Тэр хүүхдүүд сайн л сурдаг байгаа даа? Аль хоёр жилийн өмнө хичээлийн байрыг нь акталж, тэндээ байх аргагүйд хүрсэн тул өнгөрсөн жилээс сурч боловсрох газаргүй болсон тэр хүүхдүүд 38 дугаар сургуулийнх. Германы байгаль судлаач, эрдэмтэн Александр фон Хумбольдтын нэрэмжит, герман хэлний сургуулийн сурагч болох тэд уул нь ингэж “тэнэж” явмааргүйсэн.
38 бол Монгол Улсад герман хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэгч анхны, төрийн өмчийн ганц сургууль. Гэтэл шинэ сургууль барих нь битгий хэл хуучныг нь ч буулгаагүй, сурагчид “хүний” сургууль бараадаад хоёр жилийн нүүр үзчихлээ. Өнгөрсөн жил тэд гурван сургууль дамжин хичээллэж байв. Азаар энэ удаа нэг нь хасагдаж, хоёр сургуульд хуваагджээ.
Бага ангиуд нь “Эрдмийн ундраа” цогцолборын 78 дугаар сургууль, бусад нь “Оюуны ундраа” цогцолборын 22 дугаар сургуульд хичээллэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд найман бүлэг нь 47 дугаар сургуульд явдаг байж. 47 дугаар сургуулийнхан өөрсдөө гурван ээлжээр хичээллэж, ачааллаа дийлэхгүй болсон учраас тэднийг нэмж авах дуртай байна гэж үү. Улаанбаатар хотод угаасаа сургууль хүрэлцэхгүй байхад.
Тус сургуулийг 1992 онд байгуулжээ. Сургуулийн зориулалттай ч биш, өмнө нь Хөрөнгийн бирж, эмнэлэг байсан байшин тэдэнд “өвлөгдсөн” тул одоо нас нь гүйцэхээс ч аргагүй гэнэ. Анх 14 багш, 200 гаруй сурагчтай байсан бол одоо хүүхдийн тоо 1076-д хүрчээ. Уг нь жил бүр 1250 хүүхэд авдаг аж. Нийт 59 багштай юм байна.
Дунд ангиуд нь нэг дор, 22 дугаар сургуулийн байранд хичээллэдэг учраас багш нарын олонх нь хоёр сургууль дамжих зовлонгүй аж. Дуу хөгжмийн, гадаад хэлний багш нар 78 дугаар сургуульд очиж бага ангийнханд хичээл заадаг аж. Тэднийд ХБНГУ-аас оюуны хөрөнгө оруулдаг. Багш нар нь тус улсад тогтмол мэргэжил дээшлүүлдэг, сурах бичгүүдийг нь тэндээс хангадаг учраас ийн оюуны гэж нэрлэжээ. Өнгөрсөн жил гэхэд л 6000 еврогийн ном сурах бичиг хүлээн авсан, энэ жилийнхээ сурах бичгийг өдгөө хүлээж буй гэнэ.
38 дугаар сургуулийнхан “Монголын нууц товчоогоор аялахуй” төсөл хэрэгжүүлж, сурагчдадаа I ангиас нь “Монгол нууц товчоо”-г судлуулж, түүнд дурдагдсан болон холбоотой газруудаар хүүхдүүдээ аялуулдаг аж. Одоо хичээллэж буй сургууль нь тэднийх биш ч “Монголын нууц товчоо”-г дээдлэх хүндэтгэлийн танхим нээж буй юм байна.

Ямар ч зүйл хийсэн сүүлд нь зөөн байрлуулж болохыг захиалж буй нь тэдний нэг бэрхшээл. Энэ танхимаа ч бас ийм байдлаар байгуулж буй аж. Бас “хүний” сургуулийн эд зүйлсийг бүрэн бүтнээр нь байлгахыг их хичээдэг гэсэн. Шинэ сургуультай болчихвол тэдэнд хийхээр зэхсэн ажил цөөнгүй бий аж.
Тус сургуульд орох хүсэлтэй хүүхэд олон байдаг, эцэг эхчүүд нь цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж хичээж байгаа юм шиг урт дараалал үүсгэдэг байсан ч тэр нь одоо дурсамж төдий. I ангийн дөрвөн бүлэгтээ 140 хүүхэд авна гэж зарлахад л 400-500 хүүхэд бүртгүүлдэг байжээ. Харин одоогоор шилжилт хөдөлгөөн ихтэй аж. Он гарснаас хойш 20 гаруй хүүхэд өөр сургуульд сурахаар явжээ.
Энэ сарын 15-ныг дуустал шилжилт хөдөлгөөн тасрахгүй байх төлөвтэй гэнэ. Үүнд зөвхөн хичээлийн байргүй нь бус, хамран сургах тойроггүй байсан тус сургуульд нийслэлийн Боловсролын газраас тойрог оноож өгсөн нь нөлөөлжээ. Хамран сургах тойроггүй байх үедээ тэднийх I ангид герман хэл сурах сонирхолтой хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр, шалгаруулж элсүүлдэг байжээ.
Гэтэл одоо тойргийнхоо хүүхдүүдийг эхлээд авч, орон тоо үлдвэл хэл сурах сонирхолтой хүүхдүүдийг элсүүлдэг болжээ. Энэ нь герман хэлний боловсролыг Монголд түгээн дэлгэрүүлэгч гэсэн тус сургуулийн статусыг баллуурдахад хүргэж буйг тэд онцолж байлаа.
Төлбөр нь бага, дунд, ахлах ангиараа ялгаатай, жилийн 100, 130, 150 мянган төгрөг байдаг аж. Нөгөө талд нь бас өөр аав ээжүүд “Би герман хэл хүүхдэдээ заалгах гэж танай сургуульд оруулсан байхад яагаад заахгүй байна вэ” гэж гомдоллох нь ч бий. Ийм асуудал гардаг учраас тус сургууль нэг хэсэг I ангид герман хэл заахаа больсон байснаа энэ жилээс сэргээжээ.
Байргүй болсон нь ч үүнд нөлөөлсөн гэнэ. Сургуулийг нь нураах шийдвэр гарч, өөр сургуульд хичээллэх болтол тойргийнх нь зарим хүүхэд сургууль холдчихлоо гэх юм уу, байргүй гээд шилжсэн гэнэ. Тойргийнх нь хүүхдүүдийн эцэг эх “Хүүхдийн сургууль холдчихлоо” гэж байхад хэл сургах зорилготой хүмүүс үүнийг асуудал гэж харахгүй байгаа тухай тус сургуулийнхан хэлж байв. Тойргийнхоо бүх хүүхдийг аваад эхэлбэл өнөөх хэл сурах хүсэлтэй хүүхдүүдэд боломж үлдэхгүй гэнэ.
Хамран сургах тойрог өгсөн нь сургалтаа сайн явуулж чадахгүйд хүргэж байна гэж үзсэн уг сургуулийнхан энэ асуудлыг холбогдох байгууллагуудад удаа дараа тавьсан ч шийдэлгүй өдий хүрчээ. Германы Элчин сайдын яамнаас БСШУЯ руу энэ талаар албан бичиг явуулсан удаа ч бий гэнэ. Үүгээр тогтохгүй, салбарын яамнаас нь герман хэл үздэг өөр сургууль байхгүй гээд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нь баталдаггүй учраас тус сургуульд уг хэлийг заах цаг гардаггүй аж.
Тиймээс орос хэл үзэх цаг дээр герман хэл зааж, дүрэм зөрчихөөс аргагүйд хүрдэг гэнэ. Дүрэм зөрчөөд ч хамаагүй энэ хичээлийг заахгүй бол хоёр орны хамтын ажиллагаа, 20 жилийн хөрөнгө оруулалт үр дүнгүй үлдэх аюултай учраас тэр аж.

Салбарын яам нь I сургуульд герман хэл үзэх, Баян-Өлгий аймагт герман хэлний сургууль нээхийг зөвшөөрчихөөд яагаад 20 жил үндсэн хичээлээ болгон зааж ирсэн тус сургуульд зөвшөөрөл өгдөггүйг хамтран ажилладаг германчууд нь төдийгүй тэд өөрсдөө ч ойлгодоггүй гэсэн.
Байргүйгээс дор зовлон уг сургуульд бас байдаг л юм байна. Герман, Монголын хамтарсан гэсэн статустай ч үүнийг нь ойшоох газар байхгүй гэнэ. Уг нь Боловсролын сайдын 1992 онд гаргасан тушаалаар тус сургуулийг Гадаад хэлний дээд сургуулийн лаборатори-бааз дунд сургууль болгосон байдаг юм байна. Тэр үед тус сургуульд Япон, Герман, Англи, Америк, Хятад мэргэжилтнүүд ажилладаг, таван хэл заадаг байжээ.
ХБНГУ-ын боловсролын асуудал эрхэлсэн төлөөлөгчид 1995 оноос хойш Монгол Улс дахь герман хэлний сургалтыг удаа дараа судалсны үндсэн дээр 1998 онд 38 дугаар сургуулийг Монгол, Германы хамтарсан сургууль болгохоор сонгосон байна. Мөн онд Монгол Улсад айлчилсан ХБНГУ-ын Ерөнхийлөгч асан Роман Херцог, манай улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар хамтарсан сургууль байгуулах тухай мэдэгдэл хийжээ.
Нийслэлийн Засаг даргын 1999 оны захирамж болон тухайн үеийн Гэгээрлийн сайдын тушаалаар Монгол, Германы хамтарсан сургууль болгосон гэнэ. Гэсэн ч үүнийг нь хэрэгсэх газар өнөөдөр олдохгүй байгаа нь харамсалтай.
Тус сургууль DSD 1, 2 шалгалт авах эрхтэй. Ийм сургууль Азид тэднийхээс өөр байхгүй. Энэ нь Европын холбооны улсуудын коллеж, их, дээд сургуульд элсэх эрхийн шалгалт бөгөөд үүнийг өгөхийн тулд 2500-3000 евро төлдөг. Дээрх шалгалтын эрхийг авахын тулд хүүхдүүдэд герман хэлийг тодорхой цагийн турш заавал заасан байх ёстой.
Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд жилд төдөн цаг герман хэл үзсэн байхад энэ шалгалтыг өгөх эрхтэй. Гэтэл тус сургуулийн хүүхдүүдийн герман хэл үзэх цаг бага учраас энэ талаараа холбогдох газруудад хэлдэг ч өнгөрсөн жил герман хэлний хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг нь зөвшөөрөөгүй, энэ жил ч батлаагүй л байна.
Сургуулийн захирал Ч.Отгондаваа “Би 2011 онд захирал болоход энэ асуудал яригдаж байсан. Одоо ч хэвээрээ. 20 жилийн өмнө ажиллаж байсан герман зөвлөх маань ч “Тэр үед ч ийм асуудал байсан” л гэх юм. Утга учрыг нь төдийлэн ойлгохгүй байгаа юм болов уу гэж би бодож байна. Ерөөсөө манай сургуулийг төгссөн хүүхэд ямар нэгэн дамжлагагүйгээр DSD 1, 2 шалгалтыг шууд өгч, амжилттай дүн авбал Европын холбооны бүх улсад хүссэн сургуульдаа орох эрхтэй болох тухай л бид яриад байгаа юм.
Ингэж өөр улсын их, дээд сургуульд шууд элсүүлдэг сургууль манайд байгаа юм уу. Төгсгөөд гадаадад сурах боллоо гэхэд улсын найман их, дээд сургуульд хоёр жил сурчихаад 2500-3000 евро төлөөд шалгалтаа өгөх шаардлагатай байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд манай хоёр хүүхэд 100 хувийн тэтгэлгээр Германд сурахаар явлаа. Найман хүүхэд их, дээд сургуульд сурах эрх авлаа. 10 хүүхэд коллежид сурах эрхтэй боллоо.
Хэдийгээр бид байргүй ч сургуулийн үйл ажиллагаа сайн, сургалт хэвийн явагдаж байгаа нь энэ. 2012 оноос хоёр орны Засгийн газар хоорондын шийдвэрээр монгол залуусыг Германы их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр тэтгэлэгтэй сургах болсон. Манай герман мэргэжилтэн “Эхний жил шалгарсан 35 хүүхдийн 18 нь манай төгсөгч байна” гэж их баярлаж байсан. Бид хүүхдүүдээ ийм хэмжээнд сургаж байгаа. Тиймээс манай хөтөлбөр, төлөвлөгөөг батлаад өгөх хэрэгтэй байна. Бидэнд үүнээс илүү хүндрэлтэй асуудал алга” гэсэн юм.
Ч.МӨНХЗУЛ