Шинэ хичээлийн жил эхлээд хэдхэн хонож байна. Гэтэл хичээл эхлэв үү үгүй юү хүүхэд зоддог цэцэрлэгийн багшийн тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаж, олон ээж, аавын сэтгэлийг эмзэглүүллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгийн багш О.Цэцэгээ хоёр настай Н.Нандин-Эрдэнэ охиныг хэд хэдэн удаа зодож биеийг нь хөхрүүлэн, шалбалжээ.
Ингэхдээ хүн төдийлэн анзаарахааргүй далд хэсэгт буюу гэдэс, бугалга, нурууг нь чимхэж, чихнийх нь ард маажсан гэнэ. Охины ээж Г.Номин-Эрдэнэ энэ талаар багш болон 119 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Ц.Батцэцэг нарт хэлж гомдол мэдүүлэхэд “Угаасаа энэ олон хүүхдийг агуулах гэж зовж байна. Тийм л гомдолтой байгаа юм бол хүүхдээ аваад зайлахгүй юу.
Хүүхэд чинь угаасаа муу арьстай болохоор жаахан хүрэхэд л хөхөрдөг юм байна” гэж загнажээ. Үүнд гомдсон ээж “Охиныг минь ийм болгочихоод хэнэг ч үгүй “Чадахгүй бол аваад зайл” гэжээ. Тэр ч байтугай хүүхдүүдийг хандив, бэлэг өгдөггүй харамчийн хүүхэд гэж нударч байхыг нь би өөрийн нүдээр харсан” хэмээн фэйсбүүктээ бичжээ.

119 дүгээр цэцэрлэгийн багш О.Цэцэгээ
О.Цэцэгээ багш нь боловсролын байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж буй, “Боловсролын тэргүүний ажилтан” цолтой туршлагатай нэгэн аж. Гэвч түүнийг өнгөрсөн 2014 оны хавар мөн л хүүхэд рүү хашгичиж загнасан, дарамталсан хэмээн нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт гомдол ирсэн байна. Тухайн үед О.Цэцэгээ багшид сануулах арга хэмжээ авч, сургалтад хамруулж байжээ.
Хоёрхон настай хүүхдийг зодсон гэх багшийг нийслэлийн Боловсролын газар өчигдрөөс шалгаж эхэлсэн. Энэ талаар тодруулахаар бид 119 дүгээр цэцэрлэгт очиж, багш О.Цэцэгээ, арга зүйч Ц.Батцэцэг нартай уулзсан юм. О.Цэцэгээ “Би өглөө хүүхдийг авахдаа шалгаж аваагүй. Тэгэхээр эцэг эх нь зодсон эсвэл гэртээ унаж тусаад хөхөрсөн ч байж болно гэж бодож байна. Би ерөөсөө хүүхэд зоддоггүй.
Намайг “Хөгшин, тэтгэвэртээ гарах болчихсон, архаг багш болохоор хүүхдэд ингэж хандаж байна” гэсэн. Тэгэхээр нь “Би чамтай буруу харьцаад байгаа юм байна. Тэгвэл чи өөр залуу багшид хүүхдээ өгөхгүй юу даа” гэсэн. Ингэж хэлснийг л намайг өөрийг нь хөөлөө гэж ойлгоод байх шиг байна. Тэр хандив, бэлэг сэлтний асуудал бол надад ямар ч хамаагүй. Би огт тийм юм яриагүй.
Хүүхдийнх нь бие хөхөрсөн, шалбарсан гээд байгаа юм. Энд миний хариуцсан бага ангид 36 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Тэд чинь учир мэдэхгүй хүүхдүүд болохоор бие биенээ цохино, хазна, маажна. Тоглоомоо булаацалдаж хоорондоо муудалцдаг. Тэгэхэд хөхөрсөн ч байж болно. Чихнийх нь ард маажсан нь бол хүүхдүүд хаалгаар гарах гэж урагшаа зүтгэж байгаад нэг нь араас нь маажсан юм шиг байна лээ” гэж ярив.
Тухайн үед Г.Номин-Эрдэнэд багш нь “Хүүхдүүд тоглож байгаад булан нь сэтэрсэн тоглоомоор охины чинь чихнийх нь ар хэсгийг урчихсан” гэж хэлсэн байдаг. Хөхөрсөн хэсгийг нь ч гэсэн хүүхдүүд чимхсэн байх гэж хэлжээ. Хүүхдүүд хоорондоо зодолдохдоо тийм далд хэсгийг сонгож зодно гэдэгт эргэлзмээр. Балчир хүүхдүүдэд тийм айхтар муу санаа байх уу.
119 дүгээр цэцэрлэгийн бага А бүлгийн хүүхдүүд өдрийг хэрхэн өнгөрөөдөг болохыг харахаар ангийнх нь үүдэнд очсон юм. Намайг тэнд очиход нэг хүүхэд үүдний дэргэд уйлж байв. Анги нь дотроосоо түгжээтэй болохоор ямар хүүхэд, яагаад уйлсаныг мэдэж чадсангүй. Гэвч хүүхэд арваад минут уйлан зогсож байхад нэг ч хүн түүн дээр ирээгүй юм. Нэлээд удаан хаалгыг нь тогшсоны эцэст туслах багш П.Эрхэмболор нь ирж хаалгаа онгойлгов.
Тэрбээр “Одоо хүүхдүүд хоолондоо орох гэж байгаа болохоор оруулах боломжгүй” гэж хэлэв. Тэгээд үүдээ хаасан даруйдаа нөгөө уйлж байсан хүүхдийг долоох нь холгүй эвийлээд орсон нь бодит байдлаасаа хол зөрсөн, хуурамч санагдлаа. Тус цэцэрлэгийн арга зүйч Б.Батцэцэг “Манай цэцэрлэгт шалгалтын групп ирнэ гэсэн. Тэгэхээр үнэн мөн нь тодрох байлгүй дээ. О.Цэцэгээ багш болон манай цэцэрлэгийн зүгээс гомдол гаргасан ээжээс уучлалт гуйж, ойлголцоод салсан.
Мөн тэр ээжийг цэцэрлэгт нэг өдрийг өнгөрөөж, хүүхдийнхээ яаж тоглож, идэж ууж, унтдаг, юу сурдгийг харж болно гэж хэлсэн. Мөн хүүхдийн ээж “Энэ багшид хариуцлага тооцож өгөөч ээ гэсэн өргөдөл гаргасан. Өргөдлийн утга нь “Ил шарх бол эдгэнэ. Далд хэлбэрээр юм уу, биеийн шарх үүсэхээргүй хэсэгт зодсон байж магадгүй. Жишээ нь үснээс нь зулгаах, толгой, элэг, бөөр рүү нь цохисон байхад тэр нь ил харагдахгүй.
Тэгэхээр ийм байдлаас болж хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан бол бид цагдаагийн байгууллагад хандах болно” гэсэн байсан. Бид багшийгаа олон жил ажилласных нь дараа “Одоо та чадахгүй байна. Ажлаасаа гар” гэж хэлж чадахгүй” гэв. Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Лхагважаргал “О.Цэцэгээ багш өмнө нь дөрвөн настай хүүхдийг чангаар загнаж дарамталсан гэх гомдол ирж, холбогдох арга хэмжээ авч байсан.
Дахин ёс зүйн алдаа гаргасан тул багшид ажлаас халах арга хэмжээ авах санал тавилаа. Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан ачаалал ихтэй болсон. Гэхдээ энэ нь хүүхдийг аливаа хэлбэрээр хүчирхийлэх үндэс болох учиргүй. Тиймээс энэ байдлыг хаана хаанаа бодолцон, нөхцөл байдалдаа тохируулан ажиллах хэрэгтэй” гэж байв.
Болсон явдлын талаар охины ээж Г.Номин-Эрдэнэ ийн ярьж байна. “Анх есдүгээр сарын 1-нд хүүхдээ авах гээд очиход манай охин цэцэрлэгийн хонгилд, шатны хажууд ганцаараа зогсож байсан. Тэгээд багш нь авах нь уу гээд таван минут орчим харж зогстол хэн ч аваагүй. Тэр үед миний охин шатнаас унасан бол хэн хариуцах вэ. Тэгээд үүнийг багшид нь хэлэхэд “Танай хүүхэд угаасаа хамгийн их уйлдаг. Хэцүү хүүхэд, дандаа ганцаараа гарч гүйгээд байна” гэсэн.
Би арга зүйч багш Б.Батцэцэгт “Хүүхдийг минь зодсон байна” гэж хэлэхэд өөдөөс “Танайх хүүхдээ хандиваар оруулсан уу? Дугаарлаж зогсож байгаад оруулсан уу? гэж асуусан. Би харьяаллынхаа дагуу наймдугаар сарын 27-30-ны өдөр дугаарлаж байгаад оруулсан гэдгээ хэлсэн. Тэгэхэд “Орон тооны хүрэлцээ муу байхад танайх хүүхдээ зүгээр оруулчихаад битгий хэл ам хийгээд бай” гэсэн. Мөн есдүгээр сарын 2-нд хүүхдээ авахаар очиход манай охин доогуураа нүцгэн, живхгүй, гутал нь шээсэндээ норчихсон явж байсан.
Хэзээнээс тэгж явсныг нь мэдэхгүй. Уг нь манай хүүхэд өмдөндөө шээдэггүй, өөрөө суултуур дээр суугаад бие засаж чаддаг. Тэгэхээр багш нар хүүхдээ маш муу асардаг байх гэж бодож байна. Энэ асуудлаас болоод цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар намайг “Эндээ учраа олчихож болох юман дээр заавал хэвлэл мэдээллийнхэнд хандлаа” гэсэн. Би хэвлэлд хандахаасаа өмнө өөрөө тэр хүмүүстэй уулзсан ч намайг жаахан хүүхэд гээд авч хэлэлцээгүй, загнаад л гаргасан шүү дээ” гэж ярив.
Түүнийг фэйсбүүкт энэ талаарх мэдээллийг тавьсны дараа маш олон хүн сэтгэгдлээ бичиж үлдээжээ. Тэдний нэг нь “Манай охин бас тэр цэцэрлэгт О.Цэцэгээ багшийн ангид явдаг байсан. Намар дөнгөж оронгуут л надаас “Чи ямар ажил хийдэг юм. Манай ангид таван ширхэг алтан хүрээтэй шаазан аяга, үүдэнд дэвсэх хивс аваад өг” гэж шууд хэлсэн. Бас туслах багшийгаа аймаар загнаж, доромжилдог. Тэр багш нь надад “Та хүүхдээ өөр багшийн ангид өгөөрэй. О.Цэцэгээ багш хүүхдэд юу ч заадаггүй, бас их зоддог” гэж болгоомжлуулж байсан. Би тэгээд хүүхдээ цэцэрлэгээс нь гаргаад гэртээ харж байгаа” гэх нэг сэтгэгдэл байна.
Хэдийгээр багш “Би зодоогүй” хэмээж байгаа ч удаа дараа энэ мэт “хэрэг хийсэн”, түүнийг нь гэрчлэх хүмүүс байгаагаас харахад яалт ч үгүй зоддог бололтой. О.Цэцэгээ багшийг энэ хэвээр ажиллуулаад байвал түүний удирдлага дор сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа 36 хүүхдэд юу ч тохиолдоо билээ.
Түүнчлэн ээж нь ингэж хэл ам хийж явсан гээд Н.Нандин-Эрдэнэ охиныг нүднээс далд дарамтлахыг үгүй гэх газаргүй. Иймээс цэцэрлэгийн удирдлагууд хүүхэд хайрлах сэтгэлгүй багшаа хаацайлаад байлгүй зохих арга хэмжээг авна гэж найдъя.
Х.АЗЖАРГАЛ