
Нар хамбанд дуртай намхан жаахан эмээ... Эмээг хэзээ, яагаад нар хамбанд хүүхэд шиг дурлах болсныг хэн ч асууж сонирхож байгаагүй болов уу. Тиймээс сая хөдөө очихдоо зориуд тэр тухай асуухад эмээ нэлээд гайхсан янзтай зовхио дээш өргөн том харснаа инээмсэглээд, ийн хэлсэн юм. Дөчин жилийн өмнө Улаанбаатарт анх удаа (тэр амьдралдаа ганц удаа л хот орж үзсэн хүн билээ) хөл тавихдаа нар хамба гэдэг зөөлөн шар, наалдамхай зүйлийг анх барьж үзээд, улмаар гайхалтай сайхан амтанд нь орж, өнөөг хүртэл тэр мэдрэмж арааных нь шүлсийг асгаруулсаар иржээ.
Амандаа ааруул, ээзгий голдуу тожигнуулж явдаг, ач, гучтайгаа зэрэгцээд хурга, тугалын хойноос хөөцөлдөн гүйдэг, гав шав хийсэн шавилхан энэ буурайг манай нутгийнхан андахгүй. Мядагмаа даадай гэхээр мэдэхгүй хүн ч үгүй. Харин би түүнийг зүгээр л эмээ гэж дууддаг. Ач, зээ нартай нь нэгэн үе тэнгийнх, хамт тоглож нааддаг ч гэлээ эмээ гэж нэрлэх надад таатай байдаг юм. Хориод жилийн өмнө анх харахад л тоодон дээлтэй, шарвааран өмднийхөө шуумгийг дээш эргүүлчихээд, хөл нүцгэн гүйж явдаг, тас тас хөхөрсөн эмээ байсан. Хожим дунд сургуулиа төгсөөд хот явахад, зун нь оюутны амралтаараа очиход эмээ тэр хэвээрээ л байсан. Сүүлд ажил амьдралын замд орж, хот газар суурьшаад, алдаг оногхон нутагтаа очих тоолонд мөн л янзаараа.
Өөрчлөгдсөн юм гэвэл тэр улам л жижгэрээд байх шиг. Анх манайхыг Азарга багийн Бор бургасны голд нүүж очиход надаас төө орчим өндөр байсан эмээ одоо мөрнөөс минь төө хэртэй дор харагддаг болжээ. Тэр нэгэн зун эмээгийн хэлсэн үнэн байж. Зун тугал, хургатай хөөцөлдөж явахдаа бушуухан том хүн болохын хүслэнд автсан бид эмээтэй ээлжлэн зэрэгцэж зогсоод, өндрөө хэмжиж үздэг байв. Нэг зун би эмээгээс ялимгүй өндөр болсондоо ихэд баярлан “Эмээ, би танаас өндөр болчихож. Би хурдан том болж байгаа биз” гэхэд өөдөөс өхөөрдөнгүй харж, хошуугаа цорвойлгосноо “Өдийд та нарын өдөр хоногоор өсөж томордог цаг шүү дээ. Харин эмээ нь сар жил өнгөрөх тусам улам л жижгэрнэ” гэж билээ.
Тэгж би он цаг гэдэг нэг талаас бүхнийг шинээр ургуулан төлжүүлдэг хэрнээ нөгөө талдаа элээж хуучруулдаг эсрэг урсгалтай болохыг ойлгосон юм. Гэхдээ л эмээ энэхүү жам ёс, эргүүлж тогтоохын аргагүй их урсгалыг сөрж яваа юм шиг санагддаг учраас түүний тухай бичихийг хүсдэг байв. Энэ жил амралтаараа нутаг руугаа явна гэж шийдэнгүүтээ л заавал эмээтэй аминчлан уулзаж, ярилцана гэсэн ам тангараг өөртөө өгсөн билээ.
Өндөр-Улаанд минь өнөө жил хаваржин, зунжин гандуу байсаар наймдугаар сараас нар, хур тэгширч, биднийг очиход хэнз ногооны үнэр, шинэхэн айргийн амттай сүлрэн угтлаа. Хот айлынханд нь холоос гийчин ирвэл хөгшин, залуу ялгалгүй заавал өөрийн биеэр ирж амар мэндийг нь эрдэг уламжлалаараа эмээ биднийг өөртэй нь очиж золгохоос урьтаад хэзээний шомболзоод гүйгээд ирэх нь тэр. Нар хамба шигээ хул шаргал өнгийн дээлээр гоёж, хар халуунд толгой дээрээ Санта Клаусын малгай тавьчихсан орж ирэхэд нь эмээг өхөөрдөх, хүндлэн хайрлах сэтгэл өөрийн эрхгүй цээжний гүнээс түрээд ирэв. Хөөрхөн, бөмбөгөр, жижигхэн тэргүүн дээрээ өнөө хачин малгайгаа хайнгадуухан шомбойлгосон нь бидний багадаа цасаар хийдэг байсан өвгөнийг санагдуулаад болдоггүй.
Бага ангид байсан санагддаг юм. Нэг удаа өвлийн амралтаараа иртэл эмээ сахил хүртээд чавганц болчихсон байв. Эмээгийн одон бөмбөг шиг бөв бөөрөнхий толгой нь гялайн гялтганаж, цэмбийж цэмцийгээд улам ч хөөрхөн болчихсон мэт санагдаж билээ. Манай хүн хүүхдээр тоглох дуртай. “Мөнгөн толгойгоо мялаалгана аа” хэмээн биднийг цаашлуулахад ээж ухасхийн ганзагаа ухаж, сумын төвөөс авчирсан нар хамбаа эмээд өглөө. Эмээ хойш эргүүлсэн ханцуйгаа бушуухан урагшлуулаад, хоёр гараа тосон мэхийсхийгээд ууттай чавгыг авав. Өнөөх нандин эдээ өвөр дээрээ тавиад, уутыг нь задлан нэгийг авч бүтнээр нь ам руугаа хийн амтархан бувагнуулснаа бидэнд ч бас хувь хүртээв. Удалгүй дахиад нэгийг, бас дахиад нэгийг гэсээр тун цөөхөн үлдэв бололтой. Нандин амттан нь ховордож буйг эмээ гэнэт анзаарч, бушуухан хумиад “За, одоо харьж, Оюунаадаа амсуулна аа” гээд гарч одсон тэр мөч саяхан мэт нүдний өмнө жирэлзээд өнгөрөв. Эмээгээ зорьж, ихийг бодож төлөвлөж ирсэн хэрнээ нар хамбыг нь мартчихсанаа энэ зуур гэнэтхэн санаж, өөрийгөө зэмлэлээ.
Сандал, олбог дэвсгэр гэхгүй, хаа таарсан газраа эвлэгхэн цомцойж суудаг нь хэвээрээ аж. Юм ярихаар нэг тал руугаа гилжийх маягтай сонсох нь нэг талынх нь чих юм дуулахдаа тааруу болсных гэнэ. Эмээ цайгаа ууж дуусаад сэвхийтэл бослоо. “Та жаахан суухгүй яагаа вэ” гэхэд “Хүний ярьсныг бүрэн бүтэн дуулахгүй байж хэрэгт дурлаж суугаад яах вэ дээ, хүү минь” гээд гарахыг завдав. “Нар хамба аваад ирэхгүй, би гэж тэнэг амьтан...” гэх бодол сэтгэлийн утсыг мэрэх зуур “Өдий насан дээр энэ зэргийн зовиур байлгүй яах вэ. Харин ч таны алхаа гишгээ яг л урьдынхаараа, хөнгөн шингэн хэвээрээ байна шүү” хэмээн дэмий л урам өгөх завсар эмээ хэдийнэ гэрийн босго даван алхжээ. Хөгшчүүл ихэвчлэн бөхийж явдаг байхад эмээ харин цээжээ тэнийлгэн гэдийж алхдагийг сая л анзаарав.
Ер шахаж яваа гэж хэлэхээргүй хөнгөн шингэн эмээгийн бүх юм одоогийн хэллэгээр бол жинхэнэ “ориг”. Өдий насан дээрээ ам дүүрэн шүдтэй, бас болоогүй бохийг тас тас дуугарган зажлах нь атаархал төрүүлэм. Эмээг өдий хүртэл өөрийнхөө шүдтэй өтөлж буйн шалтгааныг би хувьдаа хатуу ааруул, ээзгий, бяслаг иддэгийнх байх гэж боддог минь бас өөр нэг шалтгаантай ажээ. Тэр хар багаасаа өвлийн цагт харзны хүйтэн усаар амаа зайлдаг заншилтай гэнэ. Өвөл одоогийнх шиг биш, хүйтэн жавар чөмөг царцаам тачигнадаг байх цагт тэр харзны усаар шүдээ зайлдаг, энэ заншлаа нэг ч өдөр алгасаж үзээгүй юм байж. Ингэхийг түүнд онцгойлон хэн нэгэн зааж өгөөгүй ч эрүүл ахуйн энэ монгол аргаа насан туршдаа мартсангүй.
-Одоо хүүхдүүдийг харзны усаар шүдээ зайл гэхээр “Ёстой чадахгүй” гэх юм” хэмээн гоморхонгуй ярих.
Таван хүүхдээ төрүүлэхдээ л сумын эмнэлэгт зорьж очсоныг эс тооцвол эмээ эмнэлэг, эм тариа бараг мэдэхгүй. Харин дөрвөн жилийн өмнө мухар олгойн хурц үрэвсэл болж, аргагүйн эрхэнд аймгийн эмнэлэгт тав хоножээ.
Эмээгийн бүх юм “ориг” байгаагийн бас нэг шалтгааныг би гадарлана. Манай хүн зун, намрын цагт гутал гэдэг зүйлийг мартаж орхино. Хаврын дунд сарын сүүлчээс эхлээд намрын адаг сар хүртэл хөл нүцгэн л таваргаад байна. Хэр баргийн хайрга, чулуу, хатсан өвсийг тоохгүй, хормой нь хийсээд л жирийгээд байх нь тэр. Бид бол гэр зуураа л хөл нүцгэн явахаас хэтрэхгүй. Үнээ, тугал нийлэх гээд том, жижиггүй түргэн авахад эмээ л хамгийн түрүүнд харайлгаж явна. Намайг хөлдөө углачих юм хайн их, бага гэрээр эргэлдэх зуур ээжийн дуу хангинаж “Дал гарсан хөгшнөөс долоон дор. Ганц чавганц тэнд үнээ, тугалтай хөөцөлдөөд байхад та нар ичихэд яана” гэнэ. Тэгэхээр нь бүр тэгэхээс тэгэх гэсэн мэт гэдийж, заавал нэг юм олж өмсөж байж араас нь явдагсан. Тэр хооронд үнээ, тугал нийлчихвэл ээжээс жавтий хүртэх тохиолдол нэг биш. Ичих, өвдөх, багтрах гурав зэрэгцэх үед “Эмээ гэж нэг юм, гутал олоод өмсчихөд яадаг байна аа” гэж жаахан буурал эмээгээ буруутган, нүгэл хураадаг байсан балчирхан нас тэртээд үлдэж, харин эмээ энд, одоо ч биднийг үлгэрлэсээр л байна...
Тэр гайхалтай ой санамжтай хүн. Түүний цээжинд хэчнээн үлгэр, домог, оньсого, хууч яриа байдгийг хэн ч мэдэхгүй. Эмээгийн ярьдаг үлгэр домог, оньсого, зүйр цэцэн үг хэр баргийн ном, сурах бичигт байдаггүй тул “Эмээ хаанаас үүнийг сурсан юм бол” гэж багадаа гайхдаг байж билээ. Монгол ахуй, монгол хүний арга ухаан, нүүдэлчдийн амьдрал, социализмын үеийн соёлын шок тэр бүхнийг эмээ монгол хэл, хэллэгээрээ хэчнээн урамтай, амттай ярина гээч. Нэг удаа ээж дээл эсгээд сууж байтал эмээ ороод ирлээ. Цай уух зуураа энэ тэрийг хуучилж байснаа “Би чамаар нэг оньсого таалгах уу” гэдэг юм байна. Тийн ээжээс зөвшөөрөл авсны дараа “Алцайхад булцайна. Тэр юу вэ” гэснээ тас тас хөхөрч орхив. Үнэндээ би ч инээдээ барьж чадахгүй байв. Ээж бас инээдээ нууж ядан байж “За байз. Тэр чинь юу юм бол доо” гэсхийв. Хэсэг байзнасны дараа ээж “Наад оньсогыг чинь ёстой таахгүй юм байна аа” гэхэд эмээ “Дээлийн шилбэ, товч л байхгүй юу” гээд дахиад л инээлээ. Тэр үед ээж жинхэнээсээ нулимсаа гартал инээгээд “Ийм хөгийн юм байсан гэж үү. Би бүр өөр юм бодоод, “Хонь хургалах” юм болов уу гэж таалаа шүү” гэж билээ.
Хүн бүхэн үр хүүхдүүдээ эрдэм номын мөр хөөлгөхийн мөрөөс болж байсан 1990-ээд оны сүүлчээр эмээ, өвөө хоёр найман ач, зээгээ бүгдийг нь сургуулиас гаргаж, тухайн үед бөөн дуулиан тарьж билээ. “Хануйн бага сургуулиас ирсэн хүүхдүүд амралтаараа харьчихаад хичээлдээ эргэж ирсэнгүй. Яав ийв” хэмээн сумын сургуулийн багш нар тэрүүхэндээ бөөн юм болсон сон. Гэвч буурай эмээ, өвөөгийн “зарлиг”-ийг хэн ч зөрчиж чадаагүй юм. Тэглээ гээд буруудсан нь үгүй. Эмээгээс энэ тухай нь асуухад “Олигтой сурч, мэргэжил эзэмшиж, түүгээрээ амьдралаа залгуулж чадахгүй л бол хөдөө байх хэрэгтэй шүү дээ. Энд юм юм бий. Малаа дээдэлж явахад монгол хүн хэзээд алзахгүй” гэв. Өөрийнх нь зөв байсныг цаг хугацаа баталсан учраас тэр тухай олон юм нуршаад яах вэ.
Архангай аймгийн Тариат сумын Мөрөнд төрж, тэндхийн бага сургуулийн анхны сурагч гэгдэж явсан эмээд мэддэг юм олон бий. Бас мэдэхгүй зүйл ч өчнөөн бий биз. Лав л тэр өнгөрсөн дөчин жилийн хугацаанд Улаанбаатар хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй. Гар утас хэрэглэж чадахгүй. Улс төрийг нэг их сонирхохгүй. Улсынхаа Ерөнхийлөгчийн нэрийг эрхбиш мэднэ. Гэхдээ зүсийг нь сайн оноохгүй. Машинаар явбал дотор нь эвгүйрхэнэ. Аймгийн төвд хэд хоновол даралт нь ихэснэ. Энэ утгаараа бол тэр орчин цагт “хоцрогдсон” эмгэн. Харин эдгээрийг мэдэхгүй байгаагаа эмээ ичмээр муухай зүйл гэж огт боддоггүй. Байгаа зүйлдээ сэтгэл ханаж, илүүд шунадаггүй, элдэв зүйлд тэгтлээ татагдаж тэмүүлдэггүй эмээгийн амьдрал үнэндээ надад нэгэн хэвийн, уйтгартай санагддаг байв. Гэвч өөрт нь тийм бодол төрдөггүй гэнэ.
-Та 40 жилийн өмнө Улаанбаатар хотод ямар шалтгаанаар очсон юм бэ?
-Цэрэгт явсан хүүгээ эргэхээр 1975 онд хот орсон юм. Хүүгээ долоо хоногийн чөлөө авахуулж, хамт гадуур явцгаасан даа.
-Тэр үед хот танд ямар санагдаж байв?
-Олон байшин дунд төөрчих гэж байгаа юм шиг санагдаад, эвгүй л байсан. Их дэлгүүрээр орж үзсэн. Бас орос дэлгүүрээс чандаган дотортой нэхий бээлий авч, хүүхдүүддээ аваачиж өгсөн санагдаж байна. Охид маань бөөн баяр болж байсан даг.
-Та одоо дахиад хот орохыг хүсдэг үү. Ер нь танд очиж үзэхийг хүсдэг газар бий юү?
-Байхгүй дээ. Хөгшин надад эрүүл саруул, мөрөөрөө амьдарч байгаад буцахаас өөр хүсэх зүйл алга.
-Та залуудаа найр, наадамд хэр их явдаг байв?
-За, бараг л яваагүй дээ. Нэг удаа тэргүүний малчин, саальчдын зөвлөгөөнд оролцох урилга ирээд, заавал оч гээд байхаар нь сум орж, наадам үзсэн. Аймгаас хааяа урилга ирдэг ч би тиймэрхүү зүйлд дургүй учраас манай хүн л голдуу явдаг байсан даа.
-Эмээ, та олон төрийн нүүр үзсэн хүн. Таныхаар манай улс одоо хөгжиж байна уу?
-Би яаж мэдэх вэ дээ. Миний мэддэг байсан юмнууд, миний зөв гэж боддог байсан бүхэн одоо шал өөр болчихсон юм шиг санагддаг. Энэ хонхроосоо холддоггүй хөгшин би юу ч ойлгох вэ дээ.
Ийм эгэл, ийм үнэн байдаг болохоор нь хөөрхөн эмээдээ би хайртай. Баруун өвдөг дээрээ хоёр гараа давхарлан тавьсан чигтээ ямар ч хөдөлгөөнгүй цомцойн суугаад миний асуултад хариулах эмээ ийм “албаны” байдалтай анх удаа тулгарч буй нь илт, биеэ барьсан, хичээсэн шинжтэй, бас хамар дээгүүр нь хөлс бурзайжээ. Эмээгээ ийнхүү барьц алдуулж байгаадаа санаа зовох ч угаасаа ийм хүн болохоор яалтай билээ. Түүнтэй ярилцсаны дараа сэтгэл нэг л гийгээд, тэгсэн хэрнээ хоосроод явчих шиг. Эмээгийн минь амьдралын мөн чанар винайн ёсны хоосон чанартай эгээ л нэг юм болов уу даа. Байгаагаараа л байх, шунах, хорсох, атаархахаас ангид, сэтгэл дүүрэн, жаргалантай оршин байхын учир утга энэ буюу.
Азаргын гол, Бор бургасны гол эмээгийн хувьд орон гэр нь, хэдэн мал, божгорхон бор ач, зээ нар нь, өөдөө сөөргөө нүүдэллэж, айл саахалт амьдардаг цөөн айлын ядмагхан бүл оршихуйн үндэс нь. Түүнд байгаа бүхэн ердөө л энэ. Тэр эндээс хаашаа ч холдохгүй. Хөгшин нь энэ нутагт ясаа тавиад арваад жилийн нүүр үзэж буй. Үр ач нар нь бас л энд гал голомтоо бадрааж, өнөр өтгөн бүл болцгоосон. Одоо хамгийн том гуч нь хорь шүргэж яваа. Эмээ энх тунх байж, тав дахь үеэ лав үзэх байх.
Нэгэн цагт энэ эгэл буурай эндээс буцаж, сайхан хангайдаа уусан одно. Харин нар хамбанд дуртай навтгар жаахан түүний ард асар том орон зай эзгүйрэн үлдэнэ. Тэр Азарга, Бор бургасны голын нутаг орныг дүүргэж яваа, дутуу юмгүй бүтэн дүүрэн, томоос том эмээ билээ. Бүтэн нэртэй, бүлээн зүстэй, дүүргэх сэтгэлтэй ДҮҮРЭН ЭМЭЭ минь.