Мэргэжлийн урлагийн байгууллагын маркетингийн албанынхан эх орондоо зочилсон жуулчдаас эхлээд нутгийн үзэгчдээ танхимдаа “уяж” уран бүтээлээ хүргэхээр тун ч завгүй ажилладаг. Мэдээлэл, сурталчилгаа хүргэж “бүтээгдэхүүнээ” олон хүнд хүргэхээр тэмүүлж байгаа нь сайн ч ирээдүйн үзэгчдээ бэлтгэх талдаа тун ч тааруу ажилладаг нь маргаангүй үнэн.
Хүүхдэд зориулсан үзвэрийн газар нь Хүүхэлдэйн театр болон хэдэн кино театраар хязгаарлагдана. Хүүхэлдэйн кино жүжиг болон хүүхдэд зориулсан, тэднийг хөгжүүлж, урлагт дурлуулах “шидтэй” бүтээл тун ховор байдаг болохоор ихэвчлэн хошин шоу тоглолт, Монголын уран сайхны кино үзэхдээ хүүхдүүдээ дагуулах боломжтой.
Ядмагхан сонголттой нь энэ л дээ. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармонид болж байгаа зарим тоглолтыг хүүхэдтэйгээ үзэхийг хүсэвч хоёр цаг гаруй томоотой сууж тоглолт үзэх жаал ховор. Өнгөрсөн жил хүүхдийн урлагийн боловсролд зориулсан гурван ч цуврал тоглолтыг нэгэн төрийн бус байгууллага хийснийг санаж байна.
Хүүхдүүдэд симфони үлгэр сонсгож, циркийн урлагийг танилцуулахын тулд тухайн байгууллага үнэгүй автобусаар үйлчилж, уран бүтээлчдийг ажиллуулж, техник тоног төхөөрөмж хөлсөлсөн ч алдагдал хүлээж хоцорсон.
Өнгө алагласан сурталчилгаа өдөр, шөнөгүй цацаж, маркетингийн зардалдаа гар татаагүй нэг нь ашиг олохоос биш хүүхдэд зориулсан уран бүтээл ашиг олдоггүй нь энэ мэт жишээгээр нотлогдоно. Тиймээс энэ салбарт гарцаагүй төрийн дэмжлэг үгүйлэгддэг. Өнөөгийн залуус буюу 20-40 насныхны бага нас 1980-2000-аад онд өнгөрсөн байх.
Тэдний зарим нь багадаа анги хамт олноороо хэрхэн үзвэр үздэг байснаа дурсдаг бол нөгөө хэсэг нь өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүдэд бага насаа үдсэн болохоор тэр тухай бодох ч сэхээгүй байсан гэдэг. Ийм нэгэн ан цавын нөлөөгөөр, залгамж халаагаа бэлтгэх, ирээдүйн үзэгчдийн боловсролыг нэмэгдүүлэх ажил ард хоцорчээ.
Барууны орнууд болон ОХУ-д суралцаж байсан урлагийнхан амьдарч байсан хотод нь сонгодог хөгжмийн тоглолт байнга болсон ч үзэгч дүүрэн байдаг тухай ярьдаг.
Орчин, нөхцөл, нийгмийн хандлага нь тэр чигээрээ ирээдүйн үзэгчдээ бэлтгэж, тэднийг боловсруулж байдаг болохоор тэр. Хэдэн жилийн өмнө “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас урлагийн боловсролын талаар судалгаа явуулахад багш сурган хүмүүжүүлэгчид бүх нийтийн урлагийн боловсролыг тасралтгүй эргэх холбоонд байлгах нь нэн чухал болохыг санал нэгтэй өгүүлсэн байдаг.
Дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг тавдугаар ангиас хойш үздэггүй нь мөн нэг алдаа болж буй. Урлагийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн, олон төрлийн сонголттой болгох нь зүй гэж үзсэн байдаг. Ерөнхий боловсролд соёл урлаг гойд байр суурь эзэлж чадахгүй байгааг урлагийн салбарынхан ч шүүмжилдэг. Урлаг нь хүний дотоод мэдрэмж сэтгэлгээг илүү түлхүү хөгжүүлдэг.
Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Бага балчиртаа сонгодог хөгжим сонсож өссөн хүүхдүүдийн авьяас илүү олон талтайгаар хөгжиж, бие хүний хувьд зөв төлөвшдөгийг ч судалгаагаар нотолсон байна. Мөн урлагийн боловсролтой хүүхдүүд багийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, шинэ арга зам олох чадвартай болдог байна.
Өнгөрсөн зун гавьяат жүжигчин Э.Амарт үвшин BBC-ээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуулаачдын “Cardiff singer of the World” наадмаас үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэ шагналын үнэ цэнэ нэлээд өндөр бөгөөд энэ нь үзэгчид хамгийн том шүүгчид байдгийг харуулж буй. Хэрэв БСШУЯ, мэргэжлийн урлагийн байгууллагууд болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд илүү алсын хараатай байвал 20 жилийн дараах үзэгчээ өнөөдрөөс бэлдэх хэрэгтэй.
Хөтөлбөрийнхөө тодорхой хэсгийг хүүхдэд зориулж, ашиг олохоо илүүд үзэх бус, боловсрол олгохыг чухалчлах учиртай. Түүнчлэн өнөөгийн үзэгчдэд үзвэр нь гологдох болсноор “хайран мөнгө”, “шал дэмий мөнгө үрлээ” гэсэн бодолтойгоор тоглолтын танхимаас гарч буй. Хошин шоу тоглолтыг урлагийнхан өөрсдөө шүүмжилж, дэмий зүйл гэх хэдий ч тэнд хоргодсон үзэгчдээ татах аргаа олдоггүй.
Харин хүсэлд нь нийцэх үзвэр хэтэрхий цөөн бөгөөд сайн тоглолтуудынх нь үнэ 100 ам.доллараар хэмжигдэн тэнгэрт хадаад байна. Өдгөө үзвэрийн газруудын цаг битүү, сурталчилгааны самбаруудыг санал болгож буй тоглолтуудын зар дүүргэж буй.
Гэтэл эдгээрийн ихэнх нь өмнөхөөсөө ялгаа бараг үгүй хошин шоу, нийтийн дуучдын тоглолт, богино хугацаанд “халтуурдсан” кинонууд л байгаа. Мэдээж цөөн ч гэсэн чанартай уран бүтээл төрж буй. Тэдгээрийг нийтийн хүртээл болгох суваг нь харин чамлагдахаар.
Тухайлбал, олон улсын кино наадмаас шагнал хүртээд ирсэн “Алсын удирдлага” кино хэдхэн өдөр кинотеатрт гараад буусан. Учир нь үзэгч цөөтэй киног өдөр бүр гаргах нь кинотеатрт ашиггүй байсан гэдэг. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 4358 тоглолт болж 1.603.300 үзэгчийн хүртээл болжээ. Тоглолтын 40 орчим хувь буюу 1715 нь Улаанбаатар хотод болжээ.
Нийслэлийн 586.600 хүн (давхардсан тоо) үзсэн гэвэл монголчууд урлагт дуртай, үзвэр үзэх хүсэлтэй аж. Гэсэн ч үүнээс илүү нарийвчлалтай үзэгчийн судалгаа улсын хэмжээнд бүр тодруулбал, БСШУЯ-нд байдаггүй юм билээ. Нэгэнт судалгаагүй учраас цаашид юунд, яаж анхаарлаа хандуулах бодлого ч гарахгүй.
Үзэгчдийг сурталчилгаагаар хуурч, татахыг хичээхийн оронд хойчийн үзэгчдийг бэлдэхийг санал болгоё. Тэд таны хажууд бий. Сургууль сургуулиараа, анги ангиараа та бүхнийг найр тавихыг хүлээж суугаа.
Ж.СОЛОНГО