“Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн шинийн 15-нд багтаж жилийнхээ засал номоо хийлгэх гэсэн хүмүүс гандан хийд хавиар багшрахтай зэрэгцэн Төрийн ордонд ээлжит бус чуулганы сураг сунжирсан, цахим ертөнцөд “Э.Цэрэндолгор ба Б.Насанбаяр” болон “Д.Пүрэвдаваа ба Н.Эрдэнэ” гэсэн скандал хүчээ авсан халуухан долоо хоног өнгөрлөө.
Энэ байдлаараа бол ч үзсэн бүхнээ элэглээд байдаг дэггүй бич өнөө жил монголчуудын муу муухай зан чанар, болохгүй бүтэхгүй бүгдийг илчлэх янзтай.
Асуудлын гол нь “муу нүүрт”-д байгаа юм биш, хүний мууд дуртай, нэгнийгээ хардаж сэрдэх донтой, засардаггүй заргач манайханд ардчилсан нийгмийн хэт эрх чөлөө цахим орчны хил хязгааргүй орон зайтайгаа хамт хүрээд ирэхээр ийм болдог аж. Дээрээс нь хэдхэн сарын дараа сонгууль болох тул “нэмэлт дохиолол” сайн дураараа суулгуулчихсан хүн өчнөөн байна.
Үүний илрэл нь “Э.Цэрэндолгор ба Б.Насанбаяр” болон “Д.Пүрэвдаваа ба Н.Эрдэнэ” нарын маргаан талцалд хөндлөнгийн шүүгч, гэрчээр оролцохын тулд олон мянган хүн ажил, амьдралаа “хойш тавин” зүтгэж буй явдал.
Энэ зан монголчуудыг яавч сайн зүйлд хүргэхгүй. Гэвч ардчилсан орны иргэд эрхээ эдэлж байгаа юм биз гээд үүнийг орхиё гэхэд цаана нь өөр зүйл бас байна аа.
“Жингэр хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэж монголчууд ярьдаг нь жирийн нэг хэлц төдий биш билээ. Хол газарт жин тээж хүргэхээр зорьсон жингийн цуваа замд таарсан жингэрийн нохой болгоны ээрч боорохоос айгаад байвал яаж зам ахих билээ.
Үүнтэй нэгэн адил төрийн хэрэгт хүчин зүтгэж буй дээд, дунд, доод шатны гэлтгүй түшээд хажуу хавиргаад нь асаж, цор цор хийсэн бүхний эсрэг хариу үйлдэл үзүүлнэ гэвэл хайран хөдөлмөр, үнэт цаг хугацаанаасаа хумсалж буй явдал.
Гэтэл сүүлийн үед манай төр, засгийн удирдлагууд, эрхэм түшээдэд хийх ажил мундсан юм шиг хоёр хүний хоорондын явган хэрүүл, эсвэл хоёр байгууллагын дундах үл ойлголцлоос үүдэлтэй хийрхэл, талцалд ихээхэн ач холбогдол өгдөг болж.
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр “Ард түмнээ сонсоно, бүх зүйл ил тод, нээлттэй байна” гээд байсан нь ажиллах арга барилаа хүртэл “шилэн” болгож, ховоор ажил явуулна гэсэн үг биш байлтай. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээн хүндэтгэн дээдэлдэг ард түмэнтэй Монголын төрийн түшээ том байх ёстой юм шүү.
Мүүний шашнаас ирээдүй хойчоо хамгаалах зорилготой гэх Э.Цэрэндолгор ойрын өдрүүдэд өөрийнхөө давуу талыг (фэйсбүүк, твиттерт олон дагагчтай) ашиглан, БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, мөн яамны харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын бодлогыг хатуухан шүүмжилсэн.
Хариуг нь БСШУЯ-ныхан тэр дор нь барьж, томоо гэгч мэдэгдэл гаргав. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа эргэж харж, тайлбарлахын тулд багагүй цаг зарцуулсан нь гарцаагүй. Бас л завтай хүмүүс шүү. Тэгээд ч байдал намжих шинжгүй болохоор нь Б.Насанбаяр дарга өөрөө МҮОНТ-ээр тайлбар ярилцлага өгч “Э.Цэрэндолгор гэх бүсгүй өнгөрсөн хугацаанд намайг 71.817 удаа гүтгэсэн ч би их тэвчсэн.
Тухайлбал, мэдээллийн цахим хуудсуудад миний тухай 146 нийтлэл, мөн тооны телевизийн мэдээ, фэйсбүүкийн 300 гаруй нийтлэл, твитерт ойролцоогоор 1500 орчим гүтгэлэг, доромжлол бичсэн” хэмээн мэдэгдэв. Гэвч энэ нь байдлыг бүр дэврээж, эсрэг талдаа нэмж оноо алдахаас хэтэрсэнгүй.
Нэгэнт дэгдсэн түймэр олон нийтийн сүлжээ хэмээх хүчтэй шуурганы ачаар улам л газар авна уу гэхээс мөддөө унтрахгүйг яамныхан одоо ойлгож буй биз. Эцэст нь Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх эрхээ ч эдэлж “болохгүй” болсон дарга бүсгүйд одоо түймэр цурманд орохыг хүлээхээс өөр зам үлдээгүй.
Хэрэв түүнд үнэхээр хийсэн буруу зүйл үгүй бол өдий хүртэл дуугүй байсан шигээ тэвчээд өнгөрөх ёстой байсан юм. Төрийн ажил хийж байгаа бүсгүй хүн энэ зэргийн хатгаасанд “ёо” гэхгүй тэвчээр заах хатан ухаантай байх ёстой шүү дээ.
Гэтэл тэр уржигдар “Иргэн Э.Цэрэндолгор өөрийн фэйсбүүк хуудастаа намайг гүтгэсэн нийтлэлийг 3714 хүн цааш хуваалцаж ойролцоогоор 20.000 хүнд шууд мэдээлэл болон хүрчээ” хэмээн жиргэснээрээ бас давхар буруудсан билээ.
Энэ алхмыг хийснээрээ тэр харин ч төрийн албан хаагчдын нэр хүндийг шороотой хутгаж орхив. “Хэн намайг юу гэж хэлж, бичих нь вэ” гээд өөрсдийнхөө тухай мэдээлэл хайж, цуглуулж, хандалтыг нь цаг минутаар тоолж суудаг хийх ажилгүй хүмүүс бол төрийн албан хаагчид гэсэн ойлголтыг том яамны том дарга өгч байхад ард түмэн итгэлгүй яах вэ.
Харин Э.Цэрэндолгор бүсгүй ялалтын тугаа бүр өндөрт мандуулахаар цаг минут тутамд цахим сүлжээгээр “дайралт” хийж өөрийнхөө зөв гэдгийг нотлохыг оролдож буй. Тэр хэрээрээ түүнийг тойрон хүрээлсэн бүхэл бүтэн арми бий болсон байна билээ.
Мэдээж түүний үгэнд ортой үндэслэлтэй зүйлүүд ч байгаа, бас давсалсан юм ч бишгүй санагдсан. Гэвч энэ хоёр бүсгүйн хэн нь үнэн, хэн нь худал ярьсныг холбогдох байгууллагууд нь тогтоогоод өгчих тул үүнд би сэтгэлээ чилээх нь илүүц. Тэртээ тэргүй хоёулаа бие биенээ шүүх, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан гэсэн.
Том албан тушаал хашиж буй хүн тэр хэрээрээ том байх ухаанд суралцах ёстой ч тэгж чадаагүйн хоёр дахь жишээг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа яруу тодоор харуулав. “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодож гэмтээжээ” гэсэн мэдээлэл цацагдангуут улайн дээр оволзож байгаа хар хэрээ шиг, олон нийтийн сүлжээгээр хүмүүс энэ “зоог” руу дайраад л орцгоох нь мэдээж.
Орчин үеийн Монголын залуус намд дургүй, улс төр сонирхдоггүй юм шиг царайлдаг хэрнээ олон нийтийн сүлжээний хэрүүл талцалд хамгийн тэргүүн эгнээнд манлайлж оролцдог нь үнэн билээ.
Сонгууль дөхчихсөн, амьсгаа дээгүүр ийм чухал үед өөрийнх нь тухай таагүй мэдээлэл тарсанд байж ядсан Засаг дарга араас нь тун шуурхай хэвлэлийн хурал зарлан, өөрийн биеэр тайлбар хийв. Баасан гаригийн орой бараг бүх телевизийн эфирээр Д.Пүрэвдаваа дарга “Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч байсан удаагүй” хэмээн ярьсныг уншигчид санаж буй биз.
Сонгууль болох гэж буйг далимдуулан Н.Эрдэнэ бүсгүй зохион байгуулалттайгаар өөрийнх нь нэр төрд зориуд халдсаныг нотлохын тулд тэрбээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга болон ахлах мэргэжилтнийг хүртэл дайчилсан байв. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хийх ёстой ажлыг хүртэл тэр өмнөөс нь хийж өгсөн юм.
Хурлын өрөөний үүдэнд болсон явдлын талаарх бичлэгийг ч олон нийтэд дэлгэхээ мартсангүй. Тэр бичлэгээс харахад Н.Эрдэнийг хөл хүндтэй бүсгүй гэхээргүй ширүүн дориун загнаж, Д.Пүрэвдаваагийн өөдөөс асан зууралдаж байгаад хойш түлхүүлсэн байсан. Зарим хэвлэлээр мэдээлсэн шиг жирэмсэн эмэгтэйн гэдэс рүү цохиж, хана мөргүүлсэн зүйл байгаагүй.
Тэгэхээр түүнийг ажлын хариуцлага алдсаных нь төлөө албан тушаал бууруулсанд даргадаа хорссон уу, эсвэл үнэхээр сонгуулийн шоу хийсэн үү гэдэг одоохондоо тодорхой биш байна. Энэ хоёр мөн л нэгнээ шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдээд буй.
Хэрэв та анзаарсан бол сүүлийн үед “Санаатайгаар намайг гүтгэн доромжилж, зохион байгуулалттайгаар миний нэр төрд халдаж байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна” гэсэн үг, өгүүлбэр олон хүний амны уншлага болсон байгаа биз.
Төрийн түшээ нь түшээ шиг зангараггүй, иргэн нь ч иргэн шиг байж чадахгүй хэрүүлийн алим хувааж иддэг байдал арай л хэтэрлээ. Оны өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Exclusive” компанийн Г.Майцэцэгтэй өөрийн биеэр уулзаж, Татварын ерөнхий газрын даргыг дэргэд нь баахан байцаан, улалзуулж байв.
Төр оршин буй цаг дор татвар буй гэсэн алтан зарчмыг зөрчсөнийх нь хариуд шүү дээ. Ямар ч шалтгаантай байлаа гэсэн тухайн асуудлыг шийдэх учиртай хариуцсан яам, агентлаг, газар, хэлтэс байсаар атал Засгийн газрын тэргүүн авгай хүүхнүүдийн хэрүүл дундуур орж, жижгэрч болохгүй билээ.
Улс орны өнөө маргаашийг хэрхэх, эдийн засгаа сэргээх зэрэг үүнээс хавьгүй чухал, том асуудлууд Ерөнхий сайдад хаяглагддагийг мартмааргүй л юм. Ер нь нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад шийдчих асуудлыг парламентаараа хэлэлцэж, цаг нөгцөөх нь сонгогчдод сайхан харагдахаа өнгөрсөн гэдгийг мэдэж аваасай, манайхан.
Сумын ИТХ-ын шийдвэрээр, орон нутгийн хөрөнгөөр худаг гаргасан байхад тэр тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн очиж, нээлт хийн, тууз хайчилдаг нь эмгэнэлт инээдмийн жүжиг үзэгчдээ үргээнэ үү гэхээс татахгүй.
Жирийн нэг иргэн хүнд хүртэл өөрийн гэсэн үнэт зүйл, тодорхой хэм хэмжүүр гэж байдаг даа. Хийж болох, болохгүй үйлдэл, хэлэх албатай, албагүй үг гэж бий. Төрийн түшээдэд энэ бол бүр ч их хамаатай.
Л.ГАНЧИМЭГ