
- Дайн болоход цэргүүд өлсөж үхдэггүй, буудуулж үхдэг –
Аливаа түрэмгийллийн аюул эх оронд минь тулгарлаа гэхэд манай зэвсэгт хүчнийхний байлдах чадварт эргэлзэх хүн өнөөдөр олон. Уг нь төрийн цэргийн бодлого, батлан хамгаалах номлолдоо Монгол Улс цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай зэвсэгт хүчинтэй байна гээд тусгасан. УИХ-аас өнгөрсөн онд баталсан Төрийн цэргийн бодлогын үндэст ч энэ талаар тусгасан байдаг.
Тухайлбал, уг баримт бичгийн 2.4.1-д “Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ” гэж заасан. Өнөөдөр манайд мэргэжлийн цэрэгт суурилсан, мэргэжлийн арми байна уу. Тус салбарт ажилладаг олон хүн “үгүй” гэсэн хариулт өгдөг. Удирдлагаасаа эхлээд мэргэжлийн бус генерал, офицер олон.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал гэж гол үүрэгтэй салбар бий. Түүний штабын дарга гэж хамаг ажлыг хийж, дайн байлдааны үед хэрхэн ажиллах талаарх зургийг нь зурж байдаг чухал үүрэгтэй хүн байх ёстой.
Өнөөдөр манай ЗХЖШ-ын дээрх албан тушаалд Хөдөө аж ахуйн техникум төгссөн зоотехникч ажиллаж байна. 4-5 жил номын дуу сонссон, ОХУ-д академи төгссөн хүмүүс нь гудамжинд гарчихаад байхад нэг жил дамжаа дүүргэсэн хүн ийн өндөр хариуцлагатай алба хашиж байна.
Мөн нутаг, нугын уяачдаасаа генерал төрүүлнэ гэсэн улстөрчдийн лообийгоор мэндэлсэн генералын талаар Зэвсэгт хүчнийхэн нь ингэж ярьж байна. Дунд, доод тушаалд бол мэргэжлийн бус хүн олон. Барилгын мэргэжлийн хүн ажиллах ёстой Барилга захиалагчийн албанд шал өөр мэргэжилтэй хүн, ариун цэвэр хариуцах албан тушаалд нягтлан бодогч, цэргийн соёл хүмүүжил хариуцсан офицер гэхэд их буучин хүн байгаа нь уг байгууллага мэргэжлийн байх зарчмаа алдсаныг нотолно.
Зэвсэгт хүчний эгэл жирийн алба хаагч, офицер, ахлагч нарын дунд “Уг нь ерөнхий зориулалтын цэргийн мэргэжилтэй хүн л дайн тулааны үед тактик, стратеги, оперативийн арга хэмжээгээ авч чаддаг. Гэтэл манай ЗХЖШ-ын удирдах албанд ихэнхдээ л ар талын хүмүүс очиж байна. Цэргүүд дайн болоход буудуулж л үхдэг болохоос, өлсөж үхдэггүй юм” хэмээн ярьцгааж буйтай олон таарав. Зэвсэгт хүчинд зайлшгүй шинэчлэл хэрэгтэй болсны илрэл нь энэ.
Чадварлаг зэвсэгт хүчинтэй байх асуудал өнөөдөр лөөлөө болжээ. Нисэх чадваргүй нисгэгч нар агаарын хөлгөө унагаж, хөл дүүжлэх унаагүй болгоод зогсохгүй, эрдэнэт хүний амиар наадчихаад Агаарын цэргийн командлалдаа ажиллаж л байгаа, БХЯ-ны Тендерийн үнэлгээний хорооноос ажлын шаардлага хангахгүй шалтгаанаар “хөөгдсөн” нөхөр Агаарын цэргийн командлалд очоод Ерөнхийлөгчийн зөвлөхийн буянаар генерал болсон гээд тоочвол энд чадварлаг хүн цөөн байгаа болов уу.
Өнөөдөр дэлхий дахинд зэвсэгт хүчнийхээ агаар-сансрын хүчнийг өндөр хөгжүүлж байна. Харин манай агаарын цэрэг ямар сул байгаа билээ. Байгаа хэдэн нисдэг тэргээ унагаж, шатахууныг нь зарж, салбар ангийнхаа стратегийн ач холбогдолтой төмөр замыг худалдан мөнгийг нь завшсан зэрэг олон баримт бий. Зэвсэгт хүчний ангийнхаа чадварыг л алдагдуулж байгаа хэрэг шүү дээ.
Өнгөрсөн зун ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлалынхан нэгэн аймгийн нутагт очиж хээрийн сургууль хийж, ОХУ-аас авсан агаараас эсэргүүцэн хамгаалах “Пичёра” төхөөрөмжөө туршсан юм билээ. Харамсалтай нь тус командлалынхан түүнийгээ гүйцэд ажиллуулж чадаагүй гэх ам дамжсан яриа бий. Өнгөрсөн сарын эхээр Налайхт бас л нэг хээрийн сургууль болж, эмч нар голдуу хамрагдсан арга хэмжээний үеэр байлдааны зориулалтай 250 кг бөмбөгийг нисэх зурвас дээр мартаж орхисон дуулиан дэгдээж байв.
ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуульд оролцох ёстой генерал нь байр зүйн зургаа ч уншиж мэдэхгүй, оросуудтай хэлээр нь харилцаж чадахгүй учраас ЗХЖШ-ын удирдлага арга буюу тус штабын ахлах мэргэжилтэн, хурандааг томилж явуулсан гэдэг. Энэ мэтээр чадваргүй арын хаалганы нөхөд олон байна.
Манай зэвсэгт хүчин улсынхаа нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж байгаа гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Гэвч зөвхөн энхийг сахиулах арга хэмжээгээр бид өнөөдөр батлан хамгаалах салбараа харж болохгүй.
Зэвсэгт хүчний анги байгууллагуудын удирдлагууд өнөөдөр цугларч номын дуу сонсох юм билээ. Семинар бус сэм найр болж дуусдаг, шинээр томилогдсон ангийн захирагч нараа тангараг өргүүлэх нэрээр архиддаг энэ арга хэмжээний үр дүн юу байдаг бол. Сонссон ном, сургаалиа ангийнхаа бусад алба хаагчид хүргэдэг дарга хэд байна вэ.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч энэ үеэр Батлан хамгаалах салбарын багц хуулийг хүлээн авах ёслолд оролцох юм байна лээ. Энэ далимаараа цэргийн сэтгүүлч хүний хувьд зэвсэгт хүчний удирдлагуудаа нэг сонжоод үзэхэд зүгээр болов уу. 2006 оноос хойш хийгээгүй байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хийлгээд нэг сориод үзэх нь ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд байгаа ажил шүү дээ.