачид, инженерүүд гээд албаныхан ам нэгтэй сануулсан нэгэн зун өнгөрлөө. Тэнгэр ивээж, хороолол хорооллоор нь нүүлгэн шилжүүлэх хэмжээний гамшиг болсонгүй. Гэвч амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлын тухай зуны эхэнд хий баахан ярьцгаагаад, намар болмогц “Сүх далайтал үхэр амар” гэгчээр мартсаар л байх уу.
Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваа “Үер буувал хамгийн түрүүнд Туул голын үерийн далан доторх “Ривер гарден” хотхон усанд автаад зогсохгүй, хотын төв хүртэлх бусад байгууламж, хүн амд ч гай болох дүр зураг харагдаж байгаа юм” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Туул голын усны түвшин багасаагүй юм шүү. 1966 оны үер дахих мэдээлэл бий. Тэр үед секундэд 80 шоо метр ус урсаж байсан гэхээр 80 тонн усаар цохисон гэсэн үг. Үүнд хэр баргийн байшин тэсэхгүй. Шинжлэх ухааны үндэслэлээр барьж байгуулсан үерийн далан дотор, жишээ нь, “Ривер гарден” хотхонд хүмүүс амьдарч байна” хэмээн анхааруулсан нэгэн зун өнгөрлөө. Харин ирэх зун яах бол?
Б.ЭНХЦЭЦЭГ