Нээлтийн хуралдааныг хоёр ч удаа зарлаж, гурав дахь дээрээ ирц бүрдсэн ээлжит бус чуулганыг эхлүүлсэн өдөр нь өндөрлүүлэв. Ээлжит бус чуулган өнгөрөгч баасан гаригийн өглөө товлосон цагаасаа нэлээд хожимдож эхэлсэн ч УИХ-ын дарга 21.00 цаг гэхэд хаасныг мэдэгдэж, алх цохисон юм.
МАН-ынхан хэлсэндээ хүрч нээлтэд оролцоогүй бөгөөд МАХН-ын Д.Тэрбишдагва, Л.Цог, З.Баянсэлэнгэ, МҮАН-ын Г.Уянга, Н.Батцэрэг, М.Сономпил нар оролцсоноор АН, ИЗНН-ынхны хамт ирц бүрдсэн юм.
ЦЭЦИЙН ДАРГА Ж.АМАРСАНААГ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
Нэг өдрийн “настай” ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татав. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь танилцуулсан бол уг асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Х.Тэмүүжин уншсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьсан ганц гишүүн нь О.Баасанхүү. Тэрбээр “Ж.Амарсанааг томилсон байгууллага нь чөлөөлөх санал гаргаж байгаа юм бол саналаа яагаад УИХ-д оруулж ирээгүй юм бэ. Цэцийн дарга албан бичиг үйлдэхдээ хуульд зөрчсөн гэж байгаа.
Гэхдээ Цэцийн гишүүн хууль зөрчсөн, эсэхийг томилсон байгууллага нь биш зөвхөн шүүх тогтооно. Томилсон байгууллага нь юуг үндэслэж чөлөөлөх санал оруулж ирж байна вэ. Нөгөө талаас хэн нэгнийг огцруулах тухай ярьж байгаа бол Засгийн газрын асуудлыг яагаад ярихгүй байна вэ.
Засгийн газар Цэцийг “Лексус-570”- аар хахуульдсан. Засгийн газар хэн нэгнийг гэмт хэрэгт түлхэн оруулсан бол адилхан хариуцлага хүлээх ёстой. Цэцээр туг тахиж байгаагийн цаад шалтгаан юу юм бэ. АН-ын дарга хууль зөрчсөн, эсэхийг ярих гээд буй учраас хүч түрэх гээд байгаа юм уу. Шүүх хуралдааны дүгнэлт, шийдвэрийг үзүүлээч. Ж.Амарсанааг өмөөрч байгаа юм биш.
С.Баярцогт гэдэг хүнээс болж УИХ-ын гишүүний эрхийг хүчингүй болгочихсон хүнийг өмөөрөхгүй” гэхэд гишүүн Х.Тэмүүжин “Та хууль зүйн хэд хэдэн ойлголтыг андуурч хэрэглэх шиг боллоо. Цэцийн гишүүнийг томилдог байгууллага нь УИХ. Дээд шүүхээс зөвхөн нэр дэвшүүлдэг.
Эгүүлэн татах эрх мэдэл нь УИХ-д бий. Хуулиа уншаарай. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн тухай хуульд Цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаар зохицуулалт үгүй. Энэ бол УИХ-д 25 жил суусан хүмүүс ажлаа хийгээгүйн гор.
Дээд шүүхийг гадагш болон дотогш төлөөлөх эрх нь зөвхөн Ерөнхий шүүгчид л бий. Энэ тохиолдолд Ерөнхий шүүгч эцэслэх үүрэг хүлээж, эрхийнхээ дагуу УИХ-д хариу албан бичиг ирүүлсэн.
Түүнд нь “Дээд шүүхээс тодорхой санал алга” гэсэн. Цэцийн гишүүнийг хууль зөрчсөн, эсэхийг тогтоох байгууллага Монгол Улсын аль ч хуульд байхгүй. Шүүх тогтооно гэж ч зохицуулаагүй. Эрх бүхий байгууллага тогтооно ч гээгүй. Зөвхөн гэмт хэрэг хийсэн хүнд ял тогтоох бол шүүхээр шийддэг.
Цэцийн дарга хууль зөрчсөн, эсэхийг шүүхээр тогтоохгүй. Тийм учраас Үндсэн хуулиа уншаарай” гэж хариулсан. Тэрбээр уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнөхөн хэвлэлийн бага хурал хийж, Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тойрч олон нийтийн дунд бий болсон тайлбар, таамаг, маргаанд хууль зүйн үндэслэл, баримтаар тайлбарлаж буйгаа онцолсон.
Ингээд санал хураахад нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ горимын санал гаргах гэсэн ч шууд санал хураасан юм.
Цэцийн гишүүнийг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн хуралдаанд ч МАН-ын бүлгийнхэн оролцоогүй бөгөөд дарга нь “Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг эсэргүүцэж байна” гэсэн тайлбар хийж байлаа.
Ингэхдээ тэрбээр Цэцээс хоёрдугаар сарын 2-нд УИХ-ын дарга, гишүүдэд илгээсэн УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай гэсэн сонордуулга маягийн албан бичигт Цэцийн найман гишүүн гарын үсэг зурсан нь холбогдох хуулиудыг зөрчин, Цэцийн шийдвэрийн гурав дахь хэлбэрийг бий болголоо хэмээн мэдэгдсэн.
Үүгээрээ тэрбээр бусад найман гишүүний хариуцлагын асуудал яригдаж болзошгүйг ч тэмдэглэсэн юм.
300 ОРЧИМ ХУУЛИЙН ЭЦСИЙН НАЙРУУЛГЫГ СОНСОВ
Энэ өдөр хэд хэдэн Байнгын хороо хуралдсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Ц.Нямдорж “Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн талаар Цэц дүгнэлт гаргачихсан юм байна.
Тэр дүгнэлтийг УИХ тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг нэг тийш болго. Хэлэлцүүлгийн үеэр тэр дүгнэлтийг хууль бус гэж ярьж байна. Цэц дүгнэлт гаргачихсан бол түүнийг нь бид хууль ёсны, эсвэл хууль бус гэж дүгнэх эрхгүй.
Ээлжит бус чуулган зарласнаас хойш өнөөдөр (өнгөрөгч баасан гариг) тав дахь өдөр нь. УИХ хэлэлцэж, хүлээж авах, эсэхийг шийдэх хэрэгтэй. Хэт дураараа авирласан, ийм үйл ажиллагаа УИХ-д байж таарахгүй. Төрийг Үндсэн хуулийн хямрал руу түлхлээ” хэмээсэн ч хүлээж аваагүй юм.
Мөн Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн болон Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан зэрэг нийт 300 орчим хуулийн эцсийн найруулгыг сонсож, хэрэгжүүлэхэд бэлэн болголоо.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийн зээлийн болон “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол болон Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлав.
Түүнчлэн Татварын багц хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх хаврын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Б.УРАН