Ирэх цагийн өнгийг та бид байтугай цаг уурчид ч тааж мэдэхэд бэрх байна. Гэхдээ мичин жил гэгч “мангаа” айлчлах гэж буй нь жийрхэхээс аргагүйд хүргэнэ. Дэлхийн II дайны үеийн тэр “мич” морилоод ирж гэмээнэ салан задгай орхисон олон зүйл халамж шаардаж, бид барьц алдана. Өвлийн, ялангуяа мичин жилийн цаг уурыг ярихад одоо эрт байж мэдэх ч анхаарахад илүүдэхгүй.
Цаг уур байгалийн үзэгдэл учраас 2-3 сарын дараах үзэгдлийг 100 хувь тааж мэддэг хүн байтугай багаж, тоног төхөөрөмж дэлхийд алга. Агаар мандал секундээр өөрчлөгдөн хувьсаж буй учраас түүнийг сар, улирлаар загварчлах хэцүү байх нь мэдээж. Бага боловч дөхүүлэхийн тулд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй, хэмжилтийн станцуудаа ойр цэгүүдэд байрлуулж, богино хугацааны нарийвчлалтайгаар мэдээллээ нэгтгэдэг байх шаардлагатай.
Гэтэл манайд сайндаа л сум бүрт нэг станц суурилуулсан байдаг. Зарим суманд байдаг ч үгүй учраас ирэх өвөл, хаврын цаг агаарыг тааж мэдэх бэрх байгааг мэргэжлийн байгууллагынхан сануулж байна. Тавдугаар сард газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, тариалалт бага зэрэг оройтож эхэлсэн. Зургадугаар сард агаарын температур их хэлбэлзэж, олон хоногоор халан, ган болж ургацын бараг тэн хагасыг байгаль эх авчихсан билээ.
Долдугаар сарын 20-ноос хойш хур тунадас орж, зуншлага муудсан нутгуудад газрын өнгө сэргэж эхэлсэн. Хэчнээн халсан ч зуншлага засрах магадлал бага байсаар намрын эхэн сартай золгочихлоо. Өвөл ирнэ, асуудал үргэлжилнэ. Орон сууцны хороолол олшрохын хэрээр цахилгаан, дулааны ачаалал өмнөх жилээс нэмэгдэнэ. Энэ өсөлтийг хангах хүчин чадал дутмаг хэвээр байгаа. Яаж ийгээд өвлийг давахын төлөө одоо л ажиллах цаг.
Ус, цаг уур орчны шинжилгээний газрынхан энэ оныг дуустал цаг уурын урьдчилсан төлөв гаргажээ. Улирлын төлөв гэдэг нь тэнгэрийн байдал олон жилийн дунджаас хэр хазайхыг харуулсан хандлага төдий. Түүнээс биш 80-90 хувь биелдэг, ойрын тав хоногийн мэдээ шиг баталгаатай эд биш гэнэ. Тиймээс тэд ирэх өвлийн тэнгэрийн араншингийн хандлагыг л гаргажээ. Өнгөрсөн зун цаг агаарын мэдээлэл буруу байснаас болж ургац их хэмжээгээр алдлаа гэж газар тариалангийн салбарынхан багагүй хэл ам гаргасан.
“Цаг уурын мэдээллийн хугацаа холдох тусам биелэх магадлал багасдаг учраас ийм асуудал гарсныг үгүйсгэхгүй. Үнэндээ ургац алдсан буруугаа үүнд тохож байж ч болзошгүй” гэж цаг уурчид хэлж байсан юм. Наймдугаар сард дулаахан, хур тунадас харьцангуй бага орсон.
Хур тунадасны хувьд ч санаа амарч болох нь. Ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим юм уу, бага байх төлөвтэй юм байна. Ирэх аравдугаар сард бүр ч боломжийн.
Монголын нутгийн хойд хагас нь олон жилийн дунджийн орчим, өмнөд хагас нь түүнээс 0.5-1 градусаар дулаан байх гэнэ. Мөн арваннэгдүгээр сард ч олон жилийн дунджаас дулаахан байна. Гэхдээ энэ дулаан их “гэмтэй”, багагүй хур тунадас унах төлөвтэй гэнэ.
Аравдугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадастай байх нь. Харин баруун зүгийн нутгийн хойд, төвийн бүсийн нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу цас орох аж. Арваннэгдүгээр сард үүнтэй ойролцоо, нутгийн баруун өмнөд хэсэг, говийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутаг, төвийн бүсийн зарим газарт дунджаас их цас унах төлөвтэй. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадастай юм байна.
Оны төгсгөл буюу арванхоёрдугаар сард аюул ирж магадгүй гэх урьдчилсан төлөв гарчээ. Агаарын температур олон жилийн дунджийн орчим байх ч нийт нутгаар цас ахиу орох төлөв харуулж байгаа нь мичин жил хатуу болох нэг шалтгаан. Гэхдээ арванхоёрдугаар сар болоход байдал хэвээр байх, эсэх нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сар цас ихтэй байх төлвийг тэнгэрийн зурхайчид гаргачихаад байгаа ч байгаль эх хувьсан өөрчлөгддөг тул хугацаа ойртоход хэрхэн өөрчлөгдөхийг тааж мэдэхгүй байна.
Оны төгсгөл хаяанд ирэхэд л таамаглал “биетэй” болох тухай давхар сануулж буй. Нөгөө талаар таамаглалаас ч илүү зүйл болж, цас орсон дээрээ хүйтрээд эхэлбэл яах вэ гэдэг асуудал ч бий. Ургац алдсан хүчин зүйлийг жагсааж, арга хэмжээ авах болоход цаг агаарын мэдээлэл зөрүүтэй байсныг нэн тэргүүнд тавьчихсан байгаа. Уг нь тэр үеийн цаг уурын мэдээллээр өнгөрсөн долдугаар сард олон жилийн дунджаас халуун байна гэж дуулгасан ч манайхан нэг их ойшоогоогүй.
Үүн шиг ирэх өвөл, хаврын тэнгэр биднийг мэхлэхгүй гэх баталгаа өдгөө хаана ч алга. Хунгарласан цас ханын толгойд хүрч, хар бараан газар харагдахгүй, нэлийсэн цагаан тал цавцайх үед одоо яриад байгаа шиг сайхан үг, төлөвлөгөө хэрэг болохгүй. Орчлон ертөнц хувьсаж, уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байна. Энэ нь дэлхийн цаг агаар, уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж, тогтонги байсан олон зүйлс огт өөр зан ааш гаргаж эхэлсэн талаар мэргэжилтнүүд ярьж байгаа.
Олон хоног дамнасан хүчтэй бороо, цас орох, эсвэл огцом хүйтрэх, дулаарах ихэссэн нь урьдчилсан мэдээ гаргахад хүндрэл учруулж буй гэнэ. Тэр нь урт хугацааны төлөв гаргах ажилд бүр ч их нөлөөлдөг байна. Өнгөрсөн онд Архангай аймгийн Хашаат суманд байгалийн гамшиг болсон нь урьдчилсан мэдээллээс гадуур өнгөрсөн “хэрэг” байсан юм. Ер нь хэдэн сарын өмнөх мэдээ тоног төхөөрөмжийн байдал, сүүлийн үед эрчимжиж буй дэлхийн дулаарлаас шалтгаалж 60-65 хувийн биелэлттэй байгаа гэнэ. Өвөл өнтэй болох, эсэхийг өмнөх зун нь тодорхойлдог гэдэг.
Сайхан зуссан бол харьцангуй тайван өвөлждөг. Цаг агаар тогтсон циклиэ барихгүй хувьсаж буйтай холбоотойгоор сайхан зун болсон ч тааруухан өвөл айлчлахыг үгүйсгэхгүй аж. Мөн Монгол орны өнөөгийн байдал шиг зутруухан зуссан бол наад зах нь мал олигтой тарга хүч авч чаддаггүй учир өвөл хатуухан болохын дохио. Ийм тохиолдол өмнөх жилүүдэд байсан. Зуд турхантай жилүүдэд ч ийм зам туулсан байдаг нь ирэх өвөл, хаврын өнгө төрхийг илтгэх гол зүйл болчихоод буйг өвгөд хуучилж сууна.
Зуны өнгөнөөс хатуухан өвөл айлчилж, тэртээ 70 жилийн өмнөх мичин жилийн зуд давтагдах магадлалтай талаар малчид болон мэргэжилтнүүд ч дуулгаж байна. Монголчуудын зүрхэнд орсон зуд 1945 оны мичин жилийнх. Тэр зун, намар бороо төдийлэн ороогүй учир мал өмнөх жилийнхээ таргаар өвөлтэй золгож, цас ихтэй, маш их хүйтэрч, мал өвс тэжээлгүй, өл хоолоор дутмаг байснаас үй олноор хорогдсон түүхтэй.
Дайны үе, улсын эдийн засгийн чадавх доройгоос төр, засгаас үзүүлэх тусламж гэх зүйл үгүй байсан гэдэг. Цаг уурч Ч.Сарантуяа “Урьдчилсан мэдээллээр 1945 оны мичин жил шиг хүйтэн өвөл болохгүй нь харагдаж байна. Гэхдээ цас ахиухан орох хандлагатай. Зуншлага тааруу, нутгийн ихэнх хэсэг гантай учраас цас их орчихвол өвөлжилт хүндэрнэ. Тиймээс цаг эрт дээр өвс тэжээлээ бэлдэх хэрэгтэй байна. Сайхан өвөл болох байсан ч эртнээс бэлтгэлээ хангах ёстой.
1944-1945 оны мичин жил онцгой хүйтэн болж байлаа. Мөн 1976- 1977 оны мичин жилд ч өвөлжилт хүнд байсан. Түүнээс улбаалаад хүмүүс мичин жил бүр зуд болох юм шиг ойлгодог болсон. Сүүлийн жилүүдэд нийт нутгийг хамарсан зуд болсон түүх байхгүй. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр өвөл олон жилийн дунджаас 7-8 градусаас илүү хүйтрэхээ больсон шүү дээ. Гэхдээ тодорхой бүс нутагт цас нэлээд эрт ахиухан орж, бүрхүүл тогтчихвол яах вэ. Тиймээс даваа гүвээ цасанд боогдохоос өмнө хадлан тэжээлээ ойртуулах шаардлагатай” гэсэн юм.
Ч.МӨНХЗУЛ