Хаврын улс төр өрнөж байна. Ялангуяа өнгөрч буй долоо хоног адал явдал ихтэй байлаа. УИХ-ын ээлжит бус чуулган ганцхан өдөрт бүх асуудлаа “машиндаад” завсарлав. Парламентын түүхэнд ээлжит бус чуулганыг ганцхан өдөр хийж байсан тохиолдол үгүй.
Харин З.Энхболд дарга л 24 асуудлыг 10 цагийн хугацаанд багтаан хэлэлцэх “ур чадвар” гаргажээ. Уг нь ээлжит бус чуулганыг энэ сарын 15-26-нд хийхээр товлосон. Уужуухан хугацаа тавьсан атлаа ингэж адгасан нь хардлагыг улам баталгаажуулсан билээ.
Ээлжит бус чуулган хийхийн зорилго нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудал л байж. УИХ-ын дарга З.Энхболд өөрөө хууль зөрчсөн шалтгаанаар Цэцээр шүүгдэх мөч ойрхон ирсэн учраас даргыг нь зайлуулахыг хүссэн гэсэн хардлага нэлээд дээрээс хэвлэлээр гарсан юм.
МАН, МАХН-ын олонхгүйгээр 39 гишүүн бүрдүүлээд “өрөөсгөл” хуралдаан хийж, яаравчлан хаасан нь энэ. Чуулганы нээлтэд МАХН-ын хоёр, Цэцийн даргыг огцруулахаас бусад асуудлыг хэлэлцэхэд МАН-ын есөн гишүүн оролцсон юм билээ.
ГОЛ ЗААЛТАА “МАРТСАН” ХУУЛЬ
З.Энхболд дарга ээлжит бус чуулган зарлачихаад хуралдуулж чадахгүй хөгөө чирч байх зуурт бас л “хөөрхөн” үйл явдлууд болсон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа эрхэм түшээд уг хуулийг санал хураалт болохоос өмнөх зургаан сард өөрчилж болохгүй гэдэг заалтыг аваад хаячихсанаа гэнэт мэдэв. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг энэ хуулийн төсөл дээр гурван жил гаруй ажилласан юм шүү дээ.
УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл багтсан, бас МАН-аар даргалуулсан парламентад суудалгүй намуудын, “Шударга ёс” эвслийнхний санаачилсан төслийг ч нийлүүлж байж баталсан. Гэвч хэн нь ч тэр заалт үгүй байгааг “анзаараагүй” гэнэ.
Хуулийг нөхцөл байдалдаа тааруулаад яаж ч тайлбарлаж чаддаг мундаг түшээдтэй учраас тэд шаардлагатай бол өөрсдийн хүссэнээр Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж тооцсон ч юм бил үү. Бид хардах эрхтэй.
Энэ тухай олон нийт мэдсэн даруйд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Сонгуулийн хуулийн төслийг ахалж ажилласан гишүүн Р.Бурмаа нар яаран тайлбар хийв.
“Хууль сахиулах тухай хуульд Сонгуулийн хуулийг санал хураахаас зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн заалт бий. Тиймээс Сонгуулийн хуульд нь тусгаагүй байлаа гээд үүнийг өөрчилж чадахгүй” гэсэн агуулгатай тайлбар л даа.
Уг хуулийн өөрчлөлтийг парламентад суудалтай намуудын зөвшилцлөөр баталдаг, үүнд нь багаар бодоход зургаан сарын хугацаа хэрэгтэй, тэгэхээр төсөл оруулж ирсэн ч баталж амжихгүй гэнэ. УИХ-ын гишүүд ийм л салан, хариуцлагагүй, тийм л “гэнэн”, эсвэл дэндүү муу санаатай байна.
Н.ЭНХБАЯР БА ЗАСГИЙН ГАЗАР
Тэрбээр Шадар сайд болохын тулд дөрвөн том даваа давах ёстой гэнэ. Уг албан тушаалд нэр дэвшигчийг Ерөнхий сайд санал болгодог. Эхний удаад Ч.Сайханбилэг түүнээс татгалзсаныг уншигчид санаж буй байх.
Дараа нь АН-ынхан Засгийн газраа авч үлдэх тохироогоор Н.Энхбаярт Шадар сайдын суудлыг наймаалцсан. Энэ ёсоор асуудал оруулаад ирвэл Ч.Сайханбилэг намын даргынхаа заасан замаар алхаж, түүний нэрийг санал болгохоос аргагүй.
Гэхдээ одоо цагт шууд хэлсэндээ хүрэх нь шударга бус мэт болчихсон хойно. Засгийн газар АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагаа хүсэв. АТГ-аас “Нэр дэвшигчийн ялгүй болох хугацаа дуусаагүй.
Мөн ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж, бусдын өмч хөрөнгө залилсан, их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт холбогдон шалгагдаж буй нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал бий болгож байна” гэсэн хариу өгсөн.
Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр түүний ялгүй болох хугацаа ирэх есдүгээр сарын 1-нд дуусах аж. Н.Энхбаярын давах ёстой гурав дахь даваа нь Ерөнхийлөгчийн дэмжлэг хүлээх. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Шадар сайдад нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг хуультай. Гэтэл Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр хонь, чоно мэт харилцаатай.
Тэд өнгөрсөн Цагаан сарын бөхийн барилдааны үеэр хөөрөг зөрүүлэн золгож, инээмсэглэсэн зургаа татууллаа гээд иймэрхүү зүйл дээр эвлэрсэн гэсэн үг биш бололтой. Эдгээр гурван давааг давсны эцэст УИХ-ын олонхийн дэмжлэг авах учиртай. Гэвч МАХН-ын дарга АТГ хавьцаа бүдэрч орхилоо. Иймэрхүү “хаалт” хийхээ АН-ынхан, тэр дундаа Ерөнхийлөгч мэдэлгүй яах вэ.
МАХН-ын үнэнч фэнүүд нь АН-ынхныг тохирсондоо хүрэхийг шаардаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг ирцээр бойкотлох гээд амжилт олсонгүй. Намын даргатайгаа таарамжгүй болсон Л.Цог, Д.Тэрбишдагва нар л чуулганд сууж, ирц бүрдүүлэлцэв. Хашир бурхи Н.Энхбаяр одоо мэдээж зүгээр суухгүй.
МАХН-ынхан Засгийн газраас гарах тухай яриа уг тохиролцоо замхарч эхэлснээс хойш л тарсан. Гэхдээ АН-ынхан энэ талаар өмнөх туршлагаа давтаж болзошгүй байна. МАХН тэднийг хаяхаас өмнө өөрсдөө хаяна гэсэн үг. ИЗНН, МҮАН, АН нийлээд олонх бүрдэх учраас Засгийн газар нэг их хөдлөөд сүйд болохгүй гэж тооцжээ.
САЙН ДУРЫНХАН
Дуучин гэх гуншинтай ч хүнд хүрсэн уран бүтээл цөөтэй Нара гэх бүсгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Дараа нь телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ч “Би тоглоогүй” хэмээн баталгаажуулна лээ. Ганц бие ээж тэрбээр хүүхэд, эхчүүдийн эрхийн төлөө үнэнчээр зүтгэж, мундаг хуулиуд санаачлах гэнэ.
Монгол Улсын иргэн, 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн боловч УИХ-д нэр дэвших эрхтэй. Гэвч хууль тогтоох дээд байгууллага бол тоглоомын, эсвэл дадлага хийлгэдэг газар биш. Дуулахаараа биш, энгэр цээжээ задгайлсан байдлаараа л олны танил болсон бүсгүй тэнд арай л зохихгүй гэдгээ мэддэг баймаар.
УИХ дахь бөхчүүдийн тоог нэгээр нэмэх зорилт тавьж, дархан аварга А.Сүхбат удахгүй болох сонгуульд бие даан нэр дэвшихээ бас илэрхийлэв. АН-ын гишүүн тэрбээр ирэх сонгуулиар бие даан нэр дэвшихийн тулд гишүүнчлэлээсээ татгалзсан аж.
Түүнд АН-ынхан квот олгоогүй болоод л ийм алхам хийсэн болов уу. Тэрбээр төрсөн нутаг Төв аймаг, эсвэл Дархан-Уул, Хан-Уул дүүргийн аль нэгээс дэвших гэнэ. Энэ мэтээр урлаг, спортынхноос улс төрд хүч үзэх сайн дурынхан цөөнгүй гарч ирэх биз ээ.
Хаврын улс төрийн попури нэг иймэрхүү. Түшээд чуулганы завсарлагаанаар нэр дэвших тойргууддаа ажиллана. Төрийн ордон түр амрах ч улс төр орон нутагт ид өрнөх өдрүүд айсуй.
С.ТУУЛ