Фэйсбүүк хэмээх цахим сүлжээ 2008 онд Монголд нэвтэрч, одоо хүүхэд залуусын өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг болжээ. Үүгээр дамжуулан бид удаан уулзаагүй ах дүү, найз нөхдөө олж, харилцаа холбоогоо сайжруулж, мэдээлэл солилцох болсон. Зарим залуус өмнө нь фэйсбүүкгүйгээр яаж амьдарч байснаа гайхаж, одоо түүнгүй бол хэцүүднэ гэж ярьдаг.
Юу идсэн, хаашаа явсан, хэнтэй хамт байна, яг одоо юу хийхийг хүсэж байгаа, шинээр авсан гутал хувцас, гар утсаа хүртэл зураг хөрөгтэй нь “нүүр ном”-доо бичиж байна. Харамсалтай нь тэдний энэ мэдээлэл гэмт хэрэгтнүүдийн олз, залилан мэхлэгчдийн бай болох үүд хаалгыг нээдэг гэдгээ мэддэггүй. Уг нь хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авах нь эрүүгийн гэмт хэрэг.
Гэтэл залуус бие зассан гэдгээсээ бусад мэдээллээ өөрөө олон нийтэд дэлгээд өгчихдөг. Үүнээс болж хэчнээн хүн хохирсныг цагдаагийн байгууллага ч тогтоох боломжгүй байна.
ФЭЙСБҮҮКЭЭР ТАНИЛЦАХЫГ “ХОРИГЛОНО”
Фэйсбүүк гээч нь хүнийг хар тамхи, автомат тоглоомын нэгэн адил донтуулдаг аж. Гэр бүлийн гишүүд нэг нэг буланд тухалж аваад фэйсбүүкээ ”ухчихдаг”. Хоорондоо ч үг солих завгүй лайк дарж, сэтгэгдэл бичдэг гэдэгтэй маргах хүн үгүй л болов уу. Энэ дүр зураг бараг л айл бүрт бий. Замын түгжрэлд зогсож байхдаа ч энэ үйлдлээ хийсээр.
Залуус, охид ингэж хэн нэгэнтэй танилцаж, мессежээр харилцан, дотносдог. Саяхан хамаатны маань нэг дүү фэйсбүүкээр танилцсан залуутайгаа нэлээд удаан харилцсаны дараа уулзсан гэнэ. Нэг жижиг кафед ороод хэсэг ярьж сууж байгаад ариун цэврийн өрөөнд орох хойгуур нөгөө залуу гар утсыг нь аваад явчихсан байжээ.
Хэн нэгнийг залилан, мэхлэх зорилгоор фэйсбүүкээр харилцаж буй залуус уулзах газраа эртнээс бэлтгэсэн байдаг. Олон хүн цуглаад байдаггүй, хяналтын камергүй газар сонгодог гэдгийг цагдаагийн байгууллагын ажилтнууд хэлж байна. Фэйсбүүкийн элдэв группээр дамжуулан танилцаж, бизнесийн санаа байна хамтарч ажиллая, хөрөнгө оруулалт хийчих гээд дансанд мөнгө хийлгүүлэх тохиолдол нэлээд гарч байгаа.
Залилуулснаа мэдээд нөгөө хүнээ хайж, фэйсбүүк рүү нь орж шалгахад өөрийнх нь гэх нэг ч зураг байхгүй, нэр нь хүртэл бүтэн овог, нэрээрээ биш байдаг. Банкнаас данс эзэмшигчийн мэдээллийг нь авах гэхээр хувь хүнд өгөхгүй. Цагдаагийн байгууллагад ч онц их хэмжээний хохиролтой залилан, хүн амины хэрэг биш бол харилцагчийнхаа мэдээллийг өгөхгүй гэдэг.
Мэдээллийг өгсөн ч огт өөр хүний нэр, хаяг гарч ирдэг. Иймээс залуус хэнтэй харилцаж байгаагаа сайн мэддэг байх хэрэгтэй. Болж өгвөл танихгүй хүнийг найзаараа бүртгэхгүй байх нь хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлж чадна. Мөн ямар нэг ач холбогдолгүй л бол хаана, юу хийж яваагаа олон нийтэд цацахгүй байвал аливаа гэмт хэргээс өөрийгөө бага ч болов хамгаалж чадна.
Гадаад хэлээ сайжруулах, найзын хүрээгээ тэлэх зорилгоор харийн иргэдтэй найз болох нь мөн л эрсдэл дагуулдаг гэнэ. Садар самууныг сурталчлахаас эхлээд дарамт шахалтад орох тохиолдол ч элбэг аж. Гэхдээ яг одоо хуулийн байгууллагад энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Энэ нь хэргийн гаралт байхгүй гэсэн үг биш. Учир нь ийм гэмт хэргийн золиос болсон хүмүүс ичих, түвэгшээх зэргээс шалтгаалаад цагдаагийн байгууллагад ханддаггүй.
ИНТЕРНЭТ ХУДАЛДАА ЗАЛИЛАГЧДЫН “БОЛОМЖ”
Онлайнаар хүссэн бараагаа захиалж авах нь цаг хэмнэсэн, олон улсад хөгжсөн үйлчилгээ боловч манайд үүнийг далимдуулан мөнгө олох санаатай бүлэг хүмүүс бий болжээ. Мөн гоё чамин бүтээгдэхүүний зураг үзүүлж захиалга аваад тэс өөр бараа авчирч өгсөн тухай гомдол ч цагдаад шалгагдах болов. Манайд бараа захиалгын нэгдсэн хэд хэдэн сайт ажиллаж байгаа.
Хувь хүмүүс ч фэйсбүүкээр захиалга авч иргэдийг хохироох нь олширч байна. Мөн гадаадын иргэд бэлэг явуулна, автомашин оруулж ирнэ хэмээн монгол иргэдийг залилж их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан, байгууллага хоорондын онлайн гүйлгээг данс руугаа шилжүүлсэн цахим гэмт хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэдээрээ шалгагдаж байгаа аж.
Нэг жишээ дурдвал, Хөвсгөл аймгийн харьяат иргэн А фэйсбүүкээр Англи улсын харьяат гэх “хуурамч” хэрэглэгчтэй харилцаа тогтоожээ. Гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” хэмээн хохирогчтой дотносож, найз болсон байна. Улмаар түүнд бэлэг явуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Гэтэл хэд хоногийн дараа Малайз улсын холбогдох албанаас гэх байдлаар утсаар ярьж, “Англиас таны нэр дээр илгээж буй ачаанд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн. Та үүнийг авахын тулд татварыг нь төлнө үү” гэжээ. Иргэн А үүнд итгээд 7850 ам.доллар шилжүүлсэн ч удалгүй залилуулсан болохоо мэдэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Мөн нийслэлд уламжлалт анагаах ухаан, бариа заслын эмнэлэг ажиллуулдаг иргэн Г өмнөд хөршөөс эмнэлгийн тоног төхөөрөмж авахаар өнгөрсөн долдугаар сард захиалга өгчээ. Гэтэл хэд хоногийн дараа захиалга авсан байгууллагынхтай нь төстэй нэртэй хаягнаас дансанд өөрчлөлт орсонд уучлал хүсээд захиалгын урьдчилгаа болох 20 орчим сая төгрөгийг энэ дансанд хийнэ үү гэсэн мэйл ирсэн байна.
Үүний дагуу мөнгөө хийсэн ч эргэж холбоо барихгүй болохоор нь анх холбогдсон хаяг руугаа дахин хандахад “Манайд ямар ч дансны өөрчлөлт ороогүй, таниас мөнгө аваагүй” гэж мэдэгджээ. Ингээд иргэн Г залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байна. Хуулийн байгууллага хэргийг шалгаж үзээд мөнгө шилжүүлж авсан данс нь Бүгд Найрамдах Польш улсад бүртгэлтэй болохыг мэдэв.
Сүүлийн үед цахим сүлжээгээр бусдыг залилах гэмт хэрэг олон гарах болсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан онцлоод, “Бид үүнд арга хэмжээ авахад нэлээд түвэгтэй байдаг. Тухайн улсынх нь хууль хяналтын байгууллага болон Интерполд мэдэгдэнэ. Тэгээд тэднээс хариу ирэхийг хүлээхээс өөр аргагүй. Энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх мэдээллийг тухай бүрт нь цацаж буй боловч хохирогч бүртгэгдсээр байна.
Хэрэг үйлдэж байгаа этгээдүүд банкны данснаас гадна Western Union, Moneygram зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж интернэт орчинд танилцсан аливаа этгээдэд бүрэн итгэхгүй байх, сэжигтэй зүйл илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөе” хэмээв. Хамгийн ойрын жишээг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дурдъя.
Хохирогч хэсэг зуур яах учраа олохгүй сууж байтал хэдхэн цагийн дараа өөр нэг группэд “Сайн чанарын зөгийн бал зарна” гээд нөгөө утасныхаа дугаарыг тавьчихсан байж. Ингээд залилуулснаа мэдсэн эмэгтэй ээжүүдийн группэд хандаж “Хүүхдийн тэрэг 180 мянган төгрөгөөр захиалсан чинь ирэхгүй, захиалга авсан хүний утас холбогдохгүй байна. 99984151 дугаарын эзэнтэй холбогдож захиалга өгсөн хүн байна уу” гэжээ.
Гэтэл яг түүн шиг байдлаар хохирогч болсон гэх хэд хэдэн хүн энэ хандалтын дор нэгджээ. Тэнд цугласан ээжүүдийн хэлж буйгаар “Энэ утсыг Э.Хулан гэж хүн ашигладаг гэж фэйсбүүктээ тэмдэглэсэн байна. Нас барсан гэсэн хэрнээ 10 орчим цагийн өмнө зургуудаа шинэчилсэн байх юм. Харин мөнгө шилжүүлсэн дансны эзэмшигч нь Л.Тунгалаг гэнэ.
Гэтэл яг энэ утасны дугаараа ашиглан өөр нэг эмэгтэйгээс Соёлоо гэх нэрээр мөнгө авсан” гэх сэтгэгдлүүд хэдэн зуугаараа хөвөрчээ. Өөрийгөө нас барчихсан гээд фэйсбүүк ашиглан залилан хийдэг эмэгтэйгээс болгоомжлох хэрэгтэй болж.
Түүний нэр хэн болохыг хэн ч мэдэхгүй байна. Магадгүй иргэний үнэмлэхээрээ данс нээлгүүлдэг тул банкинд бүртгэлтэй Л.Тунгалаг гэдэг нэр нь үнэн байж магадгүй.
ТА ЗАЛИЛУУЛСАН Л БОЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД
ЗААВАЛ БҮРТГҮҮЛ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст л гэхэд интернэтээр танилцсан хүнд үнэтэй гар утсаа залилуулсан хэд хэдэн хэрэг шалгагдаж байна. Эдгээр нь ихэвчлэн “Iphone”, “Samsung” брэндийн гар утасны код гаргаж өгнө гэж залилсан гэнэ. Мөн гутал, хувцас захиалах нэрийдлээр иргэдийг хохироох тохиолдол ч нэлээд гарах болжээ.
Нэг хүн 100, 200 мянган төгрөг залилуулчихаад тэр бүр хуулийн байгууллагад ханддаггүй. Учир нь “Адгийн зарга арав хоног”, “Ялихгүй юманд ямааны гарз” гээд тэгсхийгээд орхичихдог аж. Ингэснээр залилагч этгээдэд дахин олон хүн хохироох боломж олгож байна гэсэн үг. Нэг хүний алдсан мөнгө бага хэмжээтэй байвч олон хүнийх нийлэхээр маш их болно.
Иймээс иргэд мөнгө, эд зүйлээ алдсан л бол заавал цагдаагийн байгууллагад бүртгүүлж байх шаардлагатай. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч, ахмад Г.Ганбаяр “Таны алдсан зүйлийн хохирлын хэмжээ бага байсан ч харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж байх ёстой.
Таны хохирлын хэмжээ эрүүгийн хэрэг үүсгэхээр хэмжээнд хүрэхгүй байж болох ч гэмт этгээд олон хүнийг хохироож байгаа тул их хэмжээний мөнгө залилсан байдаг. Гэмт этгээд заавал баригддаг. Тэр үед таны бүртгүүлсэн хэргийг сэргээж, шалгана. Ингэснээр иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авах болно.
Та залилуулсан л бол түвэгшээлгүй хуулийн байгууллагад хандсанаар олон хүнийг хохирохоос хамгаалж чадна гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг талаар иргэн хүний үүрэг юм” гэв.
Х.АЗЖАРГАЛ