Манай эдийн засагт “цус багадах эмгэг” илэрч эхэлсэн. Эдийн засгийн судсаар гүйх цус багасаж байгаа, дээр нь зүрх болсон арилжааны банкууд зээлээ хумьж буйгаас энэ эмгэг улам газар авлаа. Энэ хэвээрээ удаан байвал эдийн засгийн эд эрхтэнд цус сэлбэхээ байж, өвчин улам архагших аюултайг “эмч нар” сануулж буй юм. Цус сэлбэх хоёр л арга бий.
Нэг нь банкны салбар, нөгөө нь хөрөнгийн зах зээл. Энэ оны хоёрдугаар улирлын банкуудын өрсөлдөөний тойм судалгаанаас харахад нийт активынх нь 53 хувийг бүрдүүлж байгаа зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс гурав, өмнөх улирлаас 2.7 хувиар буурчээ.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд мөнгө нийлүүлж буй цоргоныхоо амсрыг хумьж эхэлсэн. Нийт зээлийн хэмжээ өнгөрсөн улиралд 12 их наяд төгрөг байсан бол одоо 11.6 их наяд болж, 400 тэрбум төгрөгөөр багасчээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зээлийн хэмжээ улиралд дунджаар ес орчим хувиар өсөж байсан бол өнгөрсөн оны эцсээс эхлэн багассан.
Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд -0.9, энэ оны эхэнд -1.9, эхний хагаст -2.7 хувиар буурчээ. Цус багадахын хэрээр бусад эрхтэн хүчилтөрөгчөөр дутагдаж эхэллээ. Хувийн хэвшлийн олон байгууллага хэзээ мөдгүй муужирч унах нь. Тэдэнд хүчилтөрөгч хэрэгтэй. Манай эдийн засгийн ганц түшиг уул уурхайн салбар гэхэд л бүхэлдээ шоконд орчихсон, барилгын салбар араас нь явахад бэлэн байгаа гэдгийг эдийн засагчид хэлдэг. Тухайлбал, барилгын салбарт ажил нь дуусаагүй барилгуудыг бүрэн ашиглалтад оруулахад нэг их наяд орчим төгрөг шаардлагатай гэсэн судалгаа бий. Олон компани мөнгөгүй болж, эхэлсэн ажлаа гүйцээж чадалгүй гацчихаад байна. Банкнаас зээл хүсээд үгүй гэсэн хариу сонссон зарим нь, дуусгаагүй барилгатайгаа хамт нурахад ойрхон байгаа Монголын барилгачдын холбооныхон хэлж буй. Ийм олон компанийн эзэн бизнесээ яаж аврах вэ гэж бодож буй болов уу.
2005 оноос хойш IPO хийсэн компаниуд (тэрбум төгрөгөөр)
Мөнгөний урсгалын нэг цорго нарийссан учир нөгөөг нь нээх хэрэгтэй байна. Арилжааны банк иргэдийн мөнгийг хадгалж, нөгөө талд мөнгө шаардлагатай байгаад нь зээлж, хөрөнгө оруулалт хийн, зуучлалын үүрэг хүлээдэг байгууллага. Тиймээс хадгаламж болон зээлийн эрсдэлийг үүрч байгаа юм. Энэ утгаараа зардал ихтэй.
Мөн эдийн засаг хүндэрсэн энэ үед эрсдэлээ бууруулахын тулд зээлээ хумьж байна. Харин хөрөнгийн зах зээлд ил тод, өсөх боломжтой төслүүд байвал хөрөнгө оруулагч дундын зуучлагчгүйгээр шууд мөнгөө хийдэг. Мөн хөрөнгө оруулагч эрсдэлээ өөрөө үүрдгээрээ онцлогтой. Хамгийн гол нь санхүүжилт шаардлагатай байгаа компани энэ зах зээлийн тоглоомын дүрмийг мэддэг, дагадаг л байх хэрэгтэй. Өмнө нь аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө босгож, бизнесээ өргөжүүлэх ганц л зам байлаа. Банкнаас зээл хүсээд бүтэхгүй бол хэцүүднэ.
Харин 2005 оноос хойш зарим компани хөрөнгө босгох шинэ жим гаргасан. Хамгийн анх “Монгол шилтгээн” олон нийтэд хувьцаагаа арилжиж, мөнгө босгосноос хойш 11 компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO хийсэн бол 10 компани нэмэлт хувьцаа гаргаж, жимийг нь улам тодруулсан. Мөн “Эрчим инженеринг” компани даатгуулсан бондоо арилжиж бас нэг салаа жим гаргав. Эдгээр компанийн босгосон нийт хөрөнгийн хэмжээ 30 тэрбумыг давжээ.
Энэ жим цаашид улам өргөсөж, хүн бүрийн мэддэг зам болох нь тодорхой гэдгийг зарим шинжээч хэлдэг. Монголд банкны салбар монополь болж, өрсөлдөөн байдаггүй учраас мөнгө дэндүү үнэтэй байна гэж эдийн засагчид үздэг. Үнэхээр Монголд шинэ бизнес босгох боломж муу байгаа. Тухайлбал, банкны зээлийн өндөр хүү, татвар, ажилчдын цалин болон бусад гээд тооцвол зардал нь 50 орчим хувьд хүрдэг.
Ийм хэмжээний зардалтай компани 60-70 хувийн ашигтай бизнес рүү орохгүй бол бойжиж чадахгүй. Мөн банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө шаарддаг гээд хүндрэл их. Харин хөрөнгийн зах зээлийн шаардлагыг хангаж чадвал хөрөнгө босгож болно. Өнгөрсөн сард манай улсад анх удаа компанийн даатгуулсан бондыг “Эрчим инженеринг” компани гаргалаа.
Монголын хөрөнгийн биржээс уг бондын нийлүүлэлтээс тав дахин их хэмжээний захиалга ирснийг мэдээлсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлд баталгаатай сайн бүтээгдэхүүн гаргаж чадвал эрэлт бийг харуулж байна гэж шинжээчид үзэж буй. Эрэлт байгааг нотлох жишээ олон. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасны жижиглэнгийн арилжаа хийдэг болсноор арилжааны дүн эрс өссөн. Хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэв.
Өнгөрсөн сарын 18-ны өдөр 10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны арилжаа хийхэд иргэн, аж ахуйн нэгжүүдээс 19.8 тэрбум төгрөг буюу нийлүүлэлтээс хоёр дахин давсан захиалга иржээ. Монголын хөрөнгийн биржийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал Ж.Мягмарсүрэн “Зарим компани энэ зах зээлээс мөнгө босгох боломжийг олж харсан. Удахгүй шинэ бүтээгдэхүүн гарна” гэв. Хэдийгээр эдийн засаг дахь мөнгөний хэмжээ багассан ч мөнгөтэй хүн, компани байна.
Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын байдлаар арилжааны банкууд дахь иргэний харилцах буюу хугацаагүй дансанд 1.2 их наяд төгрөг байгаа юм. Харин иргэн, аж ахуйн нэгжүүдийн нийт хадгаламжийн хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрчээ. Мөн даатгалын сангийн нөөц хөрөнгө 160 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүний 10 хувийг хөрөнгийн зах зээлд оруулах боломжтой аж.
Үүнээс гадна манай хөрөнгийн зах зээлийг гадаадын тоглогчид ч ажиглан, бага сага арилжаа хийж байгаа. Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн сард 37.1 тэрбум төгрөгийн арилжаа хийснээс гадаадын иргэн, аж ахуйн нэгж 470 орчим саяын хөрөнгө оруулсан аж. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд энэ зах зээлийн гол дүрэм болох нээлттэй, ил тод байж, төсөл нь өгөөжтэй гэдгээ баталж чадвал хөрөнгө оруулагч бэлэн байна.
Ж.Мягмарсүрэн “Эрчим бонд гаргаж 500 сая төгрөг босголоо. Цаашид энэ зах зээлээс тав, 10 бүү хэл 100 тэрбум төгрөг ч босгох боломж бий” гэлээ. Энэ зах зээлийн арилжааны дийлэнхийг мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангууд хийдэг. Тухайлбал, Лондон, Хонконг, Нью-Иорк зэрэг томоохон бирж хөрөнгө оруулалтын сангуудын хийдэг арилжааны дүн нь нийт арилжааны 70-80 хувьд хүрдэг гэдэг.
Манайд хөрөнгө оруулалтын сан байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Одоогоор зарим гурван аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрлөө санхүүгийн зохицуулах хорооноос аваад байгаа. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан хөрөнгө оруулалтын сан ажиллуулах боломж бага байгаа боловч байгуулагдчихвал хөрөнгө босгох бас нэг шинэ зам гарах юм.
Н.САНЖААСҮРЭН