
Цагдаагийн байгууллага хүнд сурталтай, эд зүйлээ алдсан хүн хохирсон дээрээ нэмж хохирсоор, хэрэг нь ч шийдэгдэлгүй таг болдог хэмээн төрийн нэгэн чухал байгууллагыг тойрсон хэл ам багагүй. Төр хууль сахиулах буюу цагдаагийн байгууллагынхаа гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх нэгэн чухал хөшүүргийг үл ойшоодгоос, Сангийн яамныхан УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлдэггүйгээс мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллагын нэр хүнд нь унаж байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Хөдөөгийн нэг малчин малаа хулгайд алдлаа. Өөрийн зардлаар явж мөрөөр нь мөшгөөд олохгүй арга мухардан сумынхаа хэсгийн төлөөлөгчид ханддаг. Сумын хэсгийн төлөөлөгч нь бензин, шатахуунгүй сууж байх нь элбэг. Иргэний гаргасан гомдлыг шалган шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд алдсан малынх нь хойноос явна. Ингэхдээ нөгөө малчнаас бензин шатахууны татаас авах болдог. Хойноос нь яваад эрэл сурал болсон ч олдохгүй, түдгэлзүүлсэн гомдол, хэргийн тоо нэгээр нэмэгдэнэ.
Малчин эр цагдаагийн байгууллагад итгэл алдарч “Алдсан хүн 10 тамтай гэдэг нь үнэн юм. Хэсгийн төлөөлөгч бензин шатахуун, хоол унааны зардал гээд өчнөөн юм гаргуулчихаад хэргийг шийдэж, хулгайчийг барьж өгсөнгүй, мал маань ч олдсонгүй” хэмээн амнаас ам дамжуулан ярьсаар цагдаагийн байгууллагын нэр хүндийг шавартай хутгаж буй жишээ олон. Цагдаагийн байгууллагын түүхэнд байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж мөнгө огт суулгаж байгаагүйгээс хэсгийн төлөөлөгчөөс эхлээд хууль сахиулагчид бүгд л авлига авдаг гэсэн нэг нэр, хоёр хочтой болгож байгаа юм.
Эрүүгийн хэргийг шалгахад багагүй хэмжээний зардал гардаг. Түүнийг нь улсын төсөвт оруулдаггүйгээс хэрэг мөрдөн шалгах ажилд саад учирдаг. Аливаа эрүүгийн хэргийг мөрдөхөд шинжээч томилох, дүгнэлт гаргуулах, гэрч дуудах, авчрах, хэргийн газарт очиж ажиллахаас эхлүүлээд өчнөөн зардал гардаг.
Үүнийг Сангийн яамныхан ойлгодоггүй “Гүйцэтгэх ажлын зардал гэж багагүй хэмжээний мөнгө төсөвлөдөг биз дээ” гээд хасдаг аж. Гүйцэтгэх ажил, байцаан шийтгэх ажиллагаа хоёр тусдаа гэдгийг ойлгодоггүй юм уу, ойлгосон ч хуулийг үл ойшоодог юм уу, бүү мэд. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99.2 дахь хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна” гэж цагаан дээр хараар тодорхой бичжээ.
Дээд шүүхээс энэ зүйл заалтыг хэрхэн хэрэглэх талаар ч зөвлөмж гаргасан юм билээ. Түүнд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99.1 дэх хэсэгт дурдсан байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан тодорхой зардлуудаас бүрдэнэ.
Зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, түргэн муудах буюу гэмтэх эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх гэх мэт хойшлуулшгүй тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тус тусын хэрэгжүүлж буй байцаан шийтгэх ажиллагааны чиг үүргийн дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүх өөрсдийн төсвийн хөрөнгөөр хариуцна.
Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцсан тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр эрх бүхий этгээд нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүх энэхүү иргэний нэхэмжлэлийг хэргийн хамт нэг мөр шийдвэрлэж байвал зохино” гээд хуулийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөжээ. Ийм байсаар атал улсын төсөвт байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж юу ч тусгахгүй явсаар байгаа нь хачирхалтай.
Төр хариуцахаар хуульчилсан заалтаа хэрэгжүүлдэггүйгээс иргэд, хэргийн холбогдогч, хохирогч гаргаж байна. Хохирогч хүн нэмж хохирсоор байгаа гэсэн үг. Эцэстээ мөрдөн байцаах байгууллагынхан өөрсдөө хууль зөрчихөд хүрч байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт бий. Харин өнөөдөр практикт эх хуулийн дээрх заалт зөрчигдөж байна гээд хэлчихэд худлаа хэлсэн болохгүй.
Яагаад гэхээр байцаан шийтгэх ажиллагааны зардал үгүйгээс аливаа хэргийн холбогдогчийг мөрдөгчид шахаж, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг нь авахуулж байгаа юм. Жишээ нь, хар тамхи хэрэглэсэн, худалдсан хэрэгт холбогдсон хүмүүсийн шээс, цус болон тухайн бодис нь ямар төрлийн мансууруулах бодис болохыг тогтоохын тулд Гаалийн төв лабораторид шинжлүүлдэг. Хөндлөнгийн шинжилгээний байгууллага дүгнэлт гаргахын тулд төлбөр авч, өөрсдийгөө санхүүжүүлдэг нийгэмд бид амьдарч байна. Төлбөрөө төлөхгүй бол дүгнэлтийг чинь өгөхгүй гэдэг учраас яалт ч үгүй хэргийн холбогдогчийг шахаж, мөнгө гаргуулна. Ингэснээр Үндсэн хууль зөрчсөн болно.
Зөвхөн хар тамхины хэрэгт ч бус байгаль орчинд хохирол учруулсан хэрэгт байгаль орчны үнэлгээ хийдэг хөндлөнгийн байгууллагын, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшсан үйлдэлд санхүү, аудитын, хүн амь, бусдын биед хохирол учруулсан, харилцан зодолдсон хэрэгт холбогдогчийн сэтгэцийг шинжлүүлэх гээд гарах зардал их. Хүний амь, нас эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт сэтгэцийг нь шинжлүүлэхэд төлбөрийн чадваргүй холбогдогч таарвал мөрдөн байцаагч өөрийнхөө халааснаас гаргаад төлж буй жишээ дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийнхэнд олон.
Санхүү, аудитын дүгнэлт, гадаадын иргэн холбогдсон хэрэгт байцаалт авахаас эхлээд яллах дүгнэлтийг нь танилцуулахад хүртэл орчуулагч зайлшгүй шаардлагатай болдог гэх мэтийн хэрэг шийдвэрлэхтэй холбоотой өчнөөн зардал гарч, түүнийг нь мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллага зардалгүйгээс төлөх чадваргүйд хүрч, эцэстээ өөрсдөө шүүхийн хаалга татаж, бараг залилан мэхлэгч нэр зүүх нь холгүй байгаа юм.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албадаас орчуулгын хөлс, шинжээчийн дүгнэлтийн төлбөр нэхэж шүүхэд хандсан тохиолдол цөөнгүй. Шийдвэр гүйцэтгэх албанаас цагдаагийн байгууллагын санхүүгийн гүйлгээг хаах, дансыг нь хэзээ мөдгүй битүүмжлэх гэж байгаа гэхэд хилсдэхгүй. Хөндлөнгийн шинжилгээ хийсэн байгууллагууд, орчуулгын компанийнхан ЭЦГ, МБГ-аас 532 сая төгрөгийн авлага нэхэж, төрийн хуулийг сахиулах үүрэгтэй цагдаагийнхан байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй гээд өгч чадахгүй сууж байгаа нь ичгэвтэр биш гэж үү.
Эдийн засаг хүнд байгаа гээд энд тэндгүй л бүсээ чангалцгааж суугаа. Ийм байлаа гээд манай улсад гэмт хэрэг гарахгүй өдөр гэж нэг ч үгүй. Тэгэхээр мөрдөн байцаалт явуулахгүй өнжих жил гэж байхгүй. Тийм учраас улсын төсөвт байцаан шийтгэх ажиллагааны зардлыг суулгаад өгвөл зүгээр сэн. Судалгаагаар цагдаагийн байгууллагын 2014 оны төсөвт 3.1, 2015 оныход 4.9 тэрбум төгрөг суулгачихвал мөрдөн байцаагч Үндсэн хууль зөрчихгүй, цагдаагийн байгууллага өрөнд орохгүй, иргэдээс мөнгө авч шатахуун, хоолны зардал болгохгүй шүү дээ.
Төсөвт мөнгийг нь нэг удаа суулгаад өгчихвөл эргэлтэд орж, эргэн төлөгдөөд явах боломжтой. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101.1-д “Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй” гэж заасан. Тэгэхээр хаана хаанаа хуулиа мөрддөг бол нэг удаа төсөвлөсөн мөнгө нь гэм буруутай этгээдээс нөхөн төлөгдөх боломжтой гэсэн үг. Даанч төрийн байгууллагууд буруутай этгээдээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нэхэх нь битгий хэл төрд учирсан хохирлыг буцаан авахдаа хойрго ханддаг.
Уг нь Прокурорын байгууллагын тухай хуульд “Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн” гэж заасан. Харамсалтай нь хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх боломж нөхцөл хомс. Төрийн нийтлэг эрх ашиг хохирч, байгаль орчин, улсын эдийн засагт хор хохирол учирчихаад байхад төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх нь гүйцэд байдаг бол төрийн байгууллагын хүсэлтээр ч юм уу, өөрсдийнхөө санаачилгаар оролцож, хохирлыг нь гаргуулж төрийн дансанд оруулчих санаа прокурорт бий.
Ийм санаагаа шинээр өргөн барьсан Прокурорын байгууллагын тухай хуульдаа оруулсан байсан. Харамсалтай нь, хууль хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан учраас төр, нийтийн эрх ашиг хохирсон тохиолдолд хараад л суухаас өөр аргагүй. Байгаль орчинд хохирол учруулсан компаниудын удирдлагад холбогдох хэргийг шийдвэрлэхэд БОАЖЯ-наас прокурорт хүсэлт тавьж, хохирол гаргуулах эрхийг нь нээж өгөх боломж бий ч тэгдэггүй.
“Нүүрс” хөтөлбөрийн гэгдэх Л.Гансүх нарт холбогдох хэргийн хохирогч ч олдохгүй байсан үед прокурор төрийн нэрийн өмнөөс улсад учруулсан хохирлыг нь нэхэмжилж болох байсан ч аль нэг байгууллагаас хүсэлт тавиагүй учраас төр байцаан шийтгэх ажиллагааны битгий хэл улсад учруулсан хохирлыг нь нэхэмжилж авах эрхгүй шахам л хэрэг шийдэгдсэн шүү дээ. Тиймээс санхүүгийн, байгаль орчны гээд олон хэргийн хувь заяаг шийдэхэд байцаан шийтгэх ажиллагааны зардал их чухал үүрэгтэйг хууль тогтоогчид анхааралдаа аваасай.