Эмийн ургамлын баялаг нөөцтэй манай орны хувьд чихрийн шижин, хавдрын эсрэг үйлчилгээ бүхий эм бэлдмэл гарган авах нөөц бололцоо ихтэй гэж эрдэмтэд үздэг. Тиймдээ ч Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Журамт тэмээний сүүний уургаас чихрийн шижин өвчнийг анагаах эм гарган авсан. Энэ мэтчилэн Монголын уламжлалт эмчилгээ, эмийн ургамлыг орчин үеийн анагаах ухаанд нийцсэн эм бэлдмэл болгон гаргах авах нөхцлийг бүрдүүлсэн лаборатори өнөөдөр үүдээ нээлээ.
БСШУЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам хоорондын “Монгол Улсад анхны Шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийг байгуулсан нь энэ аж.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, Өвөрмонголын шинжлэх ухааны мэргэжлийн танхим, Хөдөө аж ахуйн их сургууль, технологи дамжуулах төвтэй хамтран байгуулсан тул тус лаборатори нь манай орны эрдэмтэд БНХАУ-ын 70 гаруй судалгааны лаборатори, хүрээлэнтэй хамтран ажиллаж, мэдлэг туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой болж буй юм.
Шинжлэх ухааны паркийн эхлэл болж буй тус лабораторид цаашдаа сүү, цагаан идээний төрөл тус бүрийн найрлагын нарийвчилсан судалгаа, хүнсний бүтээгдэхүүний амин дэм, эрдэс бодисын хэмжээг тодорхойлох, монгол малын сүүний шинж чанарыг тодорхойлох, уламжлалт анагаах ухааны чиглэлээр Монголын эмийг ашигт ургамал болон жимс, жимсгэнийн найрлагын судалгааг хийхээр төлөвлөж буй аж.
Монголын шинжлэх ухаан төдийгүй үйлдвэрлэлийн салбарт томоохон дэвшилт авчрах тус лабораторийн талаар зөвлөх эрдэмтэн Ш.Алтанбадралтаас тодрууллаа.
-Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори байгуулагдсанаар энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдэд дэлхийн эрдэмтдээс хоцрохгүй судалгаагаа хийх нөхцөл боломж бүрдэж чадаж байгаа юу?
-Чадаж байгаа гэж би хувьдаа дүгнэж байна. Манайд хүрээлэнгүүд, их сургуулиуд ирж хамтарч ажиллах боломжтой төв лаборатори болж ажиллах юм. Дэлхийн шинжлэх ухааныг тодорхойлогчдын нэг болсон БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан тул манай эрдэмтэд тус улсын эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллах бололцоо нээгдэж байна гэсэн үг. Тэгэхээр бид дэлхийн жишгээс хоцрохгүй ажиллах нөхцөл боломж тодорхой хэмжээгээр бүрдэж байна.
-Уг лабораторийн судалгааны тоног төхөөрөмжүүд голчлон уламжлалт эмчилгээний аргууд, эмийн ургамал, малын сүүний бүтэц найрлагыг судлахад зориулагдсан юм байна. Тэгэхээр энэ нь Монголын уламжлалт эмчилгээг орчин цагийн анагаах ухаанд нэвтрүүлэх эхлэл болж байгаа гэж үзэж болох уу?
-Тийм ээ. Миний хувьд гэхэд Саудын Арабт хийж байсан ургамлаас ашигтай биологийн бүтээгдэхүүн ялгаж аваад, шинж чанарыг нь тогтоон судлах, түүнийгээ ашиглан эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажлаа энэ лабораторидаа үргэлжлүүлэн хийх гэж буй.
-Нээлттэй лаборатори үйлдвэрлэгчид болон эрдэмтдийн хамтан ажиллах нөхцөл боломжийг хэрхэн хангаж байгаа вэ?
-Өмнө нь бизнес эрхлэгчид болон эрдэмтэн судлаачид тэр бүр харилцан уйлдаа холбоотой ажиллаж чаддаггүй байсан. Харин хөгжингүй орнуудад нягт уялдаа холбоотой ажилласнаар үйлдвэрлэл нь хурдацтай хөгждөг. Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори маань байгуулагдсанаар үйлдвэрлэгчид болон эрдэмтэд хамтран ажиллах эхлэл тавигдаж байна.
Шинжлэх ухааны парк гэх ойлголт монголчуудын хувьд харьцангуй шинэ ойлголт. Шинжлэх ухааны парк гэдэг нь шийдвэрлэх байгууллага буюу засгийн газар болон эрдэмтэн судлаачид мөн бизнес эрхлэгчид гэх тулгын гурван чулуун дээр тогтдог байгууллага. Харин тэр шинжлэх ухааны паркийг байгуулах эхлэл нь манай лаборатори болж буй. Лаборатори маань дэргэдээ эцсийн бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрлэлийн хэсэгтэй байгаа.
Тэгэхээр энэ парктаа шийдвэр нь гарч, түүний дагуу эрдэмтэд нь судалгаагаа хийгээд, эрдэмтдийн судалгаанд суурилж, үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүнээ гарган авах цогц байгууллага хаалгаа нээсэн гэж хэлж болно.