Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнгөрсөн наймдугаар сарын 11-ний УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийн 4.1.7, 9.1.7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан. Олон нийтээс сайшаал, шүүмжлэл зэрэг хүртээд буй тус хуулийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүү өчигдөр мэдээлэл өгөв. Өршөөл үзүүлэх тухай хуулийн ажлын хэсгийн комисс өчигдөр хуралдан хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэхээр хуулийн байгууллагуудад чиглэл өгч ажиллахаар болсон байна. Тэрбээр “Захиргааны журмаар тээврийн хэрэгсэл барих эрхээ хасуулсан 82 мянга орчим хүнд Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх ёстой. Тиймээс маргааш (өнөөдөр) хуулийн үйлчлэлийг эхлүүлнэ. Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял эдэлж байгаа 730, дээр нь нэмээд хоёр жилийн хорих ял хасагдсан 970 нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм. Мөн 770 орчим хүн хорих ялнаасаа хоёр жил хасуулж, үлдсэнг нь үргэлжүүлэн эдэлнэ. Харин хуулийн хориглосон заалтаар ял эдэлж байгаа 4200 орчим хүнд энэ хууль үйлчлэхгүй” гэв. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд тус бүртээ бэлтгэл ажлаа хангаж дууссан аж. Энэ үеэр Г.Туулхүү даргаас зарим зүйлийг тодруулав.
-Ял эдэлж байгаа хүмүүсийг суллахад зарцуулах зардал тодорхой болсон уу?
-Хэдэн хүн суллагдах нь одоогоор тодорхой биш байгаа учраас хэлэх боломжгүй. Гэхдээ УИХ хоригийг хэлэлцсэний дараа ял эдэлж байгаа хүмүүсийг суллан гаргах зардлыг ажлын хэсэг хэлэлцээд хууль зүйн сайдад өргөн барилаа. Өршөөлд хамрагдвал орон нутагт нь хэрхэн хүргэж өгөх талаар ажлын хэсгийнхэн ярилцаж шийдсэн. Үүнийгээ Засгийн газрын ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон.
-Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэрэгтэй хүмүүсийг өршөөлд хамруулахаас татгалзан хориг тавьсан. Ингэснээр хэдэн хүн өршөөлд хамрагдах боломжгүй болох вэ?
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авбал 161 хүн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй үлдэнэ. Өөрөөр хэлбэл, албан тушаал, авлига, хээл хахууль зэрэг найман зүйл ангиар ял шийтгүүлсэн хүмүүст энэ хууль хамаарахгүй. “Тэнсэнгийн ялтай гээд хилээр гаргаагүйгээс болж сургуульдаа явж чадахгүй байна” гэсэн гомдол ирсэн. Ерөнхийлөгчийн хоригт ороогүй зүйл заалтууд хэлэлцэгдээд хэрэгжээд явах ёстой. Тус хуулийн 10.5-д энэ хуулийн зургадугаар зүйлд заасан өршөөл үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээ хийнэ гэсэн байгаа. Тэр зургадугаар зүйл нь тэнсэн харгалзсан хүн, бага насны хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийн ял эдлээгүй үлдсэн хугацааг өршөөлд хамруулаад явах юм. Өршөөл үзүүлэх тухай хууль нь хүчин төгөлдөр болсон.
-Тэгэхээр маргааш (өнөөдөр)-наас эхлээд тус хуулийг хэрэгжүүлнэ гэсэн үг үү?
-Тийм. Бэлтгэл ажил хангагдсан. Тэнсэн харгалзах ялтай хүмүүс харьяа дүүргийнхээ цагдаагийн газарт очин, хувийн хэрэгтээ тэмдэглэл хийлгэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж болно.
Ч.Болор