Тэд маргалдаж л байг. Сандал, суудлынхаа төлөө зүтгэж л байг. Үүнээс чухал ажил их, түүнийг амжуулах цаг бага байна, малчид аа. Манай орон өдгөө 70 сая малтай. Үүнийг хонин толгойд шилжүүлэхэд 90 сая хүрнэ. 10 орчим саяыг нь бид иднэ гэж хасаад тооцсон ч ирэх өвөл, хавар бэлчээрийн даац дор хаяж 10 сая малаар хэтрэх гэнэ.
Өнгөрсөн зун нийт нутгийн 60 орчим хувьд гандуу, 10 хувь нь гантай, үлдсэн хувьд нь зуншлага боломжийн байв. Долдугаар сарын дунд үеэс бороо орж харьцангуй сайжирсан ч өдгөө ихэнх нутгаар дахин гандчихаад буй нь идэх өвсгүй малын тоог нэмж ч магадгүй дуулдана. Цөөнгүй жил талхлагдаж, доройтсон бэлчээрээ сэлгэн, амрааж ашигладаг уламжлал, зохион байгуулалт алдагдсан, үүн дээр ган нөлөөлсөн тул ирэх өвөл, хавар хэдэн мал чинь хорогдох гэж айлгаж магадгүй гэж төр, засгаас хүртэл анхааруулж эхэллээ.
“Наймдугаар сарын дундуур Булган, Хөвсгөл аймгаар очиход яг зургадугаар сарын дунд үе шиг ногоо нялхаараа байсан. Уг нь байгалийн хуулиараа хангайд наймдугаар сарын дундуур өвс ногоо ургаад гүйцчихсэн, мал тарга тэвээргээ авчихсан байдаг. Гэтэл энэ жил зуншлага оройтсоноос мал өөхөн тарга авчихсан байна. Эхний цаснаар л өөхөн буюу түр зуурын таргаа алдсан мал дараагийнхад нь тэсэхгүй” гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын секторын эрхлэгч Б.Эрдэнэцэцэг хэллээ.
Тус секторынхон бэлчээрийн даацын судалгааг бүх аймаг, сум, багаар нь нарийвчлан гаргачихаад байгаа бөгөөд үүндээ үндэслэн энэ жил хэцүүдэж мэдэх тухай анхааруулгыг малчдад өгөөд буй юм. Зуншлага оройтсон, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй, өвс ургаж гүйцээгүй гэсэн гурван зүйлийг л санаж, сэрэх цаг ирчихээд байгааг тэд сануулав. Бүх хөдөлмөрөө шингээсэн мал сүргээ хавар, зунтай бүрэн золгуулахын тулд хийх ажил их байгааг ч дурдаж байлаа.
Өнгөрсөн жил нийт нутгийн 75 хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байв. Энэ жил уг тоо 60 болон багасчихаад буй. Нийт нутгаар тооцож гаргасан дүнгээс үзэхэд 40 хувь нь нөөцтэй, 20 хувь нь хүрэлцээтэй, 30 хувь нь даац 1-3 дахин, таван хувь нь даац 3-5 дахин, мөн таван хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн дүнтэй.
Ойрын хэдэн жил өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын тоог цөөлөх тухай дурдаагүй байхад энэ удаа тэргүүн эгнээнд тавьсан нь хэцүүхэн цагтай тулахын илрэл гэлтэй. Хэрэв малаа нядлахгүй гэвэл бүрэн тэжээж онд оруулах чадалтай байх ёстой. Тэр хэмжээний “юм” бэлдэх амаргүй учраас цөөлөх тухай ярьж эхэлсэн хэрэг.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Баяннуур, Толбо, Увсын Сагил, Ховдын Эрдэнэбүрэн, Архангайн Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Говь-Алтайн Хөхморьт зэрэг цөөнгүй сум багтаж байгаа. Олон дахин бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутагт хамаарч буй Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Баасанжавтай холбогдож, малчид бэлтгэлээ хэрхэн базааж буйг тодруулахад “Манайх 88.200 тонн өвс, 2300 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй.
Ажлын явц 34 хувьтай байна. Хадлангийн гарц тааруу учраас гуу, жалга, булан тохойгоос гараар өвс хадаж буй. Малчдын 60 орчим хувь нь отор нүүдэл хийх шаардлагатай. Зэргэлдээ сум, аймгийнхантай энэ талаар ярилцаж байгаа. Аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.5 сая мал бий. Үүнийг хоёр саяар цөөлөх шаардлагатай” гэсэн юм.
Манай улс жил бүр үйлдвэрийн болон ногоон тэжээл, гар тэжээл 150.000 тонныг бэлддэг. Энэ жил ч тэр хэмжээнд хүргэнэ гэдгээ салбарын яам дуулгасан. Мөн 1.2 сая тонн хадлан авах ёстой. Гэхдээ үүнд хүрэхгүй гэдгийг аль аль талдаа хүлээн зөвшөөрч буй.
Уг ажлын явц өдгөө 10 хувьтай. Ургацын урьдчилсан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаан буудайнаас хивэг 58.000, багсармал тэжээл 12.600, ногоон тэжээл 53.000 тонныг нийлүүлэх төлөвлөгөөтэй. Хивэгний экспортыг зогсоовол малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг бүрэн хангах боломжтой гэнэ.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдад оторлох газраа нэн даруй олох шаардлага тулгарч буй. Газар нутгийн маргаан гаргахгүй байх үүднээс энэ асуудлыг эртнээс гэрээ хэлэлцээрийн дагуу шийдэх ёстой ч одоогоор отор нүүдлээ зохицуулчихсан газар байхгүй гэнэ. ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун “Өвлийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоол гаргасан.
Отрын бүс нутгийн заагийг эртхэн тогтоож, тэмдэгжүүл, аль болох эрт гэрээ байгуул гэсэн чиглэл аймгуудын Засаг дарга нарт өгч байна. Отрын бүс нутаг нь сум, аймаг дундынх, хилийн зурвас бүс нутаг, тусгай хамгаалалттай, байгалийн цогцолбор газар гэсэн дөрвөн янз байдаг. Бүгдэд нь зөвшөөрөл авч, гэрээ байгуулж оторлох ёстой. Аравдугаар сарын 1 хүртэл гэрээ байгуулах учраас энэ сарын 15-наас хойш яригдах болов уу.
Одоо хүртэл зарим газарт бороо орж, ургамал сэргэж байна. Нүүдлийн мал аж ахуй 15 хоног, сарын дотор өөрчлөгддөг. Бэлчээрээ хараад манайх энд оторлож болох нь гэдгээ тогтож болно. Гэхдээ нөгөө сум нь хүлээж авахгүй, “Манайх нэмж мал авч чадахгүй” гэвэл яах вэ. Зөвшөөрөөгүй байхад дураараа нутагт нь орж, маргаан үүсгэж болзошгүй тул аль болох эрт зохицуулах хэрэгтэй” гэв.
Тухайн нутагт өвөлжилт хүндэрсэн, дээр нь өөр аймаг, сумаас олон мал орж ирснээс бэлчээрийн даац хэтэрч бүрэн сүйднэ. Үүнийг туурхайн зуд гэдэг билээ. Ирэх өвөл бэлчээр хомсдохтой холбоотойгоор ийм “дайн” гарахыг үгүйсгэхгүй бололтой. Энэ нь мал цөөлөх тухай дурдаж буй нэг шалтгаан болсон сурагтай.
Хаа сайгүй махны үнэ унаж эхэлснээс болж малаа цөөлж борлуулах сонирхолтой малчин алга. Мах их хэмжээгээр нийлүүлээд байвал үнэ дагаад хямдарна. Илүү өндөр үнэ хүргэж өгнө гээд хадгалаад байвал цаг хэцүүдэхэд юу ч үгүй болж магадгүй. Хямд ч байсан хэн түрүүлж малаа борлуулж чадсан нь үйлдвэрийн тэжээл арай хямд байхад олж авах боломжтой. Дотоодын махны хэрэглээ хязгаартай, 8-10 сая. Экспортын хувьд үйлдвэрүүдийн хүчин чадал, гадаадаас авах сонирхол, гоц халдварт өвчний эрүүл бүс зэргээс болоод бас л хэмжээтэй. Тиймээс хэн хурдан зарсан нь гарзгүй гарна гэж малчдад анхааруулж буй ч олонх нь харзнаж байгаа дуулдана.
Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Александр “Саяхан бүх сумаараа ороод ирлээ. Сагил, Түргэн, Малчин зэрэг найман сум хүнд байдалтай байна. Аймгийн хэмжээнд одоогоор 3.5 сая мал бий. Бэлчээрийн даац хэтэрсэн учраас малынхаа тоог болж өгвөл нэг саяар цөөлөх шаардлагатай ч бид ядаж 500-700-гаар цөөл гэсэн төлөвлөгөө гаргаад байна. Малчид дэмжиж буй ч махны үнэ хямд учраас цаашид бага ч гэсэн өсөж магадгүй гэж хүлээж байна. Мөн борлуулах боллоо гэхэд хүн ирж авахгүй, өөрсдөө л аваачих шаардлагатай тулдаг нь хүндрэл учруулж байгаа” гэсэн юм.
Бэлчээрийн даацыг сайжруулах талаар сүүлийн жилүүдэд багагүй ярьж байгаа. Малчид санаачилгаараа бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нь нэг арга гэгдэж байна. Бэлчээр сайтай газар усгүйн улмаас эзэнгүй байх нь олонтаа гэдэг. Улсын төсөв хэмжээтэй. Уг нь жил бүр 500 худаг гаргачихдаг байсан бол сүүлийн үед мөнгө төсөвлөхөө ч больжээ. Инженерийн хийцтэй, гүний нэг худаг гаргах өртөг 15-20 сая төгрөг хүрдэг аж.
Гэхдээ хангай, хээрийн бүсэд гар худаг гаргах хөрөнгө үүнээс харьцангуй бага. Мөн эвдэж сүйтгэчихсэн, засаж сэлбэх боломжтой нь ч цөөнгүй байдаг юм байна. Улсын төсвөөр хийдэг ажлууд хязгаартай учраас малчид санаачилгаараа бэлчээрийн даацаа нэмэгдүүлэх шаардлагатай, хувийнхаа бэлтгэлийг ч сайтар базаах хэрэгтэй байгааг тус салбар дахь төрийн байгууллагынхан сануулж буй.
ХХААЯ бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээ авч байгаа, эсэхийг тус яамны мэргэжилтэн Б.Мэнджаргалаас лавлахад “Бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээний хүрээнд энэ жил есөн аймгийн 470.000-500.000 га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэхээр төлөвлөсөн. Одоогоор 30 орчим хувийн гүйцэтгэлтэй. Ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд дуусгана. 470.000 га талбайг нь улсын төсвийн хөрөнгөөр, 30.000 га талбайг нь орон нутгийн болон гадаад, дотоод төслийн санхүүжилтээр хийж буй.
Улсын төсвөөс 600 орчим сая төгрөг гаргалаа. Үлийн цагаан оготно Монгол орны нийт бэлчээр болох 113 сая га талбайн гуравны нэг буюу 40 сая га талбайд тархсан. Тоо толгой нь олшроод хөнөөл учруулсан жил бүр 3-5 сая га талбайд тэмцэх шаардлагатай байдаг. Мөн дөрвөн аймгийн 105.000 га талбайд бэлчээрийн ургамалд хор хөнөөлтэй царцаатай өнгөрсөн долдугаар сард тэмцсэн” гэсэн юм.
Олон жил мал дагасан хүмүүс малаа болон тухайн жилийнхээ зуншлагыг ажиглаж, өвлийн цаг агаарын байдлыг мэдэх арга барилтай гэдэг. Тэдний ажиглалтаар ирэх өвөл цас ихтэй, хүнд болох төлөвтэй гэсэн. Шинжлэх ухааны талаас ч сайхан өвөл болно гэж харагдахгүй байгаа гэнэ. Аравдугаар сар хүртэл мал тарга хүчээ нэмж авах боломжтой ч олон жилийн дунджаас тааруу үзүүлэлттэй өвлийг угтах аж. Тиймээс одоо л хичээхгүй бол яаж ч зүтгээд хотоо харлуулчихаж мэдэх нь. Арав, таван малаас чинь авчих гэж тэвдүүлэх өвөл айсуй.
Ч.МӨНХЗУЛ