
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарынхан жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт ёс зүйгээ сахих, ёс зүйн хэм хэмжээг салбартаа мөрдүүлэхэд анхаардаг. Энэ үйл ажиллагаанд Монгол Улс ноднин нэгдсэн бөгөөд өнөө жил Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Ёс зүйн долоо хоног болгон тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Индианагийн их сургуулийн профессор Шерри Рикиарди Монгол Улсад ирж, сэтгүүлчийн ёс зүйн талаар сургалт хийсэн юм. Түүнтэй ярилцлаа.
-Аливаа байгууллагын хүн бүхэн ёс зүйтэй байх ёстой. АНУ-ын сэтгүүлчид ёс зүйгээ хэрхэн дагаж мөрддөг, хэм хэмжээг нь хэрхэн тогтоодог вэ?
-25-30 жилийн өмнө АНУ-ын сэтгүүл зүйд олон нийтийн итгэх итгэл сул байсан. Тэр үед сэтгүүлчид цуглаад уншигч, үзэгч, олон нийтийн итгэлийг хүлээхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг, ёс зүйн талаар ярилцаж эхэлсэн. Тэр үед ямар мэргэжилтэй хүнд олон нийт хамгийн их итгэдэг талаарх судалгаа явуулсан байдаг. Тэгэхэд сэтгүүлчдэд итгэх итгэл маш бага байгаа нь харагдсан.
Тэр бүү хэл, хуучин машин зардаг хүмүүсийнхээс дор байсан гээд бод доо. Энэ нь сэтгүүлчдийн хувьд их ичгүүртэй байсан. “Та юу хийдэг вэ?” хэмээн асуухад нь сурвалжлагч гэхэд “Танай сонин, телевизэд итгэхийн аргагүй” гэж ярьдаг байсан. АНУ-ын сэтгүүлч, сурвалжлагч нар удаан хугацаанд ярилцсаны эцэст ёс зүйн дүрэмтэй байх ёстой гэж тогтоод дүрмээ боловсруулж, олон нийт, уншигчдад ил тод байлгах үүднээс “Бид ийм ёс зүйг баримтална” гэж таниулсан.
Мөн дотооддоо өөрийгөө зохицуулах механизмуудыг бий болгосон. Тэгэхдээ сэтгүүлчдийг хараат, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохгүй, хэн нэгнээс мэдээлэл худалдаж авах хориотой, бэлэг авч болохгүй гэх мэтчилэн дүрэм гаргаж, мөрдөж эхэлсэн. Бас улс төрийн намын гишүүн байж болохгүй, тэр бүү хэл машин дээрээ стикер нааж болохгүй. Учир нь энэ бол ашиг сонирхлын зөрчил гэдгийг маш тодорхой тусгасан. Мэдээж ёс зүйн дүрмийг АНУ даяарх сэтгүүлчид хамтдаа тодорхойлсон.
Энэ нь тодорхой цаг хугацаанд хэрэгжиж, олон нийтийн итгэл үнэмшлийг хүлээх хэмжээнд хүрсэн. Түүнээс биш нэг шөнийн дотор болчихдог зүйл биш л дээ. Энэ бол хувьсгалтай адил процесс байсан. Товч жишээ дурдвал, миний ажиллаж байсан сониныхон өөрсдийн баримтлах ёс зүйн дүрмээ зохиосон. Түүнд эхэндээ бүх хүн (сэтгүүлчид) дуртай хандаагүй.
Тухайлбал, спортын сэтгүүлч тэмцээн уралдаан үнэгүй үзчихдэг, билет авчихдаг байлаа гэж бодъё. Гэтэл тэд гэр бүл, найз нөхөд, хүүхдүүддээ тоглолт үнэгүй үзүүлэх билет, урилга авч чадахаа больчихсон. Ашиг сонирхлын зөрчилтэй учраас дахиж тасалбар үнэгүй авахаа болино гэхэд тэд дургүй байсан.
Ёс зүйн өөрчлөлтийг дээрээсээ, редакцаасаа, эрхлэгч, удирдагч нараасаа эхэлбэл ажилтнууд, сэтгүүлчид хэрэгжүүлдэг. Ер нь өөрчлөлт дээрээсээ эхэлдэг. АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд, хүрээлэнгүүд, их сургуулиуд, олон нийтээрээ хэрхэн шийдэх вэ гэж хэлэлцсээр өнөөгийн түвшинд хүрч, ёс зүйтэй болсон. Одоо АНУ-ын телевиз, сонин гээд редакцын бараг 90 хувь нь өөрийн гэсэн ёс зүйн дүрэм, зарчимтай.
Түүнийгээ байгууллага дээрээ, цахим хуудсандаа тавьж, олон нийтэд ил тод мэдээлдэг. Сэтгүүлч ажилд авахдаа заавал “Манай байгууллагын ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх ёстой” гээд гарын үсэг зуруулдаг. Өөр нэг чухал зүйл нь сэтгүүл зүйн чиглэлийн бүх сургууль сургалтынхаа хөтөлбөрт ёс зүйн хичээл оруулдаг. Сэтгүүлч мэргэжлээр төгсөж буй хүн бүхэн тус хичээлийг заавал суралцсан байх ёстой.
-Ёс зүйн зарчмыг мөрдөх нь хэнд илүү ашигтай юм бэ. Уншигч, үзэгчдэд үү, сэтгүүлчдэд үү, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагын эздэд үү?
-Хүн бүрт ашигтай.
-Монголд сэтгүүлчийн ёс зүйн зарчим нь шинэ зүйл. Үүнийг бий болгохдоо, нийтээрээ дагаж мөрддөг байлгахын тулд бид анхнаас нь юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Монголын сэтгүүл зүйд аль хэдийнэ сайн эхлэл нь тавигджээ. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдийн ёс зүйн зарчмуудаа гаргасан байна. Цахим ертөнцөд ямар ёс зүй байж болох вэ гэдгийг хүртэл сонирхоод, эрэл хайгуул хийж буй нь сайн эхлэл тавигдсаныг харуулж байна. Сэтгүүлчид өөрсдөө ёс зүйтэй байж, зарчмаа баримтлахыг хүсэж буйгаа илэрхийлж байгаа.
Монголд хүний бүтээлийг хуулбарлахыг таслан зогсоомоор байна гэж ярьж эхэлсэн. Монголын сэтгүүл зүй зөв чиглэл рүүгээ явж байна. Цаашид сэтгүүлчид бямба гаригт ч юм уу цуглаад, санал бодлоо солилцон, байгууллагаараа баримтлах ёс зүйн дүрэм журамтай болбол зүйтэй гэж зөвлөмөөр байна. Ганц сэтгүүлч, ганц телевиз, ганц сонин гэлгүй бүгд оролцож, салбарыг хамарсан хөдөлгөөн болж байж үр дүнд хүрнэ.
-Чөлөөт сэтгүүлчдэд ёс зүйн зарчмыг хэрхэн мөрдүүлэх ёстой вэ?
-Маш чухал асуулт байна. Чөлөөт сэтгүүлчидтэй юуны түрүүнд гэрээ байгуулаад, тэдэнд ёс зүйн дүрэм баримтлах, үүний дагуу ажиллах ёстой гэх хэрэгтэй. Гэрээ байгуулаагүйгээс болоод асуудал үүсдэг болов уу.
-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимтай байх нь зарчимгүй орнуудаас ямар давуу талтай гэж Та анзаарсан бэ?
-Ёс зүйн зарчимтай болон зарчимгүй орны хооронд маш том ялгаа бий. Жишээлэхэд, Монголын сэтгүүлчид олон нийтийн итгэлийг хүлээхийг хүсэж буй учраас дэвшлүүд гарч байгаа. Харин зарим оронд хэвлэл мэдээллийн ёс зүйг хайхардаггүй. Бусдын бүтээлийг хуулчихаад “Хүн бүхэн ингэдэг шүү дээ” гэдэг. Энэ бол өөрийгөө хамгаалах шалтаг биш.