Монголчууд бид өөрсдийгөө дэлхийн заяатай, босоо хийморьтой улс гэж их ярьж, бичдэг. Дэлхийд ганцхан хөх толбот үндэстэн, ертөнцийг эзэлж явлаа хэмээн бахархан сайрхдаг ч даяарчлагдаж буй өнөө цагт бидний орон зай, үүрэг гэж юу сан билээ? Монголоос шалтгаалж, Улаанбаатарт л шийддэг нэн тэргүүний асуудал гэж бий юү? Олон улсын түвшинд тодорч томроод, алс холын Африкт ч нэрийг нь мэддэг монгол хүн хэн байна? Үнэндээ эзэн Чингис хаанаас өөр монгол хүнийг хаана ч, хэн ч мэдэхгүй.
Саяхан Өмнөд Солонгосын нэгэн багштай уулзан ярилцлаа. Тэр багш “Монголчууд XXI зууны Чингис хааныг төрүүлэх хэрэгтэй. Нэг л суут хүн төрөхөд монголчууд асуудалгүй болно” гэж ярьж байна. ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновоос ч ярилцлага авахад “Монгол Чингис хаан шиг хүчтэй лидертэй байх хэрэгтэй” гэв.
Наймдугаар сард Оросын “Секрет” сэтгүүлд манай улсын тухай нийтэлж, сэтгүүлч нь “Монголд онцгой сайн бизнесмэн байдаггүй. Стандарт бус шийдвэр гаргадаг лидер Монголд төрөхгүй бол энэ улс хөгжихгүй” хэмээн бичсэн. Үнэхээр л тийм. Дэлхийд нэрээ цуурайтуулсан монгол улстөрч, бизнесмэн, дуучин, жүжигчин, тамирчин алга.
Цаашдаа ч дэлхийд тодорсон “монгол од” төрж гарах магадлал тун бага. Яагаад вэ? Үүнд, монголчуудын ухамсарт нэвт гүнзгий шингэсэн дов жалганы үзэл саад болж байна. Урьд өмнө нь “Тамын тогооны үлгэр” ярьж, манайхан нэгнийгээ тамын тогооноос гарах гэхээр нь доош татчихдаг гэдэг байв. Харин одоо тамын тогооноос бүр гаргаад мандуулаад байхад л жалгандаа буцаж ирээд шигдчихдэг монголчууд олширчээ.
Энэ нь “сумандаа л атаман” байх гэсэн явуургүй зан аашаас нь л болж байгаа юм. Хэл устай, өндөр мэдлэг боловсролтой хүн олон байгаа ч энэ монгол зангаасаа болоод жалган дотроо л “жаргаж”, довон дээрээ л насыг элээх гэнэ. 300-хан мянган хүнтэй Халимагаас төрөн гарсан Кирсан Илюмжиновыг гэхэд л хаана ч явсан Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, Оросын тэрбумтан хэмээн дэлхий хүндэлж байна.
Гэтэл манайхан яасан бэ? Гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгуульд ялагдлаа. Ямар насаараа Ерөнхийлөгч байх ч биш, угаасаа Монголын бүх өндөрлөгт албан тушаал хашиж, түүхэнд нэрээ үлдээсэн хүн. Улс төрөөс намбатай гэгч нь зодог тайлаад, ёстой л нөгөө НҮБ, ЮНЕСКО-д нь алба хаших уу, Бээжин, Москвад эрдмийн ажил хийх үү, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер шиг дэлхийн энхийн элч болох уу, Тони Блейр шиг сан байгуулах уу гээд л олон салаа замаас шилж сонгох байлаа.
Англи, орос хэлтэй, дипломатч, эрдэмтэн, орчуулагч гээд бүх шид нь бүрдсэн хүн сэн. “Монголын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Өмнөд Судан улсын иргэний дайныг зогсоолоо” гэсэн мэдээ дэлхий даяар цацагдахад монгол хүн олимпийн аварга болсноос л илүү алдар хүндийн эзэн болох сон. Гэтэл манай ерөнхийлөгч асан дов жалгатайгаа зууралдаад байна.
Кирсан Илюмжинов “Би одоо Халимагт ямар ч ажил эрхэлдэггүй. Халимагийн анхны бөгөөд эцсийн Ерөнхийлөгч гэж түүхэнд үлдсэнээрээ бахархдаг” гэж хэлсэн. Энэ хоёр хүн ямар их ялгаатай байгааг анзаарч байгаа биз. Кирсан өөрөө дэлхийд гарч, халимаг залууст байраа тавьж өгөөд нэг ёсны боломж олгож, тусалж дэмжиж байна.
Харин манай гурав дахь Ерөнхийлөгч тэтгэврийн хөгшдийг цуглуулж, жагсаал хийлээ, орон сууцны ганц орцны хэргээр орон шоронд орлоо, өлсгөлөн зарлалаа, салаавч үзүүллээ. Оймстойгоо баривчлагдаад явж буй тэр ганц дүрс л Монголыг жижигхэн орон, цаашдаа ч ийм хэвээр байна гэдгийг дэлхий дахинд батлан харуулаад авсан. Н.Энхбаярын жалгандаа ирсэн шалтгаан нь ердөө л өс хонзон, эрх мэдлээ алдсан уур хилэн, өөр юу ч байж мэднэ.
Гэтэл багийн спортыг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өглөө, олимп, дэлхийн медальтнуудад сар бүр цалин олгоно, твиттерээр жиргэсэн УИХ-ын гишүүнээ “Гүлдийчээд” хэмээн загналаа л гэнэ. Багийн спорт хөгжинө үү, шатар даам сөнөнө үү Төрийн тэргүүнд ямар хамаа байх билээ. Спорт хариуцсан яам, Биеийн тамирын газрууд ажиллаж байна.
Эсвэл тэдний ажлыг булааж хийх гээд байна уу. Хийх ажил зөндөө. Улс орны өр шир нэмэгдэж, ард түмний амьдрал доройтсоор байна. УИХ-ын дарга нь захын хэрүүлч авгай шиг нэгэн телевизийн хамт олныг улс орон даяар архичин хэмээн цоллож, даргыг нь занаж байгааг харахад ёстой л жинхэнэ монгол улстөрч гэхээс өөр юу гэх билээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Чингис хаан” нисэх буудлын дарга нарыг сурталчилгааны ном хийж зарсны төлөө “Энэ ном 160 мянга хүрэх үү” гээд телевизээр загнаж байх жишээтэй. Загнаж болно, заавал тэрийгээ олон нийтэд цацах хэрэгтэй юу. Том албан тушаалтай хүн том л баймаар байна. Төрийн өндөрлөгүүд нь ийм байхад ард түмэндээ “76 мангуу” хэмээн алдаршсан эрхэм гишүүдийн талаар юу хэлэх вэ.
Тэд дэлхийд гарах нь битгий хэл, Улаанбаатарт ч орон зайгүй юм болов уу гэж заримдаа санагдах. Юм л бол аймаг, сумандаа очиж, наадам хэсэн, ганган дээл намируулж, үнэтэй хөөрөг, даалин гайхуулж, хурдан морь, бөх ярьж явах аж. Монгол үндэсний зан заншлыг сурталчилж явна уу, дээл, малгайны загвар үзүүлж байна уу, морь малын наймаачин уу гэдэг нь ялгагдахгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө аймаг, сум, жалга довны үзлийг өдөөн хатгагч, улс орны хөгжлийг ухраан бусниулагч болж хувираад байна.
Дэлхийд гарсан монгол бизнесмэн ч алга. Манай компанийн захирлуудыг том машин унаж, авгай хүүхдээ арьс үс, алт мөнгөөр чимж, булга, минжээр гангалсныг ажваас амжилттай яваа том бизнесмэний төрхтэй. Гэвч гадаадад хөрөнгө оруулан үйлдвэр, уурхай байгуулж, дэлгүүр ресторан нээсэн нь тун цөөхөн. Авьяас чадвар нь дутдаг юм уу, танил талгүй болохоор ажил хэрэг нь бүтдэггүй юм уу.
Хөрөнгө босгож, мөнгө оруулж ирдэг, олон нийтийн хувьцаат компани байгуулан, ашгаа хуваарилдаг бизнесийн тоглоомын дүрэм манайханд таарахгүй байгаа бололтой. Орлогоосоо эмнэлэг, сургууль барих замаар нийгэмд буцаан өгдөг хариуцлагын зарчмыг бүр төсөөлөхгүй биз. Дэлхийн жишгээр бол хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжиж, нээлттэй компани болбол сая тэр амжилттай яваа компани гэдэг дүрэмтэй.
Тэгвэл манай улсад гэр бүлийн бизнесээс цааш сэтгэж, том талбар дээр тоглохыг хүсдэггүй. Мэдээж тэр чинээгээрээ компани томрох ирээдүйгүй гэсэн үг. Дэлхийн нэрт бизнесмэнүүдийн намтрыг харахад ямар нэг шинэ зүйл сэдэж, санаачлан алдрын оргилд хүрсэн байх юм. Харин манайхны намтар хоорондоо дэндүү ижилхэн. Ганзагын наймаагаар гараагаа эхэлж, хувьчлалаар хэдэн юм цохиод, уул уурхай, ноос ноолуураар дээшээ гарчээ.
Шинэ юм сэдэх нь битгий хэл, харин хэн нэгнийхээ амжилтад хүрсэн салбар луу хүч түрэн дайрч, угаасаа жаахан орлогыг нь хуваагаад дампууруулчихдаг. Зах ажиллуулж, лангуу түрээслүүлж байснаа нэг нь ноолуураар мөнгө олоод ирэнгүүт тийш ухасхийж, уул уурхайн салбарын орлого ихийг харангуутаа ноолуураа хаяад уурхай руу зүтгэнэ. Зүгээр нэг зүтгээд, өрсөлдөх биш, харин танил талаа ашиглан нөгөө компаниа дампууруулах гэж хичээнэ.
Ийм бизнесмэнүүд дэлхийд гарах нь юу л бол. Урлаг спорт, шинжлэх ухаан, уран зохиол аль ч салбарт дэлхийн дэвжээнд даналзах хүн бас л алга. Дуурийн одод маань тэмцээн уралдаанд түрүүлэвч эргээд л ирнэ. Зүй нь дэлхийн алдартай театрт ажиллаж, уран бүтээлээ туурвиж байж гэмээнэ дэлхий мэддэг болох бус уу. Дуучин Б.Амархүү ОХУ-д алдартай, Алла Пугачева, Йосиф Кобзон нартай танил гэж ярьдаг байлаа.
Олон сая хүнтэй хойд хөршийн шоу ертөнцөд байр суурьтай болж, алдарших зам түүнд олдсон. Оросыг эзлээд, Европыг дайлж, цаашаа Америк хүртэл явах ёстой байв. Үүний тулд маш их хөдөлмөрлөж, олон уран бүтээл хийх шаардлагатай. Гэвч буцаад л ирлээ. Яах гэж? Сумандаа атаман байх гэж. Хаа хол зүтгэж явснаас өөрийг нь бүгд таньдаг Монголдоо ирээд телевизийн дууны тэмцээнд оролцож буй хүүхэд, залуусыг шүүмжлээд суух нь амар байсан биз.
Спортынхон ч ялгаа алга. Зодог тайлаад л тухайн спортынхоо холбоонд шигдэх нь эцсийн цэг болж. Зодог тайлж буй нь олон болохоор албан тушаал хүрэлцэхгүй, булаацалдана. Угтаа бол ОУОХ, Азийн олимпын зөвлөлийн тамирчдын хороонд ажиллаж, сургуульд сурах олон боломж бий ч ашигласан тамирчин байхгүй. Гуравхан сая монголчууд олимпын аваргатай болно гэдэг гайхамшиг гэж ярьдаг ч үнэндээ гайхамшиг гэх зүйл огт үгүй.
Манайхтай ижил тооны хүнтэй Уругвай улс хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг хоёр удаа авч, адилхан гурван сая хүн амтай Ямайка олимпоос 67 медаль хүртэж байна. Ганцхан Усейн Болт гэхэд л өнгөрсөн долоо хоногт олимпоос арав дахь алтан медалиа зүүлээ. Энэ бүхнийг цэгцэлж, улс орон даяараа том сэтгэдэг болохын тулд Монголд лидер хэрэгтэй. Тэгвэл лидер гэж хэн юм бэ? Гурван сая монголчуудыг суулгасан хөлөг онгоц хөлгүй далайд хөвж байна гэж төсөөлөхөд биднийг зөв залаад явчих ахмад алга.
Үнэндээ хөгжил гэдэг нэг хүчтэй удирдагчийн шийдвэр, алсын хараа, ажлын үр дүн байдаг. Сингапурын Ли Куан Юү, Өмнөд Солонгосын Пак Чон Хи Ерөнхийлөгч нарыг хараад байхад төрийн тогтолцоогоо шинэчлэн, улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргажээ. Өөрөөр хэлбэл, хэнээс ч айлгүй, алсыг харан шийдвэрээ гаргаж байсан гэсэн үг. Ийм лидер Монгол Улсад үгүйлэгдэж байна.
Агуу удирдагч хүн яаж төрдөг юм бэ? Дунд сургуульд ангийн дарга томилохдоо зүгээр л онц сурдгийг нь тавьчихдаг багш нар байдаг. Угтаа тэр хүүхэд хичээлдээ сайн байж болох ч сурагчдыг удирдаад явах чадваргүй байж болно. Толгой сайтай, мэдлэгтэй хүн гээд заавал удирдагч болдоггүй. Улс орноо аваад явчих удирдагчтай болох сон. Болдогсон бол Богд, Далай ламын хойд дүр шиг тодруулаад залчих юмсан даа.
М.СУГАР-ЭРДЭНЭ