“Алдарт “Монголын нууц товчоо”-ноос эхлээд дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэн үлдсэн Заг, Байдрагийн гол минь одоо ч ариун дагшин хэвээр байгаа. Энэ нутгаас номын мэргэд төрдөг нь тэр багашаархан голтой ч бас холбоотой юм шүү” хэмээн ардын уран зохиолч Т.Галсан гуай гурван жилийн өмнө ярьсныг санаж байна.
Өвгөн зохиолч төрж өссөн нутгаа зүгээр нэг магтая гэж магтаагүй биз. Баянхонгор аймгийн Байдрагийн гол Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөн цагаан нуурт цутгадаг. 270 гаруй км урттай энэ голын эх орчимд алт олборлосноор ус нь газрын гүн рүү шургаж, Монгол орны ширгэсэн голын тоог нэгээр нэмэх аюулд ойртов.
Тиймээс Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, ард иргэд Байдраг, Мандалын голын уулзварт алт олборлохоор найман га газрын хөрсийг хуулаад буй “Оргил моунт” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн, нэгдэцгээжээ.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Тэгшийн ам хэмээх газарт 1130.73 га бүхий MV-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны есдүгээр сард “Монголын алт корпораци” буюу МАК ХХК-д олгосон байсныг энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд “Оргил маунт” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ. 2011 онд энэ газарт анх “Жи Энд Ю Голд” ХХК алт олборлох гэж байхад нутгийн иргэд мөн л эсэргүүцэн тэмцсээр эцэст нь гурван шатны шүүхийн шийдвэр тэдний талд гарчээ.
Тэр үед “Урт нэртэй” хууль батлагдсан учраас эгзэг нь таарч, гол усаа хамгаалах гэсэн иргэдийн зүтгэл талаар болоогүй аж. Хэрэв тэгээгүй бол “Жи Энд Ю Голд” ХХК Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд алт олборлож, иргэдийг уух усгүй болгосон балаг дахин давтагдах байсан ч байж мэднэ.
Гэтэл энэ онд “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журам шинэчлэгдэж, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг эргээс 200 метр гэж тогтоосноор алтны компаниуд Байдрагийн голын сав газар руу дахин өнгөлзөж эхэлжээ.
Тэгээд “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөөгөө үзүүл. Ус ашиглалтын гэрээ, усны дүгнэлтийг чинь үзье” гэсэн иргэд болон орон нутгийн удирдлагуудад тодорхой зүйл хэлдэггүй гэнэ.
“Сум, аймгийн Засаг дарга нарын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, “Оргил моунт” компанийн үйл ажиллагааг газар дээр нь очиж шалгаад, зогсоогоод ирэхээр тэр дороо л эргээд ажлаа эхэлчих юм. Наймдугаар сарын эхээр манай иргэд зарим техник хэрэгслийг нь хурааж аваад хориод хоног тэдний ажлыг хийлгээгүй.
Гэтэл одоо бидэнд “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт” хөтөлбөрийн хүрээнд А лицензтэй газарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг бүх талаар дэмжиж байгаа. Харин та нар бидний ажилд саад болж, 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг шүүхээр шийдүүлнэ” гэх болсон. Уул уурхайн ажил эхлэх, үргэлжлүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудаас хамгийн чухал нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ.
Тэрийг гаргуулахын тулд эхлээд сумын иргэдээс зөвшөөрөл авсны дараа сумын Засаг дарга гарын үсэг зурдаг. Гэтэл биднээс ямар ч зөвшөөрөл аваагүй хэрнээ яаж байгаль орчны үнэлгээ хийлгүүлснийг нь гайхаж байна. Үнэхээр тийм зөвшөөрөл байгаа бол түүнийгээ үзүүл гэхээр “Бид үзүүлдэг газраа үзүүлсэн. Та нарт хамаагүй” гэдэг” хэмээн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг ярилаа. Маргаан дагуулаад байгаа дээрх үнэлгээг хэзээ, ямар компанийн нэр дээр хийлгэснийг холбогдох хүмүүсээс тодруулахад гурван өөр хариу хэлэх нь хачирхалтай.
“Оргил моунт” ХХК-ийнхан лав “Ашигт малтмалын хуульд заасны дагуу манай уурхайн бичиг баримт уурхайд байгаа. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж 200 гаруй хуудас материал бий. Тиймээс интернэтээр явуулах боломжгүй. Тэгэхээр тэдгээрийг авчиръя гэвэл 840 км зам туулах, эсвэл 3-4 хоног хүлээнэ гэвэл авчруулж болох юм” гэж “даажигнав”.
Түүнчлэн тус компанийг булаг байсан газар ухаж сэндийчээд зогсохгүй, Мандалын голоос шланкаар ус авч, шороогоо угааж буй тухай ч нутгийн иргэд гомдоллож, “Дахиад нэг голын маань амийг таслах нь” гэж халаглав. Энэ тухай “Оргил моунт” ХХК-ийн захирал Ц.Баярмаагаас тодруулахад “Бид наймдугаар сарын 12-нд “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газраар ус ашиглуулах дүгнэлт гаргуулсан. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдаж байгаа.
Унд ахуйн болон технологийн усны хэрэгцээг гадаргын усаар хангана. Алтны шороон ордыг ил аргаар олборлон баяжуулах технологид хоногт 9600 шоо метр, унд ахуйд 9.75 шоо метр ус шаардлагатай. Энэ дүгнэлтийг үндэслээд “Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газрын захиргааны дарга наймдугаар сарын 25-нд тушаал гаргаж, манай ордыг унд ахуйн болон технологийн хэрэгцээнд нийт 199.331.25 шоо метр усыг нэг жилийн хугацаанд ашиглах зөвшөөрөл өгсөн” гэв.
Харин үнэхээр Мандалын голоос ус татаж алтаа угаах юм уу гэсэн асуултад тэрбээр “Би уурхайн ажилтнуудаасаа асуулаа. Тэгээгүй гэж байна” хэмээн хариулсан. Тэгээд энэ 199.331.25 шоо метр гадаргын усыг хаанаас авах вэ гэдэг хариулттайгаа хамт явдаг оньсого шиг юм болоод байна уу.
Хаа сайгүй гол мөрөн ширгэж, хатсан цөлд ангаж үхэх аюул манай бөмбөрцгийн аль ч хэсэгт нүүрлээд буй. Ийм үед нэг ч гэсэн голоо онгон дагшин хэвээр нь авч үлдэхийн тулд нутгийн иргэд хөлөө хүрэх газраа заргалдаж явааг буруутгах аргагүй.
Гэхдээ бас “Урт нэртэй” хуулиас болж олон компани үүдээ барихад хүрч, банкны зээлийн өрөнд дарлуулсан олон гэр бүл өлөн зэлмүүн амьдрах дээрээ тулсан учраас журамд өөрчлөлт оруулсныг буруутгах гэсэнгүй. Энэ өөрчлөлтийн ачаар алтны компаниуд сэхээ авч, тэр хэрээр манай эдийн засагт ч дэм болох нь дамжиггүй.
Гэхдээ “Хуулийн хүрээнд бол юу ч хийсэн өөрийн дур байдаг нь ардчилсан нийгмийн ач тус” гээд нүдэн балай чихэн дүлий зүтгээд байлгүй эцсийн эцэст бидэнд юу үнэ цэнэтэй вэ гэдгийг бодож баймаарсан. Адаглаад Байдраг, Мандал ширгэвэл, Загийн гол хаанаас эх авах вэ.
“Оргил моунт” ХХК-ийн өнгөрсөн хавар нэр дээрээ шилжүүлж авсан MV-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх шинэ журамд заасан өнөөх 200 метр дотор орчихоод байгааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газрын нэр бүхий албан тушаалтнууд компанид ч, орон нутгийн удирдлагууд, иргэдэд ч мэдэгдэж байжээ.
Энэ талаар Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бямбадагваас лавлахад “Манайх тус компанид 2015 оны уулын ажлынх нь төлөвлөгөөг баталж өгөхдөө усан сан бүхий газрын хамгаалалттай бүстэй давхцалгүй хэсэгт буюу 2С, 4В-ээс 13В хүртэл блокуудын хүрээнд зөвшөөрөл олгосон. Хэрэв манай зааж өгсөн талбайгаас хэтрүүлж, гол руу хэт ойртуулан ухсан бол мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргаад, БОНХАЖЯ руу хүргүүлэх хэрэгтэй.
Яамныхан нягтлаад энэ нь батлагдвал манайхаас тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авдаг” гэлээ. Гэвч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Болорчимэг энэ тал дээр тун хойрго хөдөлж буйг орон нутгийн удирдлагууд нь шүүмжлэх юм. Харин өөрөөс нь энэ тухай асуухад “Би амарч байгаад саяхан ажилдаа орсон нь үнэн. Гэхдээ “Оргил моунт” компанийн үйл ажиллагаанд хууль бус зүйл байхгүй гэдгийг БОНХАЖЯ, МХЕГ-аас ирсэн ажлын хэсгийн дүгнэлт харуулна.
Долдугаар сарын эхээр би өөрөө ч тэнд очиж шалгасан. Тусгай зөвшөөрөл авсан дээрх газарт хоёр орд бий. Түүний нэг нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай байгаа. Тэнд олборлолт явуулах зөвшөөрөл өгөөгүй. Нөгөө орд нь давхцалгүй учраас тэнд зөвшөөрөл олгогдоод, одоо хөрсөө хуулж байгаа юм билээ. Гол усаа хамгаалж үлдэхээр уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж буй иргэдийг би ойлгож байна. Тиймээс талуудыг ойлголцохгүй бол Захиргааны шүүхэд хандахыг зөвлөсөн” гэв.
Мэргэжлийн хяналтын байцаагчийн хэлэх үг ердөө л энэ гэхэд итгэмээргүй. Ядаж байхад Баянхонгор аймагт орон нутгийн сонгуулиар МАН, АН хоёр хүч тэнцүү санал авсан учраас ямарваа нэг асуудал гарахаар хэдэн удирдлага нь хоёр тийшээ хараад суучихдаг гэнэ. Үүнийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрнө билээ. Аймгийнх нь Засаг дарга, МХЕГ-ын дарга хоёр өөр өөр намынх учраас босоо удирдлагын тогтолцоотой мэргэжлийн хяналтынхны хувьд засаг ноёныхоо өөдөөс үг сөрөөд зогсох энүүхэнд гэх.
Иймэрхүү нөхцөл байдал хэнд ашигтай байх бол. Орон нутгийн иргэдийн эрх ашиг, тэндхийн байгаль орчинд лав хор хөнөөлтэй байж таарна. Магадгүй үүнээс болж түүхэнд мөнхөрсөн Байдрагийн голын ирээдүй бүрхэг болбол хэн хариуцлага хүлээх вэ. Жаахан эртхэн самбаачлаад, сум орон нутгийн ИТХ нь тогтоол гаргаж, Байдраг, Мандалын голын эхийг хамгаалалтад авчихсан бол өдийд ингээд хэрүүл хийж суухгүй байлаа. Одоо ниргэсэн хойно нь мянга хашгираад нэмэр болох болов уу. Юутай ч Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийнхөн энэ асуудлаар шүүхэд хандсан гэнэ. Асуудал хаашаа эргэхийг одоо харах л үлдлээ.
Л.ГАНЧИМЭГ