
Албан байгууллагууд цалингаа багасгаж, зарим нь ажилчдаа халсан наймдугаар сард иргэд самар, жимс түүхээр уул руу хошуурцгаав. Олон жилийн давтамжаар өнөө жил самар, жимс ч ёстой нэг “сагсайж”. Ямар сайндаа л самрын болц хугацаанаасаа өмнө гүйцэж, хориг тавигдах хугацааг нь наашлуулж байх вэ дээ. Өдгөө таны танил дунд аль нэг сумын ууланд бүгсэн хэн нэгэн байж л таарна.
Өнгөрсөн жил нэг килограмм самар 2000-3000 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин энэ жил килограмм самрыг газар дээрээс нь ийм үнээр худалдан авч байгаа аж. Үнэ нь ийн өссөн нь олон хүнийг хошууруулсан төдийгүй, мөнгөгүй иргэдэд санхүүгийн эх үүсвэр нь болжээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынхан самар бэлтгэж, худалдаад 75 ортой цэцэрлэг барьж буй нь үүний нотолгоо. Гэхдээ хоол хүнс, түлшнээс эхлээд өчнөөн зарлага гаргасан атлаа бэлтгэсэн самраа хураалгасан “азгүйчүүд” бас бий.
.jpg)
Наймдугаар сард Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Ихтамир зэрэг сумын уулан дахь самарчдаас 300 орчим шуудай боргоцой, цайруулсан 200 кг самар хурааж авчээ. Мөн энэ сарын 2-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн цайруулсан 450 кг самар хурааж авсан. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааныхан Богд уулыг “нэгжиж” самарчдыг буулгасан мэдээ бий.
Нийтдээ 48 машинтай 300 орчим хүн самар түүж байсныг тэд илрүүлсэн юм. Ийнхүү иргэдийг барьж, торгож, самрыг нь хурааж байгаа мэдээг сонссон хүмүүс “Даанч тийм байх аа, цагдаа нар самар цөмөөд байсан юм”, “Хураасан самраа өөрсдөө чимээгүйхэн хуваагаад авчихдаг юм”, “Наана чинь хүний хүч хөдөлмөр шингэсэн. Ард түмнээ шулахаа зогсоо” гэж цахим хуудсуудаар эсэргүүцсээр байна.
Тэгвэл төр хураасан самраа яадаг вэ. Уг асуултад хариулт хайсан боловч яг цав тайлбар өгөх төрийн албан хаагч алга. Тусгай комисс ажиллаж, зөвшөөрөлтэй компаниудад үнийн санал хүргүүлж худалдаад, олсон орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлдэг гэж зарим хүн хэлэв. Аймаг, суманд хураалгасан самрыг хэрхэх вэ гэдгийг тухайн орон нутгийн удирдлагууд нь шийддэг гэх хүн бас байна.
Нэгдсэн зохион байгуулалт байхгүйгээс болж энэ мэт маргаантай асуудал үүсдэг гэнэ. Тухайлбал, боловсруулах үйлдвэртэй компаниудын уулнаас бэлтгээгүй, борлуулж байсан хүмүүсээс худалдаж авсан самрыг нь улсын орлого болгоод, эргүүлээд өөрсдөд нь зарсан хэрэг өнгөрсөн онд гарч байжээ. Хураасан самраас нь багагүй хэмжээгээр дутсан байх нь ч бий гэнэ.
Үүнээс гадна улсын байцаагч нар хууль бусаар самар хураасан байж болзошгүй хэрэг арав гаруй хоногийн өмнө гарсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хураасан самраа хадгалах тусгай агуулах байхгүй. Тээвэрлэж явсан машин, хураасан агуулахтай нь битүүмжилдэг гэнэ. Тиймээс ямар нэгэн зөрчил илрүүлсэн бол самрыг шилжүүлэхгүй гэсэн үг.
.jpg)
Гэтэл “АТА трейд” ХХК-ийн хашаан дахь агуулахад хураалттай байсан самрыг мэргэжлийн хяналтын байцаагч нар шөнө ачиж явжээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас тодруулахад “Мэдэхгүй” гэв. Харин эх сурвалж “Тэнд хятад хүмүүс самар хураасан байсан. Шөнө улсын байцаагчийн хувцастай хүмүүс ирээд машинд ачаад явчихсан” гэв. Энэ мэтээр иргэдийн мөнгө, хөлсөө зарлагадаж бэлтгэсэн самар зарим хүний халаасыг зузаатгадаг бололтой.
Хамгийн хачирхалтай нь, иргэдээс хураасан самрыг хэдэн төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт хэчнээн төгрөг оруулсан нь тодорхойгүй. Өнгөрсөн онд Улсын ерөнхий прокурорын газар хураасан самар борлуулах ажлыг хариуцсан учир НМХГ оролцоогүй гэнэ. Уг газар руу “Самрыг худалд” гэсэн бичиг ирсэн тохиолдолд дуудлагаар зардаг аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн онд НМХГ иргэд, байгууллагаас 100 гаруй тонн, өнөө жил 500 гаруй кг самар хураан авчээ.
Уг самрыг улсын орлого болгох нь тодорхой болсон аж. Үүнээс гадна иргэн С 10 тонн цайруулсан самар тээвэрлэж яваад баригдсан. Түүнд холбогдох хэргийг Мөрдөн байцаах газарт шалгаж буй. Тухайн самар болон ачиж явсан тээврийн хэрэгслийг нь хэрхэх шийдвэр хараахан гараагүй байгаа юм байна. Гэхдээ өнөө жил хураасан самрыг хэзээ, ямар үнээр худалдах нь тодорхой бус байна. Энэ талаар НМХГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Хураасан самрыг хэзээ, ямар үнээр борлуулахыг Орон тооны бус зөвлөл мэднэ. Уг зөвлөлийг манай газрын дарга удирддаг. Бас бусад байгууллагын төлөөлөл бий. Одоогоор зарж борлуулахтай холбоотой мэдээлэл бидэнд алга” гэв.
Ургаа модыг сүйтгэж, байгальд хохирол учрууллаа хэмээн иргэдийг торгодог төрийн байгууллагыг өөрийг нь шийтгэмээр ч юм шиг, үйл ажиллагаа тун хангалтгүй юм. Хяналтын цэгийн ажилчдын илрүүлсэн зөрчлөөр өөрсдийгөө тодруулаад, иргэдийн мэдээллийн мөрөөр хураасан самраа сүртэй гэгч нь битүүмжлэхээс өөр ажил хийдэггүй бололтой. Хайран самар битүү савандаа хөгцөрч байх вий дээ.