Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өчигдөр боллоо. 25 жилийн түүхэнд “22 дахь удаагийн” гэсэн тодотголтой тус хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, 1990 оны АИХ-ын дарга, орлогч дарга нар, УБХ-ын болон үе үеийн УИХ-ын гишүүн оролцов.
Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нар, ахмад ажилтнууд, парламентын харьяа байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар хүрэлцэн ирэв.
УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээж, “АИХ-ын анхдугаар хуралдаанаар УБХ-ын дарга, орлогч, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталж, 1990 оны есдүгээр сарын 13-нд УБХ-ын гишүүд “Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай. Бүтэн бие мину алжааваас алжаатугай, бүрэн улс мину бүү алдартугай” хэмээн, тангараг өргөснөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, өнөөдөр 25 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ бол Монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ үеийн түүх бөгөөд өнөөдрийг хүртэл парламентын засаглал шинэ ардчилсан Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байгаагийн илрэл юм” хэмээн тэмдэглэсэн.
Тэрбээр Монголын түүхэн дэх парламентын үүсэл хөгжил, 1990 оны ардчилсан хувьсгал ба парламентат ёсны төлөвшлийн тухай дурдаж, эцэст нь түүнийг хэрхэн гүнзгийрүүлэх талаар онцлов. УИХ-ын дарга “25 жилийн түүх урт биш ч гэлээ цаашид парламентын сонгодог жишгийг гүнзгийрүүлж, Үндсэн хуулийн болон бусад эрх зүйн орчинд улам боловсронгуй болгох шаардлага гарсаар байна” гээд дараах асуудалд анхаарал хандуулах нь чухал ач холбогдолтой гэв.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийг боловсронгуй болгох санал, санаачилга ард иргэд, хууль тогтоогчдоос гарсаар байна. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн санал, санаачилга бүрийг хүлээн авах нь тийм ч хүсэх зүйл биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог жигд хангахаас эхлээд нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай.
Хоёрдугаарт, УИХ 1996, 2007 онд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр батлах оролдлого хийж байсан ч эдгээрийг хэрэгжүүлж, мөрдөх нь хангалтгүй байсан. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг олон жилийн настай байхаар боловсруулж, 2015 оны намрын чуулганаар батлах нь чухал байна.
Урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй нийцүүлэн баталдаг болох хэрэгтэй байна. Энэ нь хөгжлийн бодлого тасралтгүй, уламжлагдан хэрэгжих нөхцөл болох төдийгүй улс төрийн намуудын төлөвшил, Засгийн газрын тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлнө.
Гуравдугаарт, хуулийн биелэлтийг хянан шалгах нь УИХ-д Үндсэн хуулиар олгогдсон чухал бүрэн эрхийн нэг. Юуны өмнө парламентаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих энэхүү хяналт шалгалтыг хэрэгжүүлэх тогтолцоог цаашид төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байна.
УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтийг Засгийн газарт даатгаад зөнд нь орхих бус, Үндсэн хуулиар олгогдсон хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг ажил хэрэгчээр авч хэлэлцдэг байх, өөрөө болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагаар дамжуулан хуулийн биелэлтийг хянан шалгаж байгаа ажлын үр нөлөөг сайжруулах шаардлагатай.
Дөрөвдүгээрт, төсвийн төслийг парламентаар хэлэлцэх, батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих бүх процессыг УИХ-ын үйл ажиллагааны тасралтгүй үргэлжлэх нэгэн гол чиглэл болгон хэвшүүлэх хэрэгтэй байна. Шаардлагатай бол төсвийн төсөлд өөрчлөлт оруулах, дүн шинжилгээ хийх, эрх бүхий зарим байгууллагыг төсвийн хувьд Засгийн газраас хараат бус байлгах, төсөв батлагдсаны дараах хяналт шинжилгээ зэргийг тодорхой бүтцийн нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг болоход анхаарах хэрэгтэй.
Тавдугаарт, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ чуулганаар батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой. Эдгээр хуулийн үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн тухай хуулийг аль болох тогтвортой мөрдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой.
Зургадугаарт, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгож, төсөв санхүү, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх нь парламентат ёсны хөгжлийн салшгүй нэг чиглэл юм гэлээ.
Ц.ЭЛБЭГДОРЖ: ПАРЛАМЕНТЫГ САЙДЫН ТОМИЛГООНООС САЛГАХ ХЭРЭГТЭЙ
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын зарим гишүүнийг томилсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Гүйцэтгэх засаглалыг тогтвортой, хариуцлагатай болгоход хууль эрх зүйн хүрээнд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатайг тодотгов. Тодруулбал, “Аалзны шүлс шиг татуургатай Засгийн газар яаж бүтээлч байх юм, ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зоригтой шийдэх юм бэ.
Ардаа амлалт өгч, сайд болсон гэж хоорондоо ярьдаг болсон. Монголын төрийг ийм утгагүй байдалд оруулж болохгүй. Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Сайд гэдэг хариуцлага өндөр, нэр хүндтэй албан тушаал. Хүмүүсээ түлхсэн, хувийн үзэл бодолдоо баригдагчид өөрсдийгөө хар даа.
“Манай хүнийг оруулахгүй бол танай хүнийг оруулахгүй”. Үүний төлөө байлдаж, ард түмний тархийг самууруулж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн. Одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байна. Ширэнгэ ширэнгийн мухарт байгаа дарга нарын үзэл бодлоор Монголын ажлыг гацааж байна. Одоо тогтолцоондоо өөрчлөлт оруулъя. Засгийн газрыг бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд зарим шийдвэр гаргах хэрэгтэй.
Нэгдүгээрт, Засгийн газар танхимдаа ажиллах сайд нарыг томилдог болох ёстой. Парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй. Сайдуудаа нэг, нэгээр нь, нам, намаар нь хувааж томилдог парламент хаана байна вэ. Монгол өөрийн гэсэн зөв бүтэцтэй байх ёстой. Дээр нь Ерөнхий сайд танхимын сайдаа хэзээ чөлөөлөх, огцруулахаа мэддэг байх ёстой. Уг асуудлыг энэ парламент шийдэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах эрхийг өгөх шаардлагатай. Албан тушаалын хойноос хөөцөлдөж, амьдралаа өөд татах гэж сууж байгаадаа ичих хэрэгтэй. Үр хойчдоо нүгэл болно. Ийм нүглийг зогсоох ёстой. Төр бол нүгэлтэй тэмцдэг байгууллага. Өмнө нь зарчим ярьдаг байсан гишүүн суудлын сураг сонсоод зарчим, үнэт зүйлээсээ ухарлаа. Ямар адын юм бэ! Их олон юм бужигнуулалгүй, цөөн хэдэн зүйлийг өөрчлөөд үзье.
1990 оноос хойш бид 14 удаа Ерөнхий сайдаа томилсон бол Герман гурван Канцлер сольсон. Ийм байвал бодлого тогтвортой байдаг юм. Үндсэн хуулийнхаа энэ язгуур үзэл санааг хэрэгжүүлье. Ингэж чадвал Монголын гүйцэтгэх засаглал тогтвортой, бүтээлч байна. Улс төрийн намын болон Сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг баталъя. Хариуцлагатай, ёс зүйтэй улс төр бий болгоё.
Гуравдугаарт, Монгол Улс байнга төвийг сахих орон болъё. Өвөг дээдсээс үлдээсэн ном судрыг уншаад үзээрэй. Энэ тухай л сургаж ирж. Энэ бодлогыг цаашид хэрэгжүүлж явах ёстой. Сүүлийн 25 жил Монгол Улсын хэрэгжүүлсэн бодлого бидний агуулга болж хэрэгжиж иржээ. Бид агуулгыг 25 жил хэрэгжүүлсэн, одоо нэрийг нь өгч байгаа” гэсэн юм.
НИЙТ 5084 ХУУЛЬ, ТОГТООЛ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЖЭЭ
Мөн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үг хэлэв. Тэрбээр тус ойн арга хэмжээнд УБХ-ын гишүүдийг өргөнөөр оролцуулж буйд талархсанаа илэрхийлээд, “УБХ нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн болж, БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий дэг барих дээд байгууллага гэсэн статустайгаар бий болсон түүхтэй.
Тийм учраас УБХ ард түмний сонголт болсон ардчилсан хувьсгалын ололтыг хууль эрх зүйн хувьд нь эн тэргүүнд ханган биелүүлэхийн төлөө ажилласан” гэлээ. Сонирхуулахад, тус хугацаанд бие даасан 454, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2209, гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай 330, хууль хүчингүй болсон тухай 145 хууль болон УБХ-ын 167, УИХ-ын 1779 тогтоол буюу нийт 5084 хууль, тогтоол хэлэлцэн баталжээ.
Мөн УБХ болон зургаан удаагийн парламентад давхардсан бус тоогоор 326, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр сонгогдон ажилласны дотор долоон удаа сонгогдсон хоёр, зургаан удаа сонгогдсон хоёр, таван удаа сонгогдсон дөрөв, дөрвөн удаа сонгогдсон 14, гурван удаа сонгогдсон 30, хоёр удаа сонгогдсон 68, нэг удаа сонгогдсон 206 гишүүн байна.
Гишүүдийн 19.6 хувь нь 25-35, 47 хувь нь 36-45, 33.4 хувь нь 46-гаас дээш насных байгаа бол 20.8 хувь нь эдийн засагч, 12.6 хувь нь багш, 28.5 хувь нь инженер, 13.2 хувь нь хуульч, 2.8 хувь нь сэтгүүлч, 0.6 хувь нь малчин, 21.5 хувь нь бусад мэргэжлийн хүн байна.
Мөн энэ өдөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд УБХ-ын нийт 62 гишүүнд “Улсын Бага Хурлын гишүүн” тэмдэг, үнэмлэх гардуулсан юм.
Б.НОМИН